| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2024/04453/И/Н |
| Дугаар | 210/МА2025/01189 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01189
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01341 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/02472 дугаар шийдвэрээр “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, “*******” ХХК нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа *******т явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, *******хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаагүй.
1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцөлүүдийг нэг бүрчлэн заасан. Шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, хуульд заасан журмын дагуу эрх, үүрэг тайлбарлаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлж, түүний биелэлтийг хангах учиртай. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй.
1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, шинжээч томилж тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 553,370,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг хийгээгүй тул тухайн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байна.
1.4. Мөн шинжээчийг томилохдоо эхлээд шинжээч томилоод, дараа нь хууль сануулж, эрх, үүрэг тайлбарласан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шүүхийн шинжилгээг шүүхийн шинжилгээний бус байгууллагаар хийлгэх тохиолдолд тухайн этгээдийг томилохоос өмнө дуудаж ирүүлээд тухайн эд хөрөнгөд хөндлөнгийн дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулаад, үүний дараа шинжээчийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэдэг зарчим үйлчилдэг. Мөн шинжээчээр томилсон тогтоол нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, уг тогтоолд 2 шинжээчийн асуудал тусгагдсан тул шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзэж байна.
1.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт тус тус зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ба ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гомдлын хариуг шуудангаар өгсөн ба тус хариуг эс зөвшөөрч шүүхэд хандсан.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/02472 дугаар шүүгчийн захирамжаар “*******” ХХК болон ******* нараас 385,850,019 төгрөгийг гаргуулж “*******” ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23261154 дугаар тогтоолоор үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.
2.2. Төлбөр төлөгч “*******” ХХК болон ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, *******хаягт байрлах, 124.41 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *******дугаар тогтоолоор битүүмжилсэн.
2.3. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/197 дугаар тогтоолоор шинжээч томилж, шинжээч 555,370,000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус газарт ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *******тоот албан бичгээр мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 388,759,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагчид 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4-186/15826 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 тус тус заасныг баримтлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон уг ажиллагааны үед хийгдсэн “*******” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ш-6/4 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******, “*******” ХХК нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* хаягт байрлах 4 өрөө орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *******дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23261154/03 дугаар тогтоолоор хураасан.
4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.” гэж заасан бөгөөд битүүмжлэх ажиллагаанд 2 хөндлөнгийн гэрч оролцуулаагүй үндэслэлээр битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Мөн тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотлоогүй, үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Энэ хэрэг маргааны хувьд төлбөрт хэдэн төгрөг төлөгдсөн эсэхээс үл хамаарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн эсэх асуудлыг шийдвэрлэсэн тул энэ талаар гаргаж буй хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Хариуцагч тал “эд хөрөнгийг битүүмжлэхийн тулд орон байранд нэвтэрч орох шаардлагатай байсан” гэж гомдолдоо дурдаж байна. Орон байранд нэвтэрч буй процессыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд тодорхой заасан.
5.2. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар хүний орон байр халдашгүй байх эрхтэй. Гэтэл *******тухайн орон сууцанд нэвтрэх үедээ ямар нэгэн байдлаар хөндлөнгийн гэрч оролцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Хэрэв өнөөдрийн үйл баримтыг хөндлөнгийн гэрч оролцуулахгүйгээр төлбөр төлөгчийн орон байранд нэвтэрч болно гэх байдлаар шийдвэрлэсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан эрх зүйн хэм хэмжээ бодит байдал дээр хэрэгжихгүй болно. Хариуцагч талын гаргасан хөндлөнгийн гэрчийг оролцуулах ёсгүй байсан гэх агуулгатай гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагч тал зах зээлийн үнэлгээг нотолсон эсэх талаарх асуудлыг ярьдаг буюу анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаагүй үндэслэлээр маргасан нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тус газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *******дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, “*******” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ш-6/4 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэх талаар үндэслэлгүй эрх зүйн дүгнэлт өгч, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна гэж дүгнэлээ.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/02472 дугаар захирамжаар “*******” ХХК болон ******* нараас нийт 385,850,019 төгрөгийг гаргуулж “*******” ХК-д олгохоор шийдвэрлэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх6-12/
Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны дөрийн 101/ШЗ2023/16764 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх27/,
Тус шүүхийн мөн өдрийн ******** дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж /хх26/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23261154 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх32/,
2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч *******ад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж /хх34/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөн өдрийн *******дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх35/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч *******ад танилцуулж, гардуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хураах, битүүмжлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар “төлбөр төлөгчийн эд хөрөнгөд нэвтрэхдээ, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй” гэж тодорхойлсон.
5.1. Анхан шатны шүүх дээрх шаардлагыг дүгнэхдээ “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн байх бөгөөд уг битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч ******* оролцсон байх ба уг ажиллагаанд гэрч оролцоогүй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зохигч талуудын төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна” гэж, мөн “...маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийхдээ ...хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, гэрчид хууль сануулаагүй... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн, энэ ажиллагаа хуульд нийцэж явагдсан гэж үзэх боломжгүй, үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
5.2. Төлбөр төлөгч *******ын маргааны зүйл болох эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар явагдах тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтрэх ажиллагаатай хамруулж ойлгохгүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь нэвтрэн орох ажиллагааг тодорхой үзлэг, нэгжлэг, хураах ажиллагаа явуулах зорилгоор хийх хуулийн зохицуулалтад хамаарна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь нэвтрэн орох ажиллагаанд хамаарахгүй.
Иймд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хөндлөнгийн гэрч оролцуулах зохицуулалтыг хэрэглэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг эрх зүйн хувьд алдаатай гэж үзнэ.
6. Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч мөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ********, ******* дугаар төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэх тухай албан бичиг авагдсан байх ба тус албан бичигт заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд шинжээч томилох талаар тодорхой тусгасан байна. /хх108-109/
6.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/197 дугаар тогтоолоор маргааны зүйл болох орон сууцад үнэлгээ тогтоолгохоор “*******” ХХК-ийг томилж /хх110/,
Үнэлгээний компанийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ш-6/4 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцны үнийг 555,370,000 төгрөгөөр үнэлж /хх113-136/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-186/14486 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч *******ад үнэлгээний дүнг танилцуулж, үнэлгээтэй холбоотой баримтуудыг гардуулж өгсөн болох нь мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдаж /хх138/,
Тус газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/02 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дуудлага худалдааг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 70 хувь болох 388,759,000 төгрөгөөр тогтоосныг төлбөр төлөгчид албан бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /хх140-142/
6.3. “*******” ХХК-ийн үнэлгээчин ******* шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд тус тус заасантай нийцжээ.
Шинжээч *******нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шинжээчид хууль сануулж, эрх, үүргийг нь тайлбарласан байна. /хх111-112, 132/
Иймд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын үнэлгээ тогтоох ажиллагаанд хяналт тавиагүй, шинжээчид хууль сануулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
“*******” ХХК-ийн үнэлгээчин *******нь үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, стандарт, үнэлгээний зүйлийн шинж, чанар (байршил, хэмжээ, насжилт, чанар байдал г.м)-ыг тодорхой тусгажээ.
Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул хөрөнгийн үнэлгээ нь бодит бус, үнэлгээ хийх журам, стандартыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, орон сууцны үнийг 555,370,000 төгрөгөөр үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм буруу, түүний татгалзлыг үгүйсгэх байдлаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тохиолдолд өөрийн татгалзлын үндэслэл, тайлбараа өөрөө нотлох үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, өөрийн шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8. Түүнчлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас хэрэг маргааны талаар дүгнэж буй шийдлийг агуулсан, хууль хэрэглээний эрх зүйн акт болох анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэрэг маргаанд хамаарал бүхий этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй, заавал биелэгдэх шинжтэй актын хувьд хууль, журмаар тогтоосон стандарт шаардлагад нийцсэн байх учиртай.
Шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон хэлбэр, бүтэц, дарааллын дагуу үйлдэгдсэн, шийдвэрлэж байгаа асуудлын агуулга, утга санааг бүрэн зөв, товч, тодорхой илэрхийлсэн, логик дэс дараалалтай, хууль зүйн үг хэллэг ашигласан, эрх зүйн онол, мэдлэгийн түвшинд бичигдсэн, үг, үсгийн болон зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаагүй, засваргүй бичигдсэн байх шаардлага тавигддаг. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай аргачлал”-д тодорхой тусгагдсан тул, шүүх анхаарвал зохилтойг жич тэмдэглэж байна.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******т холбогдох 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон “*******” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ш-6/4 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН