Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 773

 

 

    2019        08          21                                  2019/ШЦТ/773

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

          Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн   хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг гэх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд харуул ажилтай, ам бүл 2, эхийн хамт,  , ял шийтгэлгүй, Т.Э,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Т.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Бүрд" худалдааны төвийн “ХААН” банкны ATM дээр байсан хохирогч Ц.Батцэцэгийн эзэмшлийн шар өнгийн “Самсунг А-6” гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 639.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Т.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Бүрд" худалдааны төвийн “ХААН” банкны ATM дээр байсан хохирогч Ц.Батцэцэгийн эзэмшлийн шар өнгийн “Самсунг А-6” гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 639.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, 

     Хохирогч Ц.Батцэцэгийн гомдол, мэдээлэл /хх-ийн 10 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр  хуудас/,

            Хохирогч Ц.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би тухайн үед гар утсаараа фэйсбүүк ороод ашиглаад явж байхдаа цүнхнээсээ түрийвчээ гаргахдаа АТМ-ын мөнгө гардаг хэсгийн тавиур дээр тавиад түрийвчээ үзтэл түрийвчинд карт байхгүй байсан тэгэхээр нь түрийвчээ бариад гар утсаа мартаад гараад явсан байсан. “Бүрд” худалдааны төвийн хаалгаар гараад түрийвчээ цүнхэндээ хийгээд гар утсаа халаасандаа хийсэн гэж бодоод үзтэл утас байхгүй байхаар нь утсаа алдсан байна гэж бодоод эргэж ороод үзтэл ATM дээр хүн байхгүй байхаар нь цагдаад хандсан юм. ...Би гар утсаа АТМ-ын тавиур дээр тавиад мартаад гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

           Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

           

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний "...Самсунг А-6 гар утас 639.600 төгрөг ...” гэх тайлан /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

          “Мобиком корпораци” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн тоот /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Бүрд” худалдааны төвийн АТМ-ээс мөнгө авч хоол хүнсний зүйлээ цуглуулахаар ороод АТМ-рүү картаа шургуулах гэтэл товчлуурын дэргэд шар өнгийн хавтастай гар утас байсан. Тэгэхээр нь би мөнгөө аваад уг гар утсыг аваад гарсан. 1 сарын дараа цагдаагаас над руу яриад уг гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

               Шүүгдэгч Т.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/,   нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, Т.Э-ын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 60 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Т.Энь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг Т.Э-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ц.Батцэцэг “гар утсаа буцаан авсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /хх-ийн 57/ байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.       

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Э-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Э-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Э-ыг шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.ОДОНЧИМЭГ