Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 674

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

    2019        9         04                                2019/ШЦТ/674

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шонхор овгийн Дамбын Бүрэнтөгст холбогдох эрүүгийн 1911018740862 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, охин, хүргэн, ач, зээ нарын хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 16-3000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шонхор овгийн Д.Б.с /РД: ./,

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 24, 28-ны өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1193 тоотод хамтран амьдрагч, төрөлхийн сэтгэцийн өвчтэй Ш.Саранцэцэгийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.  

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 06 сарын 24-ны өдрийн 13 цагийн үед гэж бодож байна Саранцэцэг архи уугаад, архиндаа халуураад уурлаад агсан тавиад орилоод гэрийн эд хогшлоо авч шидээд байсан. Тэгэхээр нь би болиулах гээд Саранцэцэгтэй нэлээн удаан зууралдсан. Зууралдаж байх үедээ гар хөлийг нь татаж чангаагаад болиулах гээд нүүрэн тус газарт нь бол 1 удаа цохисон зүйл байгаа. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор бие бие нь дээрээ давхарлаж унаад босож ирээд зууралдаад зуух пийшин зэрэг гэрийн эд хогшлоо мөргөөд л байсан түүнээс л дээрх гэмтлүүд үүсэн байх гэж би бодож байна. Би Саранцэцэгийн нүүрэн тус газарт бол 1 удаа гараараа цохиж, 2 гарынх нь булга хэсгийг нь барьж мушгисан зүйл байгаа...” гэх  /хх-ийн 32-34х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 28-ны үүрийн 04 цагийн үед манай ээж чанга дуугаар орилохоор нь би сэрсэн. “...гараад харсан чинь манай ээж толгойгоо барьчихсан цохиулсан болов уу гэмээр байдалтай Бүрнээрүү хуруугаараа заагаад өөрийнхөө толгойруу заагаад уйлаад байсан юм”, “...энэ гэмтэл дундаас баруун дээд зовхины гэмтлийг бол Бүрэнтөгс учруулсан яагаад гэвэл 2019 оны 06 дугаар сарын 27-ны орой гэртээ орж ирэхэд миний ээжийн нүүр зүгээр байсан харин 2019 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр гэрийн гадаа болсон асуудлын дараа нүдний дээд талд нь хөхөрсөн байсан”, “...Энэ хугацаанд эмчилгээний зардлын мөнгө 400,000 /дөрвөн зуун мянга/ гарсан байгаа. Үүнийг Бүрэнтөгс гэх хүн барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 9-10х/,

Гэрч Г.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 24, 25-ны аль нэг өдөр нь би Бүрэнтөгс, Цолмонтуяа хоёрыг муудалцаж байхыг харсан”, “...Саранцэцэг эгч гэрийнхээ хаяанд хэвтчихсэн, Бүрэнтөгс дээрээс нь 1 удаа өшиглөөд, толгойн тус газарт 2-3 удаа гараараа цохиж байхыг би харсан...” гэх /хх-ийн 15-16х/,

 Шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8056 дугаартай дүгнэлт:

 -Ш.Саранцэцэгийн биед баруун дээд зовхи, цээж, зүүн шуу, хоёр дал, баруун мөр, нуруу, бүсэлхий, хоёр бугалга, зуүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба 2019.06.28-ны өдрөөс өмнө 3 ба түүнээс дээш хоногийн өмнө үүссэн байна.

- Баруун зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 20х/,

 Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 944 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-26х/,

Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36х/,

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 38х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Д.Б нь хүнийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзээд торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Шонхор овгийн Дамбын Бүрэнтөгсийг эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД