| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2024/00073/И |
| Дугаар | 210/МА2025/01209 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/01209
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04364 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******т 15,000,000 төгрөг өгсөн ба тэрээр энэ мөнгөнөөс 6,500,000 төгрөгийг өнөөдрийг болтол надад буцаан өгөөгүй болно. ******* нь надаас уг мөнгийг авахдаа “авто машины С зөвшөөрөл аваад өгье, ******* гэдэг хүнд мөнгө өгнө” гэж хэлээд авсан.
1.2. Дараа нь миний бие түүний үгэнд итгэхээ больж мөнгөө буцаан авахаар шаардсан бөгөөд тэрээр өнөөдрийн байдлаар 8,500,000 төгрөгийг цувуулж өгсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөөгүй болно.
Иймд түүний надаас авсан 15,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие нэхэмжлэгч ******* гэдэг хүнийг огт танихгүй. Түүнээс мөнгө аваагүй. Харин ******* гэдэг хүний хүсэлтээр ******* гэдэг хүнтэй авто машины зөвшөөрөл авах талаар ярьж байсан. ******* нь миний дансанд хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд би *******д дамжуулж өгсөн боловч ажил бүтээгүй.
2.2. Ингээд *******гээс мөнгийг нь буцаан авч өгөхөөр хөөцөлдөж 8,500,000 төгрөгийг *******ийн хэлсэн дансанд шилжүүлсэн нь үнэн. Мөнгө өгөх ёстой бол *******ид 6,000,000 төгрөгийг *******гээс авч өгөх ёстой гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы хариуцагч *******т холбогдуулан гаргасан 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Миний бие авто машины С зөвшөөрөл гаргуулахаар ******* гэдэг хүнд нийт 15,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн болно. Уг мөнгийг шилжүүлэхдээ ******* гэдэг хүнээр дамжуулж өгсөн байдаг.
4.2. Гэвч ******* нь мөнгийг өөрөө авч хувьдаа завшсан ба надад худлаа хэлсэн болох нь тодорхой болсны дараа тэрээр надад мөнгийг маань буцааж өгөхөөр болсон ба надаас авсан мөнгөнөөс 8,500,000 төгрөгийг шууд миний өөрийн данс руу шилжүүлсэн. Дараа нь тэрээр үлдэгдэл мөнгийг буцааж шилжүүлэх талаар амлалт бичгийг бичиж өгсөн байдаг. Анх холбож танилцуулсан *******ийг явуулж миний өмнөөс *******аар тухайн бичгийг хийлгэж авч над руу зургийг нь дарж явуулсан. Тухайн зургийг эхнэрийнхээ фэйсбүүк /facebook/ чат руу явуулсан болно.
4.3. Гэтэл тэрээр шүүхэд “намайг танихгүй” гэж худал хэлээд зогсохгүй нас барсан *******ийн нэрийг барьж өөрийн зохисгүй үйлдлийг хаацайлах гэсэн оролдлого хийж байгаад харамсаж байна. Мөн тухайн мөнгө *******ийн мөнгө биш гэдгийг хариуцагч ******* сайн мэдэж байсан нь өөрийнх нь шүүхэд өгч буй тайлбаруудаар давхар нотлогдоно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн зарим нэг зүйл нь ташаа мэдээлэл байна. Нэхэмжлэгч ******* нь анх мөнгө өгсөн хүнд холбогдуулан гомдол гаргах ёстой гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цахим баримтад үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/06177 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан байна.
3.2. Дээрх шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байх боловч шүүх тус захирамжийн биелэлтийг анхаараагүй буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангасан атлаа хүсэлтэд дурдсан цахим баримтад үзлэг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.
3.3. Шүүх хуульд заасан журмын дагуу ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй, улмаар хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэг хангагдсан гэж үзэх боломжгүй.
3.4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН