| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/05217/и |
| Дугаар | 103 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****/РД:
Хариуцагч: ***** /РД:
Зээлийн гэрээний үүрэгт 36 000 000 /гучин зургаан сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *****, хариуцагч*****, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *****н хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 8-наас 5 дугаар сарын 20-ны хооронд нийт 14 050 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр миний дүү болох *****аас 4010 ам.доллар, 5 дугаар сарын 28-ны өдөр 7 900 ам.доллар, нийт 11 910 ам.долларыг 2015 оны 6 дугаар сарын 10-ны дотор эргүүлж төлнө хэмээн харилцан тохиролцож гэрээ байгуулан түүнд шилжүүлэн өгсөн. Мөн 3 000 000 орчим төгрөгийн барааны мөнгийг надад эргүүлж төлөөгүй учир түүний төлөх төлбөрийг нийт 40 000 000 төгрөг гэж харилцан тооцсон юм. Энэхүү 40 000 000 төгрөг нь миний Тайландын вант улсын “*****” эмнэлэгт эмчлүүлэх гэж хандиваар цуглуулсан мөнгө юм. Хариуцагч нь намайг энэ эмнэлэгт зуучилж, би гадаад нөхөртэй учир эмчилгээний зардлыг 100 хувь эргүүлж төлнө, зардлыг чинь даана гэж итгүүлэн мөнгийг маань авсан. Гэрээнд заасан хугацаа дуусаж мөнгө өгөх хугацаа болсон боловч нэг ч төгрөг өгөлгүй явсаар 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр би түүнийг хайж олон сар бүрийн 13, 27-ны өдөр цалингаасаа 500 000 төгрөгийг миний *****тоот дансанд шилжүүлж байхаар тохирсон. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 4 000 000 төгрөгийг эргүүлж төлсөн. Хариуцагч ***** нь үлдэгдэл мөнгөө авъя гэхээр холбоо тасарч оршин суугаа хаяг нь тодорхйогүй, утсаа авахгүй хааяа нэг мессеж бичиж хэл амаар доромжилж 9 сар зугтаж байна. Миний бие хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, группд байгаа бөгөөд бүрэн эдгэрээгүй эмнэлгийн хяналтанд байдаг. Мөн ах дүүгээсээ болон банкнаас мөнгө зээлэн эмчилгээнд явсан, одоо өр зээл ихтэй хэцүү байгаа тул хариуцагч *****оос 36 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ***** бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд анх Монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу аваад явж байхад олон улсын нэр хүндтэй эмнэлэг болох Тайландын “*****” эмнэлэгийн төлөөлөгчийн газар дагуулж очиж байсан ба хандив цуглуулах талаар ярилца байсан. Нэхэмжлэгч *****д мөнгийг нь тохиролцсон хугацаанд төлж байсан бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн төлөх нөхцлийг олгож өгөхийг хүсч байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээний тухайд болон 4 000 000 төгрөг төлсөн тухайд маргах зүйл байхгүй. Би *****-ын иргэн *****гэдэг хүнтэй цахимаар танилцаад, тэр хүн Монгол ирнэ, ирэхээс нь өмнө мөнгө явуулна гэж тохироод, банк чамтай харьцана гэж гэсэн и-мэйл ирээд олон улын тэр банк руу *****д миний мөнгөнөөс 500 000 ам.доллар шилжүүлнэ үү , бид гэр бүл болох учраас энэ хүн миний банкинд байгаа мөнгийг авахыг зөвшөөрч байна гэсэн ***** улсын ***** банк руу и-мэйл бичсэн, мөн тэр банкнаас Худалдаа, хөгжлийн банк дах миний данс руу мөнгө шилжүүлсэн гадаад улсын мөнгөн шилжүүлгийн баримт ирсэн. Энэ баримтуудыг *****д үзүүлж түүнээс мөнгийг авч шилжүүлэн өгсөн нь үнэн, би гадаадын хүнд залилуулаад хохироод явж байгаа боловч өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон орлогоороо төлбөрөө сар бүр тохирсон хугацаанд төлөөд явж байгаа, цаашдаа ч төлж барагдуулна, харин мөнгийг нэг дор төлөх ямар ч эдийн засгийн бололцоо байхгүй байгааг нэхэмжлэгч ч ойлгож, сар бүр төлөхөөр тохиролцсон болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 36 000 000 /гучин зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг харилцан тохиролцож зээлсэн 14 050 000 төгрөг, 11 910 ам.доллар /1 ам.доллар = 1,925.01 төгрөг буюу 22 926 870 төгрөг/, барааны үнэ 3 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг төлж, 36 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь мөнгө зээлсэн, мөнгийг бодитоор хүлээн авсан, 36 000 000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй талаар маргахгүй, нэхэмжилсэн мөнгийг нэг дор өгч чадахгүй тул тохиролцсон ёсоор сар бүр тодорхой хэмжээгээр төлнө гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ***** нь нэхэмжлэгчийн Тайландын вант улсын “*****” эмнэлэгт эмчлүүлэх зорилгоор цуглуулсан 40 000 000 төгрөгийг түүнээс зээлэн аваад *****иргэн ***** гэгч хүнд залилуулан алдсан гэх бөгөөд мөнгийг Худалдаа, хөгжлийн банкны MoneyGram үйлчилгээгээр 2015 оны 5 дугаар сарын 21, 25, 26, 28 ны өдрүүдэд Гана улс руу шилжүүлсэн нь баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр харилцан тохиролцож, хариуцагч сар бүрийн 13, 27-ны өдрүүдэд 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ***** тоот дансанд шилжүүлэх, шилжүүлсэн мөнгийг 40 000 000 төгрөгөөс хасч тооцох, мөн хүү тооцохгүй байхаар тохирч, бичгээр баримт үйлдэн гарын үсгүүдээ зуржээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт амаар хийх хэлцлийн тухайд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заажээ.
Хэдийгээр талуудын хооронд амаар хэлэлцэн тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ч хариуцагч ***** нь мөнгийг бодитоор хүлээн авсан, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эргүүлэн төлөхөөр тохиролцсон, мөнгө хүлээлцсэн тухай бичгээр баримт үйлдсэн талаар маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй, сар бүр 500 000 төгрөгөөр төлөх тохиролцоогоо зөрчиж 9 сар гаруй хугацаагаар төлбөр төлөөгүй байх тул зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч *****оос 36 000 000 төгрөг гаргуулан нэхэмжжлэгч *****д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****оос 36 000 000 /гучин зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ