| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2022/05140/И |
| Дугаар | 210/МА2025/01258 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01258
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/02949 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн болон 13 дахь сарын цалингийн урамшуулал гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие 2018 оноос “*******” ХК-д тасралтгүй 5 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. “*******” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1301 дүгээр тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, “*******” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг үндэслэн намайг Уул уурхай, технологийн газрын даргын үүрэгт ажлаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.
1.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлгүй шалтгаанаар Б/1301 дүгээр тушаалыг гаргаж, үүрэгт ажлаас чөлөөлсөн үйлдэл нь миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хариуцагч талаас тушаалын үндэслэл болох “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэдгийг хожим шүүхэд тайлбар өгөхдөө “*******” ХХК, ******* түншлэл, “*******” ХХК, “*******” ХХК-ийн хамтарсан гэрээнүүдтэй холбоотойгоор тайлбарласан нь үндэслэлгүй.
1.3. Хариуцагч “*******” ХК-аас миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөний улмаас авах ёстой байсан цалин хөлс, үр дүнгийн урамшууллаа авч чадаагүй. Иймд авах ёстой байсан үр дүнгийн урамшуулал болох нийт 49,267,809 төгрөг, мөн өдөр бүрэн эрхт төлөөлөгч нь ажилтнуудад 13 дахь сарын цалин хөлс урамшууллыг “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дүгээр тушаалаар батлагдсан Цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон байна. Миний үндсэн цалин хөлс нь компанийн цалингийн сүлжээний G7 дахь хэсэгт заасан 6,812,500 төгрөг бөгөөд дээрх үндсэн цалин хөлсөөр тооцож 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
Иймд “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1301 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Уул уурхай, технологийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, үр дүнгийн урамшуулалд 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөг, нийт 62,892,809 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “*******” ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон үйл ажиллагаа явуулж байна.
2.2. Онцгой дэглэмийн хугацаанд баримтлах хууль тогтоомжийг тус тогтоолын 2 дугаар зүйлд онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгаж, мөн тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгээр тухайлсан эрх олгосон. Өөрөөр хэлбэл, “*******” ХК-д тогтоосон онцгой дэглэм нь 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан байдаг.
2.3. Монгол Улсын Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн *******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1301 дүгээр тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан болно. Тус тушаалыг Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх” гэж заасны дагуу Засгийн газраас олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно.
2.4. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын даргаар ажиллаж байхдаа ““*******” ХХК-д давуу байдал олгосон, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж үзсэн болно. Мөн “*******” ХХК-аар гэрээнд тусгагдаагүй хиймэл нуур үүсгэх ажлыг гүйцэтгүүлж, 633,028,090 төгрөгийн төлбөр төлөх эрсдэлийг компанид үүсгэсэн.
2.5. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “*******” ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухай 06/9202 дугаар албан бичгээр ******* түншлэлтэй байгуулсан дээрх гэрээнүүд нь тендерийн шаардлагыг хангаагүй байх тул “*******” ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, захиалагчийн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн. ******* түншлэлтэй холбоотой сонгон шалгаруулсан, гэрээ байгуулсан асуудлаар эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллаа явуулж байгаа талаар мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээнүүдтэй холбоотойгоор ажил үүргийн хувьд Захиалагч нэгжийн даргаар ажиллаж техникийн тодорхойлолтыг боловсруулсан, Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан үйл баримт хэрэгт авагдсан болно.
2.6. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалаар үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэсэн. Дээрх 2 тушаал гарах үед нэхэмжлэгч ******* нь Уул, уурхай технологийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн (2022.10.31) байсан бөгөөд “*******” ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын хавсралтаар баталсан Ажилтны ажил дүгнэх зааварт заасан үзүүлэлтээр холбогдох тайлан, ажлын төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй тул “түүнд олгохгүй” гэж шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 он/-ийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн урамшуулалд 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг зөв үнэлэн хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх учиртай. Өөрөө хэлбэл, маргаан бүхий “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1301 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, дүгнэж, шийдвэр гаргана. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэл хэсгийн 7-д “...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж тодорхойлсон ба уг нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байхыг дээрх хууль шаардаагүй. Иймд шүүхээс дээрх хариуцагчийн татгалзал, тайлбарт дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ” гэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоогоогүй. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн “*******” ХК-д тасралтгүй 5 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. ******* нь “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1198 дугаар тушаалаар Уул уурхай, технологийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1301 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, түүний хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнийг огт тодорхойлоогүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй болно. Хөдөлмөрийн тухай хууль нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиас өмнө үйлчлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийлгүй, хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.
4.3. Мөн “*******” ХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн бол тухайн эрүүгийн журмаар шалгах ажиллагаа дуусгавар болгосны дараа өөрийн гэм буруугүй болохыг тогтоосон шийдвэрийг авч хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх нь талуудын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргасан боловч шүүх үүнийг хүлээн аваагүй болно.
4.4. Анхан шатны шүүх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх Монгол Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэлийн тухайд маргаан бүхий Б/1301 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл болон хариуцагчийн татгалзалд 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд эрх зүйн дүгнэлт хийж тайлбарыг тайлбарлан мэтгэлцэж байгаа тул шүүх уг хууль тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй хэрэглэгдэнэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хууль бүхэлдээ, эсвэл тодорхой зүйл, заалт нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхэд хандах эрхийг хуульд заасан. *******гийн нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох иргэний хэргийн түдгэлзүүлж, Үндсэн хуулийн зарчим шаардлага ердийн хуулийн хооронд зөрчил хийдэл үүсгэж байгаа 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон 2022 оны Засгийн газрын 385, 382 дугаар тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэхээр анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхэд хүсэлт гаргах хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15410 дугаар захирамжаар хангахаас татгалзсан бөгөөд татгалзсан хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй. Иймд давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэрлэхэд зайлшгүй хэрэглэгдэх 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1992 оны Үндсэн хуульд нийцэж буй эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг түдгэлзүүлж, тус хуулийг хянуулах саналаа Улсын дээд шүүхэд гаргаж өгнө үү.
4.5. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, шүүх зайлшгүй хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцээгүй тухай Улсын дээд шүүхэд санал оруулж, хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг тус тус гаргасан. Гэтэл шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15410 дугаар захирамжаар эдгээр хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагагүй” гэж үзэж, хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.
4.6. Шүүх нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин хөлс болох 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшууллыг олгоогүй нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд тухайн жилийн ихэнх хэсэгт ажилласан байх тул энэ хугацаанд ногдох 13 дахь сарын цалин, урамшууллыг авах нөхцөл бүрдсэн гэж үзнэ. Мөн хэрэгт авагдсан баримтаар 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшууллыг компанийн ажилтан бүрд олгосон байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг олгосон ба гагцхүү 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшууллыг авах ёстой гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тухайн ажилтан 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн байсан учир 2022 оны 12 дугаар сард олгож байгаа 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал олгох асуудалд хамаарахгүй.
5.2. Нэхэмжлэгч тал гомдолд дурдсан хүсэлтүүдийг анхан шатны шүүх хуралдааны үед гаргасан. Шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба үндэслэлээ шүүгч захирамждаа тайлбарласан. Хүсэлтүүдийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн асуудалд хамаарахгүй гэж үзэж байна.
5.3. Мөн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дуустал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан гэх хүсэлтийг нэхэмжлэгч тал удаа дараа гаргасан. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар хянуулахаар Улсын дээд шүүхэд санал гаргахтай холбоотой хүсэлтийг мөн нэхэмжлэгч тал гаргасан. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд “энэ саналыг гаргах шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн.
5.4. Нэхэмжлэгч *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх талаарх асуудал нь маргааны зүйл биш юм. Түүнчлэн онцгой дэглэм тогтоосон нарийвчилсан харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хувьд зөвхөн эрх олгосон буюу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан харилцаа болно. Энэ хүрээнд тушаал гарсан учир шүүх маргааны үйл баримтууд үндэслэлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан Уул уурхай, технологийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үр дүнгийн урамшуулалд 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3.2. Улмаар түүнийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1301 дүгээр тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “*******” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагын хүрээнд ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Уул уурхай, технологийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх1-7/
Дээр дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
3.3. Онцгой дэглэм тогтоосон үед нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр шаардлагатай гэж үзвэл үйлдвэрийн газар, байгууллагын бүтэц, үүргийг тогтоох, нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газар эдэлнэ, уг эрхийн хүрээнд Засгийн газраас онцгой бүрэн эрхт төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар даалгасан үүрэг, олгосон бүрэн эрхийн хүрээнд “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1301 дүгээр тушаалаар ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг өгөхдөө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дахь заалтын 1 дэх хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.4. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн 1 дэх заалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хөдөлмөрийн маргаантай холбоотой хуулийг хэрэглээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Учир нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн зохицуулалтын хүрээнд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарахгүй.
3.5. Мөн БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийг хууль тогтоогчийн зүгээс хүчингүй болгоогүй, Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар шийдвэр гараагүй буюу уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
3.6. БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн 1 дэх заалтаар “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай.” гэж заасан.
Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга *******ыг томилжээ.
Улмаар бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалаар нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд заасан компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх эрхийн хүрээнд гарсан байна.
Монгол Улсын Засгийн газраас “*******” ХК-д онцгой дэглэм тогтоосны улмаас ажилтан *******г ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хамаарахгүй, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэр нь хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд “*******” ХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх шаардлагад нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.
4. Хүсэлтийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд:
4.1. Засгийн газраас “*******” ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд *******г ажлаас чөлөөлсөн.
4.2. Хариуцагч “*******” ХК-ийн зүгээс нэхэмжлэгч *******г ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээ “...компанийг санхүүгийн эрсдэлд оруулсан, “*******” ХХК-д давуу байдал олгосон, ...эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр “*******” ХХК-аар гэрээнд тусгагдаагүй хиймэл нуур үүсгэх ажлыг гүйцэтгүүлж, 633,028,090 төгрөгийн төлбөр төлөх эрсдэлийг компанид үүсгэсэн, ...тендерийн шаардлага хангахгүй ******* түншлэлийг сонгон шалгаруулж, нийт 32.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, ...компанийг илтэд хохирол учруулсан” гэж тус тус тайлбарладаг.
Дээрх хариуцагчийн татгалзал, тайлбарт дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4.3. Нэхэмжлэгч талаас хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсан гэх үндэслэлийг үгүйсгэх хүрээнд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, шүүх зайлшгүй хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцээгүй тухай Улсын дээд шүүхэд санал оруулах, эрүүгийн журмаар шалгах ажиллагааг дуусгавар болгосны дараа хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар гаргасан нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь энэ маргааны хүрээнд яригдаж байгаа зөрчлүүдийг гаргаж, ажлын хариуцлага алдсан эсэхийг тогтоох шаардлагагүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг мөн хангахгүй.
4.4. Түүнчлэн, эрүүгийн журмаар шалгах ажиллагааг дуусгавар болгосны дараа өөрийн гэм буруугүй болохыг тогтоосон шийдвэрийг авч хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх нь талуудын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэх асуудал нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тусдаа асуудал болохыг дурдвал зохино.
5. Шүүх Монгол Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой байсан гэх давж заалдах гомдлын хүрээнд:
5.1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй хэрэглэгдэнэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хууль бүхэлдээ эсвэл тодорхой зүйл, заалт нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхэд хандах эрхийг хуульд заасан гэх агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан.
5.2. Дээр дурдсанчлан 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул анхан шатны шүүх уг хэрэг маргаантай холбогдуулан хүчин төгөлдөр үйлчилж буй уг хуулийг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй.
5.3. Мөн энэ талаарх хүсэлтийг Улсын дээд шүүхэд уламжлах нь шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм. Энэ асуудлаар хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзаж Улсын дээд шүүхэд хууль хэрэглээтэй холбоотой асуудлыг уламжлах үүргийг анхан шатны шүүх хүлээгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн хэрэглэсэн хууль нь Үндсэн хууль зөрчсөнийг Улсын дээд шүүхэд хандаж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшууллын тухайд:
6.1. “*******” ХК-ийн ажилтанд Цалин хөлс тооцож олгох журмын 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно” гэж заасныг ажил олгогч ажилтанд үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг заавал олгох үүрэг хүлээсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан ажилтанд үр дүнгийн урамшууллыг олгох эсэхийг шийдэх эрхтэй гэж зохицуулсан тул шүүх ажил олгогчийг 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшууллыг ажлаас халагдсан ажилтанд нөхөн олгох үүрэгтэй байсан гэж дүгнэх боломжгүй.
6.2. “*******” ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний 3.3.1-д “Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан дөрвөөс зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн I улиралд олгоно” гэж заасан боловч Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 3.1-д заасан ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвх санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга, хариуцлага, нэгжийн удирдлагын тайлан, санал зэрэг баримт хэрэгт авагдаагүй, шүүх ажил олгогчийн өмнөөс эдгээр санал, дүгнэлтийг хийх боломжгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.
6.3. Иймээс Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/753 дугаар тушаалаар ажилтнуудад шагналт цалин олгосныг үндэслэн нэхэмжлэгч *******д үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалинг олгох байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч *******д үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалинг нөхөн олгох боломжгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
6.4. Тухайн үед ажиллаж байсан албан хаагчдын ажлын төлөвлөгөөний биелэлтийг дүгнээд дээрх цалин, урамшууллыг олгох учраас нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч *******д дээрх мөнгөн дүнг нөхөж олгох үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/02949 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН