| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 197/2025/07594/И |
| Дугаар | 210/МА2025/01106 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01106
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь *******той 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан /хх6-7/ байх бөгөөд тус гэрээгээр ******* байр, ******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 66,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон байна.
3.1. Тухайн орон сууцыг худалдан авах үед “*******” ХХК-ийн “*******” ХК-аас авсан зээлийн барьцаанд бүртгэлтэй байжээ.
3.2. Улмаар нэхэмжлэгч ******* нь 56,378,794 төгрөгийг “*******” ХХК-ийн өмнөөс “*******” ХК-д төлж, зээлийг хаасан нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх9/
3.3. Мөн тус банкны зүгээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээний үүрэг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул маргаан бүхий орон сууцны барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай албан бичиг хэрэгт баримтаар авагдсан байна. /хх10/
4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3074/б дугаар шийдвэрээр хариуцагч *******оос 9,226,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,503,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 398 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 386 тоот тогтоолоор хариуцагч *******оос 42,281,426 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 369,357 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
5. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3/412 дугаартай албан бичиг, 15/121 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг тус тус үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******байр, ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийсэн байна.
5.1. Нэхэмжлэгч *******тэй байгуулсан дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээний тал болох ******* нь дээрх гурван шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан “*******” ХХК-д төлөх төлбөрөө төлж барагдуулаагүй байсан тул хариуцагч байгууллагаас *******ын эд хөрөнгөөр төлбөрийг хангуулах үүднээс шүүхийн шийдвэрт заагдаагүй төлбөр төлөгчийн өөр хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй.
5.2. Нэхэмжлэгчийн маргаж буй хөрөнгө бол гурван шатны шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө биш байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт “...төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулж болно.” гэж заасан тул энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлд дурдагдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хариуцагч байгууллага авсан нь хууль зөрчөөгүй байна.
6. Төлбөр төлөгч *******той холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2275 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх34/, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 21730 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх57/, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх59/, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр төлөгч *******оос эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт /хх64-65/, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх70-71/ зэрэг хэрэгт авагдсан хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор 2015 оноос эхлэн шийдвэр гүйцэтгэл ажиллагаа явагдаж байсан нь нотлогдож байна.
6.1. Мөн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “*******” ХК-ийн зүгээс тухайн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан нь нэгэнт явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
6.2. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь *******той 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх боловч хожим хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнд үндэслээд өмнө нь явагдсан байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, битүүмжлэлээс чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан байх боловч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
8. Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн хувиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрлэв. Уг алдаа нь шийдэлд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг баримталсан нь буруу байх тул мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.” гэж заасан хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2--т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/05227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...44 дугаар зүйлийн 44.4 дахь” гэснийг “...122 дугаар зүйлийн 122.1 дэх” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ЦОГТСАЙХАН