| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2024/04570/И |
| Дугаар | 210/МА2025/01043 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01043
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02792 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******, “*******” ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 70,757,194 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, “*******” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээг хариуцагч *******, ******* нартай байгуулсан. Энэхүү гэрээний 2.1-д заасны дагуу нийт 27,000,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 11 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тохиролцож тусгасан. Хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгахаар тохирсон боловч үндсэн зээл болон зээлийн хүүг гэрээнд заасны дагуу зохих ёсоор төлөх үүргээ гүйцэтгээгүй.
1.2. Зээлийн гэрээний 2.6-д зааснаар зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзэх бөгөөд төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн гэрээний 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээл бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Мөн зээлийн гэрээний 2.11-д зааснаар зээлдэгч зээлийн барьцааг холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийг хүлээн авах эрхтэй болох ба гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч зээлийн хугацаа дуусахад зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй, эсхүл зээлдүүлэгч энэхүү гэрээний 5.1-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд барьцааны гэрээнд зааснаар барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.
Хариуцагч нарын үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолоход, үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 39,093,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,664,153 төгрөг, нийт 70,757,194 төгрөг болно.
1.3. Зээлийн гэрээний хавсралтаар байгуулсан ипотекийн гэрээгээр зээлдэгч ******* нь өөрийн 100 хувийн эзэмшлийн компани буюу “*******” ХХК-ийн хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, *******хаягт байрлах, 38.24 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэрчилгээний ******* дугаартай орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас тус гэрээний 5.1, 5.2-т тус тус зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.
1.4. Зээлдэгч нар нь үүргээ биелүүлээгүй тул уг асуудлаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүхэд хандсаны дараа хариуцагч нар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар бичгээр мэдэгдсэн. Гэтэл үүнээс хойш төлөлт хийгээгүй тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1382 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс ажиллагаа явуулж, хариуцагч нарын хаягийн талаар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бичгээр хариу өгсөн. Улмаар хариуцагч нарын хаяг тодорхой болсон тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.5. Манай компани дээрх гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч *******д бэлнээр хүлээлгэн өгсөн. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид тул хамтран хариуцагчаар тодорхойлсон болно. Мөн уг зээлийн гэрээнд *******ын өмнө авсан зээл огт хамааралгүй юм.
Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 70,757,194 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, *******хаягт байрлах, 38.24 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******, ******* нар нь энэ зээлийг бодитоор хүлээн аваагүй. Уг зээл нь *******гийн 2018 онд “*******” ХХК-аас авсан 20,000,000 төгрөгийн зээл, түүний үлдэгдэл хүү 7,000,000 төгрөгийг нэмж, нийт 27,000,000 төгрөгийн зээлийг олгосон гэх зээлийг зээлээр хаасан, хууль бус хэлцлийн үндсэн дээр үүссэн асуудал болно.
2.2. 2020 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.” гэж, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заасан.
Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *******дугаартай зээлийн гэрээний дагуу “*******” ХХК-аас *******, ******* нарт мөнгөн шилжүүлэг хийгээгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болно.
Иймд өмнөх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 27,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөх ба харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг эс зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч *******, “*******” ХХК нарын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Хариуцагч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “*******” ХХК-д 27,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг хариуцагчид олгоогүй тул зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.
Улмаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.5 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн данс нээж, зээлдэгчийг зээлээ ашиглах боломж нөхцөлөөр хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааны журам зөрчсөн ба зээлийг бодитоор олгоогүй буюу хариуцагч нар нь зээлийг хүлээн авч ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
3.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой Иргэний хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссанаар үргэлжлүүлэн хүү тооцох эрхтэй боловч гэрээний хугацаанд баримтлах үндсэн хүүгийн хувиар үргэлжлүүлэн тооцсон нь Иргэний хуульд заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааны холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн үндэслэлтэй тооцсон нь нотлогдохгүй байх тул гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үргэлжлүүлэн тооцсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй болно.
Иймд хариуцагч ******* болон “*******” ХХК нь зээлийн төлбөр төлөх, мөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас 70,757,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн барьцааны зүйл болох хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо*******од байрлах, 38,24 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч “*******” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 581,830 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нар болон “*******” ХХК-аас 581,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож тус тус шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 43,757,194 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь 27,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч *******, ******* нар бодитоор хүлээж аваагүй. Уг зээл нь *******, ******* нарын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******дугаартай “*******” ХХК-аас авсан 20,000,000 төгрөгийн зээл, түүний үлдэгдэл хүү 7,000,000 төгрөгийг нэмж, нийт 27,000,000 төгрөгийн зээлийг олгосон гэх зээлийг зээлээр хаасан, хууль бус хэлцлийн үндсэн дээр үүссэн хүчин төгөлдөр бус зээлийн харилцаа юм.
5.2. “*******” ХХК болон *******, ******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан *******дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ.” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заасныг зөрчиж байгуулагдсан болно. Мөн гэрээгээр “*******” ХХК нь *******, ******* нарт ямар ч зээлийн данс нээж, мөнгөн шилжүүлэг хийгээгүй, бэлнээр нэг ч төгрөг олгоогүй болно.
5.3. “*******” ХХК-аас 2019 оны 12 сарын байдлаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 27,000,000 төгрөгийг шинээр зээлж байгаа мэтээр гэрээг шинэчлэн байгуулах талаар шахалт үзүүлсний улмаас ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээг байгуулсан.
Уг зээлийн гэрээний дагуу *******, ******* нар нь “*******” ХХК-аас нэг ч төгрөг зээлж аваагүй болно. Мөн “*******” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын 13.5-д “Зээлдэгч нь 2 буюу түүнээс дээш этгээд байх тохиолдолд гэрээнд заасан аль нэгнийх нь дансанд зээлийг олгоно.” гэж заасан байхад *******, ******* гэсэн 2 зээлдэгч байхад зээлийн данс огт нээхгүйгээр зээлийг бэлнээр олгосон гэх хуурамч баримт бүрдүүлсэн. Үүнээс өмнө *******, ******* гэсэн 2 зээлдэгчтэй зээлийн асуудал дээр *******д зээлийн данс нээж, зээлийг олгосон байдаг.
5.4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...мөнгөн хөрөнгийг ...зээлдэгчид шилжүүлэх...” гэж заасныг зөрчсөн учраас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хариуцагч тал хүлээхгүй, харин *******, ******* нарын өмнөх зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 43,757,194 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6. Хариуцагч *******, “*******” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч *******гаас 35,378,597 төгрөг гаргуулах болон “*******” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь талууд зээл авах, олгох хүсэл зоригийн илэрхийллээ баталгаажуулан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдүүлэгчид шилжүүлснээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болох, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талууд эд хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээнд тухайн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлснээр зээлийн гэрээний эрх зүйн харилцаа төгөлдөр болох нөхцөлүүдийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Тодруулбал, талууд зээлийн гэрээгээр зээлийг бэлнээр олгохоор тохиролцсон боловч гэрээнд зээлийг олгохдоо хэнд олгох талаар тодорхой заагаагүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийг *******д олгохдоо хамтран зээлдэгч *******гаас түүнд хүлээлгэн өгч болох эсэхийг тодруулалгүйгээр зээлийг олгосон мэтээр баримт үйлдсэн нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр болж, уг гэрээний дагуу ******* болон “*******” ХХК нарт холбогдуулан шаардлага гаргах эрх үүсээгүйг эргэлзээгүй, үнэн зөвөөр тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс зээлийг зөвхөн *******д олгосон учраас *******д зээл төлөх үүрэг үүсэхгүй буюу ******* нь зээлийг хүлээн авч ашиглаагүй болох нь тогтоогддог.
6.2. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулсан үйл баримт нь талууд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангуулах зорилготой болно. Гэтэл шүүх гэрээ байгуулагдаж, гэрээнд заасан хэлбэрээр зээл олгогдсон бол уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийг зээлдүүлэгчид бодитоор олгож, захиран зарцуулах эрхээр хангаснаар шаардах эрх үүсэх үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Шүүх хуралдааны явцад хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******д зээлийг олгоогүй гэх татгалзалд нэхэмжлэгч маргаагүйг шүүх анхаарч үзээгүй. Мөн үүнтэй холбоотойгоор *******д зээл олгосон гэх нөхцөл байдал нотлогдоогүй байхад гэрээ байгуулагдсан учраас шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр өөр этгээдтэй байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******дугаартай зээлийн гэрээний зээлийг хаах зорилгоор маргааны бүхий зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчээс зээлийг хэрхэн хаасан талаар кассын гүйлгээний баримтыг гаргаж өгөхдөө “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* нь зээлийг хаасан” гэж тайлбарласан. Улмаар өмнөх зээлийг хэн, хэрхэн хаасантай холбоотой баримтыг шүүхийн журмаар гаргуулахад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* нь зээлийг хаасан баримтыг гаргаж өгсөн, мөн өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь маргаан бүхий гэрээний дагуу олгосон гэх төлбөрийн дүнтэй таардаг нөхцөл байдлуудаар зээлийг бодитоор олгоогүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулах болсон шалтгаан нь өмнөх зээл төлөх үүргийг дуусгавар болсон мэт харагдуулах зорилгоор хууль зөрчсөн болон дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавартай холбоотой үйл баримтад эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлт өгч, үндэслэл бүхий шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ******* болон “*******” ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч тал “зээлийг бодитоор олгоогүй” гэж маргадаг. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэсэн. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Шүүх гэрээний дагуу зээлийг бэлнээр олгосон учраас гэрээ хүчин төгөлдөр гэх агуулгаар дүгнэсэн. Зээл бодитоор олгогдоогүй учраас хүчин төгөлдөр байна гэх агуулгаар дүгнээгүй. Энэ талаар хариуцагч тал мушгин гуйвуулж тайлбарласан. Үүний дагуу нэхэмжлэгч талаас зээлийг хүсэлт гаргаж авсан талаарх баримт болон хариуцагч компанийн барьцааны гэрээтэй холбоотой урьдчилан гаргуулсан компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, зээл олгосон бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагч тал энэ талаар маргадаг боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Зохигчид татгалзлаа нотлох үүрэгтэй. Мөн биечлэн очоогүй болохыг нотолсон баримт байхгүй.
7.2. Хариуцагч тал нь гэрээг хүчин төгөлдөр бус, дүр үзүүлж хийсэн хэлцэл, зээл бодитоор олгогдоогүй, бэлнээр олгосон нь хууль зөрчиж байна гэх агуулгаар маргадаг. Нэхэмжлэгч байгууллагын зээлийн үйл ажиллагааны журмыг шүүхэд ирүүлсэн. Түүнчлэн тухайн үед мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийг харилцан тохиролцож олгохоор зохицуулсан. Зээлдэгч нь зээлийг бэлнээр авах хүсэлтэй байсан учраас зарлагын баримт үйлдэн бэлнээр өгсөн ба зээлийг ******* хүлээн авч баримтад гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч байснаас үл хамааран хэн нэг нь хүлээж авсан бол зээлийг хүлээж авсан гэж үзнэ. Зээлийг компанийн үйл ажиллагааны орлогын зориулалтаар авсан талаар тухайн үед хариуцагч тал маргаж байгаагүй. Мөн хариуцагч тал нь удаа дараа зээл төлөх хугацаа олгох талаарх хүсэлтээ гаргаж байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч *******, “*******” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, *******, “*******” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,757,194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. “*******” ХХК нь *******, ******* нартай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь 27,000,000 төгрөгийг 11 сарын хугацаагаар сарын 3%-ийн хүүтэй зээлдүүлэх, *******, ******* нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн тооцоололд хариуцагч тал маргаагүй ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас “өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр” гэх агуулгаар 27,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. /хх34-38, 206-217/
Дээр дурдсан зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгө болох 27,000,000 төгрөгийг зээлдэгч *******д 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх ба ******* нь нэхэмжлэгчид хандан зээл төлөх хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гаргаж байжээ. /хх25, 26-28/
5. Хариуцагч тал “зээлийг бодитоор олгоогүй учраас зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус” гэх агуулгаар маргаж байгаа боловч зээлийн гэрээнд хариуцагч *******, ******* нар нь гарын үсэг зурсан буюу өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдсан ба үүнийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр учраас хариуцагч тал зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6. Талуудын байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээнд зааснаар тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг хувийн хэрэгцээнд зориулахаар тохиролцжээ. Харин хариуцагч ******* нь иргэн *******ын хамт авсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн нь *******дугаартай зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөр төлсөн гэдгийг шууд нотлохгүй юм. Түүнээс гадна зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгийг зээлдэгч өөрөө зарцуулсан тохиолдолд зээлийг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй гэж дүгнэхгүй болно.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч *******д олгосон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг болон талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.9-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч байна.
Иймд хариуцагч *******, ******* нарын “зээлийн мөнгөн хөрөнгийг хүлэээн аваагүй тул зээлийн төлбөрийн зарим хэсгийг хариуцахгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.
7. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 27,000,000 төгрөг, зээлийн хүүд 39,093,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,664,153 төгрөг, нийт 70,757,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
8. “*******” ХХК болон “*******” ХХК 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2020/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотекийн гэрээ/ байгуулж, “*******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, *******хаягт байрлах, 38.24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
8.1. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан бичгийн хэлбэрээр байгуулах болон улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч “*******” ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гээс төлсөн 376,736 төгрөг, хариуцагч “*******” ХХК-аас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******гаас төлсөн 334,843 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ЦОГТСАЙХАН