Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Э.Н,

шүүгдэгч П.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Э.Н, Г овогт П.У нарт холбогдох эрүүгийн 1917000000066 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 19 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3-р баг, Баянбулагийн ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Авга овогт Э.Н /РД: ........./,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эстрато ХК-нд ковшийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Шивээговь сум 2-р баг, Урсахын.................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт П.У /РД: ................./,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Н нь П.У-тай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, Шивээ-Овоо ХХК-ний уурын зуухны хашаанд байх “Acehxpom” маркийн шавар зуурагчийн хөдөлгүүрийг /мотор/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Яллагдагч П.У нь Э.Н-тэй бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, Шивээ-Овоо ХХК-ний уурын зуухны хашаанд байх “Acehxpom” маркийн шавар зуурагчийн хөдөлгүүрийг /мотор/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н нь П.У-тай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, Шивээ-Овоо ХХК-ний уурын зуухны хашаанд байх “Acehxpom” маркийн шавар зуурагчийн хөдөлгүүрийг /мотор/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч П.У нь Э.Н-тэй бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, Шивээ-Овоо ХХК-ний уурын зуухны хашаанд байх “Acehxpom” маркийн шавар зуурагчийн хөдөлгүүрийг /мотор/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манайх Сүмбэр сумын хашаандаа хувиараа блок үйлдвэрлэдэг юм. Манай блокны машины мотор шатчихаад авч чадахгүй байсан юм. Тэгээд шинэ мотор авах гэж байтал ажлын хашаанд буюу уурын зуухны хашаан дотор зуурагч машин байхаар нь  моторыг нь үзсэн чинь ажилладаг машин байсан. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр У-тай утсаар яриад найзтайгаа хамт зуурагч машины мотор тайлалцаад өгчих би чамд 200.000 төгрөг өгье гэж хэлсэн чинь тэгье гэсэн. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн орчим У-луу залгаад хамт явж мотор тайлах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд бид хоёр шөнийн 03 цаг өнгөрч байхад ажил дээрээ моторыг нь тайлж аваад хамт дамжлаад манай найз охин болох Б-ын хашаанд аваачиж тавьсан. Тэгээд У-т өөрт байсан 180.000 төгрөгийг өгсөн…гэх мэдүүлэг.  /хх-ийн 30-р тал/

 

Шүүгдэгч П.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байсан чинь надтай хамт ажилладаг Н миний утасруу залгаад хоёулаа орой зуухны хашаанд байгаа зуурагчийн моторыг тайлаад авчихья найз нь чамд 200.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд орой гэртээ байж байсан чинь 03 цагийн үед Н надруу залгаад нөгөө мотороо очиж авья гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт зуухны хашааруу ороод нөгөө мотороо тайлж аваад хамт Н-ийн найз охины хашаанд аваачиж тавьсан. Тэгээд Н надад бэлэн 180.000 төгрөг өгөөд үлдсэн 20.000 төгрөгийг дараа өгье гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад унтсан…гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32-р тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Надад энэ хэргийн талаар нарийн мэдэх юм байхгүй. Цагдаагийн байгууллагаас албан бичиг ирүүлсний дагуу Шивээ-Овоо ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Дулаан ус хангамжийн хэсгийн механик Ш-ээс ямар мотор болохыг асуухад 380 вт гаргадаг мотор гэж надад хэлж байсан. Манай компани мотороо хүлээж авсан ажиллагаа хэвийн байгаа учир ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Гэрч Л.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ” Манай аж ахуй үйлчилгээний хэсгийн Шивээговь сумын төвд байрлах уурын зуухны хашаанаас шавар зуурагчийн хөдөлгүүр 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр алга болсон юм. Тэгээд хэн авсан бол гээд хайсан. Ажилчид дотроосоо авсан байж магадгүй сэжиглээд ажилчидтайгаа уулзаж байгаад уурын зуухны конверийн машинчаар ажилладаг Н-ийг авсан байж магадгүй талаар Б гэх уурын зуухны туслах машинчаас мэдсэн. Б надад хэлэхдээ Н 50.000 тэгрэг өгье энэ хөдөлгүүрийг тайлаад өгөөч гэж асууж байсан. Тэгээд би танай байгууллагад хандсан. Алдагдсан мотор нь “Acehxpom” буюу Хятад улсад үйлдвэрлэгдсэн шавар зуурагчийн хөдөлгүүр байгаа юм. Хар саарал өнгөтэй 5.5 кв-тын хүчин чадалтай. Ямар үнэтэй талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

 

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ” Би У-тай 2014 оноос эхлэн хамтран амьдарч байгаа. Дундаасаа 2 хүүхэдтэй. Манай нөхөр хүнд их тусч сайхан сэтгэлтэй, архи тамхи хэрэглэдэггүй залуу байгаа юм. Надтай хамтран амьдарсан цагаасаа ямар ч ажлыг гололгүй хийж гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгаа юм. Манай нөхрийн гэрийнхэн ч гэсэн шудрага хүмүүс байдаг. Би нөхрөө яагаад хулгай хийснийг нь ойлгохгүй байгаа юм. Уул нь хулгай хийх хүн биш. Бид 2-н дундаас гарсан 2 хүүхдийг минь бодоод манай нөхөрт бага ял оноогоосой гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

 

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ” Би 2019 оны 07 сарын 10-нд ээлжинд гарч байсан юм. Тэгээд 11-ний өглөө ээлжнээс буух гэж байсан чинь надаас ээлж авах байсан С ах цемент зуурдаг машины мотор нь алга болсон талаар надад хэлсэн. Тэгэхэд би мотор алга болсныг мэдсэн. Хамгийн сүүлд намайг 07 сарын 10-ны өдөр ус авахаар уурын зууханд ирэхэд зуурмагны машины мотор нь байж байсан юм. Тэгээд зуурмагны машиныг очоод харсан чинь редукторыг нь суллаад тавьчихсан байхаар нь би хулгайчийг буцаж ирж магадгүй гэж бодоод 11-12-ны шөнүүдэд сахиж хоносон боловч ямар нэг хүн ирээгүй. Тэгээд байж байтал манай ажлын Б ирээд Б над дээр ирээд Н намайг зуурмагны машины мотор тайлаад өгчих 50.000 төгрөг өгье гэж байсан гэж надад хэллээ гэж гэсэн. Тэгээд би 14-ний өдөр Н-ийн Чойрт байдаг хашаанд нь очиж харахад зуурмагных нь машинд хар саарал өнгийн мотор байсан. Тухайн үед зургийг нь аваагүй. Тэгээд би өнөөдөр буюу 16-ны өдөр очиж дахиад хашаанд нь үзсэн чинь хар саарал өнгийн мотор байхгүй оронд нь ногоон өнгийн мотор хийчихсэн байсан. Намайг өмнө нь очиж үзэхэд хар саарал өнгийн моторыг тогонд залгаагүй утас нь унжчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ” 2019 оны 07 дугаар сарын эхээр буюу 06-08-ны өдрийн хооронд яг өдрийг нь сайн санахгүй байна. Ажил дээр хамт ажилладаг Н, У нартай хамт ажиллаж байсан юм. Өдөр цайны цагийн үеэр Н надад бетон зуурагчийн моторыг авахад туслаач мөнгө өгье гэж байсан. Учир нь ажлын үеэр би Н-д мөнгө яаж олох вэ, нэг юманд явах гэсэн мөнгө байдаггүй яах уу гэж асуухад бетон зуурагчийн моторыг авахад туслаад өгөөч, манайх аймаг дээр энэнтэй ижил бетон зуурмагны машинтай юмаа, хөдөлгүүр нь шатчихсан байгаа юм. Энүүний моторыг аваад өгвөл би чамд бэлэн 50.000 төгрөг өгье гэж хэлж байсан. Би тэр үед юм хэлэлгүй, яах юм бэ гээд өнгөрөөсөн. Тэрнээс хойш би уурхай дээр ажиллаж байгаад 2019 оны 07 сарын 08-ны өдөр сумын төв дээрх уурын зууханд ажиллахаар ирэхэд манай ажлын Сүндэр ах бетон зуурагчийн хөдөлгүүр алга байна гэдгийг хараад бид нарт хэлсэн. Тэгээд очоод харахад байсан. Тэр өдөр Н-ээс маргааш завтай юу, намайг нэг газар хүргээд өгөөч гэхэд би завгүй, манай бетон зуурагч ажилд орсон би блок хийнэ гэж хэлсэн. Тэр үед би юм бодоогүй. Сүүлд нь ажлын ах А бетон зуурагчийн мотор алга болсон байна яах вэ гэхэд нь би Н-ийн надад хэлж байсан талаар түүнд хэлж авчихсан байж магадгүй та асуугаад үзэхгүй юу гэж хэлсэн. Тэрнээс хойш наадмын амралт болж байгаад өнөөдөр цугалсан чинь цагдаа дээр дуудаж энэ талаар асууж байна. Миний мэдэх зүйл энэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

 

Гэрч Ц.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Намайг 2019 оны 07 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод явж байсан чинь манай хүү Н надруу яриад цемент зуурагч машины мотор 200.000 төгрөгөөр худалдаж авахаар болчихлоо. Та хотоос битгий мотор аваарай гэж хэлсэн. Тэгээд би хотоос мотор худалдаж авахаа болиод хүрээд ирсэн. Тэгээд 2019 оны 07 сарын 17-ны орой Н-ийг мотор хулгайлсан гээд цагдаа нар шалгаж байна гэхээр нь хөдөө гэрээсээ ирээд Н-тэй уулзаад маргааш нь буюу 18-ны өдөр Н-ийн авсан моторыг ажлын газрынх нь хүмүүст хүлээлгэж өгсөн. Миний хүү уг нь их сайхан сэтгэлтэй бусдад тусархуу хүүхэд байгаа юм. Аав бид 2-тоо нэмэр болно гээд уурхайд ажилд орсон юм. Хүүхэд болохоор хямд өртгөөр хэрэгтэй зүйлээ олж авах гэж байгаад ийм зүйлд орооцолдчих шиг боллоо. Уг суурь хүмүүжил нь ийм хүүхэд биш байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 07 сарын 22-ны өдрийн дүгнэлт / хх-ийн 26-р тал/

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 51-52-р тал/

Шүүгдэгч Э.Н, П.У нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Шивээ-Овоо ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд “Манай компани мотороо хүлээж авсан ажиллагаа хэвийн байгаа учир ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Н, П.У нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохиролоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авга овогт Э.Н, Ганзав овогт П.У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар, шүүгдэгч П.У-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, П.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, П.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй , хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н, П.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ