| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/03828/и |
| Дугаар | 75 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 75
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****
Хариуцагч: *****
Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 /долоон сая/ төгрөг гагуулах тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***** нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч *****т 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 4 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, үүргээ биелүүлэх хугацааг хэтэрвэл хоногийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу надад мөнгийг эргүүлэн төлөөгүй тул хариуцагч *****ээс 7 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч ***** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөнгө хүүлэгч *****ээс 1 500 000 төгрөг 10 хувийн хүүтэй хоёр сарын хугацаатай өдөр бүр 50 000 төгрөг төлөхөөр тохирч авсан бөгөөд 250 000 төгрөг төлсөн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын дундуур 1 500 000 төгрөг зээлж мөн 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, өдөр бүр 50 000 төгрөг төлөхөөр тохирч 450 000 төгрөг төлсөн. Нийт 3 000 000 төгрөг зээлсэн, 700 000 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд *****газрыг барьцаалсан болно. Би нэхэмжлэгч *****т өгөх мөнгө байхгүй, барьцаалсан хашаагаа өгөхөд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчтай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 4 500 000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцон төлүүлэх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч төлөлт хийгээгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 4 500 000 төгрөг аваагүй, бодитоор 1 500 000 төгрөг хүлээн авсан, 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлийг нэмж тооцон 4 500 000 төгрөгөөр тохирч хийсэн, нийт 700 000 төгрөгийг эргүүлж төлсөн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар газраа барьцаалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282–р зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан байна.
Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр хэлбэрийн хувьд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн мэт байх боловч талуудын хүсэл зориг болон агуулгын хувьд 4 500 000 төгрөгийн зээлийн гэрээ бус 1 500 000 төгрөгийг бодитоор энэхүү гэрээнд заасан нөхцлөөр зээлдүүлсэн байх үндэслэлтэй байна.
Энэхүү гэрээнээс өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл, шинээр байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийн тухайд талууд харилцан тохиролцож, тооцоо нийлэн зээлдэгчийн төлөх үүргийг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэдийгээр 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дах заалтаар алдангийн тухай тохиролцсон боловч, зээлийн үлдэгдлийг 3 000 000 төгрөг болохыг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр талууд тохиролцож гэрээг дуусгавар болгосон, мөн нэхэмжлэгч энэхүү гэрээний үүргийг шаардаагүй болно.
2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний бодит хэмжээ нь 1 500 000 төгрөг байсан гэж үзэж, талуудын уг гэрээгээр тохирсон нөхцлийг Иргэний хуулийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт “хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.7 дах заалтаар алдангийн талаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 236.8 дах хэсэгт зааснаар бодитоор зээлдүүлсэн 1 500 000 төгрөг, түүний хүү 300 000 төгрөгөөс алдангийг тооцож 500 000 төгрөгийн хэмжээнд гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч гэрээ байгуулснаас хойш 700 000 төлсөн хэмээн маргаж буй боловч түүнийгээ нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр зээлдэгчийн хүлээх үүргийг гэрээгээр тохиролцсон 4 500 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгөөр тогтоож, хариуцагч *****ээс гаргуулан нэхэмжлэгч *****т олгож шийдвэрлэлээ.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *****-ын эзэмшлийн ***** газрыг барьцаалсан тухай гэрээг 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ***** нарын хооронд байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн боловч түүнийгээ бүртгүүлээгүй, мөн нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлага гаргаагүй, барьцааны зүйлийг буцааж өгсөн гэж тайлбарлана.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6 дах хэсэгт газар эзэмшигч нь эзэмшиж буй газраа хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй, мөн эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3, 160.2 дах хэсгүүдэд барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгснөөр барьцааны эрх дуусгавар болохоор заасан байх бөгөөд барьцааны зүйл /газар эзэмших эрх/-ийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэх тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****ээс 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ