| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1354 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Л.Нямдаваа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяа,
Гэрч Н.Үүрийнтуяа,
Шинжээч эмч Н.Чулуунсүх,
Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б од холбогдох эрүүгийн 1906 00000 0648 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Баян сумын тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.Б .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 36в байранд Ц.Лхагважавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь дагз ясны зүүн талын шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дагз, бага тархины хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн бага тархины голомтлог аалзан хальсан доорх цус харвалт дагзны зүүн хуйханд цус хуралт няцарсан шарх зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би болсон явдалд маш их харамсаж байна. Гэм буруу дээр маргаан байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяа мэдүүлэхдээ: “...Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Манай нөхөр айлын ганц хүү байсан. Манайх 2 охинтойгоо сайхан амьдарч байсан. Миний бага охин өдөр бүр аавыгаа нэхэж бэтгэрч байна. Миний амьдрал хэцүү байна. Манай нөхөр биднийг хайр халамжаар дутааж байгаагүй. Нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгчид хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Үүрийнтуяа мэдүүлэхдээ: “...Манай ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед намайг гэртээ ороход манай талийгаач ах “хоол хийсэн байгаа идээрэй” гэж хэлсэн. Би ороод цүнхээ тавьчихаад жижиг өрөө рүүгээ орох гэж байхад Батболд “энэ хэн юм” гэж манай ахаас асуусан. Тэгээд би өрөө рүүгээ ороод сонсоход манай ах “манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд байгаа юм, би чинь ингээд охидуудтайгаа амьдардаг” гэж хэлж байсан. Би хувцсаа сольчихоод хоолоо аягалачихаад жижиг өрөөндөө орж идсэн. Манай ах, Батболд хоёр сууж байгаад гарж явсан. Тухайн үед зурагтны дуу чанга байсан болохоор би зурагтаа унтраасан. Би гэрийнхээ юмыг янзлаж цэгцлээд байж байтал хаалга дуугараад манай талийгаач ах ундаа барьчихсан Батболд араас нь орж ирсэн. Тэгээд би жижиг өрөө рүүгээ орсон. Удалгүй Батболдын дуу нь чангараад байсан. Манай ах “би хүүхдээ авмаар байна, чи одоо яв яв” гэж хоёр гурван удаа хэлсэн. Тэгээд удалгүй хаалганы хажууд байсан хувцас хатаагч дуугарсан. Тэгэхээр нь би орон дээр сууж байгаад хаалганы завсраас чагнасан. Батболд нь “би ариун цэврийн өрөө орж болно биз дээ” гээд их чанга дуугаараа хэлсэн. Тэгээд манай ах над руу орж ирээд “аягаа угааж цэвэрлэ” гэж хэлсэн. Би жижиг өрөөнөөс гарч ирэхэд Батболд ариун цэврийн өрөө орсон байсан. Би ариун цэврийн хажуугаар өнгөрөхөд “наад ариун цэврийн өрөөнийхөө хаалгыг хаачихаач дээ, би тайван бие засмаар байна” гэж хэлсэн. Талийгаач хаалгыг хаасан. Би дүүгээ сургуулиас нь авах гээд явах гээд ариун цэврийн өрөөний урдуур гарахад талийгаач ах “чи одоо яваа ч дээ, одоо хүүхдүүд ирнэ, би хүүхдээ авмаар байна” гэж Батболдод зөндөө хэлж байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Чулуунсүх мэдүүлэхдээ: “...Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан. Тухайн үед 6 цагийн дотор буюу яаралтай тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байсан. Тархи нь 12 төрлийн мэдрэлийн хэсэгтэй. Аль мэдрэлийн хэсэгт нь цус хуралт үүссэн байдлаараа өөр өөр шинж байдал ажиглагдана. Гэмтэл авсан байрлал нь маш чухал юм. Олон төрлийн цусан хураагуур үүссэн учраас удаанаар их хэмжээгээр цусан хураагуур үүсээд тархийг дарсан тохиолдолд амь насанд аюултай болсон. Дагзны гадна талдаа няцарсан шархтай, хуйх нь хавдсан байсан. Дагзны дотор талдаа хугарал үүсээд цусан хураагуур үүссэн байсан.Дагзны хэсэгт хөдөлгөөний төвүүд, үнэрлэх мэдрэхүй байдаг. Хөдөлгөөн хийх боломжтой.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-34-35/, гэрч Н.Энхсайханы өгсөн мэдүүлэг /хх-37/, гэрч Л.Хулангийн өгсөн мэдүүлэг /хх-39-41/, гэрч Ц.Цогжаргалын өгсөн мэдүүлэг /хх-44/, гэрч Н.Үүрийнтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-46-49/, гэрч Э.Дуламжавын өгсөн мэдүүлэг /хх-51/, гэрч Л.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-59/, гэрч Л.Бямбаагийн өгсөн мэдүүлэг /хх-61/, гэрч Б.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-55/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 825 дугаартай дүгнэлт /хх-84/, гэрч П.Байгальмаагийн өгсөн мэдүүлэг /хх-55/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-147, 203/, шүүгдэгч Г.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хх-153/, хохирлын мөнгө хүлээлцсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлт /хх-186/, хохирлын мөнгө шилжүүлсэн хуулга /хх-187/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1758 дугаартай захирамж /хх-195/, өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан хүсэлт /хх-207/, Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 921 дугаартай дүгнэлт /хх-208/, шинээр Г.Б ын төрсөн эцэг нас барсаны гэрчилгээний хуулбар 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 36в байранд Ц.Лхагважавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь дагз ясны зүүн талын шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дагз, бага тархины хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн бага тархины голомтлог аалзан хальсан доорх цус харвалт дагзны зүүн хуйханд цус хуралт няцарсан шарх зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяагийн өгсөн: “...Би 15 цаг 50 минутын үед өөрийн дүү Үүрийнтуяатай фэйсбүүкээр холбогдоход “ах танихгүй хүнтэй архи ууж байна” гэж хэлэхээр нь “нэрийг нь мэдэх үү, танидаг хүн байна уу” гэж асуухад “танихгүй хүн байна, нэрээ хэлж ярилцахгүй байна.” гэж хэлэхээр нь би “зургийг нь аваад явуулдаа” гэхэд дүү “утасны камерны дуу аймар дуугараад байдаг энэ хүнтэйгээ одоо хоорондоо маргалдах гээд байна, би Халиунаагийн сургууль руу явлаа” гэж хэлээд мессэнжерээс гарсан. Ингээд нөхрийн гар утаснаас 19 цагийн үед залгахаар нь авахад манай хөрш эмэгтэй аваад “танай нөхөр чинь гэрийнхээ хаалганы гадаа хэвтэж байна, би утсыг нь аваад чам руу ярьж байна, толгойных нь ар хэсэгт цус болсон байна, толгойн хагарсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед охин Хулан над руу залгаад “аав өнгөрчихлөө” гэж хэлэхээр нь би Төв аймгаас ирсэн.” /хх-34-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхсайханы өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ШШГЕГ-ын 36Б байрны 29 тоотод найз Цогжаргалын гэрт байж байхад Цогжаргал хаалга цохиод тайлахад Цогжаргалын талийгаач аавынх нь найз архи үнэртүүлсэн нилээн согтуу ах тэдний байрны 12 давхарт гэрийнхээ үүдэнд унасан байсан гэсэн. Тэгээд Цогжаргал тэдний гэрт нь оруулах гэтэл хүнгүй болохоор нь ганцаараа өргөж авч ирсэн гээд гэрийнхээ үүдэнд аваад ирсэн байсан. Би дамжлан гэрт нь оруулсан.” /хх-40/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Хулангийн өгсөн: “...Манай найз ирээд “ээж чинь залгаад байна, хоёулаа гялс харихгүй бол болохгүй нь Лхагва ах гэрийнхээ гадаа хэвтэж байна гэнэ” гэж хэлэхээр нь бид хоёр такси бариад гэрт ирэхэд гэрийн гадаа үүдний хэсэгт цус болсон байхаар нь хаалгаа онгойлгоод ороход манай гэрт хүн байгаагүй. Үүрийнтуяа манай дүү Халиунаа хоёр гаднаас орж ирэхэд би “аав хаана байгаа юм” гэж асуухад Үүрийтуяа “доод айл болох Цогжаргалын гэрт байгаа гэнээ” гэж хэлэхээр нь би “та хоёр аавыг хараад ир” гээд буулгасан. Тэгээд Үүрийнтуяа буцаж орж ирээд “аав чинь унтаж байна, толгойноос нь цус гараад хөл нь хөхөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод байж байтал Цогжаргал манайд ирээд “Лхагваа ахын нүүр нь нээх сонин болсон байна” гэж хэлэхээр нь бид хэд доошоо буугаад аавыг харахад царай нь хөхөрсөн байхаар нь түргэн тусламж дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирээд “нас барсан байна” гэж хэлсэн. Манай гэрт ямар нэг эвдэрч гэмтсэн зүйл байхгүй 00 өрөөний зүүн талын гадна хана хэсгийн обой улаан өнгийн цус мэт зүйл болчихсон байсан. Өөр цус гэрийн дотор талд байхгүй байсан. Харин яг гэрийн үүдэн гадна хэсэгт олон тооны цус энд тэнд болчихсон байсан. Манай үүдний хэсэгт байсан хувцасны хатаагч нэг тал нь газар унасан байдалтай байсан. Би тэрийг янзлаад хувцаснуудыг эвхэж цэгцэлсэн. Манай найз Аззаяа текэн дээр байсан заазуурыг шүүгээ рүү далд хийсэн.” /хх-41-43, 44/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цогжаргалын өгсөн: “...Орой 19 цаг 40 минутын орчим Оюунтуяа эгч миний гар утас руу залгаад “ах чинь 12 давхарт гэрийнхээ үүдэнд согтуу байна, гэр рүүгээ орж чадахгүй байна гэж байна халаасанд нь түлхүүр байгаа гэрт нь оруулаад өг” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад лифт дуудаад ирэхгүй байхаар нь шатаар гарч байтал 10 давхарын шатан дээр бөөлжис болчихсон 11 давхарын шатан дээр повдолк хэвтэж байхаар нь аваад цаасан хайрцаг дээр тавиад 12 давхарт гартал амь хохирогч лифт шат хоёрын голд атийгаад хажуу тийш харсан байдалтай хэвтэж байсан. Гэрийнх нь түлхүүрийг хайхад олдохгүй болохоор нь эхнэр рүү нь залгаад “түлхүүр нь олдохгүй байна” гэж ярьж байтал “ахыгаа уучлаарай гэрт оруулаад өг” гэж хэлсэн. Эхнэр нь “чи гэртээ аваад орчих Хулан, Үүрийнтуяа нар харьж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа дийлэхгүй юм шиг санагдаад найз охин руугаа залгаад Энхсайхантай яриад “дээшээ гараад ир” гэж хэлээд хүлээтэл ирэхгүй байсан. Би хүлээж байгаад араас нь сугадаж өргөөд лифтэнд суулгаад гэрийнхээ хаалгыг нээгээд найз Энхсайхантай хамт өргөж оруулаад хивсэн дээр хэвтүүлж байхдаа баруун талын гуяыг нь хөхөрсөн байхыг харсан. 5 минутын дараа дахин хартал нүүр нь бага зэрэг хөхөрсөн байхаар нь жижиг өрөөнд байсан. Баттуяа эгчид хэлэхэд “гэр бүлийн хүмүүсийг нь дууд” гэсэн. Хулан аавыгаа дээш нь харуултал хэлээ хазсан юм шиг нүүр нь хөхөрсөн байсан.” /хх-46-47/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Үүрийнтуяагийн өгсөн: “...Би үдээс хойш 16 цаг 05 минутын орчим орж ирээд хувцсаа солиод зочны өрөөнд орж ирэхэд амь хохирогч нэг эрэгтэй хүнтэй 0,75 литрийн архи ууж байсан. 16 цаг 50 минутын орчим гараад явах шиг болсон. Гараад 7-8 минутын дараа хаалга нүдэхэд нь очиход “агаа нь байна” гэсэн. Тэгээд би хаалга тайлж өгөөд унтлагын өрөөнд орсон юм. Ах намайг “арц уугуул” гэхээр нь асааж өгтөл өөрийгөө арвилаад байсан. Уг хамт байсан залуугаа “яв би одоо охиноо авна” гэхэд уг хүн нь “би нойл орж болно биз дээ” гээд нойлд байгаад байсан. 20 цаг 10 минутын орчим гэрт ирээд хажуугийн 78 тоотоос ахын гар утсыг авах гээд хаалгыг нь тогшоод ахын гар утсыг авахад нэг эгч “энэ хавиар чимээ гараад маргалдаад байсан, хаалгаа онгойлгоод харахад цус болон шүлс болчихсон rap утас байсан” гэж хэлсэн. Намайг 17 цагийн үед Халиуныг авах гээд хувцсаа өмсөөд жижиг өрөөнд сууж байтал талийгаач Ц.Лхагважав ах нь Г.Б гэх хүнтэй маргалдаад чанга чанга дуугаар хоорондоо орилоод байсан. Яг юу ярьсныг би сонсоогүй. Талийгаач Ц.Лхагважав нь “би хүүхдээ авмаар байна, чи гар” гэтэл Г.Б гэх хүн “би нойлын өрөө орж болох уу” гээд ширүүн дуугаар маргалдаад байсан. Тэгсэн үүдэнд байсан хатаагчийг түлхэх чимээ гарсан. Тухайн үед согтуу хүмүүс маргалдаад байхаар нь би айгаад хурдан гаръя гэж бодсон. Би жижиг өрөөнөөс гарч иртэл Г.Б 00-ын өрөөнд орчихсон хаалга хаалттай байсан. Талийгаач Ц.Лхагважав текний хажууд зогсож байсан.” /хх-48-52/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Дуламжавын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим 80 тоотын ах согтуу гэрийнхээ хаалгыг нүдэж байхыг би хаалганы дурангаар харсан. Удалгүй чимээгүй болчихоор нь хартал байхгүй байсан. 10-20 минутын дараа чимээ гараад байхаар нь дурангаар харахад хүн харагдахгүй болохоор нь засвар хийж байгаа юм байна гэж бодсон. Удалгүй чимээгүй болж байгаад 18 цаг 15 минутаас хойш чимээ гараад хүмүүс дуугаралдаад юм яриад байхаар нь хаалгаа онгойлгож харахад 78 тоотын эгч гараад ирсэн нэг өндөр ахтай яриад цагдаад дуудлага өгч байсан. 80 тоотын ах хаалганыхаа хажууд газар хэвтсэн мөлхөөд огиод байсан. 80 тоотын ах тухайн үед шортноос өөр хувцасгүй байсан.” /хх-53-54/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Наранцэцэгийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим гэртээ байж байтал хаалга нүдэх чимээ сонсогдсон. Тэгээд хаалгаа тайлтал манай байрны урд талын дэлгүүрийн худалдагч залуу хаалга “энэ хүнийг мэдэх үү” гээд талийгаач руу заасан. Тухайн үед талийгаач хий оргиод доошоо хагас суусан байдалтай байсан. Талийгаачийн нүүр царай нь ил харагдах гэмтэл байгаагүй. Харин доошоо тонгойх үед толгойн ар хэсгээр цус гарчихсан байдалтай байсан. ганцхан шорт өмссөн доогуураа оймстой тэгээд нүцгэн байсан.” /хх-59-62/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бямбаагийн өгсөн: “...Машинаас юм авах гээд гэрээс гартал хөрш 80 тоот айлын үүдэнд газраар цус болчихсон байдалтай байсан. 80 тоот хаалганы гадна ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд гадаа гарч машинаас юм авчихаад буцаж орж ирээд гэртээ ороод амарсан.” /хх-64/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаатарын өгсөн: “...10 давхарт гарахад нөгөө өмнө нь орж ирсэн ах согтуу доошоо хараад шалан дээр тэр айлын гадаа хэвтэж байсан. Тэр хүний толгой хагарсан цус гойжоод чих рүү урссан байдалтай хэвтэж байсан. Тэр ах ам руугаа гараа хийгээд бөөлжөөд байсан. Танай гэр хэдэн тоот вэ гэж асуухад 80 тоот гэж хариулсан. Тэгээд би ахыг гэрийнх нь үүдэнд авчирхад хажуу айлын хоёр хүн гарч ирээд бид гурав цагдаад дуудлага өгсөн.” /хх-55/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2294 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаач Ц.Лхагважавын цогцост дагз ясны зүүн талын шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дагуу, бага тархины хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн бага тархины голомтлог аалзан хальсан доорх цус харвалт дагзны зүүн хуйханд цус хуралт няцарсан шарх зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд талийгаачийг амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
5. Талийгаач 2019.03.28-ны өдрийн 01.30 минутын байдлаар нас бараад 5-7 цаг орчим болсон байжээ.” /хх-84/ гэх дүгнэлт,
Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 921 дугаартай шинжилгээнд:
1. Талийгаач Ц.Лхагважавын цогцост дагз ясны зүүн талын шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дагуу, бага тархины хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн бага тархины голомтлог аалзан хальсан доорх цус харвалт дагзны зүүн хуйханд цус хуралт няцарсан шарх зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт зүүн даланд зулгаралт гэмтэл учирсан байна.
Эдгээр гэмтлээс дагз ясны зүүн талын шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дагуу, бага тархины хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн бага тархины голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, дагзны зүүн хуйхан дахь цус хуралт, няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун гуян дахь цус хуралт, зүүн далан дахь зулгаралт нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн хэрэгт хамаарахгүй.
2. Гавал тархи битүү гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ.
3. Цаг хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой.” /хх-208-209/ гэх дүгнэлт,
Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 825 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаач Ц.Лхагважавын цогцост дагз ясны зүүн талын шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дагуу, бага тархины хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн бага тархины голомтлог аалзан хальсан доорх цус харвалт дагзны зүүн хуйханд цус хуралт няцарсан шарх зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд талийгаачийг амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой. Баруун гуяны цус хуралт, зүүн далны зулгаралт гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрхи гавал тархины битүү гэмтэл нь талийгаачийг нас барахаас 0-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой.
4. Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил, элэгний хатуурал архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна.
5. Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
6. Талийгаач АВО системээр В (III) бүлгийн цустай байна.
7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
8. Талийгаач нь 2019 оны 3 дугаар сарын өдрийн 01:30 цагийн байдлаар нас бараад 5-7 цаг орчим болсон байжээ.” /хх-212-213/ гэх дүгнэлт,
Сэтгэц эмгэг судлалын 664 дугаартай дүгнэлтэд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-14/,
Цогцогст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-20/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28/,
Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-30/,
Шүүгдэгч Г.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хх-153/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү.“ гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх тул уг тайлбаруудыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Б ын согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 36в байранд Ц.Лхагважавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодох үйлдэл хийхдээ хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч өөрийн үйлдлээр үхэлд хүргэсэн байна. Иймд шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэл шууд болсон буюу хэсэг хугацааны дараа болсон нь ямар нэгэн ач холбогдолгүй. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Б ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяа “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Г.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Б од эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 27 см урттай, ажлын хэсэг нь 15 см, бариул нь 12 см хэмжээтэй төмөр заазуур, амь хохирогчийн өмсөж байсан урдуураа цахилгаантай хар өнгийн хүрэм, цэнхэр өнгийн цамц, хөх өнгийн жинсэн өмд, хар цагаан өнгийн пүүз, нэг хос цагаан өнгийн оймс, хар хөх өнгийн урд энгэр хэсгээрээ бөөлжис мэт зүйлээр бохирлогдсон Reebok гэсэн бичигтэй подволк, чирнээлэн ягаан өнгийн шорт, хар хөх өнгийн дотоож, rap утасны гэр, хэргийн зраас хурааж авсан дээж зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Г.Б од оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар
Г.Б ын урьд цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунтуяа нь цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 27 см урттай, ажлын хэсэг нь 15 см, бариул нь 12 см хэмжээтэй төмөр заазуур, амь хохирогчийн өмсөж байсан урдуураа цахилгаантай хар өнгийн хүрэм, цэнхэр өнгийн цамц, хөх өнгийн жинсэн өмд, хар цагаан өнгийн пүүз, нэг хос цагаан өнгийн оймс, хар хөх өнгийн урд энгэр хэсгээрээ бөөлжис мэт зүйлээр бохирлогдсон Reebok гэсэн бичигтэй подволк, чирнээлэн ягаан өнгийн шорт, хар хөх өнгийн дотоож, rap утасны гэр, хэргийн газраас хурааж авсан дээж зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Б.АРИУНХИШИГ
Д.МӨНХТУЯА