| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/07269/и |
| Дугаар | 1768 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1768
"Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05749 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч "Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХ, ХХХ, ХХХХ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 9 534 755 төгрөг, зээлийн хүү 2 821 870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453 330 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг, нийт 12 825 955 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,
хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч "Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:
"Х” ХХК нь ХХХХ, ХХХ. Х нартай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөг сард 3.9 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаатай олгосон. Зээлийг гурван хариуцагчид хүлээлгэн өгсөн. Зээлдэгч ХХгийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоот хаягт байрлалтай 209 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. ХХХХ, ХХХ, ХХ нар нь зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлгүй гэрээний үүргийг удаа дараа зөрчиж 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл, зээлийн хүүний төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Хариуцагч нар нь үндсэн зээлд 5 465 244.50 төгрөг, хүүд 5 536 949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 512 911 төгрөг, нийт 11 515 105 төгрөгийг төлсөн.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9 534 755 төгрөг, зээлийн хүү 2 821 870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453 330 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг. нийт 12 825 955 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч ХХХХ, ХХХ нарт 15 000 000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй тул зээлийг төлөх үүрэг үүсэх хариуцлага бий болоогүй. Харин ХХ 15 000 000 төгрөг хүлээн авч зарцуулсан тул зээл төлөх үүрэг хүлээнэ. Нэмэгдүүлсэн хүү төлсөн баримт нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар нотлогдож байна. 2 удаа нэмэгдүүлсэн хүү төлөх хуулийн зохицуулалт Иргэний хуульд байхгүй тул энэ талаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нотариатын үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ нь гэм хорын хохирол тул зээлийн маргаантай хэрэгтэй хамт шийдэхгүй юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 9 534 755 төгрөгийг бол зөвшөөрч байгаа, харин хүүгийн төлбөрт 2 100 000 төгрөг гарч байна. Иймд энэ талаар гаргасан шаардлага үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх:Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ХХ, ХХХ, ХХХХ нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9 534 755 төгрөг, зээлийн хүү 2 821 870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453 330 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг, нийт 12 825 955 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х" ББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ХХ, ХХХ, ХХХХ нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ХХгийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлалтай ХХХХХХХХХХ нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлалтай, 209 мкв талбайтай, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц гаражийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ХХХХХХХХнд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Х" ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х, ХХХ, ХХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид 220 170 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х" ББСБ-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүх зээлийн хүүнд 2 821 870 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нь хүүгийн тооцоог яаж тооцон гаргасныг шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй. Иймд хүүгийн төлбөрт 2 821 870 төгрөг төлөх биш 1 000 000 төгрөг төлөх ёстой байна. Шүүх зээлийн хүүг бүрэн хангуулахаар гаргасан нь буруу. Хариуцагч ХХХ, ХХХХ нарт 15 000 000 төгрөг өгөөгүй бөгөөд кассын зарлагын ордерт эдгээрийн нэрийг нэхэмжлэгч нөхөж бичсэн байдаг. Иймд уг төлбөрийг ХХХ, ХХХХ нарт хариуцуулсан нь үндэслэлгүй. Эдгээрийн гарын үсэг мөн болох талаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй байхад шүүх үүрэг хариуцуулсан нь үндэслэлгүй байна. Иймд 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ХХХХ, ХХХ, ХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 534 755 төгрөг, хүү 2 821 870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453 330 төгрөг, хохирол 16 000 төгрөг, нийт 12 825 955 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ХХХХ, ХХХ нар зээлийн гэрээг байгуулсан боловч мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж, ХХ нь зээлийн хүүгийн тооцоолол буруу, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Х” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрэгээр хариуцагч ХХХХ, ХХХ, ХХ нарт 15 000 000 төгрөгийг 181 хоногийн хугацаатай, сард 3.9 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч нар үүргийн гүйцэтгэлд ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХ тоот, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 209 м.кв хувийн сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцсэн байна.
Хэргийн 16 дугаар талд авагдсан кассын зарлагын ордер гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК нь гэрээний зүйл болох 15 000 000 төгрөгийг хариуцагч ХХ, ХХХ, ХХХХ нарт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч тал уг баримт дээр зурагдсан гарын үсгийг нэхэмжлэгч сүүлд нэмж бичсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, гарын үсгийн үнэн зөвийг шинжлүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч ХХХХ, ХХХ нар нь гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй явдал тэдгээрийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч “Х” ХХК-иас ирүүлсэн 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 534 755 төгрөг, хүү 2 821 870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453 330 төгрөг, нийт 12 809 953 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэх тооцооллыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй байхын зэрэгцээ өөрийн тайлбар татгалзлаа нотлосон баримтыг бүрдүүлэх талаарх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зээлийн хүүгийн төлбөрт 8 000 000 төгрөг төлсөн, үүнээс ч илүү төлбөр төлсөн тул санхүүгийн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан ба тэрээр өмнө нь уг хүсэлтийг гаргах боломжгүй байсан гэх байдал тогтоогдоогүй, шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг “тухайн нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэх үндэслэлээр хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгтэй нийцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчдын нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг шүүх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрүүдэд хариуцагч талд тайлбарлан таниулсан байх тул анхан шатны шүүхэд хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч “Х” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх болон зээлийн гэрээний 2.4-т зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардах эрхтэй, зээлдэгчийг нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэгт нийт 12 809 953 төгрөг, хохирол буюу нотариатын зардалд 16 000 төгрөг, бүгд 12 825 955 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс баримт бичиг баталгаажуулахад зарцуулсан 16 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн байхад шүүх үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалт буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ.
Мөн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэрийг “Х” ББСБ гэж ташаа бичсэнийг тус тус зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05749 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг хасч, “451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, 1, 3 дахь заалтын “Х” ББСБ-д гэснийг “Х” ХХК-д гэж өөрчлөн,
2 дахь заалтын “үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс” гэснийг “үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХийн төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.МӨНХЗУЛ