| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 1708012060128 |
| Дугаар | 677 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 677
Г.Ц-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, Т.Баярбат нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 708 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1211 дүгээр магадлалтай, Г.Ц-д холбогдох 1708012060128 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Т.Баярбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Г-н Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-г залилах гэмт хэргийг үргэлжилсэн гурван удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Г.Ц-г 3 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-оос нийт 57,730,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ц-д 43,800,000 төгрөг, хохирогч Т.Ж-д 12,430,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ү-д 1,500,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ц гаргасан гомдолдоо “...Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдож буй Б.Ц нь өмнө нь намайг танихгүй, надад итгэл үнэмшил төрж тухайн мөнгийг надад өгөөгүй өөрийн найз Х-т итгэж мөнгөө өгсөн, тухайн мөнгөтэй холбоотойгоор Х-с үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан зэргийг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн. Б.Ц-ын хохирлыг хэдэн удаа төлөх ёстой, Б.Ц, Х нарын хэнд хэдэн төгрөг төлөх ёстой болох нь өнөөдрийг хүртэл ойлгогдохгүй байна. Мөн Т.Ж нь О-тай наймаа хийхээр тохиролцоод О-ын төрсөн эгчийн хүү болох Ц.Б-тай хамт байж байгаад О-ын данс руу шилжүүлсэн мөнгийг нь би төлөх ёстой болж байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг дахин шалгуулахаар тодорхой дүгнэлт хийж прокурорт буцаасан боловч мөрдөгч, прокурорын зүгээс захирамжийг огтхон ч биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдагдсан гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй, хохирлын хэмжээ, мөнгөн дүн мөн зөрүүтэй. Н.О нь Т.Ж-аас өөрийн дансаар авсан мөнгөө эргэн төлсөн, О бид хоёрын хооронд ямар нэг өрийн харилцаа тогтоогдоогүй байхад би тухайн хүний өөртөө зарцуулсан мөнгийг нь төлөхөөр тогтоогдсон нь үнэхээр ойлгомжгүй байна. Улсын мөрдөн байцаах албаны тусгай субъектын хэрэг шалгах хэлтэс өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.
Мөн хохирогч нар нь намайг хууль бусаар баривчлан удаа дараа Богд уул руу гарч, 7 хоногийн турш буудалд зодож дарамталсан бөгөөд энэ талаар гомдол гаргасан боловч огтхон ч шалгах ажиллагаа хийгээгүй. Энэ хэргийн хувьд миний бие анхнаасаа үнэн зөвөөр тогтвортой мэдүүлсэн. Хэргийн оролцогч нарт тэгш эрхийн зарчим хэрэгжээгүй, оролцогч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулсан байхыг шаарддаг. Гэтэл Б.Ц нь надад бус н.Х-т мөнгөө өгөөд би н.Х-аас мөнгийг аваад оронд нь эд зүйл олж өгөхөөр тохиролцсон боловч тэр болзолт нөхцөлөө биелүүлж чадаагүйн улмаас н.Х гэх хүнд төлөх 30 орчим сая төгрөгийн өртэй байхад дахин Б.Ц-д 43 сая төгрөг өгөхөөр болоод байгаа үйлдэлд 2 удаа хариуцлага хүлээлгэж байна гэж ойлгож байна. Тухайн гэмт хэргийг хохирогчтойгоо тохиролцохгүй, ярихгүйгээр өөр хүнтэй ярьсан нөхцөлийн улмаас би залилсан байх боломжтой эсэхийг тогтоолгохыг хүсэж байна.
Мөн хохирогч н.Т-ийн машиныг түрээсэлсэн боловч бусдад зарж борлуулсан зүйл байхгүй тул залилах гэмт хэрийн шинжийг бүрэн агуулж буй эсэхийг тогтоолгохыг хүсэж байна. Мөн О, Ж нарын тохиролцсон наймааны нөхцөлд хажууд нь байсны төлөө тухайн мөнгийг төлөх ёстой хүн нь би болж байгааг хуулийн үндэслэлээр тогтоолгохыг хүсэж байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг харьяаллын дагуу шалгах эрх бүхий субъектээр шалгуулах, хэргийн үнэн зөв нөхцөл байдлыг тогтоолгох боломжоор хангаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, Т.Баярбат нар нь “...шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэмт этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн эзэмших эрхийг сайн дураараа шилжүүлж өгсөн байхыг шаарддаг. Нотлох баримтаар Г.Ц нь анхнаасаа хохирогч Б.Ц-д итгэл үнэмшил төрүүлж, залилан мэхлэх аргаар 45,000,000 төгрөгийг авч байгаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын өгч байсан мэдүүлгээр нотлогддог. Хэрэгт авагдсан баримтаар гэрч Г.Х нь хохирогч Б.Ц-д улаан мөнгөн усны наймаа хийвэл олон сая долларын ашиг олох боломжтой гэж ятгаж улмаар яаралтай мөнгө олж бэлтгэхийг шаардаж байсан, хохирогч Ж.Ц гэрч Г.Х-т итгэж мөнгө бэлтгэж түүнд өгч байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгч байсан мэдүүлгээр нотлогддог. Мэдүүлгээр хохирогч Б.Ц нь гэрч Г.Х-аас 48,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хохиролдоо тооцон шилжүүлэн авсан болох нь нотлогддог болно.
Гэрч Г.Х, хохирогч Б.Ц нарын хооронд өр авлагын асуудал огт байхгүй байсан байхад Г.Х ямар шалтгааны улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хохирогчид шилжүүлсэн, шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө 45,000,000 төгрөгтэй холбоотой эсэх, хохирогчийн зүгээс хууль бусаар аргаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг шаардсан эсэх, эсвэл Г.Х өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан үйлдлээ ухамсарлаж үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн эсэх, хохирогч болон гэрч нар хоорондоо 45,000,000 төгрөгийн төлбөр дуусгавар болсон талаар тохиролцсон нөхцөл байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах, үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоох, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түүхчилсэн лавлагааг болон бусад нотлох баримтыг гаргуулах зэрэг хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийгдээгүй байдаг болно. Шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэрэгт гэрч Б.О нь 45,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг авч өр төлбөрөө төлсөн 3,750,000 төгрөгийг хэрэгцээндээ зарцуулсан талаар тайлбар, бичиглэл авагдсан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд Б.О-ын тайлбар бичиглэлд бичигдсэн нөхцөл байдлыг тогтоох, иргэний хариуцагчаар татах, эсвэл хохирогч Б.Ц айлган сүрдүүлж хүчээр бичүүлсэн эсэхийг тодруулах зэрэг ажиллагааг хийгээгүй байдаг.
Гэрч Г.Х-ын мэдүүлгээр Б.О нь хамтран оролцсон байх магадлал бүхий шинээр илэрсэн нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар тогтоох, нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн байхад анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байгаа болно. Мөн хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Ц-ийн Г.Х-аас авсан 45,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан Б.Оын тайлбар, бичиглэлд Булганбаатарын эхнэрт 2,500,000 төгрөгийг өгсөн талаар бичигдсэн байдаг. Эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Цгийн Г.Хаас авсан 45,000,000 төгрөгөөс гэрч Т.О, гэрч Н.Булганбаатар, Б.Онар тодорхой хэмжээний мөнгө авч байсан байх магадлалтай нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй байдаг болно. Гэрч Т.О нь Г.Ц-оос тодорхой хэмжээний мөнгө авч байгаагүй бол Г.Х, Б.Ц нарт мөнгө төлөх талаар амлалт өгөх шаардлагагүй этгээд болно. Хохирогч Ж.Ц нь бусадтай бүлэглэн хууль бус үйлдэл гаргаж шүүгдэгч Г.Ц, гэрч Б.Он арыг барьцаалсан, айлган сүрдүүлсэн, тохуурхан доромжилсон, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсгэсэн, тэднийг зодож байсан болох нь гэрч Б.О, Г.Х-ын мэдүүлгээр нотлогддог бөгөөд хохирогч Б.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Б.Ц-ын хууль бус үйлдлийн талаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гарган шалгуулсныг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хянаж, Г.Ц-гийн гаргасан өргөдөл гомдлын асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байх ба давхардуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 345 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Ц-тай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээгүй байхад Хан-Уул дүүргийн Прокурорын газарт ташаа мэдээлэл өгсөн талаар нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
Гэрч Т.О 9,900,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-оос авах авлагандаа тооцож авсан гэдэг боловч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх байдлаар Г.Ц-д 600,000 төгрөгийн өр төлбөртэй байсан болох нь Т.О-ын Хаан банкны дансны хуулгаар нотлогддог болно. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б, н.О, Т.О, Б.О болон шүүгдэгч Г.Ц-гийн аав Ганзориг нарын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах, Т.О-д амрита буюу хөдөлдөг хар зүйл байсан эсэхийг тогтоох, эд мөрийн баримтаар хураах, Г.Ц-гийн үйлдэлд Н.Б, Т.О нар хамтран оролцсон нөхцөл байдлыг тогтоох, шүүгдэгч Г.Ц нь гэрч Н.Б-аас Ниссан Тирано маркийн авто машин худалдан авч байсан эсэх, гэрч Т.О-д 10,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан эсэхийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд зайлшгүй хийгдэх ажиллагааг огт хийгээгүй болно.
Г.Ц нь хохирогч Г.Т-ийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Б.Ү-д худалдан борлуулахаар тохиролцсон зүйлгүй бөгөөд ямар ч этгээд автомашин эзэмшигчийн зохих зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй, автомашин эзэмших эрх шилжигдэхгүй талаар тодорхой хэмжээний ойлголттой атал Б.Ү автомашиныг худалдан авахаар тохиролцсон гэдэг нь эргэлзээтэй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Цолмонд холбогдох хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулаагүй, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоогоогүй байхад гэм буруутай тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаанд огт нотлогдоогүй болно. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах болон цагаатгах талын нотлох баримтыг нэгэн адил цуглуулаагүй, хэргийг бүх талаас шалгаж, бүрэн тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Ц-д холбогдох хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 475, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1583, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2458 тоот шүүгчийн захирамжуудаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Харин давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 18, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Г.Ц хохирогч Ж-аас 14,000,000 төгрөгийг аваагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай нотлогддог. Харин хохирогч Ж нь цагдаагийн хошууч Б-т итгэл, үнэмшил төрж түүний үеэл О-д мөнгө шилжүүлсэн талаар хангалттай мэдүүлсэн. Харин хохирогч Таянгийн автомашиныг 350,000 төгрөгийг төлж түрээсэлсэн болох нь нотлогдог юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдлыг огт тогтоогоогүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Мөн өмгөөлөгч Т.Баярбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхээс хэргийг 3 удаа прокурорт буцааж байсан. Г.Ц-ийн үйлдлийг тогтоох ажиллагаа явуулснаас гэмт хэрэгт хамтран оролцсон хүмүүсийн оролцоо, мөнгийг авч ашигласан хүмүүсийн илрүүлэх ажиллагаа огт хийгдээгүй. Г.Ц-ийн зарим үйлдлүүдэд гэмт хэргийн шинжгүй зүйл бий бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх шаардлагатай. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.
Хяналтын прокурор Ц.Бурмаа хууль зүйн дүгнэлтдээ “Г.Ц-д холбогдох хэрэгт хоёр удаа яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгч нарын гаргаж буй үндэслэлийг хэрэг анхан шатны шүүхээс прокурорт буцах үед тогтоосон. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Г.Ц нь огт байхгүй буюу улаан мөнгөн ус, хөдөлдөг хар зүйл гэх мэт зүйлсийг олж өгнө гэж хохирогч нарыг залилсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Б.Ц, гэрч Х нарыг оролцуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх Г.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Т.Баярбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** төвийн урд талын зогсоол дээрээс хохирогч Г.Т-ийн эзэмшлийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий **** УБЧ улсын дугаартай “Toyota Corolla” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай унаад өгье гэж хуурч шилжүүлэн авсан,
2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Орчлон хороолол *** дугаар байрны орчимд **** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Ц-д улаан мөнгөн ус олж өгнө гэж хуурч 45,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2017 оны 12 дугаар сарын 17-23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Нарантуул зах дотор хохирогч Т.Жд хөдөлдөг хар юм зарна урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хуурч 14,000,000 төгрөгийг тус тус залилж, нийт 65,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ц-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “хохирогч Б.Ц нь шүүгдэгч Г.Ц-д бус Г.Х-т мөнгө өгсөн бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой уулзаагүй тул залилан мэхэлсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Мөн шүүгдэгч Г.Ц-ийн холбогдсон бусад гэмт хэргүүдийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан тул хэргийг прокурорт буцаалгах” агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангадаг.
Түүнчлэн, зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ц нь хохирогч Б.Ц-ын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоор хохирогчийн итгэлийг хүлээсэн найз Г.Х-т “улаан мөнгөн ус олж өгнө” хэмээн хуурч хохирогч Б.Ц-аас 45,000,000 төгрөгийг гаргуулан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудын хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа хэсэг нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах агуулгатай байна.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул гомдлуудын дээрх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 708 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1211 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц болон түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Т.Баярбат нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН