| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 114/2025/0001/З |
| Дугаар | 001/ХТ2025/0076 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2025/0076
Б.Ц***-ын гомдолтой,
Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын
байцаагч Д.Б***-т холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 114/ШШ2025/0008 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0320 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/0317 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, өмгөөлөгч А.Б***-ыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
1.Б.Ц***-аас “Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2.Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар “Б.Ц***-ыг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Гомдол гаргагчаас “... сонгуульд оролцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй байхад зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, хууль бусаар торгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна, ... сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь зардлаа бүртгүүлэх үүрэгтэй, гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй, нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй, ... миний элсэж, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн Э*** нам нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг данстай байхаар шийдвэрлэсэн ...” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлон маргажээ.
3.1.Хариуцагчаас “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, данс нээгээгүй нь тогтоогдсон ...” гэх агуулгаар гомдлыг эс зөвшөөрөн хариу тайлбар гаргажээ.
4.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4-т тус тус заасныг баримтлан Б.Ц***-ын гомдолтой, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Б***-ийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 114/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Б.Ц***-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Б***-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангажээ.
6.Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/0317 дугаар тогтоолоор “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.Хариуцагчаас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:
7.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн Б.Ц***-т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000.00 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
7.2.Э**** нам (Э***) нь сенатын тогтоолоор нэр дэвшигчдийг сонгуулийн зардлын данс нээлгэх шаардлагагүй, намаас сонгуулийн сурталчилгааны ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж өгөх шийдвэр гаргасан боловч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг сонгуулийн зардлын данс нээлгэх үүргээс чөлөөлсөн зохицуулалт байхгүй тул зардлын данс нээх, уг дансыг бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг анхаарч үзэх шаардлагатай байна.
7.3.Мөн төрийн эрх бүхий байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/*** дугаартай албан бичгийн дагуу “Нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэж байгаа нь хуулиас давсан шийдвэр эрх бүхий байгууллага гаргасан нь зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд уг хуулийн зарчмыг чухалчилж үзэх шаардлагатай юм.
7.4.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална”, 7.4.1-д “хууль дээдлэх”, 7.4.2-т “ил тод байдлыг хангах”, 7.4.3-т “шударга ёсыг сахих” гэж заасан байна. Гомдол гаргагч Б.Ц***-ын зардлын данс нээлгээгүй, зохих журмын дагуу бүртгүүлээгүй үйлдэл нь тус хуулийн 7.4.2-т “ил тод байдлыг хангах” гэж заасныг шууд зөрчиж байна. Тодруулбал, сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
7.5.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 1.1, 3.1, 5.3, 6.2-т тус тус журамласан байна. Хууль зүйн дээрх зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхдөө сонгуулийн зардлын дансыг нээлгэж, төрийн зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх, нам, эвсэл, өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэг хийж олгох, өөрийн мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулах үүрэгтэй байна.
7.6.Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд энэ хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасан буюу Э*** нам (Э***)-ын данснаас Б.Ц***-ын сурталчилгааны зардлыг Б.Ц***-ын сонгуулийн зардлын дансанд шилжүүлэх хэлбэрээр зарцуулж тайлагнаж явах үүрэгтэй юм.
7.7.Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 114/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0320 дугаар магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Базараас хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбарыг ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
10.Энэ хэргийн тухайд, Э**** нам (Э***)-ын Сенатын 2024 оны С/** дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг Э**** нам (Э***)-аас нэгдсэн байдлаар зохион байгуулж, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан; гомдол гаргагч Б.Ц*** нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт (Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймаг) Э*** нам (Э***)-аас нэр дэвшихдээ өөрийн нэр дээр сонгуулийн зардлын данс нээлгээгүй нь тогтоогдсон.
11.Маргаан бүхий улсын байцаагчийн 2024 оны *** дугаартай шийтгэлийн хуудсаар “... нэр дэвшигч Б.Ц*** нь сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх ... үүргээ биелүүлээгүй” нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарна гэж үзэж түүнийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
12.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-т “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
13.Дээрх зохицуулалтын дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээлгэх үүрэгтэй болохыг хууль тогтоогч хоёрдмол утгагүйгээр зааж, энэхүү дансыг ямар хугацаанд нээлгэж, хэнд бүртгүүлэх журмыг тодорхой зохицуулжээ.
14.Мөн тэгш шударга ёсыг сахиж, нээлттэй, ил тод сонгуульд өрсөлдөх замаар сонгогдох эрхийг хэрэгжүүлэх зарчмыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-т “ил тод байдлыг хангах”, 7.4.3-т “шударга ёсыг сахих” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд “нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг данстай байх” зохицуулалт нь санхүүжүүлсэн этгээд болон эх үүсвэр тодорхой бус байх зэрэг хууль бус санхүүжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, улмаар тэгш шударгаар өрсөлдөх сонгуулийн үйл ажиллагааны зарчмаас үүдэлтэй.
15.Иймд сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь сонгуулийн зардал бодитоор гаргасан эсэх, хандив авсан эсэхээс үл хамааран сонгуулийн зардлын дансыг өөрийн нэр дээр нээлгэж, хуульд заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлэх үүргийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хүлээх бөгөөд сонгуулийн зардлын дансыг нээлгэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” зөрчилд хамаарна.
16.Давж заалдах шатны шүүхийн “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх, холбогдох байгууллагад үүрэг хүлээхгүй” гэж дүгнэсэн нь буруу, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
17.Гомдол гаргагчийн зүгээс “ ... сонгуулийн зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй, сонгуулийн зардлын данс нээгээгүй нь өөрөө зөрчилд хамаарахгүй, нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй, сонгуулийн зардлын нэг данстай байх нь намын дотоод зохион байгуулалтын асуудал” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй.
18.Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журам” гэдэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан сонгуулийн зардлын данс нээлгэх журам мөн хамаарах бөгөөд улмаар дансыг бүртгүүлээгүй нь тухайн зөрчилд тооцох үндэслэл болно.
19.Энэ хэргийн тухайд шүүхүүд, маргааны гол үндэслэлийг зөв тодорхойлж дүгнээгүй байна. Учир нь, Э**** нам (Э***)-аас Сонгуулийн ерөнхий хороонд хандан тодруулга хүсэж, тус Хорооноос “нэр дэвшигч тус бүр зардлын данс нээхгүй байх боломжтой” гэх хариуг өгсөн үйл баримтад холбогдох хуулийг тайлбарлан хэрэглээгүй байна.
20.Өөрөөр хэлбэл, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооноос “нэр дэвшигч тус бүр зардлын данс нээхгүй байх боломжтой” гэх байр суурийг илэрхийлсэн энэ тохиолдолд, нэр дэвшигчийн хувьд тусдаа сонгуулийн данс нээлгээгүй нь зөрчилд тооцогдохгүй гэх хууль ёсны итгэлийг бий болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д тусгасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх үндэслэл бүрджээ.
21.Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж зааснаар шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, шинжид тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
22.Харин намууд Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох эрхтэй ч уг эрх нь гагцхүү тухайн намын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудалд хамаарах бөгөөд нам нь нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо тухайн харилцааг зохицуулсан нийтийн эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүргийг хүлээх тул сонгуулийн эрх зүйн харилцааг журамласан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4 дэх зохицуулалтын “нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээлгэх, бүртгүүлэх” үүргийг тогтоосон нийтийн эрх зүйн хэм хэмжээг улс төрийн намын дотоод үйл ажиллагаа, эрх хэмжээний хүрээнд хамааруулж, намын дотоод шийдвэрээр хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байх үндэслэлгүй.
23.Гомдол гаргагчийн хувьд “сонгуулийн зардлын нэг данстай байхаар намын дотоод зохион байгуулалтаар шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, хариуцагчийн зүгээс шийтгэл оногдуулсныг буруутгахгүй боловч гомдол гаргагчаас үл хамаарах нөхцөл байдал нь зөрчил гарахад хүргэсэн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
24.Тухайн тохиолдолд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн төрлийн маргаануудад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох замаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2025/0070[1], 001/ХТ2025/0071[2] дүгээр тогтоолоор тус тус тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0320 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 114/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Ц***-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, магадлалын ТОГТООХ хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН