Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 17

 

О.*******т холбогдох

хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг прокурор Б., шүүгдэгч О.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хохирогчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Л.******* давж заалдсан гомдлоор О.*******т холбогдох 201613000112 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, мөн ******* аймаг дахь сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн ******* РД: /ИЙ-/

Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч ******* овгийн *******ийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч О.*******т  оногдох эд хөрөнгийг хураахгүйгээр О.*******ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар  шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 124 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ээс нийт 2283000 төгрөг гаргуулж хохирогч Р.д 370000 төгрөг, хохирогч Л.т 1513000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О. 150000 төгрөг, П. 250000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархай 2 ширхэг, цагаан өнгийн зургийн жааз, хөх өнгийн цоожийг устгаж, алдагдсан эд зүйлийн 5 ширхэг фото зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэвээр үлдээж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийн эзэмшлээс Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг, хохирол нөхөн төлөгдтөл хэвээр үлдээж, шүүгдэгч О.*******ийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний  лавлагаа хавсаргагдсан болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Хохирогч иргэний нэхэмжлэгч Л. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манайх “” хийдийн тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж байтал 2016 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө хулгай орж, Богд лам, Бурхан багш /гуулин/ Жамсран,  Гомбо, Лхам, Цагаан дарь эхийн зурмал бурханууд, Хамба лам нөмөрч суудаг жанч /хуучин/ гуулин суварга 1 ширхэг, гуулин цан 2 ширхэг, гуулин бумба 3 ширхэг, гуулин сэлмэн 3 ширхэг дун 2 ширхэг, хүрд 1 ширхэг, тодва /гуулин/, хонх 1 ширхэг, толь мандаа, зурмал Майдар бурхан, Очирваань зурмал бурхан, дамар 2 ширхэг, /дээрх бүгд хуучин/ эд зүйлс алдагдсан юм.

Гэтэл алдагдсан эд зүйлсийг сум дахь үнэлгээний комисс болон бусад үнэлгээний комиссуудаар үнэлгээ тогтоолгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоохдоо тухайн алдагдсан зүйлийн түүхэн ач холбогдолыг үнэлээгүй. Иймд үнэлгээг үндэслэлгүй тогтоосон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан эд зүйлийн үнэлгээ тогтоолгох боломжийг олгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бурхадаа алдсан хүний хувьд гомдолтой байна. Учир нь хулгайд алдагдсан бурхад бол хуучны эд зүйлс байсан. Үүнд Богд лхам, Лхам сахиус, Гомбо бурхад нь хуучны зурмал бурхад байсан. Дээрх бурхад эргэж ирсэн боловч дахин хэрэглэх боломжгүй болсон байна. Мөн хоёр дамар ирсэн боловч хэрэглэх боломжгүй байна.

Хулгайд алдагдсан шашны эд зүйлсээс хонх, сэлэм, цан зэрэг нь огт байхгүй байгаа. Хавтаст хэрэгт гуулин цан гэж бичсэн байна лээ. Гэтэл тэр цанг зэс гэдэг металиар хийсэн байдаг. Энэ цан огт байхгүй байгаа учраас олж авмаар байна. Бурхан болон шашны эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ үндэслэлгүй байна. Энэхүү үнэлгээг тогтоолгохдоо соёлын үнэт зүйлсийн үнэлгээг тогтоодог мэргэжлийн байгууллагаар тогтоолгомоор байна. Мөн олдохгүй байгаа эд зүйлсийг шүүгдэгчээр олуулмаар байна. Учир нь дахин давтагдахгүй шашны эд зүйлсүүд алга болсон. Өөрөөр хэлбэл сэлэм, хоёр дун, цан, хонх зэргүүд байгаа. Цан бол гууль биш зэс гэдэг металиар хийгдсэн юм. Эдгээр шашны эд зүйлс нь үе дамжиж, уламжлагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл миний өвөө гэдэг ламаас удам дамжиж ирсэн юм. Хулгайд алдагдсан хонх бол цоохор байсан. Ингэхдээ хонхны толгой нь гуулиар хийгдсэн бөгөөд доод тал нь зэс гэдэг металиар хийгдсэн байдаг. Хоёр дамарын тухайд гэвэл эвдээд, хэрэглэх боломжгүй болгосон байна лээ. Иймд хулгайд алдагдсан шашны эд зүйлсийг шүүгдэгчээр олуулах шаардлагатай байна.

Хулгай хийж авч яваад буцаагаад өгсөн бурхадыг дахин хэрэглэх боломжгүй болсон. Учир нь тэдгээр бурхадын нүд, амыг ухсан байна лээ. Богд лам бурхан бол зээгт наамал бөгөөд шинэ үеийн бурхан юм. Мөн Цагаан дархи бурхан нь сүүлийн үеийн бурхан байсан. Харин Богд лхам, Жамсран бурхан бол хуучин цагийн бурхад байгаа.

Хамгийн гол нь шашны эд зүйлс болох сэлэм, цан, дунг олж авмаар байна. Мөн шашны эд зүйлсийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал: 50.000 төгрөгний үнэтэй шашны эд  зүйлс гэж огт байхгүй. Сэлэм гэхэд л 1 ширхэгийг нь 1.000.000 төгрөгөөр үнэлдэг байгаа. Эдгээр шашны эд зүйлс нь миний өвөө гэдэг лам хүнээс манай аавд удам дамжиж ирсэн. Иймд хулгайд алдагдсан шашны эд зүйлсийг олж авмаар байна. Өөр тайлбар байхгүй гэв.

Хохирогчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолтой танилцсан. Уг шийтгэх тогтоолыг гаргахдаа хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.5 дахь зүйлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна. Уг хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан нөхцөл байдлыг дахин тогтоох шаардлагатай гэж үзлээ. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан нөхцөл байдлыг заавал тогтоох ямар шаардлага байна вэ? гэхээр Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулийн 6.1.11-т зааснаар уламжлалт шашин шүтлэгтэй холбоотой эд зүйлс нь түүх соёлын дурсгалт зүйлд хамаарагдахаар байна. Тэгэхээр анхан шатны шүүх бол хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа. Ийм учраас уламжлалт шашинтай холбоотой үнэт зүйл мөн үү биш үү? гэдэг асуудал гарч ирнэ. хийд нь ******* аймагт шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Гэтэл энэ шашны байгууллагын эд зүйлс хулгайд алдагдсан. Ийнхүү хулгайд алдагдсан гэдэг асуудал нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байгаа. Гэвч хулгайд алдагдсан шашны эд зүйлсийн үнэлгээг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг тогтоогоогүй мөртлөө анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ? гэхээр анхан шатны шүүх нь миний гаргасан хүсэлтийг хангах боломжгүй гэсэн дүгнэлт хийхдээ гэрч , нарын мэдүүлгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үнэлгээ тогтоосон нөхцөл байдал тохирч байна гэж дүгнэдэг. Гэвч гэрч , нарын мэдүүлгээс дүгнэлт хийхэд эдгээр хүмүүс өөрийнхөө хүсэл зоригийн илэрхийллээр мэдүүлэг өгсөн байна. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад алдагдсан зарим эд зүйлсийг буцаан авсан. Гэрч нарын мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжийг заах ёстой. Гэтэл гэрч нарын мэдүүлэг дээр эх сурвалжаа зааж өгөөгүй байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад эх сурвалжууд гарч ирсэн. Иймд шашны эд зүйлсийн үнэлгээг тогтоосон эх сурвалж байсаар байхад түүнтэй харьцуулан үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй байна. Тийм учраас гэрч , нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэж байгаа.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй мөртлөө хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шашны эд зүйлсийн холбогдолтой үнэлгээг 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар тогтоох боломжтой. Энэ хуулийн 9 дүгээр зүйлд Соёлын өвийг үнэлгээний асуудлыг заасан байдаг. Ийнхүү Соёлын өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлсийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн комисс тогтоох ёстой. Одоо хулгайд алдагдсан байгаа эд зүйлс бол хувь хүний өмчтэй холбоотой асуудал яригддаг. Тэгэхээр хувийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9.2-т заасны дагуу тодорхойлж болохоор байна. Анхан шатны шүүх энэ хуулийг хэрэглэх ёстой байтал хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.  Ийм учраас ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч О.*******ийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийнх нь  тайлбарыг сонслоо. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарч чадаагүй гэж тайлбарлалаа. Энэхүү тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын шатанд шашны эд зүйлсийн үнэлгээг гаргахдаа эхлээд сумын үнэлгээ тогтоох комиссоор үнэлүүлсэн байдаг. Энэ үнэлгээ нь учир дутагдалтай гарсан учраас “Хүрэл бэрс” ХХК-иар дахин үнэлгээг тогтоолгосон. Иймд дээрх үнэлгээг хууль ёсны гэж үзэх бүрэн боломжтой. Эдгээр байдлуудыг анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй. Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчоос гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б. би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйл, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311, 313 дугаар зүйлийн 313.4-т заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* овгийн *******т холбогдох эрүүгийн 201613000112 дугаартай хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Л.******* гаргасан гомдлоор оролцож, прокурорын дүгнэлт гаргаж байна.

Хэргийн товч агуулга: Яллагдагч ******* овгийн ******* нь шунахайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө ******* аймгийн сумын гол багт байрлах хийдийн цонхыг хагалан нэвтрэн орж 20 нэр төрлийн 32 ширхэг эд  зүйлсийг хулгайлан иргэн Л.т 6863000 төгрөгний, мөн давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг гэх газарт байрлах иргэн Р.ы гэрийн цонхоор дотогш нэвтрэн орж 5 нэр төрлийн 11 ширхэг эд зүйл бэлэн мөнгө хулгайлж Р.д 1310000 төгрөгийн, хохирогч Р.т 500000 төгрөг, бусад нийт 8673000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.*******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан 2 жил 1сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 127 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шүүгдэгчээс хохирогч Л. болон Р. нарын нэхэмжилж байгаа хохирлыг гаргуулж, шүүгдэгч О.*******ийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 маркын мотоцикл 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол нөхөн төлөгдөж дуустал хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

Давж заалдсан гомдлын товч утга: Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Л. нь давж заалдах гомдол гаргасан байна.

Хохирогч Л. давж заалдах гомдолдоо: Уг алдагдсан эд зүйлсийг сум дахь үнэлгээний комисс болон бусад үнэлгээний комиссоор үнэлгээ тогтоолгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг алдагдсан эд зүйлс нь түүх соёлын, шашны үйл ажиллагаанд хэрэглэгддэг зүйлс байсан. Алдагдсан эд зүйлийн түүхэн ач холбогдлыг үнэлээгүй. Иймд үнэлгээг үндэслэлгүй тогтоосон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Хэргийн талаарх дүгнэлт: Мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч нь хохирогч нарт учирсан хохирол, түүний шинж, чанар, хэр хэмжээг тогтоох зорилгоор хохирогч нарыг буцаах, алга болсон эд зүйлсийг олж тогтоох, эрэн сурвалжлах, хураан авах зэрэг ажиллагаануудыг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Дээрх ажиллагаануудыг хийх явцад хохирогч нарт учирсан хохирлын хэр хэмжээнд зөрүү гарсан, алдагдсан эд зүйлүүдийн үнэлгээ бодит байдлаас эрс зөрсөн шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ахлах, мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ч. нь дахин шинжилгээ хийлгэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийг удирдлага болгон мэргэжлийн үнэлгээний эрхтэй “Хүрэл бэрс” ХХК-ийг шинжээчээр томилон, шилжилгээ хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан. Энэ гарсан дүгнэлтийг хохирогч нарт болон бусад оролцогч нарт тухай бүр танилцуулж байсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад гарсан холбогдох үнэлгээнүүд нь бүгд хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх тул дахин үнэлгээ хийх,  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлага байхгүй юм.

Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж, үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т зааснаар хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.  Мөн Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэж байна.

Мөн буцаан өгсөн зарим эд зүйлсийг эвдрэлтэй гэж хохирогч талаас хэллээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймээс хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* “” хийдээс хулгайд алдагдсан шашны холбогдолтой түүх соёлын эд зүйлүүдэд үнэлгээ тогтоосон комисс 2 удаа үнэлгээ гаргахдаа эрс зөрүүтэй үнэлгээ  гаргасан, хохирогч тухайн эд зүйлийн үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Тухайлбал: сумын эд зүйлийн үнэлгээ тогтоох комисс анхны үнэлгээг 46.885.000 төгрөгөөр үнэлсэн бол, дараагийн хөрөнгийн үнэлгээний комисс 6.990.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Эдгээр үнэлгээнүүдийг гаргасан үнийн комиссууд нь тухайн хулгайд алдагдсан шашны эд зүйлүүдийг үнэлэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлсэн түүхэн ач холбогдол, соёлын биет ба биет бус өв талаас нь, бусад ижил төрлийн шашны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын эд зүйлтэй харьцуулан дүгнэлт хийгээгүй байна. Иймээс хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт тулгуурлан мэргэжлийн байгууллагаар дахин эд зүйлийн үнэлгээ тогтоолгох шаардлагатай байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* итгэмжлэлээр Ш.*******ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан учир цаашид Ш.*******ийг хийдээс хулгайд алдагдсан эд зүйлийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон, тухайн хулгайд алдагдсан эд зүйлүүд нь хэдий үеийн, ямархуу үнэ ханштай эд зүйлүүд болох талаар нь байцаалт авах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ