Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0107

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Айраг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 895 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 895 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 26 дугаар зүйлийн 26.3.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV-012705 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-012705 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь “Цооногтын шил” нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-012705 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримтад бодит бус дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж байгаад гомдолтой байна.

2012 оноос хойш “И” ХХК нь 2,621,066,967 төгрөгийн өртөг бүхий хайгуулын ажил хийж тухайн тусгай зөвшөөрлийн талбайд алт холимог металын орд нээж, нөөц тогтоосон.

Газрыг тусгай хэрэгцээнд авснаар тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглож, хязгаарлах ёстой. Гэтэл 2009 онд тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан боловч тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хориглох, хязгаарлах талаар ямар нэгэн арга хэмжээг захиргааны байгууллагаас аваагүй. Түүнчлэн 2012 онд тусгай зөвшөөрлийг “Л” ХХК-аас “И" ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулсан.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудад дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. 14.6-д заасан ашигт малтмал эрэх. хайх, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөхтэй холбоотой харилцаа нэгэнт үүсээгүй байх тул хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзэх хууль зүйн боломжгүй байна” гэж ойлгомжгүй хийсвэр дүгнэлт хийжээ.

Гэтэл ХҮ-012705 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг 2009 онд тусгай хэрэгцээнд авснаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон эрх зүйн харилцаа аль хэдийн үүссэн байсан. Түүнчлэн хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14 5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй" гэж заасан эрх тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.

 “...Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар нэгэнт хориглосон байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг хайгуулын талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хууль бус байна.

Учир нь тус компанийн эзэмшлийн ХҮ-012705 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг 2009 онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө", 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно’’ гэж заасны дагуу нөхөх олговор олгох ажиллагаа хийгдэх ёстой байсан.

Гэвч тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан захиргааны байгууллага хуулийн уг заалтыг хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Дээрх хууль зүйн үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23- ны өдрийн 439 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалт, төрийн үйл ажиллагааны ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Хариуцагч дээрх 439 дугаар шийдвэрээрээ “И” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хуульд заасан үндэслэлээр үүссэн тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “И” ХХК-аас Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХҮ-012705 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-012705 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “тус хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь “Цооногтын шил” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-012705 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2122 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Цооногтын шил” нэртэй газарт 22776 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх “Л” ХХК-д олгож, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “И” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн, тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 100 дугаар тогтоолын үйлчлэлд маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон талбай нь хамаарагдаж байсан, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх маргаанд хэрэглэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж зохицуулжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоол батлагдах үед уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Л” ХХК нь холбогдох журмын дагуу олгогдох нөхөн олговортой холбоотой асуудлаар маргаагүй, “Л” ХХК болон уг тусгай зөвшөөрлийг 2012 онд шилжүүлэн авсан нэхэмжлэгч нь холбогдох баримтуудыг хавсарган төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүсэлт гаргаж байгаагүй, улмаар нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайг шилжүүлэн авснаасаа хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байх бөгөөд “тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан захиргааны байгууллага хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, тусгай хэрэгцээнд авсан 2009 оны 100 дугаар тогтоолыг мэдээгүй” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх хайх боломжгүй нөхцөлд шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нөхөн олговор авах асуудлаар холбогдох байгууллагад хандаж байгаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаа “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоолгох...” хэмээн тодорхойлон маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолын дагуу улсын тусгай хамгаалалтад авсан газартай нэхэмжлэгч “И” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь давхцалтай гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх”, 26.3.4-д “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-д заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх”-ээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд өргөдөлд дурдсан талбай нь дээрх байдлаар улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалтай болох нь тогтоогдсон байх тул тусгай зөвшөөрөл олгохоор татгалзсан 439 дүгээр шийдвэр нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч “И” ХХК-аас тусгай зөвшөөрөл эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр анх үүссэн гэж тайлбарлах боловч уг талбай нь улсын тусгай хэрэгцээнд авсан Монголын Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолд заасан талбайтай давхцалтай, нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын тогтоолтой маргаагүй тул тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримтад бодит бус дүгнэлт хийсэн...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

                           ШҮҮГЧ                                                                           Г.БИЛГҮҮН

                           ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ