Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01677

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00100 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч К.С-д холбогдох,

Дэлгүүрт бараа худалдан борлуулсны мөнгөнөөс дутагдуулсан 20 860 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч К.С-, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.А- нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёмбо найман нэрийн хүнсний дэлгүүрийг 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн түрээслүүлэн ажиллуулж байгаа бөгөөд 2016 оны 08 дугаар сард БНХАУ-ын Ухаа хотын Ухаагийн их сургуульд магистрантурт суралцахаар явсан. БНХАУ руу явахаас өмнө 8 нэрийн дэлгүүрийг К.С- гэдэг эмэгтэйд хариуцуулж худалдагчаар ажиллуулсан байна.

Худалдагч К.С-д 24 000 000 төгрөгийн бараа худалдан борлуулж байхаар хариуцуулан үлдээж, түүнээс гадна 3 000 000 төгрөгийг түүнд бэлнээр өгчээ. Ингээд Б.А- 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-аас ирж бараагаа тоолж үзэхэд 20 862 000 төгрөгийн бараа борлуулан худалдсан ба үлдэгдэл 5 800 000 төгрөгийн бараа байжээ. Худалдагчаар ажиллаж байсан К.С- нь худалдсан барааг борлуулсны үнээс 20 862 000 төгрөгийг өгөөгүй байна. Энэ тухай хоёр талын тооцоо бодсон акт болон К.С- өөрийн гараар бичсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл худалдагч К.С- нь 20 862 000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг бүхий баримт өгсөн байна.

Худалдагч К.С- нь эхний үед сар бүр 400 000 төгрөг, сүүлд нэмэгдүүлэн 500 000 төгрөг олгож байсныг хоорондын тооцооноос хасаж тооцсон юм. Иймд К.С-аас 20 862 000 төгрөг гаргуулан Б.А-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие К.С- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Со 8-н нэрийн барааны дэлгүүрт 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлж худалдагчаар ажиллаж эхэлсэн. Миний бие бүрэн дунд боловсролтой, даруу төлөв зантай тул намайг ажиллаач гээд анх туслахаар ажилд авч, дараа нь кассаар ажиллуулж эхэлсэн. Анх ажилд ороход Б.А- нь надтай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Б.А- нь 2016 оны 08 дугаар сард БНХАУ руу суралцахаар явж надад хүнсний дэлгүүрийг хариуцуулан үлдээсэн бөгөөд тухайн үед дэлгүүрт 24 000 000 төгрөгийн бараа байгаа гэж үлдээгээд явсан. Тэр үед надтай хамт бас нэг худалдагч ажилладаг байсан. Миний эцэг өвчтэй тул би ажлаас гарч нутаг буцах гэхээр Б.А- нь өөр ажиллуулчихлаар хүн энд алга, чи хариуц, цаашид цалинг чинь нэмэгдүүлж өгнө гэж хэлж байсан тул цаашид үргэлжлүүлэн ажиллах болсон. Б.А- нь тайлан тооцоо огт хийдэггүй, бараа бүтээгдэхүүнийг бидний хэн хэн нь тоолдоггүй байсан. Дэлгүүрийн дундаж орлого эхэндээ өдөрт 2 000 000 төгрөг, мөн нэг сая гаруй янз бүр хэлбэлздэг байсан бөгөөд миний бие Б.А-д өдрийн орлогын 20 хувийг картаар болон ХААН банкны пост машинаар шилжүүлж, үлдэгдлийг бэлнээр авдаг байсан. Мөн БНХАУ руу суралцаж байх хугацаанд нь ч мөн мөнгө шилжүүлдэг байсан. Тухайн үед мөнгө хүлээлцэж өгөлцөж, авалцсан тухай гарын үсэг зурсан дэвтэр хөтөлдөг байсан боловч Б.А- нь БНХАУ-аас эргэж ирээд бүх дэвтэр, баримтуудыг надаас авчихсан. Дэлгүүрийн үйл ажиллагааг анх явуулж эхэлснээс хойш Б.А-ын ээж болон ах, дүү нар нь өөрсдийн өдөр тутмын хэрэгцээний зүйлсээ байнга авч, миний бие тэдний хэрэгцээт зүйлсийг анхандаа дэвтэрт тэмдэглэж авч үлддэг байсан боловч сүүлд тэд эсэргүүцэж чамд хамааралгүй, бидний хөрөнгө гэх зэргээр ярьж намайг элдвээр хэл амаар доромжлох болсон учир бичихээ больчихсон. Б.А-ыг БНХАУ-д суралцаж байх хугацаанд миний бие бараа бүтээгдэхүүний зургийг баталгаажуулж интернетээр байнга явуулж байсан. 2016 оны 01 дүгээр сараас эхэлж дэлгүүрийн орлого муудаж, тус оны 10 дугаар сараас эхэлж ойролцоо байрлах газар бас нэгэн дэлгүүр нээгдэж, хямдралтай бараа зарагдаж байгаа талаар би Б.А-д хэд хэдэн удаа мэдэгдсэн учир надтай хамт ажилладаг байсан худалдагчийг ажлаас гаргаж, цалинд нь бараа бүтээгдэхүүн авч эхэл гэж хэлсэн ёсоор хийж ирсэн. Ингээд Б.А- нь БНХАУ-аас ирээд дэлгүүрийг хаах боллоо гээд тус оны 01 дүгээр сарын 13-ны өдөр надаас дэлгүүрийн түлхүүрийг авч маргааш тооцоо хийнэ гээд явуулчихсан. Оройд нь утасдаж тооцоо хийх тул хүрээд ир гэхэд нь очиход дэлгүүрийн бараануудыг нэг тийшээ ачаад явчихсан, дэлгүүрийг суллачихсан байсан бөгөөд надад дэвтрийн хоосон цаас, мөн бичгийн хоосон цаас өгөөд гарын үсэг зураад өгчих, би өөрөө тооллого хийчихсэн.

Одоохондоо тооцоо хийгээгүй байгаа шүү... гээд намайг явуулсан. Тухайн үед 2 сарын цалинг надад олгоогүй байсан. 4 хоногийн дараа над руу утасдаж ээж ирсэн, чамтай ярина гэсэн, манайд хүрээд ир гэснээр ээжтэй нь уулзахад “намайг их хэмжээний өрөнд уначихсан байна, чамайг цагдаа, шүүхэд өгнө” гээд элдвээр хэлж, доромжлон, гүжирдэж одоог хүртэл цагдаад байнга байцаалт өгч, шүүхэд дуудуулж байгаад туйлын их гомдолтой байна. Миний бие өөрийн тэмдэглэл хөтөлсөн дэвтэр, мөнгөний баримт, бараа бүтээгдэхүүний падаан зэргийг Б.А-д хүлээлгэн өгчихсөн байсан тул өөртөө нотлох ямар нэгэн баримт авч үлдээгүйг минь далимдуулж намайг худал гүжирдэж байна.

Иймд Б.А-ын гаргасан шаардлага нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Б.А-ын К.С-аас 20 862 000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 260 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00100 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 260 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  

...К.С-ы 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн бичгийн нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй байгаа явдалд гомдолтой байна.

...Б.А- нь БНХАУ руу явсан үед ХААН Банкны интернет банкыг ашиглаж илүү орсон орлогын мөнгийг К.С-ы данс руу нь шилжүүлдэг байсан. Тухайн дэлгүүрт 167 удаагийн үйлдлээр 23 513 370 төгрөг орсон гэдэг нь ийм учиртай юм. Энэ нь зөвхөн өдөр бүр зарагдаж байсан барааны цэвэр ашгийн хуримтлал байсан юм. Үүнийг худалдагч К.С- өөрөө өдөр бүр тооцооны дэвтэр дээрээ тодорхой бичсэн ба энэ тухай дэвтэр нь байгаа. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл өдөр бүр Пост машин ажиллаж байсан ба энэ 167 удаагийн үйлдэл гэдэг нь /5сар 15хоног х 30 хоногт = 165 хоног нийт энэ нь зарим cap нь 31 хоногтой/ ийм учиртай юм. Худалдагч К.С- нь олон жил ажиллаж байсан туршлагатай худалдагч хүн юм. Тэрээр зүгээр ч нэг хайхрамжгүй цагаан хуудсанд гарын үсэг зурж, бараа тоолж өгөлгүй дэлгүүрийн түлхүүр өгнө гэдэг үндэслэлгүй, тэрээр шүүхэд худлаа тайлбар өгсөн явдалд гомдолтой байна.

Ингэхээр анхан болон давж заалдах шатны шүүх нь Б.А-ын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсныг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцон Дэлгүүрт бараа худалдан борлуулсаны мөнгөнөөс дутагдуулсан 20 860 000 төгрөгийг К.С-аас гаргуулан Б.А-д олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч К.С-д холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 20 860 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.А- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 нэрийн барааны “Соёмбо” дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг ба хариуцагч К.С-ыг өөрийн дэлгүүрт худалдагчаар ажиллуулсан байна. Нэхэмжлэгч Б.А- 5 сар гадаадад суралцаж ирэхэд дэлгүүрийн бараа, тооцоонд дутагдал илэрсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөлсөөр ажиллах  гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн байна. Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж шүүхэд гаргасан бичмэл баримтууд нь дэлгүүрийн орлого, зарлагыг тодорхойлох санхүү, бүртгэлийн анхан шатны баримт биш учир энэхүү баримтад үндэслэн хариуцагчид үүрэг хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүхийн дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН