| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1376/Э |
| Дугаар | 1428 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 1428
2019 09 12 2019/ШЦТ/1428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03192 1715 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Ц,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуаран гудамжны 1б-225 тоотод байрлах байшинд 2 настай, эрэгтэй С.Мөнхбилэгийг асран хамгаалж, харж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтсан байх үед нь гэрт гал гарч иргэн С.Мөнхбилэг нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас барж Б.Цгийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Ц нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч М.Саруултуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Энэ хаягт аав, ээж, дүү, 2 хүүхдийн хамт модон палкаар барьсан байшинд амьдардаг. Ээж Б.Ц манай бага хүүхдийг аваад Дорнодод байж байгаад 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 07 цагийн үед Улаанбаатарт ирсэн. Би автобуснаас тосож авчихаад том хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ирсэн. Аав ажилдаа яваад ээж үлдсэн байсан ба бага хүүгээ ээжид үлдээгээд би сургууль руугаа явсан. Сургууль дээр байж байхад хажуу айлын Сайнжаргал утсаар залгаад танай гэр шатаад байна гэсэн. Манай ээж Б.Ц ажил хийдэггүй манай хүүхдийг хараад гэрт байдаг. Согтууруулах ундаа уудаг, манай том хүү 2014 онд төрсөн тэр цагаас хойш л уугаад байдаг болчихсон. Хүүхэд харж гэртээ үлдэхдээ ч гэсэн архи уучихдаг, ганцаараа л гэртээ уугаад байдаг юм шиг байсан. Дорнодоос ирэхдээ эрүүл байсан хүүхэд цэцэрлэгт өгөөд ирэхэд архи ууцан халамцуу байсан. Би ийм зүйл болно гэж бодоогүй сургуульдаа явсан. Ээж ууж идсэн ч гэрээс гардаггүй гэртээ л байж байдаг. Уусан үедээ бол хэл амаар бид нарт агсам тавиад байдаг ч гар хүрдэггүй. Архи согтууруулах ундаа ууж хэрэглэхээрээ хар цагаан хэл амыг холдуулах гэж байнга гэртээ лаа асаадаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Гэрч Б.Серёжагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээс гараад 00 ороод хаалгаа хаах гэж байтал байшингаас утаа гарч байсан. Би манай байшингаас гарч байна гэж бодоод гүйгээд гараад хартал манайхаас биш манай урд талын айлаас утаа гарч байсан. Би хашаа давж байшин нь шатаж байгаа хашаа руу орох гэхэд хашаа нь туяалзаад давж болохгүй байсан. Хашааны нөгөө талаас нь давж орсон. Баруун талын хашаанаас 2 залуу хашаа даваад ороод ирсэн. Бид 3 нийлээд модоор шатаж байгаа байшингийн цонхыг хагалсан тэгэхэд өөдөөс утаа гал 2 зэрэг гарч ирээд орох боломжгүй байсан. Намайг хашаа даваад орж байхад урд айлын эмээ согтуу үүдний амбаарын хаалгыг татаад байгаа ч юм шиг түлхээд байгаа ч юм шиг зогсож байсан. Тэгээд нөгөө 2 залуу бид 3 цонхоор орох оролдлого хийгээд бүтэхгүй болохоор нь нөгөө согтуу эмээг аваад галаас холдсон. Гал маш их гарч ойртохын аргаггүй байсан. Хашааны эзний машин байшингаас 3-4 метр зайд байхаар нь шатчих байх гэж бодоод өөрийнхөө кантер гэх машинаар чирээд хашаанаас гаргасан. Тэгээд удалгүй галынхан хүрээд ирсэн. Би гал гарч байгаа хашаа руу ороод согтуу эмээгээс байшин дотор хүүхэд байгаа эсэхийг асуухад эмээ байгаа гэж хэлсэн. Намайг шатаж байгаа байшин руу очиход байшингийн гадна үүдний амбаарын хаалга онгорхой байсан. Дотор хаалга онгорхой байсан эсэхийг мэдэхгүй байна. Хаалгаар гал гараад орж болохгүй байхаар нь цонхоор орохоор оролдсон гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч Д.Бүрэнбатын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 11 минутад утаа гарч байхыг хараад юман дээр гараад лавлаж харахад манай ажлын хашааны ертөнцийн зүгээр баруун талын хашаан дотор бургисан үнс ч юм шиг утаа ч юм шиг зүйл айлын байшин дотроос гарч байсан тэгээд сонсож байхад гал команд хэд вэ гээд шуугилдаж байхаар нь 105- руу дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1223 дугаартай:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1.Угаарын хийн хурц хордлого: Цусан дахь угаарын хийн илрэл /72%/. Амьсгалын зам дахь тортог. Дотор эрхтнүүдийн цус дүүрэлт, улаан ягаан илрэл. Цусны шингэн төлөв байдал. 2. Тархи, уушгины хаван. 3. Цогцосны нүүрсжилт.
Дүгнэлт: Талийгаачийн цогцост механик гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цус нь АВО системээр O(l) бүлгийн харъяалалтай байна. Талийгаач нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас баржээ гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 40-42/,
Гамшиг Судлалын Хүрээлэн, Аюулгүй Байдлын Үнэлгээний Нэгдсэн Төвийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12/101 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утас нь шинжилгээнд тэнцэнэ. Хөрсний дээж нь шатах тослох материалын үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд цахилгааны богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй байна. Хэрэв богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл болсон тохиолдолд дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ. Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49/,
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 260/1706 дугаартай:
Хэргийн газрын материалаас үзэхэд гал түймэр нь ил галын улмаас гарсан байх магадлалтай байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгай үнс нурам болон бусад ил задгай галыг тооцно/. Хэргийн газрын материалаас үзэхэд гал түймэр нь уг шатсан байшингийн дотор талаас гарсан байх үндэслэлтэй байх бөгөөд үүдний хэсэгт галын голомт байна. Гадны нөлөөний улмаас гал түймэр гарсан гэх шинж тэмдэг илрээгүй. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-18/,
-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-21/,
-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27/,
-С.Мөнхбилэг нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74/,
Шүүгдэгч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... 2019 оны 05 дугаар сарын 28-ны үүрээр ирсэн. Үүрээр автобуснаас буугаад талийгаач хүүгээ ээжид нь өгөөд би гэртээ харьсан. Гэрт очиход нөхөр зөрөөд ажилдаа явсан. Би гэрээ цэвэрлээд хашаанд байдаг цэцэг ногоогоо тариад байж байхад охин араас том хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд талийгаач хүүг надаар харуулахаар аваад ирсэн. Охиныг ирж байна гэхээр нь би утсаар яриад гэрт жаахан муухай үнэр үнэртээд байна нэг лаа, нэг шил архитай аваад ирээрэй гэж хэлсэн чинь охин загнаад архи авч ирээгүй. Тэгээд охиныг ирэхээр нь авч ирсэн лаанаас нь 3 ширхэгийг асаагаад байшин дотроо аягаар суурь хийж байгаад тавьсан. Охиныг явсны дараа гэртээ ороод цэвэрлэгээ хийж байсан чинь тал шил архи байхаар нь ядарч байсан болохоор тэрнээс нь уугаад жаахан хэвтье гэж бодсон чинь нам унтчихсан байсан. Тэгээд хальт сэрэхэд би босоод гарах гээд тэмтрээд явж байсан шиг байна лээ гэнэт манай хойд айлын Сережа намайг татаад гаргаж байсан. Гаргаж байхдаа надаас хүүхэд байгаа юу гэж асууж байх шиг байсан. Би байгаа гэж хэлсэн. Би нэг уухаараа хэтэрхий их хэрэглэдэг юм шиг байна лээ.Энэ асуудалд маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна
Хавтаст хэргээс Б.Цгийн эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойолт /хх-ийн 66-69/, хохирогч М.Саруултуяагийн шүүхэд ирүүлсэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч Б.Ц нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Цд холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд шүүгдэгчийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан, шүүгдэгч болон хохирогч нар нь 1 нэг бүлийн хүмүүс, шүүгдэгч нь амь хохирогчийн эмээ нь байсан, хохирогч талаас гомдол, саналгүй талаарх хүсэлтээ илэрхийлсэн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхи ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж шүүх үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй болно.
Гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон хор уршиг учирсан ба хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэж байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Буджавын Б.Цг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Цг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Цд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ