Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01081

 

 

 

“*******” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02694 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

******* тоот хаягт байрлах, 150 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаартай захирамжаар *******нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын *******дугаартай, 106,021 м.кв /га/ газрыг 15 жилийн хугацаатайгаар дулааны үйлдвэрийн зориулалтаар “*******” ТӨХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. 2010 онд “*******” ТӨХК-ийн газар эзэмших эрхийг дахин 5 жилээр сунгасан болно.

 

1.2. Манай компанийн дээрх газар дээр, компанийн хашаан дотор 150 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байдаг бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө нь манай компанийн санхүүгийн тайлан баланс, компанийн хөрөнгөд албан ёсоор бүртгэлтэй, манай үл хөдлөх эд хөрөнгө юм.

Гэтэл хариуцагч ******* нь үндэслэлгүйгээр, бидэнд мэдэгдэлгүйгээр манай дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 онд *******т өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохоос өмнө манай компанийн санхүү, тайлан баланс, өмч хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй хөрөнгө байсан бөгөөд энэ нь компанийн санхүүгийн тайлан, өмч хөрөнгийн бүртгэлээс маш тодорхой харагдана.

 

1.3. Манай компани уг үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байгаа байдлыг ашиглаж хариуцагч нь бидэнд огт мэдэгдэлгүйгээр өөрийнхөө өмч хөрөнгө мэтээр төрийн өмчит компанийн өмч хөрөнгийг хууль бусаар өөртөө авч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, манай компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.

 

Иймд манай компанийг нийслэлийн ******* тоот хаягт байрлах 150 метр квадрат талбайтай, хүлэмжийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 1999 онд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, “*******” ХЭАА-н нэр дээр гэрчилгээ гарсан байх ба 2014 оноос миний өмчлөлд шилжсэн. Улсын бүртгэлд бүртгэгдсэн цагаас эхлэн өнөөг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “*******” ТӨХК нь өмчилж байгаагүй болно.

 

2.2. Мөн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан өнгөрсөн хугацаанд болж байгаагүй.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа асуудлаар миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь уг маргаанд оролцож байгаа болно.

 

2.3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог хуулийн зохицуулалттай ба миний бие “*******” ТӨХК-ийн өмнө хуулиар болон гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үүрэг хүлээгээгүй бөгөөд бидний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байтал тухайн хөрөнгийг өөрсдийн тайландаа бүртгэж, улмаар уг тайлангаа үндэслэн өмчлөх эрхтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

 

2.4. Нэхэмжлэгч нь улсын онцгой объект болсон гэх үндэслэлээр намайг эд хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад саад учруулж, нэвтрүүлэхгүй байна. Иргэний хуульд хөрш залгаа эд хөрөнгө буюу хөршийн эрхийн талаар тодорхой зохицуулсан байдаг бөгөөд тус хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар хөршийн газраар дамжин өнгөрөх эрхтэй тул уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах болно.

 

2.5. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийсэн ба энэ үед тухайн хөрөнгийг эвдэлж, чанар байдлыг нь дордуулж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон байсан тул тухайн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******т холбогдох, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 150 м.кв талбайтай, хүлэмж зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч *******ийн авга эгч *******, эмээ ******* нар нь нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олон жил ажилласан, ахмад ажилтан байсан. ******* нь үндсэн ажлынхаа хажуугаар ногоо тарих сонирхолтой хүн байсан бөгөөд түүний энэ хүсэл сонирхлыг байгууллагын захиргаанаас дэмжиж, байгууллагын зүгээс үйлдвэрийн илүү бараа материал, эд хогшлыг ашиглаж, үйлдвэрийн цайны газрын хэрэгцээнд хүнсний ногоо нийлүүлэх зорилгоор, аж ахуйн зориулалтаар уг хүлэмжийг барьсан байдаг.

Мөн уг хүлэмжтэй адил 2 хүлэмжийг нэхэмжлэгч байгууллага барьсан ба эдгээрийг барихдаа байгууллагын ашиглалтаас гаргасан барилгын материал, илүүдэл эд зүйлс, хөрөнгөөр тухайн үеийн үйлдвэрийн ажилтан, алба хаагчдын нөөц бололцоог ашиглаж барьсан билээ.

 

4.2. Нэхэмжлэгч компани нь эдгээр хүлэмжийг үйлдвэрийн ашиглалтаас гарсан, хуучин эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эд хогшлыг ашиглаж барьсан ба тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй. Энэ хүлэмж нь байгууллагын санхүүгийн тайлан, баланст тусгагдсан байдаг болно. Үүнийг нотлох баримт болох үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан байгаа болно.

 

4.3. Тухайн үед энэ хүлэмжийг барих ажил эхлүүлсэн болохыг гэрчлэх гэрч нар байдаг бөгөөд энэ нөхцөл байдал, үйл баримтыг тогтоох, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор гэрч нараас гэрчийн мэдүүлэг авахуулахаар хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий хүсэлтийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн мэтгэлцэх, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан болно.

 

4.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн ба шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгаантай байхад түүнийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох, хэргийн оролцогчид эрх тэгш мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчсөн.

 

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх өмчлөгчийн талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

 

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч ******* нь ямар нэгэн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээг “*******” ТӨХК-аас гаргуулсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Анх “*******” ХЭАА-н нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө төрийн өмчид бүртгэлгүй талаар Төрийн өмчийн хорооноос албан бичиг ирүүлсэн. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан. Мөн “*******” ТӨХК-аас манай өмч хөрөнгө биш гэдэг байдлаар тухайн үед хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Эдгээр баримт болон “*******” ХЭАА-н хүсэлтийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг давхцал үүсгэхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар олгосон. Түүнчлэн аливаа шаардах эрх хууль болон гэрээнд заасны дагуу үүсдэг.

 

5.2. Давж заалдах гомдолд гэрч асуулгах хүсэлт гаргасан талаар дурдсан. Хүсэлт шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. Шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт ач холбогдолгүй гэдэг байдлаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

5.3. Мөн “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан” гэж тайлбарласан. Шүүх хуралдааныг талуудаас санал авч товлосон учраас энэ асуудлаар дахин шүүх хуралдаан хойшлохгүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5.4. Нэхэмжлэгч тал “гээгдэл эд хөрөнгөөр уг барилгыг барьсан” гэж тайлбарласан. Гээгдэл эд хөрөнгөөр нь үл хөдлөх эд хөрөнгө барьж улсын бүртгэлд бүртгүүлээд тухайн эд хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орох боломжит хөрөнгө болсны дараа манай хөрөнгө гэдэг байдлаар 20 орчим жилийн дараа тухайн үйл баримтад хамааралгүй, оролцож байгаагүй этгээдээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь хариуцагч *******т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, 150 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3.1. Хэрэгт авагдсан баримтаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, 150 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “*******” ХЭАА-н нэр дээр бүртгэгдэж, 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *******д, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******ийн өмчлөлд тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжсэн үйл баримт тогтоогдож байна. /хх52, 54, 56/

 

3.2. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн газрын 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 645 дугаартай албан бичиг, 2 дугаар цахилгаан станцын даргын тодорхойлолтоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхэд төрийн өмчлөлд болон нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд бүртгэлгүй байжээ. /хх48-49/

 

3.3. Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлээр баталгаажсан байх ба Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт тус тус заасан хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь хариуцагч *******ийг “...төрийн өмчийн компанийн өмч хөрөнгийг хууль бусаар өөртөө авч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

 

4.1. Хэрэв нэхэмжлэгч байгууллагыг мэдээгүй байхад анхны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүсэл зоригоос нь гадуур өмчлөх эрхийг хариуцагч шилжүүлэн авсан бол мэдээгүй байхдаа өмчлөх эрхээ алдсан өмчлөгчийн эрхийг хамгаалах шаардлага үүснэ. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын даргын “Тодорхойлолт” гэх хуулбар үнэн дарсан баримтад “...Тус эзэмшил газартай хүлэмж нь “*******” ХЭАА-н өмч мөн болно.” гэж тодорхойлжээ. /хх49/

 

4.2. Мөн нэхэмжлэгчийг “ногооны хүлэмжийн өмчлөгч” гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба үл хөдлөх эд хөрөнгийг байгууллагын тайланд тусгаснаар өмчлөх эрх үүсэхгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Хариуцагч *******ийг “шударга бусаар авсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой захиргааны маргаанд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй” гэж дурдсан.

 

6.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/15756 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан /хх111-112/ бөгөөд тус захирамжийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх хуралдааныг товлосон талаар, нэхэмжлэгч талаас өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа хүлэмжийг барихад ашигласан материал, ажиллах хүчний талаар гэрчийг асуулгах хүсэлт нь ойлгомжгүй, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй талаар, мөн “*******” ХХК-ийн хувийн хэрэг, санхүүгийн тайлан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй талаар тус тус тодорхой тусгаж хүсэлтийг хангахаас татгалзжээ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02694 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                         ШҮҮГЧИД                                Б.МАНДАЛБАЯР

                                        Д.ЦОГТСАЙХАН