Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01107

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02276 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК, *******нарт холбогдох

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах орон сууцыг “*******” ХХК-аас *******д худалдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай үндсэн, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 57,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч *******өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах орон сууц нь “*******” ХХК-ийн охин компани болох “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 20/5-13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний төлбөрт “*******” ХХК-аас “*******” ХХК-д бартераар өгөхөөр тохирсон орон сууц юм.

1.2. “*******” ХХК нь энэ гэрээний дагуу авсан орон сууцаа надад худалдахаар тохирч, миний бие орон сууцны төлбөр болох 116,702,000 төгрөгийг “*******” ХХК-тай тохиролцсоны дагуу “*******” ХХК-д төлж, улмаар “*******” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20/06/57 дугаар бүхий “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, тухайн өдрөө уг орон сууцыг хүлээж авсан.

1.3. Уг гэрээний 3.1-д “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “*******” ХХК, “*******” ХХК нарын хоорондын 20/Б-13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний шатахууны төлбөрт тооцов” гэж тодорхой заасан. Тухайн үед уг орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байсан ба 08 дугаар сард улсын комисс хүлээж авсны дараа гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхөөр болсон. Гэтэл өмчлөх эрх шилжүүлэх хугацаа болмогц “*******” ХХК-ийн зүгээс “*******” ХХК нь манай компанитай байгуулсан 20/5-13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээгээ цуцалж байгаа талаар утсаар мэдэгдсэн гэх үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлэлгүй гэрээгээ зөрчсөн. Тухайн үед миний бие уг орон сууцыг худалдан авахаар “*******” ХХК-д төлбөрөө төлсөн байсан.

1.4. Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32021/02584 дугаар шүүгчийн захирамжаар уг хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “*******” ХХК-д даалгасан.Гэтэл хариуцагч “*******” ХХК нь дээрх шүүгчийн захирамжид заасныг зөрчиж, маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******д шилжүүлж, түүний өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарсан байсан.

1.5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/01144 дугаар шийдвэрээр намайг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01172 дугаар магадлалаар өмчлөгч өөрчлөгдөн бүртгэгдсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

1.6. Маргаан бүхий орон сууцыг “*******” ХХК-аас *******д шилжүүлсэн нь хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь “*******” ХХК нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулахгүй байхыг шүүхээс даалгасан байхад шүүгчийн захирамж гарсан өдрөөс 7 хоногийн дараа уг үүргээ зөрчиж, өөрийн компанийн ажилтан *******д худалдсан мэтээр дүр үзүүлэн шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар “хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл” байна.

Иймд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах орон сууцыг “*******” ХХК-аас *******д худалдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20/5-13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр “*******” ХХК нь дизель түлш нийлүүлэх, “*******” ХХК нь хүлээн авсан түлшний үнийг 100 хувь бартераар буюу орон сууц шилжүүлэх замаар төлөхөөр, төлбөрийн нөхцөлийг мөн гэрээний 2.15-д заасны дагуу орон сууцны үнэтэй тэнцүү хэмжээний бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон.

2.2. ******* нь “*******” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20/06/57 тоот “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан маргаан бүхий сууцыг захиалсан байх бөгөөд тус гэрээний 3.2-т захиалсан орон сууцны үнийг 116,702,000 төгрөгөөр тогтоож, үнийг “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20/5-13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу шатахууны төлбөрт тооцохоор, мөн гэрээний 3.3-т захиалагч нь төлбөрийг “*******” ХХК-ийн дансанд төлснөөр төлбөрийг төлсөнд тооцохоор тус тус тохиролцсон.

2.3. Ийнхүү талууд гэрээ байгуулснаас хойш “*******” ХХК нь гэрээний үүргээс 11,400,000 төгрөгт ногдох шатахууныг “*******” ХХК-д нийлүүлсэн ба гэрээгээр тохирсон хэмжээний шатахууныг нийлүүлээгүй болохыг, түүнчлэн 20/06/27 тоот гэрээний дагуу орон сууцны төлбөрийг “*******” ХХК нь хүлээн аваагүй зэрэг үйл баримтуудыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 210/МА2022/01172 дугаар магадлалаар тогтоосон.

2.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээр дурдсан үйл баримтуудыг дахин нотлох шаардлагагүй юм. “*******” ХХК нь *******тай байгуулсан 20/06/57 тоот гэрээний 3.6-д “гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй бол захиалагчид үзүүлэх хөнгөлөлтийг цуцлах, гэрээгээ цуцалж, дараагийн захиалагчтай гэрээ байгуулах эрх үүснэ” гэж заасан эрхийнхээ хүрээнд тус орон сууцны өмчлөх эрхийг иргэн *******д “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлж, тэрээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсны өмчлөгч болсон.

2.5. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ орон сууцны үнийг “*******” ХХК-д төлсөн гэх боловч “*******” ХХК-ийн хувьд гэрээгээр тохиролцсон шатахууныг нийлүүлээгүй тул уг орон сууцыг захиран зарцуулах эрх хууль болон гэрээгээр үүссэн гэж үзэхгүй юм. Мөн дээр дурдсан шүүхийн маргаанд *******гаас маргаан бүхий орон сууцны үнийг “*******” ХХК-д төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй боловч хэрэв нэхэмжлэгч нь тухайн компанид хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд уг хохирол, төлбөрөө “*******” ХХК-аас шаардах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “*******” ХХК-тай “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, *******хаягт байрлах, 54.28 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авч, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэвч тухайн үед уг орон сууцыг ******* гэх хүн эзэмшиж байсан ба тэрээр орон сууцны өмчлөлийн асуудлаар “*******” ХХК-тай маргаан үүсгээд явж байгаа гэх шалтгааны улмаас миний бие уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байсан.

3.2. Улмаар иргэн *******гийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрээр *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

3.3. ******* нь өнөөдрийн байдлаар уг орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд миний бие албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Иймд нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК-аас орон сууц худалдан авсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч *******гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

4.1. “*******” ХХК-аас маргааны бүхий орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсны үндсэн дээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн *******дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

4.2. *******гийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлээд *******г маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ******* нь өнөөдрийг хүртэл тус орон сууцыг өөрийн хууль бус эзэмшилдээ байлгаж, өмчлөгч миний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

4.3. Миний бие нэхэмжлэгч *******гаас 57,700,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь *******гийн орон сууцны төлбөрөө өгсөн *******, *******нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч *******гийн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байх ба нэхэмжлэгч ******* нь өнөөдрийг хүртэл өөрийгөө маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, уг орон сууцыг өмчлөх эрхтэй хэмээн маргаж, улмаар миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшсээр байна. Миний бие маргааны бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш уг орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол тодорхой хэмжээний үр шимийг тогтмол хүртэх бүрэн боломжтой байсан бөгөөд ******* нь сүүлийн 4 жилийн хугацаанд миний хөрөнгийг үнэ төлбөргүйгээр, хууль бусаар эзэмшиж, энэ хэмжээгээр “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэж Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт тус тус зааснаар 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд уг үл хөлдөх эд хөрөнгөө бусдад хөлслүүлсэн тохиолдолд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тогтоосон түрээсийн зах зээлийн дундаж ханшийн дагуу 57,700,000 төгрөгийг олох боломжтой байсан.

Иймд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, түүнээс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцаа бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох байсан орлогод 57,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Сөрөг нэхэмжлэлд дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дууссан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

5.2. Маргаан бүхий орон сууцыг шүүгчийн захирамжаар бусдад шилжүүлэхийг хориглосон байхад мэдсээр байж, санаатайгаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлэхээс өмнө уг орон сууцыг өөрийн компанийн ажилтан руу дүр үзүүлсэн хэлцэл байгуулан шилжүүлсэн. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхээс зайлсхийсэн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулсны үр дүнд энэ нөхцөл байдал үүссэн.

5.3. “*******” ХХК нь сайн дурын үндсэн дээр *******тай гэрээ байгуулсан ба тус гэрээнд “төлбөр төлөгдсөн” гэж заасан. Мөн барилга ашиглалтад ороход өөрсдөө маргаан бүхий орон сууцыг *******д хүлээлгэн өгч, тэрээр одоо хүртэл тухайн орон сууцад хууль ёсны дагуу амьдарч байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариуцагч “*******” ХХК-ийн тайлбарын агуулга:

6.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. “*******” ХХК нь орон сууцыг *******д худалдсан тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.4, 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгийг тус тус баримтлан “*******” ХХК болон *******нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21/03/57 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байршилтай, 54.28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******гаас 39,700,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгон, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 18,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 741,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******төлсөн 516,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 423,150 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгож тус тус шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, орон сууц ашиглалтад орсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчтай маргаан үүсэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг үндэслэн хариуцагч “*******” ХХК-д дээрх маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл энэ талаар хариуцагчид хууль заасны дагуу нэн даруй мэдэгдсэн боловч санаатайгаар өөрийн ажилтан болох хариуцагч *******2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлэн байгуулж маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тус тус заасныг зөрчсөн атал анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

8.2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тухайн шүүгчийн захирамжийг биелүүлэх нь ач холбогдолгүй болсон хэмээн хуульд байхгүй үндэслэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн заалтыг үгүйсгэсэн шийдвэр гаргаж шүүх нь өөрөө шүүхээс гарч буй шийдвэр, захирамжийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийг ач холбогдолгүй хэмээн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь иргэдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгчийг энэ талаар шаардлага гаргах эрхгүй, ашиг сонирхлыг нь хөндөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч нар нь 2021 оноос эхлэн хууль зөрчин, дүр үзүүлэн байгуулсан хэлцлийн үндсэн дээр олж авсан өмчлөх эрхийг гэрчилгээг ашиглан нэхэмжлэгчийг тухайн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага удаа дараа гаргаж, энэ нь үндэслэлгүй болохыг тогтоолгохоор маргаж буй этгээдийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

8.3. Мөн хариуцагч *******нь “*******” ХХК-ийн ажилтан  бөгөөд талуудын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан төлбөрийг төлөөгүй, бодит байдал дээр худалдах, худалдан гэрээний харилцаанд ороогүй зэрэг үйл баримтад талууд маргадаггүй, хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл байхаар хуульд заасан атал энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

8.4. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн дүгнэж талуудын хооронд үүссэн маргааныг давж заалдах шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сард шийдвэрлэсэн цаг хугацаанаас тоолж үйл баримтыг буруу дүгнэсэн буюу тус хэргийг Монгол Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч *******гаас хариуцагч “*******” ХХК-д “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төлбөрийг өөрийн ах *******аар дамжуулан төлсөн боловч төлбөрийн дамжуулаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоож, одоог хүртэл хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэгчээс төлбөр гаргуулан шийдвэрлэсэн байна.

Мөн хэрэгт авагдсан өмнө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл өөрчлөгдсөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан байх хугацаанд маргаан бүхий орон сууцыг *******д шилжүүлсэн” гэж гомдолдоо дурдсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд авдаг. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг маргааныг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг өнөөдрийг хүртэл биелүүлэх ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

9.2. Мөн талуудын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ******* маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох боломжгүй. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн магадлалд “маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлөөгүй тул ******* шаардах эрхгүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй байж өнөөдрийг хүртэл хугацаанд маргаан бүхий орон сууцанд амьдарсаар байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

9.3. “Хариуцагч тал дүр үзүүлсэн хэлцэл хийж *******д орон сууцыг шилжүүлсэн” гэж нэхэмжлэгч гомдолдоо дурдсан. “*******” ХХК-аас өөрийн байгууллагын ажилтан *******тай хариу төлбөртэй тогтвортой ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь *******гийн эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүхээс *******г шаардах эрхгүй буюу сонирхогч этгээд биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

10.1. Нэхэмжлэгч тал хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн гомдол гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч тал хууль зөрчиж орон сууцыг шилжүүлсэн зүйл байхгүй. *******г өмчлөх эрхгүй талаар шүүхийн шийдвэр гараад 3 жилийн хугацаа өнгөрсөн. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна. Эрүүгийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК, *******нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах орон сууцыг “*******” ХХК-аас *******д худалдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч *******ас нэхэмжлэгч *******д холбогдуулан маргаан бүхий орон сууцыг иргэн *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууцыг ашигласнаас үүдэлтэй 57,700,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. “*******” ХХК болон “*******” ХХК нар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20/Б-13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, “*******” ХХК нь дизель, шатахууныг нийлүүлэх, үүний төлбөрийг “*******” ХХК нь орон сууц шилжүүлэх замаар төлөхөөр тус тус тохиролцсон. /1хх8-10/

 

3.2. “*******” ХХК болон ******* нар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20/06/57 тоот “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, “*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ******* хаягт байрлах, 54.28 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулах, ******* нь орон сууцны үнэ 116,702,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх6-8/

 

3.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар маргааны зүйл болох орон сууцыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “*******” ХХК-д даалгасан байна. /1хх22-23/

 

3.4. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01144 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, *******хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01172 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус магадлалд нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнэд зөвхөн 10,000,000 төгрөг төлсөн талаар дүгнэжээ. /1хх25-31/

 

3.5. “*******” ХХК болон *******нар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21/03/57 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах, 54.28 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 116,702,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, улмаар хариуцагч *******нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1хх68,126/

 

3.6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1109 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн хохирогч *******аас Landrover Rangerover Evoge загварын 65,195,144 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, Toyota Rav-4 загварын 55,289,144 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тус тус шилжүүлэн авч, нийт 322,868,508 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс хохирогч *******т 161,434,250 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. /1хх227, 231, 2хх106/

 

4. Нэхэмжлэгч ******* нь “хариуцагч “*******” ХХК-ийг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар маргаан бүхий орон сууцыг бусдад захиран зарцуулахгүй байхыг даалгасныг зөрчиж хариуцагч *******д худалдаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, *******нь хариуцагч “*******” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг ажилтан тул худалдах хүсэл зориггүйгээр нэр дээр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлсэн хэлцэл”” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, уг агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байхад хариуцагч *******нь тухайн орон сууцыг өмчлөгчөөр бүртгүүлснийг буруутгах боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй болно. Мөн “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан хэлцлээс үүдэлтэй үр дагаврыг арилгуулах “сонирхогч этгээд”-ийн шаардах эрх бий болоогүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01172 дугаар магадлалаар “*******гаас орон сууцны төлбөрт тооцуулан *******д шилжүүлсэн мөнгө болон 2 ширхэг тээврийн хэрэгслийг “*******” ХХК хүлээн аваагүй талаар дүгнэж, орон сууцны үнийг ******* төлөөгүй учраас орон сууц өмчлөх эрх түүнд үүсэхгүй” гэж шийдвэрлэсэн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан тул хариуцагч *******орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь нэхэмжлэгч *******гийн эрхийг хөндөхгүй талаарх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэж байна.

 

“*******” ХХК-аас орон сууцны төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20/06/57 тоот “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нээс татгалзсан, ингэснээр уг худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч *******гийн хувьд хариуцагч нар гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран орон сууцыг шаардах гэрээнээс үүдэлтэй эрх дуусгавар болсон.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй этгээд байх тул 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21/03/57 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

5. “*******” ХХК болон *******нар нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21/03/57 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах, 54.28 м.кв талбай бүхий орон сууцыг “*******” ХХК-аас *******д хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү *******нь хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан, энэ эрхээ 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажуулсан байх боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигчид маргаагүй. ******* нь өмчлөгч *******зөвшөөрөлгүйгээр орон сууцыг эзэмшиж байгаа нь хууль бус байх тул орон сууцыг нэхэмжлэгч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хариуцагч *******сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

6. Хариуцагч *******нь 2021 оны 03 дугаар сараас эхлэн 2025 оны 01 дүгээр cap хүртэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 399 дугаартай “Түрээсийн үнэ тодорхойлох тухай баримт”-ыг үндэслэн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******хаягт байрлах, 54.28 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны түрээсийн төлбөрийг 2021-2023 онд 1,200,000 төгрөг, 2024 онд 1,300,000 төгрөгөөр тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г орон сууцны төлбөрийг төлөөгүй болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01172 дугаар магадлал гарсан өдрөөс эхлэн тооцож, 39,700,000 төгрөгийг хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,164,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.НЯМБАЗАР

 

           ШҮҮГЧИД                               Т.БАДРАХ

 

                                                                     Д.ЦОГТСАЙХАН