Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01074

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03727 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 45,665,525 төгрөг болон 45,012,208 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *******, миний бие нөхөр ******* агсантай 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү ******* төрж, бид 2008 оныг хүртэл хүү *******, ******* нарын хамт амьдарч байсан.

 

1.2. ******* нь 2008 оноос 2011 оныг хүртэл ******* гэх эмэгтэйтэй хамт амьдарч байгаад 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан ба ******* нь *******ийг нас барсны дараа шүүхэд *******ийн төрсөн дүү ******* болон иргэн ******* нарт холбогдуулан 80,000 ам.долларын өмчлөгч болохыг тогтоолгож, тус ам.долларыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг маргааныг Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор хариуцагч *******, ******* нараас 80,000 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

 

1.3. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт “Өвлүүлэгч нас барсан өдрөөс ...өв нээгдэнэ.’’ гэж, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар тус тус заасан. Миний бие *******ийн хууль ёсны эхнэр бөгөөд бид 1993 онд гэрлэлтээ батлуулснаас хойш уг гэрлэлтийн бүртгэлийг цуцлуулсан, хүчингүй болгуулсан асуудал байхгүй бөгөөд хууль ёсны гэр бүл юм. Нэхэмжлэгч ******* нь *******ийн төрсөн хүүхэд болно.

 

1.4. Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор иргэн *******, ******* нараас ******* агсан болон ******* нарын дундын өмч хөрөнгө болох 80,000 ам.долларыг гаргуулж хариуцагч *******т олгохоор шийдвэрлэсэн уг 80,000 ам.долларын 40,000 ам.доллар нь талийгаач *******ийн мөнгөн хөрөнгө гэж үзэж, уг 40,000 ам.доллароос *******ийн хууль ёсны өвлөгчид болох миний бие болон хүү *******, *******ийн охин ******* нарын 3 хүнд ногдох эрхтэй гэж үзэж байна. Өөрт ногдох хэсэгт 13,333.3 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны ханшаар тооцож 45,665,525 төгрөгийг хариуцагч *******ээс шаардаж байна.

 

1.5. Нэхэмжлэлийн шаардлагаа “өвд ногдох” гэж тодорхойлсон байсныг өөрчилж “Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор 80,000 ам.доллар нь ******* агсан болон ******* нарын дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэсэн тул талийгаач *******ийн мөнгөн хөрөнгө буюу гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж буй  40,000 ам.доллароос *******ийн хууль ёсны эхнэр гэр бүлийн гишүүний ногдох хэсэг 45,665,525 төгрөг, талийгаач *******ийн хууль ёсны өвлөгч болох нэхэмжлэгч *******ад ногдох хэсэгт 45,012,208 төгрөгийг тус тус хариуцагч *******ээс гаргуулах” гэж тодорхойлж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/С дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 онь 05 дугаар сарын 23-ны өдрийн 478 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор маргаан бүхий 80,000 ам.долларыг *******, ******* нараас гаргуулж хариуцагч *******т олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын тус бүр 45,665,525, 45,012,208 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй болно.

 

2.2. *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хэрэг нь Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэж заасан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 10 жилийн хугацааг тоолбол 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл нэхэмжлэгч нар нь энэхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 02-ны тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ шаардсан нь дээрх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөрчсөн байх тул шаардах эрхгүй юм.

 

2.3. Маргааны зүйл болох 80,000 ам.доллар нь гэр бүлийн дундын эд хөрөнгө биш тул нэхэмжлэгч нар үүнээс өөрт ногдох хэсгийг шаардах эрхгүй. *******, ******* нар нь 80,000 ам.долларыг хууль бусаар авсан тул буцаан гаргуулахаар шаардсаныг шүүх үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1783 дугаар шийдвэрээр ******* нь *******той 2008 оноос 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт “...гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан ...шүүх шийдвэрлэж болно.” гэж заасан. Маргаан бүхий 80,000 ам.долларын хөрөнгөд нэхэмжлэгч *******, ******* нар нь хөдөлмөрийн хувь нэмэр болоод хөрөнгө оруулаагүй болно. Хэрэв нэхэмжлэгч нар нь хувь нэмэр оруулсан гэж үзвэл нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

 

2.4. Нэхэмжлэгч нар нь “*******ийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж үзсэн 40,000 ам.доллароос өөрт ногдох хэсгээ шаардахад *******ийг өөрийг нь оролцуулан 4 хуваах ёстойгоос гадна тухайн үед 80,000 ам.долларыг төгрөгийн ханшаар тооцсон тул 40,000 ам.доллар буюу 63,166,000 төгрөгийн 1/4 /15,791,500/-ээр тооцох ба  80,000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 45,665,525, 45,012,208 төгрөгийг нэхэмжилж буй нь хуульд нийцэхгүй.

 

2.5. *******, ******* нар нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 орчим жилийн хугацаанд *******т 17,771,467 төгрөгийг төлсөн ба төлөх төлбөртөө 72 дугаар цэргийн хотхонд байрлах “*******” ХХК-ийн газар дээр баригдсан 80 айлын орон сууцны “Б” блокийн 7 дугаар давхарт байрлах, 43.18 м.кв талбайтай орон сууцыг өгөхөөр амлалт өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан боловч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцыг өгөөгүй. Уг орон сууцтай холбоотой маргаан нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгч нар нь *******т холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журмыг зөрчсөнөөс гадна хэрэв нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл хариуцагч ******* нь аваагүй төлбөрөө ******* болон ******* нарт өгөх үүрэгтэй болох зөрчлийг үүсгэхээр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөс нэхэмжлэгч ******* 45,665,525 төгрөг, нэхэмжлэгч ******* 45,012,208 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 770,800 (386,800+384,000) төгрөгийг улсын орлогод үлдээж тус тус шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх “маргааны зүйл болох 80,000 ам.доллар нь *******, *******, хүү ******* нарын хамтын хөдөлмөрөөр бий болоогүй, хамтран өмчлөх дундын хөрөнгөөр олж аваагүй, хуваарьт хөрөнгөөс бий болоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч ******* нь *******ийн хууль ёсны эхнэр, нэхэмжлэгч ******* нь *******ийн төрсөн хүү бөгөөд нөхөр ******* нь 2011 онд нас барсан, ******* нь эхнэр *******аас гадна хариуцагч ******* гэдэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа холбоотой байсан нь сүүлд тодорхой болсон ба ******* нас барсны дараа ******* нь *******, ******* нарт холбогдуулж *******, ******* нарын дундын эзэмшил, өмч хөрөнгө болох 80,000 ам.долларыг гаргуулах шаардлага гаргасан.

 

4.2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт тус тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар заасан. Гурван шатны шүүхээр 80,000 ам.долларыг “******* болон ******* нарын дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөнгө” гэж дүгнэж шийдвэрлэсэн. *******ийн хууль ёсны гэр бүл болох эхнэр *******, хүү ******* нар нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн харилцаатай байсан тул Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө болох *******т ногдох 40,000 ам.доллароос өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй болно.

 

4.3. Түүнчлэн 80,000 ам доллар нь ******* болон *******ийн хамтран өмчлөх дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө гэдгийг тогтоосон тул ******* нь 80,000 ам.долларыг ганцаараа захиран зарцуулах, эзэмших эрхгүй. Нэхэмжлэгч нар нь *******т ногдох хөрөнгөөс өөрт ногдох хувиа гаргуулах нь хуульд нийцнэ.

 

4.4. Хариуцагч ******* нь эцэг *******ийн гэр бүлийн гишүүд болох *******, ******* нараас гэр бүлийн хөрөнгийн эцэг *******ийн ногдох хэсгээс өөрт ногдох хэсэг буюу ******* тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцны өөрт ногдох хэсэгт 19,501,628 төгрөг, дулаан авто зогсоолын үнэд 2,416,666 төгрөг, нийт 21,918,294 төгрөг, мөн *******ын эзэмшилд байх, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох “*******” ХХК-ийн 300,000,000 төгрөгийн хувьцаанаас *******т ногдох хувь 100,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэгт 33,333,333 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн.

 

4.5. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, гэрлэгчид, гэр бүлийн дундын хөрөнгийн онцгой харилцааг үндэстэй авч үзэж, үнэлж дүгнэж чадаагүй бөгөөд Иргэний хуульд заасан гэр бүлийн дундын өмч хөрөнгийн талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тус хуулийн 125, 126 дугаар зүйл буюу хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас тал бүрээс нь үнэн зөвөөр үнэлж, дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нар гэр бүлийн дундын эд хөрөнгийг бий болгоход оролцоогүй нь тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс энэ талаар тодруулахад “хувь нэмэр оруулаагүй боловч гэрлэлт хүчин төгөлдөр байгаа учраас өөрт ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн дундын эд хөрөнгийг бий болгоход нэхэмжлэгч оролцоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

5.2. Мөн нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо “*******той гэр бүлийн дундын өмч хөрөнгийн онцгой харилцаатай” гэж дурдсан. Иргэний хуульд гэр бүлийн дундын эд хөрөнгийн онцгой харилцаа гэх ойлголт байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан өвд ногдох 45,665,525 төгрөг болон 45,012,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ “гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгөөс 45,665,525 төгрөг болон 45,012,208 төгрөг гаргуулахаар” гэж өөрчилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.  

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* нь ******* агсантай 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас хүү ******* 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогджээ. /1хх7, 8/

 

3.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон талуудын тайлбараар ******* нь 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зүрхний өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна.

 

3.3. Түүнчлэн ******* нь 2008 оноос 2011 оны 09 дүгээр сар хүртэл ******* агсантай хамтын амьдралтай байсан болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1783 дугаар шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн. Мөн *******, ******* нарын дундаас 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин ******* төрсөн байна. /2хх55/

 

4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/с дугаар шийдвэрээр *******, *******той хамтран амьдарч байх хугацаанд бий болгосон 80,000 ам.доллар буюу 126,332,000 төгрөгийн хамтран өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч *******ээс 20,000 ам.доллар буюу 31,549,800 төгрөг, хариуцагч *******аас 20,000 ам.доллар буюу 31,549,800 төгрөг, нийт 63,099,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 478 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж хариуцагч *******ээс 30,000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******аас 50,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 542 дугаар тогтоолоор дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч *******ээс 30,000 ам.доллар буюу 47,374,500 төгрөг, *******аас 50,000 ам.доллар буюу 73,957,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх171-178/

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас нас барагч *******ийн өв болох орон сууцны ногдох хэсэг 14,626,221 төгрөг, мөн хариуцагч *******аас түүний “*******” ХХК-д эзэмшиж байгаа хувь хөрөнгөөс нас барагчийн ногдох хэсэгт өв тооцон 11,111,111 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч насанд хүрээгүй *******д буюу түүний хууль ёсны төлөөлөгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 7,392,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******ын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох нас барагч *******ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Хадгаламж банканд *******ийн төлбөрт төлсөн гэх 6,848,712 төгрөгөөс өвлөгч *******д ногдох 1,712,178 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1888 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00912 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх88-120, 137-146/

 

6. Нэхэмжлэгч *******, ******* нар нь “******* агсны хууль ёсны өвлөгч тул 80,000 ам.доллароос *******т ногдох хөрөнгийн өвөөс гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр *******, ******* нарыг 80,000 ам.долларын хамтран өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн тул үүнээс *******т ногдох 40,000 ам.доллар нь бидний гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгөд хамаарна гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

6.1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4 дэх заалт гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох зохицуулалт бөгөөд гэрлэгчид болох *******, ******* нарыг гэрлэснээс хойш бий болсон тэдгээрийн хөрөнгөд хамаарах эрхийн зохицуулалт юм.

 

6.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******, ******* нар нь нас барагч *******ийн хууль ёсны өвлөгч болох, ******* нь *******ийг нас барах хүртэл гэрлэлтийн бүртгэлтэй байсан болох нь тус тус тогтоогдсон байх боловч маргааны зүйл болох 80,000 ам.доллар нь нэхэмжлэгч нарын гэр бүлийн дундын хөрөнгөд хамаарахгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/с дугаар шийдвэрээр тухайн 40,000 ам.доллар нь *******ийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох 40,000 ам.долларыг ******* нь бусдаас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүлээн авсан байна гэж шүүх дүгнэсэн.

 

7.1. Маргааны зүйл болох 80,000 ам.доллар нь *******, *******, хүү ******* нарын хамтын хөдөлмөрөөр бий болоогүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар нотолсон баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн дундын эд хөрөнгийн хүрээнд нэхэмжлэгч нарт шаардах эрх үүсээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

7.2. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахаар заасан боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 80,000 ам долларыг *******, ******* нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болохыг тогтоосон байх тул *******, ******* нарыг гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгөд хамаарахгүй.

 

8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 769,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ

 

                    ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                                           Д.ЦОГТСАЙХАН