Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 650

 

                              

 

 

 

 

 

 

2019        08          21                                    2019/ШЦТ/650

 

     

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч П.Гансүх,

хохирогч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Октябрийн Анхбаярт холбогдох эрүүгийн 1911012310632 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 ны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 73-1161 тоотод оршин суух хаягтай,

-урьд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн, Боржгон овгийн О. А. /РД: ........./,

Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Боржигон овогт Октьябрын Анхбаярыг хохирогч Ж.Цэрэнчимэдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдахдаа хохирогчийн эсэргүүцлийг няцаахын тулд хүчээр халдаж, цохиж хохирогчийн биед гэмт халдлагын улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид “...хүч хэрэглэж...” гэж тусгаж өгсөн байна. Хүч хэрэглэж гэдэг нь гэмт этгээд гэмт үйлдлийг хийхдээ хохирогчийн зүгээс аливаа гаргаж буй эсэргүүцлийг дарахын тулд ямар нэг үйлдэл хийн хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байхыг шаарддаг юм.

Иймд шүүгдэгч О.Аыг хохирогч Цэрэнчимэдийг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах гэмт үйлдлийг хийх явцдаа биед нь хөнгөн гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэгтэй давхар зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Харин шүүгдэгч О.А нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжинд Ж.Цэрэнчимэдийг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,

мөн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжинд Д.Оюунцэцэгийг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр 10 жилийн ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир юу ч санахгүй байна. Би ер нь архи уудаггүй. Нэг мэдсэн чинь өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн. Тухайн өдөр бид нар зочид буудалд ууж байхад би, Болдбаяр, Сумъяасүрэн бас нэг танихгүй охин бид 4 хамт байсныг санаж байна. Тэгээд өглөө ажилтай тул явлаа гээд гараад явсан гэж хамт байсан хүмүүс хэлсэн гэхдээ би санахгүй байгаа гэв.

Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. 2019 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар атвобусны буудлын баруун талын цэнгээний газар 22 цагийн үед орсон. Удаагүй гаднаас Сумъяасүрэн орж бид хоёр 2 шил архи уусан архины нэрийг мэдэхгүй байна. Сумъяасүрэн бид хоёр бааранд нэг охинтой танилцсан. Тэгээд шөнө 02 цагийн үед танилцсан охин Сумъяасүрэн бид 3 Чингэлтэй дүүргийн 5 дугаар автобусны буудлын зүүн талд байдаг дэн буудалд очсон. Буудлын нэг өрөөнд Болдоо нэг охинтой байсан. Тэгээд Сумъяасүрэн, Болдоо мөн бааранд танилцсан охин буудалд байсан охин бид 5 буудлын өрөөнд 0,75 граммын 2 шил архи уусан. Би бааранд танилцсан охинтой тохирч бэлгийн харьцаанд орсон. Би 06 цагийн үед буудлаас гарсан салхинд цохиулж согтсон байсан. Нэг мэдэхэд цагдаа намайг аваад явж байсан. Би хүн зодсон гэдгээ санахгүй байгаа юм....” гэх /хх-ийн 66-67х/,

Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “... 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би багын найз Болдоо болон Мишээл болон түүний найз эмэгтэйгийн хамт “5 буудал” Сүхбаатар талдаа байдаг хоёр давхар цэнхэр өнгийн дэн буудлын 5 тоот өрөөнд архи ууж байгаад тэд нарыг муудчихаар нь буудалд үлдээгээд ганцаараа гарч яваад 17 автобусны буудал дээр ирж найз Сумъяасүрэн болон түүнтэй хамт явж байсан залуугийн хамт дуулга бааранд орж нэг нэг пиво уучихаад тэр хоёроос салаад буцаад буудалд очсон. Тэгээд буудлаас 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа явна гээд гарснаа санаж байна. Гараад юу болсон тухай санахгүй байна...” гэх /хх-ийн 24х/,

Хохирогч Ж.Цэрэнчимэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны 06.20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 20 дугаар гудамжинд явж байхад 25 орчим настай нэг согтуу залуутай таарсан. Тэгээд тэр залуу зүгээр явж байхад шууд гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд амандаа бувтнаад байсан “энийг хөх” гээд өмднийхөө цахилгааны тайлах гээд байсан. Тэгээд миний нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж хоёр гарыг барьж аваад түлхэх гэсэн би дийлэхгүй байсан. Намайг түлхэж газар унагаагаад миний куртикийг дээш нь сөхөхөөр нь би туслаарай авраарай гэж орилсон тэгээд би зугтаасан. Миний араас хөөж байгаад тэр залуу газар унаж байсан. Би зугтаагаад такси бариад ажил дээр очсон. “...Би тэр залууг урьд нь харж байгаагүй гэхдээ одоо харвал танина. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөх гээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд намайг зодсон залуу сууж байсан. Би хараад шууд таниад чамайг хэн гэдэг юм гэж асуухад Октябрь овогтой Анхбаяр гэдэг гэж өөрөө надад хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Анхбаяр гэдэг залуу надтай ирж уулзсан миний буруу хохирлыг бүрэн төлж барагдуулах болно гэж хэлсэн...” гэх /хх-ийн 16-18х/,

Гэрч Н.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  21 цагийн үед Сумъяасүрэн, Анхбаяр бид гурав уулзаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байдаг “ЭБО” гэсэн буудалд 22 цагийн үед очсон. “Чингис” нэртэй 0,75 архи, “Нийслэл” нэртэй 2 литрийн пиво 2-ыг уусан. Анхбаяр хоёр охинтой танилцаад дагуулаад буудалд орж ирсэн. Гэхдээ тэр хоёр охины нэрийг мэдэхгүй. Өглөө 06 цагт Анхбаяр би ажилдаа явлаа гээд нөгөө хоёр охинтой хамт буудлаас гараад явсан. Анхбаяр тухайн үед согтуу байсан...” гэх /хх-ийн 22х/,

Гэрч Б.Болдбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед нэг охинтой танилцсан тэгээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байдаг  буудалд ороод 0,75 архи уусан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн үед Сумъяасүрэн, Анхбаяр бас нэг охин миний амьдарч байсан буудалд ирээд 0,75 литрийн архи уусан. Анхбаяр өглөө 06 цагийн үед нөгөө охинтойгоо гараад явсан. О.А тухайн үед их согтсон байсан...” гэх /хх-ийн 25-26х/,

Гэрч Б.Сумъяасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар буудал дээр байдаг бааранд орсон. Уг бааранд Анхбаяр байсан. Тэгээд хамт жаахан суусан. Анхбаяр бааранд нэг охинтой танилцсан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 дугаар автобусны буудлын зүүн талд байдаг буудалд Анхбаяр танилцсан охин бид гурав орсон. Уг буудалд манай найз Болдбаяр нэг охинтой хамт байсан. Бид нар 0,75 литрийн архи 1 шилийг уусан. Анхбаяр 06 цагийн үед нөгөө охинтойгоо гараад явсан. Анхбаяр тухайн үед их согтсон байсан...” гэх /хх-ийн 27-28х/,

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5032 дугаар шинжээчийн дүгнэлт:

Ж.Цэрэнчимэдийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, язралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй ...гэх /хх-ийн 30х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Хохирогч Д.Оюунцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Ажилдаа явах гээд 5 буудлаас алхаад явж байтал энэ хүн согтуу ч юм шиг өөдөөс явж байсан. Тэгээд гайгүй байх гэж бодоод зөрөөд гарах гэтэл өчиж дээр дараад цүнхийг шидэхээр нь цүнхээ авах гээд очих хооронд дээрээс мордчихоод, дээгүүр өмсөж байсан хувцас тайлах гээд байхаар нь би “..чи яах гээд байгаа юм бэ? хүчиндэх гээд байгаа юм уу? Авч явах юмаа аваад явалдаа. Автобусны мөнгөгүй бол би чамд өгье. Намайг битгий зодоод бай. Би ардаа амьдралтай. Хэдэн хүүхдээ авч явдаг хүн шүү дээ гэтэл “ Битгий хуцаад бай чи дуугуй бай. Чамайг алж байж сална” гээд зөндөө зодсон. Би их гуйсан. Би арай гэж мөлхөж очиж гүүрэн дээр гарч хүн дуудсан. Гэтэл араас дахин ирж барьж авсан. Би нэг залуу явж байхаар нь хүү минь үүнийг салгаад өгөөч гэтэл тоохгүй яваад өгсөн. Гэтэл чи яасан их хамгаалуулдаг хүн бэ гээд миний хамар луу цохиход миний хамарнаас цус гарсан.  Би чи миний хамарнаас цус гаргачихлаа гэж хэлэхэд дуугүй бай гээд орилтол гүүрний тэнд байдаг айлын хүмүүс юу болоод байна гээд гараад иртэл энэ зугтаагаад гүйсэн гэв.

Хохирогч Д.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 06.20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 20 дугаар гудамжинд явж байхад 25 орчим настай нэг согтуу залуутай таарсан. Гэтэл шууд намайг барьж аваад миний цүнхийг авч газар чулуудаад хаясан. Тэгээд би цүнхээ авах гэтэл үсдэж дараад нүүрлүү гараараа хэд хэдэн удаа мөн толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед миний хамрнаас цус гарсан намайг цохиж газар унагааж дээр гарч ам дараад нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би тэр залууд авах юм байвал авчихаад яв гэсэн чинь үгүй чамайг энд ална гээд байсан. Тэгээд арай хийж тэр залуутай зууралдаж байгаад жалганы дээшээ гарсан тэгснээ намайг цохиж аваад намайг чирч явах гээд байхаар би чи яах гээд байгаа юм бэ гээд гараараа төмөр гүүрний бариулаас зуураад байж байхад танихгүй эрэгтэй хүн хажуугаар гарч явж байхдаа чи яаж байгаа юм бэ ээж шигээ хүнийг зодоод гэж хэлсэн. Энэ үед тэр залуу зугтаагаад яваад өгсөн ...” гэх /хх-ийн 49-51х/,

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №4994 шинжээчийн дүгнэлт:

Д.Оюунцэцэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...гэх /хх-ийн 58х/,

Шүүгдэгч О.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73х/,

Эрүүгийн хэрэг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75х/,

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №57 шийтгэх тогтоол /хх-ийн 77-87х/,

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №215 шийтгэх тогтоол /хх-ийн 88-98х/,

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №88 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 103-104х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Аыг хохирогч Цэрэнчимэдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан,

хохирогч Д.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... Улсын яллагчийн санал, дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Манай үйлчлүүлэгч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, ухаан мэдрэлээ алдаж, өөрөө ямар гэмт хэрэг хийснээ санахгүй байгаа. Хавтаст хэрэгт байгаа материалуудаас үзэхэд хохирогч нарын байгаагүй зүйл болон нотлогдоогүй мөнгө нэхэмжилж байгаа зэргээс өөр ашиг сонирхол яваад байна гэж үзэж байна. Хохирогч нар нэг нь 1 сая, нэг нь 3 сая төгрөг нэхэмжилж байна. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт ямар ч нэр байхгүй эмнэлгийн баримт үзүүлж байна. Хамгийн гол нь гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй тогтооно гэж заасан байгаа. Гэтэл Баярхүүгийн мэдүүлэг нь ямар учиртай мэдүүлэг ороод ирсэн байгаа  нь тодохойгүй байна. Энэ хэргийн эргэлзээг тайлах гол гэрч болох хохирогч Оюунцэцэгт тусалж цагдаа дуудсан гүүрний хажууд таарсан хүнийг олж гэрчээр асуусан зүйл байхгүй. Өмгөөлөгчийн хувьд тухайн гэрчийг хэргийг  нотлох үйл явдлыг харсан ганц гэрч гэж үзэж байгаа. Тухайн гэрчийг асуусан зүйл байхгүй. Би өөрийн үйлчлүүлэгчийг архи уусандаа гэмшиж байгаа байдал дээр хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэг ээдрээтэй, эргэлзээтэй байна гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаах саналтай байна ...” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах: 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5032 дугаар шинжээчийн дүгнэлтэд хохирогч  Ж.Цэрэнчимэдийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, язралт, цус хуралт гэмтэл, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №4994 шинжээчийн дүгнэлтэд хохирогч Д.Оюунцэцэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд болон хохирогч ЖЦэрэнчимэд, Д.Оюунцэцэг нарын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр хохирогч Ж.Цэрэнчимэдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан, хохирогч Д.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч О.Ааас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирогч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Булгийн 20-496а тоотод оршин суух, Баатар овгийн Жанчивын Цэрэнчимэд /РД:ЧК67020668/-д 187,244 /нэг зуун наян долоон мянга хоёр/ төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 64-1012 тоотод оршин суух, Боржигон овгийн Дэнжидбалын Оюунцэцэгт /РД:ЧГ67021025/-д 729,077 /долоон зуун хорин есөн мянга далан долоон/ төгрөг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.   

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.А нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаандаа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжинд Ж.Цэрэнчимэдийг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжинд Д.Оюунцэцэгийг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 34.14 зүйлийн 2-д заасныг баримтлан Шүүгдэгч Боржигон овогт Октьябрийн Анхбаярыг хохирогч Ж.Цэрэнчимэдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцож, нийт 1 сар 10 хоног хорих ялд шилжүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 10 хоногоор тогтоосугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аын 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №245 шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 10 хоногоор тогтоосугай.

6. Шүүгдэгч О.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ааас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Булгийн 20-496а тоотод оршин суух, Баатар овгийн Жанчивын Цэрэнчимэд /РД:ЧК67020668/-д 187,244 /нэг зуун наян долоон мянга хоёр/ төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 64-1012 тоотод оршин суух, Боржигон овгийн Дэнжидбалын Оюунцэцэгт /РД:ЧГ67021025/-д 729,077 /долоон зуун хорин есөн мянга далан долоон/ төгрөг тус тус олгож, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ат авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД