| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0318/Э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 332
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Ө.Э ,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Э холбогдох эрүүгийн 1918000000361 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын .............. гэх газар оршин суух, ял шийтгэлгүй Н.Э,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Дархан захын хойд талд иргэн Ө.Э тэй маргалдан түүнийг толгойгоор нь газар мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ө.Э ийн “...Э надаас тамхи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгвэл архи аваад өг гэхээр нь мөнгө байхгүй гэж хэлсэн чинь шууд энгэрээс маань заамдаж аваад хавсарч газар унагаагаад хэд хэдэн удаа цохисон. Би цус гараад байна болиоч гэж хэлсэн боловч болихгүй байсан. Тэгсэн О хаанаас ч юм гарч ирээд Э болиулсан, ...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Гэрч Ц.О “...Э Э-ийн дээр нь гарчихсан заамдаж сэгсэрч сэгсэрч байгаад толгойг нь чулуун дээр хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 639 дугаартай “...Ө.Э ийн биед тархины хөнгөн зэргийн няцрал, тархи доргилт, дагзны хуйх, баруун шуу, алганд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,
Шүүгдэгч Н.Э гийн “...Өглөө эрт О, Э бид 3 архи пиво авч уусан. ...Э намайг ажил хийж чадахгүй гээд хэл амаар доромжлоод бид хоёр муудалцаж эхэлсэн. Тэгээд л заамдалцаад дээр доороо орсон. Тэр үед толгойг нь газар цохигдсон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Н.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь хохирогч Ө.Э ийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлсөн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй байх ба цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД