| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2022/00225/И |
| Дугаар | 210/МА2025/01109 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01109
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/02429 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 45,870,719 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХК-тай 1933 дугаартай түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн ******* байрлах “*******”-ийн нэг давхрын 212.2 м.кв талбайг түрээслүүлж, уг байранд “*******” ХК-ийн “*******” гэх салбар нь үйлчилгээ явуулж байсан.
1.2. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шөнө нь тус барилгын хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан “*******” ХХК-ийн эмийн сангийн угаалгын өрөөний уян холбоос задарч, их хэмжээний ус алдсан. Ус алдсаны улмаас “*******” ХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан коридор, хана, тааз, гэрэл, хавтан, цахилгаан тэжээлийн хүчдэл гэмтсэн. Улмаар тухайн салбар нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Уг засварын ажилд нийт 15,429,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ төлбөрийг “*******” ХК-д төлж, мөн тус банкны үйл ажиллагаагаа зогсоосон хугацааны түрээсийн төлбөр 7,386,364 төгрөг төлөх үүргээс чөлөөлж, бид уг хохирлыг барагдуулсан.
1.3. Нэхэмжлэгч нь анх гэм хорын хохиролд 27,276,295 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын гадна цахилгаан хангамжийн засварын ажлыг гүйцэтгэж дуусаагүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа уг цахилгаан засварын ажилд холбогдох зардал болох 4,460,931 төгрөгөөр багасган гэм хорын хохиролд 22,815,364 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Өнөөдрийн байдлаар уг цахилгаан засварын ажил бүрэн дууссан бөгөөд “*******” ХК-ийн цахилгаан тэжээлийн хүчний кабель гэмтсэнтэй холбоотойгоор цахилгаан тэжээлийг сэргээхийн тулд барилгын гадна цахилгааны шугамын холболтыг хийхэд 23,055,355 төгрөгийн зардал гарсан.
Иймд гэм хорын хохиролд барилгын дотор засварын ажлын зардал 15,429,000 төгрөг, түрээсийн төлбөр 7,386,364 төгрөг, барилгын цахилгаан хангамжийн засварын ажлын зардал 23,055,355 төгрөг, нийт 45,870,719 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “*******” ХХК нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. *******, миний бие тус компанийг н.*******гаас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан бөгөөд уг хугацаанаас хойш эмийн сангийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд эрхлэн явуулж байгаа тул ******* дүүрэгт байрлах “*******”-д үүссэн асуудалд огт холбоогүй болно.
2.2. Манай үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг нь “*******” ХК-ийн дээр байрладаг. “*******” ХК-ийн дохиолол ус алдалтыг зогсоохоос 6 цагийн өмнө дуугарч мэдэгдсэн боловч тус банкны хамгаалалтын алба арга хэмжээ аваагүй тул “*******” ХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагчаар оролцож, хариуцлага хүлээх нь хуульд нийцнэ.
2.3. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэн “*******” ХХК-ийн захирал ******* нь бие засах өрөөний байршлыг ОСНААК болон МХА-ны зөвшөөрөлгүй дур мэдэж өөр газар байрлуулсан нь сантехникийн ерөнхий шугамын усны даралтад өөрчлөлт оруулж, орон сууцны контороос зохицуулж байдаг усны даралтын тоог буулгах шалтгаан болж, цаашлаад усны хатуулагт нөлөөлөн, ус дамжуулах хоолойнд зэврэлт үүссэн гэдэг баталгаа байхгүйг үгүйсгэх аргагүй. Сантехникийн мэргэжлийн дүгнэлтүүд нь усны хатуулга зэврэлт, төмөр хоолойг хайлуулж, шүршүүр шиг болгодог гэж үздэг. Кадастрын зураг нь анхнаасаа нэг бие засах өрөөтэй байсныг гарах хохирлыг тооцохгүйгээр нойлын өрөө болгож, байрныхаа даацад нөлөөлөх хана, туурга, цонх зэргийг зөвшөөрөлгүй буулгаж өөрчилсөн нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн.
Түүнчлэн “*******” ХХК-ийн эзэн ******* нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөд хяналт тавьж арчлан хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас ус алдах нөхцөлийг бүрдүүлсэн тул *******ыг хариуцагчаар татан оролцуулахыг хүсэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 22,815,364 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,055,355 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,303.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 272,027 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож тус тус шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх цахилгааны шугамыг сольсон нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө ус алдсанаас болсон гэх байдал тогтоогдоогүй үндэслэлээр цахилгаан засварын ажлын зардалд 23,055,355 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 217 дугаартай албан бичиг /1хх10/-ээр ус алдсаны улмаас “*******” ХК-ийн цахилгаан тэжээлийн хүчний кабель гэмтсэн ба цахилгаан тэжээлийг сэргээхийн тулд ерөнхий щитнээс “*******” ХК-ийн цахилгаан щит хүртэл 60м АППВ 3*25+1*10 маркийн кабель шинээр сүвлэн татах шаардлагатай талаар, мөн тус төвийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолтоор хана, таазны будаг, эмульс, цахилгааны монтажид гарсан гэмтлийн хохирлыг тус тус тодорхойлсон. Түүнчлэн цахилгааны засварын ажлын зардалд 23,055,355 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтаар нотлогдсон.
Гэтэл дээрх эрх бүхий байгууллагын дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаар холбогдох зардлыг гаргаж цахилгааны шугамыг татуулсан болох нь бүрэн нотлогдож байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Миний бие 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан “*******” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба ******* эгчийн ажиллуулж байсан байрыг ашиглаагүй. Тухайн үед уг байранд ******* эгч дангаараа эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байсан тул 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ус алдсан асуудал манай компанитай огт холбоогүй.
6.2. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9, 46.6 дахь хэсэгт барилга байгууламжийн өмчлөгч нь барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих үүрэгтэй бөгөөд барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхээр заасан. Гэтэл уг байрны өмчлөгч болох “*******” ХХК болон тухайн үед эзэмшиж, ашиглаж байсан ******* нарыг хариуцагчаар таталгүй, огт холбогдолгүй “*******” ХХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн “*******” ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй.
6.3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаагаар “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй ба миний бие 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “*******” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш ямар нэгэн түрээсийн төлбөрийг “*******” ХХК-д төлөөгүй. Энэ түрээсийн гэрээ нь манай компанийн үйл ажиллагаатай огт хамааралгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч давж заалдах гомдолдоо “*******ийг хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэлгүй” гэж дурдсан. Нэхэмжлэгч нь *******ийг бус “*******” ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд уг маргаан нь компаниудын хооронд үүссэн маргаан юм.
7.2. Давж заалдах гомдолд “******* “*******” ХХК-ийг шилжүүлж авахаас өмнө болсон үйл явдлыг хариуцахгүй” гэж дурдсан нь үндэслэлгүй. Түрээсийн гэрээний дагуу “*******” ХХК уг хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч ******* нь “*******” ХХК-тай маргах бүрэн эрхтэй.
7.3. Мөн “түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй” гэж дурдсан байх бөгөөд энэ асуудал нь “*******” ХХК болон “*******” ХХК нарын хоорондын асуудал тул “*******” ХХК-ийн үүсгэсэн маргаанд хамааралгүй болно.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд барилгын дотор засварын ажлын зардал 15,429,000 төгрөг, түрээсийн төлбөр 7,386,364 төгрөг, барилгын цахилгаан хангамжийн засварын ажлын зардал 23,055,355 төгрөг, нийт 45,870,719 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь анх гэм хорын хохиролд 27,276,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч барилгын гадна цахилгаан засварын ажлыг гүйцэтгэж дуусаагүйтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа 4,460,931 төгрөгөөр багасган гэм хорын хохиролд 22,815,364 төгрөгийг шаардсан.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч барилгын гадна цахилгааны шугамын холболтыг хийхэд зарцуулсан гэх 23,055,355 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны зүйлийг зөв тодорхойлж, хэргийг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3.1. “*******” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХК-тай 1933 дугаартай түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн ******* ******* байрлах “*******”-ийн 1 давхрын 212.2 м.кв талбайг тооцооны төвийн зориулалтаар түрээслүүлж байсан ба тус байрны дээд давхарт буюу “*******”-ийн 2 давхарт байрлах 150 м.кв талбайг “*******” ХХК нь “*******” ХХК-тай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу эмийн сангийн зориулалтаар ашиглаж байжээ. /1хх7-9, 158-159/
Хэрэгт цугларсан баримтаар 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “*******” ХХК-ийн түрээсэлж буй байрнаас ус алдаж, үүний улмаас “*******” ХХК-ийн өмчлөлийн, “*******” ХК-ийн түрээсэлж байсан байранд хохирол учирсан болох нь талуудын тайлбар болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 174 дүгээр албан бичгээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
“*******” ХХК нь ус алдсаны улмаас “*******” ХК-ийн “*******”-ийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7,386,364 төгрөгийг төлөх үүргээс нэхэмжлэгч нь “*******” ХК-ийг чөлөөлсөн, мөн тухайн байрны дотор заслын засварын ажлын зардалд 15,429,000 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч “*******” ХХК-аас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй.
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч ус алдсаны улмаас тухайн барилгын цахилгаан хангамжийн засварын ажлыг гүйцэтгэн 23,055,355 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх цахилгаан засварын зардалд 23,055,355 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/646 дугаартай шугамын ажил засварлах зөвшөөрөл олгох тухай албан бичиг болон техникийн нөхцөл олгосон 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15/05176/21 дугаартай баримтаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөл олгосон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр баримтаар хариуцагч нь ус алдсаны улмаас тухайн цахилгааны утас гэмтсэнтэй холбоотой зайлшгүй засвар хийх зөвшөөрөл авах шаардлагатай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн цахилгааны утсыг сольсонтой холбогдон гарсан зардлыг шүүх хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ. Энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
4. Хариуцагч нь “...огт холбогдолгүй “*******” ХХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй” гэх агуулгаар давж заалдах гомдолд гаргасан. Хариуцагч “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь “...миний бие тус компанийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан” гэж тайлбарлаж байгаа боловч шилжүүлэн авснаас хойш 2 сарын дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тухайн ус алдсан нөхцөл байдал бий болсон. Мөн тухайн байранд ******* гэдэг хүн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч ******* нь “*******” ХХК-ийг худалдан авсан, мөн “*******” ХХК нь “*******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан учраас тухайн байранд үйл ажиллагаа явуулсны үр дагавар буюу уг хохирлыг хариуцагч “*******” ХХК нь хариуцах үндэслэлтэй байна. Энэ агуулгаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр хариуцагчаа тодорхойлсон нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн “манайх хариуцах этгээд биш” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.
5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/02429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 273,227 төгрөг, хариуцагчаас төлсөн 387,304 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН