Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01111

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06444 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох

1,483,301 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******ид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 719,999.61 төгрөг, шимтгэл 13,940 төгрөг, зээлийн хүү 615,451.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,409.26 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,483,301 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл 720,000 төгрөг, зээлийн хүү 380,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзжээ.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрийн компанийн оноосон нэрийг “*******” ХХК болгон өөрчилж, уг өөрчлөлтийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

3. “*******” ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээл олгогч “*******” ХХК нь цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийн дагуу зээлдэгчид цахим зээлийн эрх нээх, зээлдэгчийн хүсэлтийн дагуу цахимаар зээл олгох, зээлдэгч ******* нь авсан зээлийг түүний хүү, шимтгэлийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Нэхэмжлэгч нь цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 720,000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон талаар зохигч маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл зэрэг бусад төлбөрийг төлөх үндэслэлтэй эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

5.1. Нэхэмжлэгч нь “2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 720,000 төгрөгийг уг өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар, сарын 4.0%-ийн хүүтэй, сарын 0.80% нэмэгдүүлсэн хүүтэйгээр зээлдүүлсэн” гэж 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх үндсэн зээл 719,999.61 төгрөг, шимтгэл 13,940 төгрөг, зээлийн хүү 615,451.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,409.26 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардаж, тооцооллыг зээлийн дансны хуулганд тусгажээ.

 

Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4.1-д “Үндсэн хүүгийн хэмжээ сарын 5.0% хүртэл байх ба Зээл олгогчоос тухай бүр шинэчлэн баталсан журмын дагуу Аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид тодорхой харуулна.” гэж, 2.4.4-т ...нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20% хүртэл байна.” гэж тус тус заасан байна.

 

Түүнчлэн талууд гэрээний 3.2.2-т “зээлдэгч нь зээлийн нийт төлбөрийг эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн үргэлжлэх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Цахимаар эрх нээх гэрээ байгуулсан. Түүнээс өөр гэрээ байгуулаагүй., ...Цахим зээлийн эрх нээх гэрээнээс өөр гэрээ байхгүй. Манай системийн программаас үндсэн зээл, хүү, алданги зээл авах үед нь хариуцагчид харагдана.” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан тул анхан шатны шүүхийн 720,000 төгрөгийн зээлийг олгохдоо 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү тооцсон, мөн нэмэгдүүлсэн хүү тооцсон болох нь баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй талаарх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Гэвч хариуцагч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 720,000 төгрөг, хүүд тооцож 380,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “зээлийн шугамаар олгох зээл бүрд дахин бичгээр гэрээ байгуулах шаардлагагүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг бүхэлд нь хянасан бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулахгүй байх үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээв.

 

5.2. Хариуцагчаас зээлийн хүүд 380,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, хариуцагч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас хэтэрсэн хугацааны хүүг гаргуулахад мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримтлаагүй орхигдуулсан байгаа алдааг залруулна. Мөн нэхэмжлэгч нь хохирол шаардсан байгаа учраас шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг нэмсэн өөрчлөлтийг оруулна.

 

5.3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаарх хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтална.

 

5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн оноосон нэр өөрчлөгдсөн байгаа тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөгдсөн нэрээр буюу нэхэмжлэгчийг ““*******” ХХК” гэж залруулах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2--т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 1,116,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 366,801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,682 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 31,346 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА

 

                                          ШҮҮГЧИД                             Т.БАДРАХ

 

                                                         Д.ЦОГТСАЙХАН