| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2024/04031/И |
| Дугаар | 210/МА2025/01075 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01075
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03187 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 106,596,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******тай 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 4 хувийн хүүтэй, мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүүгүй тус тус зээлдүүлсэн.
1.2. Тухайн үед ******* нь ажил гүйцэтгэдэг туслан гүйцэтгэгч нартаа цалин өгөх, зарим нэг бараа материал авахад мөнгө хэрэгтэй байна, түр мөнгө зээлээч, ажлаа гүйцэтгэж дуусаад буцааж өгье, тэгэхгүй бол ажлаа явуулж чадахгүй, захиалагч нартаа хүлээлгэж өгч чадахгүй байдалд ороод байна гэж удаа дараа гуйсны эцэст би аав ээжийнхээ орон сууцыг зараад өөр орон сууц худалдаж авахаар хадгалж байсан мөнгөө зээлдүүлсэн.
1.3. Энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүүг огт төлөөгүй. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дээрх зээлийн гэрээнүүдийг дүгнэхэд хариуцагч *******ын үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөр нийлээд 94,000,000 төгрөг болсон байсан ба уг 94,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч мөн ямар нэгэн төлбөр төлөөгүй тул 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 44,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч мөн төлөөгүй. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 67 хоногийн алданги /1 өдрийн 188,000 төгрөг/ 12,596,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.
Иймд хариуцагч *******аас зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алдангид нийт 106,596,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 64,772,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,824,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 481,810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 41,058,121 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
А. Шүүх үндсэн зээл болох 40,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлөх хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь энэ хуульд хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр буюу хариуцагч зээлийн хүүгийн талаар илт хохиролтой өндөр байгаа талаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хүүгийн хэмжээг бууруулж болохоор заасан.
Гэтэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүгийн хэмжээ өндөр байгаа, өөрийнх нь эрх ашигт илт хохиролтой байгаа үндэслэлээр бууруулж өгөх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Мөн төлөх хүүгийн хэмжээ үндсэн зээлийн хэмжээнээс хэтэрсэн байгаа нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна гэж үзсэн байх ба зээлдэгч өөрөө гэрээний хугацааг тохироод зээл авсан. Хуулийн ямар зохицуулалтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй, зээлийн хүүг багасгах үндэслэл тогтоогдсон эсэхийг тодруулалгүй зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Үндсэн зээлийн хэмжээнээс хүүгийн хэмжээ хэтрэх нь зээлийн хүүг багасгах үндэслэл биш.
Хариуцагч 2021 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарыг хүртэл 4 жилийн хугацаанд нэг ч төгрөг буцаан төлөөгүй ба 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр анх удаа 1,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ байдлаас харахад нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж зөрчигдсөн байна.
Б. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжид ....зээлийн хүүг бууруулахад гэрээний нэг тал нөгөө талдаа эдийн засгийн хувьд илтэд хохиролтой, сөрөг байдлаар хандсан нөхцөл тогтоогдсон байхыг шаардана. Түүнчлэн зээлийн хүүг багасгах талаар зээлдэгч хүсэлт гаргасан байхын зэрэгцээ талууд энэ талаар мэтгэлцсэн байх, зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон нь хэргийн баримтаар нотлогдсон байх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. гэж дурдсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаагүй, мэтгэлцээгүй асуудалд дүгнэлт хийж зээлийн хүүг илт бага болгон бууруулсан. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хүүг 1 хувь буюу 12,000,000 төгрөг болгон бууруулах хууль зүйн үндэслэлгүй байна.
В. Зээлийн хүүг бууруулах үндэслэлгүй учир 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 40,000,000 төгрөг, 30 cap, 4 хоногийн зээлийн хүүд 48,206,450 төгрөг, нийт 88,206,450 төгрөг болох ба хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувиар тооцсон алдангид 176,413 төгрөг, 67 хоногоор тооцоход 11,819,671 төгрөг бөгөөд нийт 100,026,121 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 6,000,000 төгрөг, алдангид 804,000 төгрөг, нийт 6,804,000 төгрөг байна. Хариуцагч *******ын нийт төлөх төлбөр нь 106,830,121 төгрөг ба үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 1,000,000 төгрөгийг хасаад 105,830,121 төгрөгийг төлөх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын 105,830,121 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч ******* давж заалдах гомдолд холбогдуулан шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алдангид нийт 106,596,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2.1. Хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч гарын үсэг зурсан /хх17/ байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж тус тус заасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан боловч дээрх хуульд заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзаж байгаа тайлбар болон өөрийн татгалзлаа нотолсон холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
3. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлдэгч нь зээл, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 25 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр зээлийн гэрээгээр тус тус тохиролцсон байна. /хх5-6/
3.1. Дээрх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
3.2. Түүнчлэн, талууд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байх ба тус гэрээнд үндсэн төлбөрт 46,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 48, 000,000 төгрөг, нийт 94,000,000 төгрөг төлөхөөр, төлбөр төлөх сүүлийн хугацааг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тус тус тодорхойлсон байна. /хх9/
3.3. Тус гэрээний алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0.2 хувь байхаар тохиролцсон байх ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Анхан шатны шүүх хариуцагч *******аас 64,772,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,824,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
4.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор зохицуулсан. Талуудын хүүгийн тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, үндсэн зээлийн хэмжээ 40,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлөх хүүгийн хэмжээ хэтэрсэн буюу 48,000,000 төгрөг болж байгаа нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасан хуулийн зохицуулалт юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хүүгийн хэмжээ өндөр, өөрийнх нь эрх ашигт илт хохиролтой байгаа талаар тайлбар гаргаж, хүүгийн хэмжээг бууруулах хүсэлт гаргаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж өөрийн санаачилгаар хүүг бууруулсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ын хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Харин шүүхэд хүсэлт гаргаж өгөөгүй, талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаанд болон зээлийн гэрээ цуцлагдсан, мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд бодогдсон зээлийн хүү, алданги төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй.
4.2. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
5. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч зээлийн хүү, алдангитай холбоотой хуулийн зохицуулалтын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулав.
5.1. Алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан тул үндсэн зээл 46,000,000 төгрөг, хүү 48,000,000 төгрөг, нийт 94,000,000 төгрөгөөс хариуцагчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хасаад үлдэх 93,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг бууруулж 10 хувиар тооцон алдангид 9,300,000 төгрөг, нийт 102,300,000 /93,000,000+9,300,000/ төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.
6. Анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2024/16754 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад хариуцагчийн нэрийг ******* гэж буруу бичсэн байх тул дахин техникийн шинжтэй алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй. /хх14/
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 102,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,296,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтад ...481,810 гэснийг 669,450 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,241 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН