Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 320

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.Б  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000339 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Б /РД:,

                 

Холбогдсон хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 2-27 тоот М.Б  гэрт цай уучхаад гарахдаа Самсунг А10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.Б  “...НААҮГ-ын жолооч М.Б  гэх залуугийн 88102497 дугаар руу залгаж ус авах талаар хэлэхэд 21 цагийн орчим хүрч ирээд ус авчирч манай сав руу хийсэн. Би ус буулгаж байсан 2 залууг орж цай уугаад гараач гээд манайд орсон, ...М.Б  гэх залуу усаа хийж байхдаа надаас дэлгүүр хаана байгаа вэ, нэгж авах гэсэн юм гэж асуухаар нь би дэлгүүр зааж өгсөн. Тэгээд би тэр хоорондоо гар утсаа санаад үүдний амбаартаа үзэхэд байхгүй байсан. Залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Би гар утсаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр лизингийн зээлээр 369,000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч Д.Б “...цай уучхаад гараад усаа буулгаж дууссан байсан учир за за эгчээ бид хоёр явлаа гээд явах гэж байхад тэр эгч гэнэт миний гар утас алга болчихлоо байж бай гэсэн. Тэр үед нь би хашаанаас ерөөсөө гараагүй, харин М.Б  би нэгжинд явчхаад ирье гэж хэлээд дэлгүүр ороод ирсэн. Би М.Б  тухайн айлаас гар утас авсан гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Г.Г “...М.Б орж ирээд энэ гар утсыг олсон юм гэж хэлээд Самсунг-А10 гар утас барьж орж ирээд зар тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь тухайн үед надад юнител сим карт уншдаг гар утас хэрэгтэй байсан учир М.Б тохироод 250,000 төгрөгөөр худалдаж авсан. Эхнэрийнхээ Голомт банкны данснаас Батмөнхийн данс руу утасны үнэ 250,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “...Самсунг А10 маркийн гар утас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  байдлаар 360,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,

 

Мобиком корпораци ХХК болон М.Б нарын хооронд байгуулсан 22307808 дугаартай гэрээ /хх-ийн 5/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч М.Б “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, утсыг буцаан өгсөн, ахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн хүсэлтээр гэрт цай уух зорилгоор ороод гарахдаа сандал дээр байсан утсыг хулгайлсан байх тул хулгайлах гэмт хэргийг  орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зөв, хэргийг зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Б  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч М.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Б овогт М.Б  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт М.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД