| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0308/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 319
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч У.Ариунзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов, Г.Уянга,
Хохирогч Ц.Амарсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шинжээч Д.Өлзийхишиг,
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004770336 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, төрөлхийн оюуны хүндэвтэр хомсдол өвчний улмаас группт байдаг, Дархан-Уул аймаг, Дархан сумын ................ хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Б овогт Ц.Т /РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Зурагтын 4-32 тоотод өөрийн төрсөн ах Ц.Б маргалдах явцдаа өөрийн төрсөн эх Д.Ц түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, баруун чамархайн доод хэсгээс суурь руу шилжсэн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, гавлын суурь болон дагз ясны хугарал, баруун чамархайн булчин, ясны дээд хальс, зүүн шанаан дахь цус хуралт бүхий гэмтэл учруулж алсан болох нь:
Хохирогч Ц.А ...”Хэрэг болох өдөр Ц.А эгч Шарын гол суманд ажил дээрээ байсан. Нөхөр нь Улаанбаатар хотод ажиллаж байсан юм. Ц.А эгчийн охин У ОХУ руу явсан түр эзгүй байсан үеэр ийм асуудал болсон байна. Энэ асуудлыг сонсоод би ажлаасаа ирэхэд Ц.Б “Жоолоо ээжийг түлхэж унагааж алсан” гээд орилж уйлаад л харин Жоолоогоос цагдан хориход эргэлтээр орохдоо уулзахад ээж тэр шөнө унтуулаагүй, тэгээд би уурлаад Ц.Б хэрэлдэж байгаад зодолдоод ээжийг гарч ирэхэд нь түлхэж унагаж ээжийгээ би алсан, миний буруу гээд л уйлаад байсан. Энэ хэрэг дээр надад талийгаачийг төлөөлж гаргах санал хүсэлтгүй, нэгэнт сэтгэцийн өвчтэй дүүгээрээ ээжийгээ харуулж байгаад ийм асуудал болсон учраас эгч бид хоёр ч гэсэн өөрсдийгөө буруутгаж л байна. Жоолоо маань хэдий сэтгэцийн хувьд эрүүл саруул биш ч гэсэн нь ер нь худлаа огт ярьдаггүй, болсон зүйлийг болон хийсэн зүйлээ яг л хүүхэд шиг үнэн зөвөөр хэлж ярьдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/,
Гэрч Б.М “...Сүүлийн үед ээж нь зөнөөд ээжийгээ үгэнд орохгүй байна гээд загнаад байдаг болсон байна лээ. Өчигдөр орой намайг гэртээ байх хугацаанд энэ айлаас ямар нэгэн чимээ сонсогдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,
Гэрч Э.С “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед Жоолоо хашаандаа орилоод байхаар нь хартал ээж нь доогуураа нүцгэн, хаалгаа түшсэн зогсож байсан. Тэр үед нь Жоолоо бөгсийг нь арчаад ээжийгээ загнаад байх шиг байсан. Ээж нь юм дуугарахгүй зогсож байсан. Тэр үед Батка нь хүрз барьчихсан юм цэвэрлээд байх шиг байсан. Тэгэхээр нь би ээж нь өмдөндөө бааж шээсэн юм байна гэж бодоод өнгөрсөн. Орой 21 цаг өнгөрч байхад би гэртээ ирснээс хойш ямар нэгэн чимээ сонсоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,
Гэрч Б.У “...2019 оны 07 дугаар сарын 02-ны орой 21:40 цагийн үед ОХУ-ын хилээр гарахаар болоод хил дээр очоод байж байтал эмээгийн том охины хүүхэд нь болох Дэлгэрмаа над руу чатаар эмээ нас барсныг хэлээд би буцаад ирсэн. Би Т эгчээс юу болсон эсэхийг асуухад бид хоёрын буруугаас ээж нас барчихлаа гэж хэлсэн. Манай эмээ хүний асаргаанд байдаг байсан. Хажууд нь эрүүл саруул хүн харж хандаж байх ёстой байдаг юм. Намайг ирэхээс өмнө манай эмээгийн гурав дахь охин Ц.А хүүхэд болох С харж хандаж байсан. Намайг очихоос өмнө Сайнбуян хөдөө ажилдаа явсан. Би эмээг хэсэг харж хандах болоод очсон юм. Би явахаасаа өмнө тэнд байсан Ц.А эгч болон бусад хүмүүст явах болсон талаараа хэлж мэдэгдэж явсан. Ц.Б, Ц.Т нар өөрт тааламжгүй байдлаа шууд уурлаж илэрхийлдэг юм. Тэд сэтгэцийн хувьд эрүүл бус, намайг ухаан ороход л ийм байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
Гэрч Ц.А “...Болсон хэргийн талаар Ц.Б асуухад Ц.Т ээжийг түлхэж унагаад түлхэж унагаснаас хойш ээж босч ирээгүй, ухаан ороогүй, түргэн дуудаад эмч ирэхэд ээж үхсэн байсан гэж ярьсан. Ц.Б бол болсон зүйлийг ер нь худлаа хэлэхгүй, сэтгэцийн өөрчлөлттэй, хүүхэд шиг сэтгэхүйтэй учраас Ц.Баттүвшин, Ц.Т 2 хэн, хэн нь яг л харсан үзсэн зүйлээ үнэн зөвөөр хэлдэг хүмүүс байгаа юмаа. Ц.А бид хоёрын хувьд 2-уулаа зэрэг ажил хийж гэр орондоо нэмэр болох, оюутан хүүхдүүдийнхээ төлбөр хэрэгцээний мөнгийг олох, мөн ээж, Жоолоо, Ц.Б гуравтаа авсан цалингаасаа хоол хүнсийг нь бэлдэж өгөх гээд амьдралын зайлшгүй шаардлагаар ажил хийхээс өөр аргагүй байдаг. Гэхдээ хэн хэн нь цаг заваа тааруулж мөн оюутан хүүхдүүдийнхээ зав зайгаар нь Жоолоо, Ц.Б нарт хань болгож ээжийг харуулдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-67/,
Гэрч Ц.Б “...Өчигдөр манай гэрт ээж Цогт болон дүү Ц.Т бид 3 байсан, өөр хүн байгаагүй. Би хөнгөн цагаан тушааж олсон мөнгөөрөө лаазтай пиво авч уусан. Гэртээ ирсэн чинь Ц.Т хоол унд хийгээгүй, цай ч чанаагүй байсан. Би өлсөж байна гээд Ц.Т уурлаад би та нарыг тэжээж байна, битгий давраад байгаарай гэж уурлахад Ц.Т би дандаа гэрийн ажил хийж байна, энэ муугийн баас шээсийг би дандаа угааж байна гээд ээжийг хэлээд уурлаад байсан. Ээж маань бие нь муу учраас өмдөндөө бааж, шээчихдэг юм. Тэгээд дүү Ц.Т бид хоёр муудалцаад хэрэлдсэн. Ц.Т ээжийг уурандаа гэрийн ханыг толгойгоор нь мөргүүлсэн чинь ээжийн хамарнаас цус гарсан. Тэгээд Ц.Т бид хоёр зодолдож байсан чинь ээж гарч ирээд бид хоёрыг боль гэсэн. Тэгсэн чинь Ц.Т ээжийг түлхээд гадаа үүдний довжоон дээр хажуу талаар нь унагасан, ээж унаад босч ирээгүй, ухаан ороогүй. Тэгээд би ээжийг үүрээд байшин руу оруулж матрасан дээр хэвтүүлсэн. Ц.Т эмнэлэг дуудсан, тэгээд цагдаа эмнэлэг ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,
Ц.Б мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 89-97/,
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархайн доод хэсгээс суурь руу шилжсэн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, гавлын суурь болон дагз ясны хугарал, баруун чамархайн булчин, ясны дээд хальс, зүүн шанаан дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Д.Ц биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн зүүн шанааны цус хуралт нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба цохигдох, доргих, шахагдах механизмаар толгойн баруун талд гавлын суурь болон дагз ясны хугарал, зөөлөн эдийн цус хуралт үүссэн байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед зүрх судас, баруун бөөрний бүтцийн өөрчлөлт бүхий архаг хууч өвчин илэрсэн ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаачийн биед спирт илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 137-139/,
Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 140-143/,
Шинжээч эмч Д.Т “...цогцосны гадна байдалд үзлэг хийх үед цогцосны дух, хамар орчимд ямар нэгэн гэмтэл илрээгүй болно. Толгойгоор юм мөргүүлэхэд хамар дух орчимд гэмтэл учрахгүй байж болно. Доргилт цохилтын улмаас хамрын хялгасан судсууд гэмтэж хагарснаас хамраас цус гарна. Гэмтэл үүсэх механизм олон янз байж болно. Ямар нэгэн хүчин үйлчлэл гавал тархины нэг талд хүчтэйгээр үйлчиллээ гэхэд үүнээс үүссэн гэмтэл нь хүчин үйлчлэлийн эсрэг талдаа буюу гавал тархиныхаа баруун талдаа үүсдэг. Талийгаач Д.Ц гавал тархинд үүссэн дээрх гэмтэл нь маш хүчтэй, нэг удаагийн хүчин үйлчлэлээр зүүн талд үүссэн гэмтэл байсан болно. Тиймээс дээрх тохиолдолд талийгаачийн гавал тархины гэмтэл нь хүч үйлчилсэн эсрэг талд цохигдон, доргиж, улмаар шахагдах үед үүссэн байна. Шахагдах гэдэг нь бие бие рүүгээ үйлчилсэн 2 хүчний нөлөөгөөр эвдрэл эсхүл гэмтэл үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 146-146/ зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ц.А ...“энэ хэрэгт дүү Ц.Т маань холбоотой учраас би гомдолгүй” гэж мэдүүлсэн байх ба иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
3. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогч Ц.А “...Ц.Т сэтгэцийн хувьд эрүүл бус хөдөлмөрлөх чадваргүй дүү маань сэтгэцийн өвчтэй ч гэсэн миний үгэнд маш сайн ордог, өмнө нь ямар нэгэн байдлаар бусдад халдсан үйлдэл гаргаж байгаагүй, цаашид дүүгээ асраад явж чадна, миний асрамжинд үлдээж өгнө үү” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Ө өгсөн: ...”Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б “...Ц.Т нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өмнөх хяналтын эмч Сонинцэцэгээс надад ирсэн. Ц.Т нь төрөлхийн оюуны хүндэвтэр хомсдол гэсэн оноштой. Ц.Т нь асуултанд ганц үгээр хариулчихна, уур уцаартай, гадуур тэнэнэ, үгийн нөөц хомс, энгийн хийсвэр сэтгэхүйтэй, бичиг үсэг, тоо бодож чадахгүй, механик ой тогтоолт болон оюун ухаан суларсан, нийгэмд дасан зохицох чадвар сул, төрөлхийн оюуны хомсдол өвчтэй учраас эдгэрэхгүй өвчинд тооцогдоно. Ц.Т оюуны хомсдолтой тул хэрэг хариуцах чадваргүй” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №64/19 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн “...Цогт овогтой Т нь сэтгэцийн “Оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй учир хэрэг хариуцах чадваргүй, албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Албадан эмчилгээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт хийлгэх саналтай болно” гэх сэтгэцийн байдал тогтоосон магадлагаа /хх-ийн 118/,
Шинжээч эмч М.Г “...Тус хэрэгт холбогдсон Т сэтгэцийн байдалд мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийх тогтоолын дагуу үзлэг хийж тухайн магадлагаа дүгнэлтийг гаргасан. Үзлэгийн явцад Тэгшжаргалын амбулторийн карт, хавтаст хэргийн материалаас шаардлагатай нотлох баримтууд болон үзлэгийн үеийн Ц.Т сэтгэцийн байдал зэргээс түүний сэтгэцийг оюун ухааны хүндэвтэр хомсдол өвчтэй учраас түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж дүгнэсэн болно. Учир нь сэтгэцийн оюун ухааны хүндэвтэр хомсдол өвчтэй хүн нь өвчин хүндэрсэн үед болон нойр муутай, уурлаж бухимдсан үед өөрийн хийж байгаа үйлдлийн хор уршгийг ойлгох чадваргүй, биеэ хянах чадваргүй байдаг тул ахин гэмт хэрэг үйлдэх, нийгэмд аюултай үйлдэл хийх, магадлал өндөртэй. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх, өвчний байдлыг намжаах зэрэг шаардлагын улмаас түүнд сэтгэцийн албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127/,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0181526 дугаартай акт /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь сэтгэцийн өвчтэй, гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ял оногдуулах үндэслэлгүй ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эсвэл сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй гэж үзвэл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх шийдвэр гаргахаар хуульчилжээ.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, шүүх сэтгэцийн шинжээч эмч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчид сэтгэц заслын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно” гэж заасан ба сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, санал, хохирогч Ц.А “миний асрамжид үлдээж өгнө үү, боломжгүй гэж үзвэл аль болох богино хугацаагаар албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 6 сарын хугацаагаар эмчлүүлэхээр шийдвэрлэв.
Ц.Т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эмчилж буй эмнэлгийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяа шүүх шийдвэрлэх болохыг дурдах нь зүйтэй байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон давуу 1 ширхэг, цус мэт бохирлогдсон улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дэрний уут 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т авсан цагдан хорих авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд 6 /зургаа/ сарын хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт 50 /тавь/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон давуу 1 ширхэг, цус мэт бохирлогдсон улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дэрний уут 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Б.ИХТАМИР