| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/03985/И |
| Дугаар | 210/МА2025/01110 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01110
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03366 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ГХОХХК-д холбогдох
Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүд 8,526,819 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ******* ГХОХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн гүний уурхайн геологич албан тушаалд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж төслийн ахлах геологич албан тушаалд томилогдон ажил үүргээ өнөөдрийг хүртэл хариуцлагатайгаар гүйцэтгэж байна.
Гэтэл ******* ГХОХХК-ийн бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелисса Шаненгангегийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1404 дүгээр тушаалаар *******т албан тушаал бууруулах шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсний улмаас илүү төлөгдсөн цалин хөлсийг буцаан төлүүлэх тухай шийдвэр гаргасныг шударга бус гэж үзэж байна.
1.2. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд *******ийг 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн гэж үзсэн ба тушаалд *******ийг нийт 815 өдрийн хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан нийт цаг, эсхүл илүү цагийн алийг нь худал мэдүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй байна. Ажил олгогчоос зөрчил тодорхой бус байхад шийтгэл ногдуулсан.
*******ийн хувьд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гүний уурхайн ахлах геологич албан тушаалыг эрхэлж эхэлсэн. Тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн нөхцөлийг Хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэг, өдөрт ажиллах цаг 12 цаг, байршил ******* уурхайн талбар гэж заасан.
******* ГХОХХК-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журамд 3.3 дугаар зэрэг гэдгийг үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлсийн хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрч, тэдгээрийн үйлчлэлийн нөлөөгөөр ихэнх тохиолдолд ажилтны бие махбод, эрүүл мэндэд гүнзгий хямрал, зарим тохиолдолд бүтэц зүйн эмгэг өөрчлөлт, ажилтай холбоотой болон мэргэжлийн өвчний хөнгөн хэлбэрийг үүсгэх боловч нөхөн сэргээгдэх боломжтой, ерөнхий өвчлөлийн давтамж, хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөл нэмэгдэх ажлын орчин гэж тайлбарласан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөл бүлгийн уул уурхайн үйлдвэрлэл хэсгийн 49-д *******ийн геологич албан тушаал орсон байгаа тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарна.
Өмнө нь хүчин төгөлдөр хэрэгжиж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын 4.2-д геологич мэргэжил хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байсныг дурдах нь зүйтэй.
Мөн газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил, мэргэжлийн нөхцөлийг тус тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан жагсаалтад нийцүүлэх нь ажил олгогчийн үүрэг билээ.
1.3. ******* нь 2023 оны 04 дүгээр сард Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журмын 2.1-д заасан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд олгодог хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тооцуулан аваагүй гэдгээ мэдсэн. Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үед ажлын байрны тодорхойлолтыг буруу гаргаснаас үүдэн цалин, хөлсийг дутуу бодож олгодог байсан болох нь тогтоогдсон.
******* энэ асуудлыг олж мэдмэгцээ хүсэлт гаргаж, 6 сарын нэмэгдлээ нөхөн авч байсан ба үлдэх 4 сарын хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг одоог хүртэл аваагүй байгаа болно. Хэрэв хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг байсан цагаа худал мэдүүлдэг байсан бол 2023 оны 04 дүгээр сард *******ийн хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг нөхөж өгөх боломжгүй.
Мөн 2022 оны 03 дугаар сараас эхлэн ******* хөдөлмөрийн хүнд нөхцөлөө өдөрт 12 цагаар бус 0.5 цагаар бүртгэж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд мөн ахлах ажилтныг орлож болон дагалдан ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд дурдсан 20 хувийн нэмэгдэл хөлсийг тооцуулж авч байгаагүйг түүний цалингийн хүснэгтээс харж болно.
1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. гэж, ******* ГХОХХК-ийн Ажлын цагийн тухай журмын 16.1-д Ажилтан ажилласан цагаа зааврын дагуу бүртгүүлэх, илүү цагаар ажилласан тохиолдолд тухайн нэгжийн хариуцсан ерөнхий менежерээс урьдчилан зөвшөөрөл авах үүрэгтэй. гэж, мөн энэ журмын 16.2-д Удирдах ажилтан ажилтны цагийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хянах батлах, ажилтны цаг бүртгэлийг цаг хугацаанд нь бүртгэн оруулах, батлах үүрэгтэй. гэж тус тус заасан. Ажлын цагийг бүртгэх нь ажил олгогчийн үүрэг юм.
******* нь ******* уурхайн талбарт ажилласан цаг хугацаагаа цаг бүртгэлийн хуудаст журамд заасны дагуу үнэн зөв бүртгэж ирсэн. Түүний цаг бүртгэлийн үнэн зөв байдалд давхар түүний шууд удирдах албан тушаалтан тухай бүр хянан батлах үүргийг гүйцэтгэж давхар хяналт тавьдаг. Удирдах ажилтны батлагдсан цаг бүртгэлээр Санхүүгийн хэлтэс цалин хөлсийг тооцож олгодог.
Бүртгэсэн цагийн бүртгэлд байгууллагын зүгээс давхар, давхар системчилсэн байдлаар шат дараалан хяналт шалгалт хийсний үндсэн дээр цалин хөлсийг олгож ирсэн байтал гэнэт хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн гэх үндэслэлээр *******т сахилгын шийтгэл ногдуулсан.
1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байхаар, мөн ******* ГХОХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.3.3-т сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг баримтлахаар тус тус заасан. Гэтэл албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар албан тушаал бууруулах шийтгэл ногдуулж, өөр албан тушаалд ажиллуулахаар шийдвэр гаргасан атлаа дахин цалин, хөлснөөс суутгал хийж давхар шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт 4 үндэслэлээр суутгал хийж болох тохиолдлыг тусгасан бөгөөд тушаалд *******ийн цалин хөлснөөс суутгал хийхийг даалгасан нь хуульд заасан тохиолдолд хамаарахгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн үнийн дүн бүхий суутгал ногдуулах бол ажил олгогч нь төлөлт хийх хуваарь гаргах бус, харин шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо гаргуулах эрхтэй.
1.6. ******* ГХОХХК-ийн гүний уурхайн ахлах геологич нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд, хөдөлмөрийн хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг байхад зөвхөн гүний уурхайд орсон хугацааг хэвийн бус нөхцөлд хамруулан цагийн бүртгэлийг хөтлөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Уул уурхайн үйлдвэрлэлийн геологич мэргэжил нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт илүү ажилласан хугацаанд нэмэгдэл хөлс авахаар заасан.
Хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч өөрт ашигтай байдлаар буруу тайлбарлаж, төөрөгдөл үүсгэсний улмаас *******ийг ажилласан цагаа цагийн бүртгэлд үнэн зөвөөр мэдүүлээгүй гэх сахилгын зөрчил гаргасан гэж үзэж албан тушаал бууруулан илүү төлөгдсөн цалин хөлсийг суутгахаар давхардуулан шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.7. Албан тушаал бууруулсантай холбогдуулан үндсэн цалин сарын 309.93 ам.доллароор буюу Монголбанкны өнөөдрийн албан ханш /1 ам.доллар-3,439.01 төгрөг/-аар тооцоход нийт 1,065,852 төгрөгөөр буурсан. Хэрэв урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллаж байсан бол 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаанд нийт 8,526,819 төгрөгтэй тэнцэх хэмжээний үндсэн цалин авах байсан тул албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүд 8,526,819 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
1.8. ******* нь албан тушаал бууруулах тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч ******* ГХОХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан боловч тус маргаан таслах комисс гомдлыг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдлоо гаргасан.
******* ГХОХХК-ийн зүгээс эвлэрэх боломжгүй гэж мэдэгдсэн тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тэмдэглэл гарсан.
Иймд ******* ГХОХХК-ийн бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелисса Шаненгангегийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1404 дүгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан төслийн ахлах геологичийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүд 8,526,819 төгрөгийг ******* ГХОХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн төслийн ахлах геологич ******* нь 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчлийг гаргасан болох нь зөрчлийг хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул түүнийг төслийн ахлах геологич албан тушаалаас гүний уурхайн геологич болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар ******* ГХОХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1404 дүгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******ийг ******* ГХОХХК-ийн Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн төслийн ахлах геологичийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ГХОХХК-аас 11,724,372 төгрөгийг гаргуулж *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ******* ГХОХХК-аас 342,940 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1-д ...*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил үүргийг тодорхойлоогүй байх тул хариуцагч ******* ГХОХХК-ийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг өрөмдлөгийн талбай болон гүний уурхайд ажилласан цагаар тооцно гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. гэж дүгнэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг ойлгоно. гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ MNS 5080:2023 стандартын 3.3-т ...Хэвийн нөхцөл-ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны сөрөг хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэндэд эрсдэлгүй, эсвэл дунд зэргийн эрсдэлтэй нь үнэлгээгээр тогтоогдсон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл гэж, 3.4-т ...Хэвийн бус нөхцөл-ажлын байран дахь эрсдэлийг бууруулах инженер технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлог, бусад нөхцөл байдлаас хамааран эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг арилгах боломжгүй нь үнэлгээгээр баталгаажсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл гэж тус тус заасан.
Дээрх хууль, стандартын зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн хэвийн, хэвийн бус нөхцөл бүхий ажлын байрны, үйлдвэрлэлийн орчин гэж байхаас хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамаарах ажил үүрэг, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил үүрэг гэж байдаггүй болох нь тодорхой харагдана.
Иймд ажил олгогч нь ажилтны ажил үүргийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамаарах ажил үүрэг, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил үүрэг гэж шууд тодорхойлох боломжгүй юм.
******* нь төслийн ахлах геологич ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэдэг байсан ба түүний ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажил үүргийг нэрлэн жагсаасан. ******* нь тухайн ажил үүргээ ямар орчинд гүйцэтгэж байгаагаас шалтгаалан ажлын орчин нь 1) оффист, 2) уурхайн гүнд, 3) өрөмдлөгийн талбайд (гадарга) гэж 3 хуваагдаж байсан. Өөрөөр хэлбэл, ******* нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл бүхий ажлын байр болох гүний уурхай, өрөмдлөгийн талбайд (гадарга) ажлын өдрийн турш бүтэн цагаар ажилладаг ажилтнуудаас ялгаатай нь оффисын орчинд буюу хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлгүй орчинд ажлын цагийн 70-80 хувьд ажилладаг.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтан хөдөлмөрлөх явцад үйлдвэрлэлийн орчны болон ажлын байрны нөлөөлөл ажиллах чадвар, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлдог үнэлгээ байдаг бөгөөд төслийн ахлах геологич ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь гүний уурхайд, өрөмдлөгийн талбайд ажиллаж байх үед нь буюу өртөлт авч байгаа үед нь хэмжилт хийгдсэн үнэлгээ юм.
Энэ талаар гэрч *******...Төслийн ахлах геологич. Энэ албан тушаал нь гүний уурхайд ажиллаж байхдаа хийгдсэн үнэлгээ байгаа. ...ажил үүргийг нь харах юм бол ерөнхийдөө оффис, гадарга, гүний уурхай гэсэн гурван хэсэгт хуваагдаж ажиллаж байгаа. Гүний уурхайд ажиллаж байгаа нь ихэвчлэн дээжлэлт, тэсэлгээний дараах дээжлэлт, өргөцгүүд дээр очиж дээж авах, дээжийг судлах ажлууд байгаа. Тэгээд коршед дээр чөмгөн дээж судлах ажлууд байсан.
Мөн оффис дээр цуглуулсан мэдээллүүдээ дүгнэх, анализ хийх мэдээлэл бэлтгэх судалгааны ажлууд бол хийгддэг. ...хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийхдээ тухайн хүний өртөлт нь яг өөрийнхөө ажил үүргийг хийж байх явцдаа ямар байсан бэ гэдэг дээр үндэслэж хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж байгаа. Ахлах геологич буюу төслийн геологичийн ажлын онцлог нь хоёр талтай байгаа юм. Энэ нь цэвэр гүнд хийгдэх ажил биш бас оффистой хавсарсан байгаа. Тийм болохоор гүнд юм уу өртөлт авч ажиллаж байгаа ажлын хэсгүүд дээр л үнэлгээ хийгдэж, тэр нь хөдөлмөрийн нөхцөл болж тогтоогдсон. гэж мэдүүлсэн байдаг.
Дүгнэвэл, ажил олгогч нь ажилтны ажлын байрны тодорхойлолт дээр ажил үүргийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил гэж шууд ялган зааглаж тодорхойлох боломжгүйгээс гадна өрөмдлөгийн талбай, гүний уурхай нь ******* ГХОХХК-ийн ажлын байрны нөлөөлөл бүхий орчин болохын хувьд тухайн орчинд ажиллаж байгаа ажилтны үйлдвэрлэлийн орчны болон ажлын байрны нөлөөллийг үнэлж хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийгддэг.
Гүний уурхай, өрөмдлөгийн талбайд ажлын өдрийн турш ажилладаггүй ажилтан тодорхой хугацаагаар тухайн орчинд ажиллах тохиолдолд компанийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журмын 2.3-т ..хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг ажилтны зөвхөн хэвийн бус нөхцөлд ажилласан цагт тооцож олгох гэж заасны дагуу ажилтны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагт тооцон хөдөлмөрийн нөхцөлийг нэмэгдлийг олгох журмын зохицуулалттай.
Журмын энэхүү зохицуулалт нь гүний уурхайд, өрөмдлөгийн талбайд бүтэн цагаар ажилладаг ажилтан болон тогтмол бус хугацаанд гүний уурхай, өрөмдлөгийн талбайд очиж ажилладаг ажилтнуудад хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан нэмэгдлийг шударга, ялгаварлалгүй байдлаар олгох зорилготой, хуульд нийцсэн зохицуулалт юм.
Иймд ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил үүргийг тодорхойлоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-д хариуцагч ******* ГХОХХК-ийн холбогдох журмуудад хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг хэрхэн тогтоох талаар тусгаагүй, мөн уг нөхцөлд ажилласан цагийг хэрхэн тооцоолох аргачлал байхгүй талаар дүгнэжээ.
Гэтэл тус компанийн Хөдөлмөрийн нөхцөлийн журмын 2.3, Ажлын цагийн журмын 16.1.1, 16.1.2, Цахим цаг бүртгэлийн зааварчилгааны 4 дэх хэсэгт тус тус ажилтан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд буюу ажлын орчны болон үйлдвэрлэлийн нөлөөлөл бүхий орчинд ажилласан тохиолдолд бодит ажилласан цагаа оруулах талаар тусган заасан.
Гүний уурхайд бүтэн цагаар ажилладаггүй, хагас өртөлттэй ажилтнуудын тухайд гүний уурхай руу орж ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд гүний уурхайн аюулгүй байдлын шаардлага, журмын дагуу ажилтны нэр бүхий зүүлт (ID tag)-ийг үлдээн бүртгүүлж нэвтэрдэг. Энэхүү бүртгэл нь ажилтны хэвийн бус нөхцөлд ажилласан байдлыг тогтоох нөхцөл болдог.
Нэхэмжлэгч *******ийн тухайд гүний уурхай, өрөмдлөгийн талбайд ажиллаагүй атлаа хэвийн бус нөхцөлд ажилласан гэж цаг бүртгэлийн системд цаг оруулдаг байсан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд ******* нь энэ талаар шүүх хуралдаан дээр хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл авахын тулд тогтмол 0.5 цаг гэж оруулдаг байсан гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Ажил олгогчийн зүгээс ажлын байр нь хэвийн бус нөхцөлд бүтэн бус, хагас өртөлттэй ажилтнуудын хувьд хэвийн бус нөхцөлд ажилласан бодит цагаа оруулах тухай зааварчилгаа бүхий цахим цаг бүртгэлийн зааварчилгааг cap бүр ажилтны цахим шууданд хүргүүлдэг байсан.
Уг зааварчилгааны дагуу ажилтнуудыг бодит ажилласан цагаа үнэнч, шударгаар мэдүүлэх үүргээ биелүүлж байгаа гэдэгт итгэж байсан тул ажилтны цаг бүртгэлийн системд оруулсан мэдээллийг үндэслэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хортой нөхцөлийн зэргээс нь хамааруулан, олгож байсан.
Гүйцэтгэх ажил үүргийн онцлогоос хамаарч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл нь ажлын байр бүрд харилцан адилгүй өөр байдаг тул ажилтныг анх ажилд ороход уурхайн аль хэсэгт ажиллах нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахыг зааж өгдөг. Үүнийг нэхэмжлэгч өөрөө мэдүүлсэн байдаг. Гэтэл ажилласан цагийг хэрхэн тооцоолох аргачлал байхгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
4.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4-д ...хариуцагч компани нь нэхэмжлэгч *******т хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг цагийн бүртгэлд хэрхэн тусгах талаар тодорхой мэдээлэл өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна. гэж дүгнэжээ.
Хариуцагч компанийн зүгээс ажилтанд cap бүр цахим цаг бүртгэлийн зааварчилгааг цахим шуудангаар хүргүүлдэг байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ийн цахим шууданд үзлэг хийсэн баримтаас тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгч ******* нь ахлах ажилтан байсан бөгөөд өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудын цагийн бүртгэлийг хянадаг байсан ажилтны хувьд цагийн бүртгэлийг хэрхэн хөтлөх талаар илүү мэдээлэлтэй байсан.
Тухайн үйлдвэрлэлийн орчинд ороогүй байтал орсон, ажилласан гэж худал мэдүүлсэн нь ахлах ажилтны ёс зүйд нийцэхгүй бөгөөд журамд нэрлэн заасан ажлын цагийн бүртгэлийг худал мэдүүлсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэх гол үндэслэл болсон.
Үүнээс гадна дээр дурдсанчлан нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл авахын тулд 0.5 цаг тогтмол оруулдаг байсан гэсэн тайлбараас ажилтан энэ талаар тодорхой мэдээлэлтэй байсан болох нь нотлогддог. Иймд шүүх ...ажилласан цагийг цагийн бүртгэлд хэрхэн тусгах талаар тодорхой мэдээлэл өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3-т ...хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг etag тайлан, уурхайн талбарын нэвтрэх эрхийн тайлан LV-179 тээврийн хэрэгслийн GPS тайлангуудаар бүртгэж баталгаажуулах тохиолдолд ажилтан уг мэдээллийг олж авах боломжгүй тул ажил олгогч нь ажилтны цагийг бүртгэх үүрэгтэй гэж үзэхээр байна. гэжээ.
Шүүх ажилтан мэдээллийг олж авах боломжгүй гэж байх боловч ажилтан өөрөө тухайн өдөр гүний уурхай, өрөмдлөгийн талбайд хэдэн цаг ажилласан, оффист хэдэн цаг ажилласан болохоо тодорхойлон мэдэх хангалттай боломжтой учраас компанийн Ажлын цагийн журмын 16.1.2-т Ажилтан ажлын цагийн бүртгэлээ цаг хугацаанд нь бүртгэн оруулах үүрэгтэй. гэж заасан байдаг.
4.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3-т ...хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг ямар дүрэм, журамд заасан үндэслэлээр etag тайлан, уурхайн талбарын нэвтрэх эрхийн тайлан LV-179 тээврийн хэрэгслийн GPS тайлангуудыг үндэслэн тогтоосон нь тодорхойгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. гэжээ.
Ажилтан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа үнэн зөв бүртгэсэн эсэхийг тогтоохдоо etag тайлан, тээврийн хэрэгслийн GPS тайланг үндэслэн тогтоох талаар компанийн дүрэм, журмаар шууд тодорхойлох боломжгүй.
Тухайн тохиолдолд буюу нэхэмжлэгч *******ийн тухайд ажил үүргээ ямар орчинд гүйцэтгэж байгаагаас шалтгаалан ажлын орчин нь 1) оффист, 2) уурхайн гүнд, 3) өрөмдлөгийн талбайд (гадарга) гэж 3 хуваагдаж байсан учир хянан шалгах ажиллагааг явуулахдаа ажилтан уурхайн гүн рүү орж ажилласан эсэхийг шалгахдаа уурхайн талбар руу нэвтрэх эрхийн Etag тайлан, өрөмдлөгийн талбайд очиж ажилласан эсэхийг шалгахдаа нэхэмжлэгчийн ажилладаг хэлтэс, багийн ашигладаг тээврийн хэрэгслийн GPS-ийг шалгаж, мөн өрөмдлөгийн талбайд ажилладаг гэрээт компанийн ажилтнуудаас тайлбар авах, нэхэмжлэгч *******оос өөрөөс нь тайлбар авах зэрэг ажиллагааг хийж нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн болохыг тогтоосон.
Шүүх ажил олгогчийн хянан шалгах ажиллагаа явуулахдаа ашигласан үйл ажиллагаа, цуглуулсан баримтыг дүрэм, журамдаа заагаагүй гэх үндэслэлээр үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. ******* ГХОХХК нь 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг хүртэл нийт 27 сарын туршид зөрчил гаргасан гэж намайг буруутгасан. Тээврийн хэрэгсэлд суурилуулсан байршил тогтоогч төхөөрөмжийн мэдээлэлд үндэслэн шийтгэл ногдуулсан боловч тус төхөөрөмж нь 13 сарын турш ажиллагаагүй байсан. Зөрчил гаргасан гэх 27 сараас сүүлийн 4 сарын хугацаанд миний жолооны эрхийн хугацаа дууссан ба 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн жолооны эрх сэргээх шалгалтад унаж, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн жолооны шалгалтад тэнцсэн.
Иймд төхөөрөмж ажиллаагүй 13 сар, жолооны эрхгүй байсан 3 сарын хугацааг оролцуулан нийт 16 сарын хугацааг зөрчил гаргасан хугацаанд тооцох үндэслэлгүй гэв.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч тал маргасан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон шаардлагатай ажил үүргийг тухай бүр гүйцэтгэхээр тохирсон. Ажлын байрны тодорхойлолтын 1.8-д нэхэмжлэгчийн албан тушаалыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн 3.3 дугаар зэрэгт хамаарахаар заасан.
******* ГХОХХК-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн тусгай журмын 1.1.3-т хортой нөхцөлийн зэрэг, ажлын байрны аюул, хор нөлөөг 4 үндсэн ангиллаар үнэлсэн. Нэхэмжлэгчийн ажлын байрыг хортой нөхцөлийн 3 дугаар ангилалд хамааруулан үнэлж, ажлын байрны тодорхойлолтыг баталж, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт нийцсэн.
*******т сахилгын шийтгэл ногдуулахдаа ******* ГХОХХК-аас хяналт шалгалтын баг байгуулан шалгалт явуулсан бөгөөд шалгалтын тайлангаас үзэхэд гэрч *******нь хөдөлмөрийн дотоод журмыг зохицуулсан акт байхгүй гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн орчныг оффис, гүний уурхай, өрөмдлөгийн талбай буюу гадарга гэж 3 хуваах бөгөөд нэхэмжлэгч нь ажлын цагийн 70-80 хувьд оффисын орчинд ажилладаг гэж хариуцагч тал тайлбарласан. Гэтэл ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод өөрөөр заасан.
Тухайлбал, ажлын байрны тодорхойлолтын 1.10-т ...ажиллах цаг-12 цаг, ажиллах талбар-******* ГХОХХК-ийн уурхайн талбар гэж заасан боловч 2.3.1-т ...ажлын гүйцэтгэл-өдөр тутмын далд уурхайн геологийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. гэж эсрэг байдлаар заасан. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон байгууллагын дотоод хэм хэмжээнд хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлд хамаарах ажил үүргийг тодорхойлоогүй, зааглаж бүртгэх талаар зохицуулалт байхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн гүний уурхайд ажилласан хугацааг ажлын хэвийн бус нөхцөлд, оффист ажилласан хугацааг хэвийн нөхцөлд тооцож, ажлын цагийг бүртгэх тухай асуудлыг хариуцагч байгууллага хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулаагүй. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Мөн энэ агуулгаар хариуцагч тайлбарладаг боловч хуульд заасны дагуу холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
6.2. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3 дахь хэсэгт дүгнэсэн асуудлыг эс зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, Ажлын цагийн журмын 16.2, Цалин хөлсний журмын 14.8.1-д тус тус заасны дагуу ажлын цагийн бүртгэлийн хуудсыг ажил олгогч өөрөө хөтөлж, хянан баталгаажуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь өдрийн 12 цаг ажилладаг бөгөөд үүнээс үндсэн 7 цаг, 5 нь илүү цагт тооцогддог.
Гэтэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хяналт шалгалтын тайланд *******ийн ажлын цагийг дээд шатны албан тушаалтан болох ******* хянан баталгаажуулдаг байсан тухай дурдсан. Хяналт шалгалтын ажиллагааны явцад ******* нь мэдүүлэг өгсөн бөгөөд тэмдэглэлд Ажлын цагийн журмын 16.2-т заасны дагуу хяналт тавих үүрэгтэйгээ мэдэж байсан эсэх тухай тодруулахад би гадаад ажилтан тул Монгол Улсын хууль тогтоомжийг мэдэхгүй. гэж хариулсан байдаг.
Хариуцагч тал *******ийг ахлах ажилтан байсан тул цаг бүртгэлийн тухай мэдэх ёстой гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд *******ийн дээд шатны албан тушаалтан мөн адил байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мэдэхгүй, хяналт тавих үүрэг гүйцэтгэдэггүй байсан нь нотлогдож байна.
6.3. Хариуцагч тал ажилласан бодит цагийг үндэслэн нэмэгдэл олгоно гэж тайлбарласан. Хөдөлмөрийн нөхцөлийн журмын 2.3-т Нэмэгдлийг зөвхөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг тооцож олгох бөгөөд ажилтан аливаа шалтгаанаар ажилдаа ирээгүй болон чөлөөтэй байсан тохиолдолд нэмэгдэл хөлс олгохгүй. гэж заасан. Дээрх нэмэгдэл хөлс олгохгүй байх 2 тохиолдол нэхэмжлэгчид тогтоогдоогүй бөгөөд ажлын байрандаа бүтэн цагийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан.
Мөн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг хэрхэн тооцох асуудлаар хариуцагч тал маргадаг. *******ийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр геологичоор томилогдох үед хариуцагч байгууллага ажлын байрны тодорхойлолтод ажиллах нөхцөлийг хэвийн гэж алдаатай бичсэн байсан ба нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сар хүртэлх нийт 10 сарын хугацааны нэмэгдэл хөлс нөхөж авах тухай хүсэлт гаргасны дагуу Хүний нөөцийн хэлтсээс ажлын байрны тодорхойлолтод ажиллах нөхцөл хэвийн бус гэж өөрчлөлт оруулан 6 сарын хугацааны нэмэгдэл цалинг нөхөж олгосон. ******* нь уг хугацаанд хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа алдаатай бүртгүүлж байсан бол хариуцагч байгууллага нэмэгдэл хөлс нөхөж олгохгүй байсан.
Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан цагийг тооцох аргачлал байхгүй болох нь гэрчийн мэдүүлэг болон хяналт шалгалтын тайлангаар тус тус нотлогддог. Гүний уурхайд ажилласан цагийг etag тайлангаар, өрөмдлөгийн талбайд ажилласан цагийг тээврийн хэрэгслийн байршил тогтоогчийн мэдээлэлд үндэслэн тооцоолох талаар ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулаагүй ба үүнийг үндэслэн *******т сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
6.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4 дэх хэсгийг хариуцагч тал эс зөвшөөрсөн. ******* ГХОХХК-аас 2022 оны 01 дүгээр сараас эхлэн *******ийг ажлын цагаа буруу бүртгүүлж, ажлын цаг бүртгэлийн журмыг зөрчсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан ажлын цаг бүртгэлийн журам нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр батлагдан мөрдөгдсөн тул батлагдан гараагүй байсан журмыг ажилтан зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн цагийг цагийн бүртгэлд хэрхэн бүртгүүлэх талаар тодорхой тусгасан баримт хэрэгт авагдаагүй буюу үүнийг хариуцагч нотлоогүй.
6.5. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3 дахь хэсгийг хариуцагч тал эс зөвшөөрсөн. Etag тайлан болон тээврийн хэрэгслийн байршил тогтоогчийн мэдээлэл нь хяналт шалгалтын тайлан болон сахилгын шийтгэлийн үндэслэл болсон. Энэ нь ******* ГХОХХК-ийн дотоод дүрэм, журмаар тодорхойлогдохгүй гэж хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд энэ асуудал уг хүрээгээр үгүйсгэгдэж байна.
6.6. Хариуцагч нэхэмжлэгчийг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны ажилласан цагаа буруу бүртгүүлсэн гэж үзсэн. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр *******т сахилгын шийтгэл ногдуулсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг хариуцагч зөрчсөн.
******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан тус компанийн бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер *******ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1404 дүгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан төслийн ахлах геологичийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүүд 8,526,819 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж ажил олгогчийн гаргасан тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоосон байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. ******* ГХОХХК-ийн гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3853 дугаар ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалаар тус компанийн гүний уурхайн геотехникийн тенхикч албан тушаалтай *******ийг тус албан тушаалаас чөлөөлж, түүнийг Гүний уурхайн геотехникийн хэлтсийн геологич албан тушаалд томилжээ. /2хх62, 160-164/
******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б4779 дүгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг өөрчлөх тухай тушаалаар гүний уурхайн геологич албан тушаалтай *******ийн хөдөлмөрийн гэрээний хугацааг тус өдрөөс эхлэн хугацаагүй болсонд тооцож, хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулахыг даалгажээ. /1хх61/
4.2. ******* нь ******* ГХОХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтсийн төслийн ахлах геологич албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурснаар мөн өдрөөс эхлэн ******* нь уг албан тушаалд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. /1хх12-18, 211-223/
4.3. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* ГХОХХК-ийн Хөдөлмөрийн харилцааны багаас ажилтан ******* болон холбогдох бусад ажилтнууд нь гүний уурхайд нэвтрээгүй, өрөмдлөгийн талбайд ажиллаагүй өдрөө хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж бүртгэсэн талаар мэдээлэл ирүүлсний дагуу тус компанийн Хөдөлмөрийн харилцааны хэлтсээс ажилтан *******ийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийн бүртгэлд хяналт шалгалт явуулж, хянан шалгах ажлын тайлангаар Хяналт шалгалтын баг цагийн бүртгэл, e-tag тайлан, уурхайн талбарын нэвтрэх эрхийн тайлан, LV-179 тээврийн хэрэгслийн GPS тайлангууд дээр анализ хийн Геологи, геотехникийн үйлчилгээ Геологийн багийн төслийн ахлах геологич ******* нь гүний уурхайд нэвтрээгүй, өрөмдлөгийн талбайд ажиллаагүй өдрөө ажилласан гэж бүртгэдэг болох нь тогтоогдсон талаар дүгнэж, ажилласан цагийн бүртгэлд худал бөглөсөн ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаас бусад төрлийн сахилгын шийтгэл ногдуулах, уг зөрчлийн улмаас илүү төлөгдсөн нэмэгдэл хөлсийг ажил олгогчид буцаан төлүүлэх саналыг тус тус гаргажээ.
Уг хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа цаг бүртгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ажилтан ******* болон бусад холбогдох ажилтнуудаас тайлбар авсан байна. /1хх160-208/
4.4. ******* ГХОХХК-ийн бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1404 дүгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тус компанийн Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн төслийн ахлах геологич *******ийг 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг гүний уурхайн геологич албан тушаалд ажиллуулахаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, ажилласан цагаа худал мэдүүлсэн зөрчлийн улмаас *******т илүү төлөгдсөн цалин хөлсийг түүний цалин хөлснөөс суутгах замаар буцаан төлүүлэхээр холбогдох ажилтанд даалгаж шийдвэрлэжээ. /1хх11/
4.5. Шүүх талууд сахилгын зөрчил гаргасан эсэх талаар маргаж, улмаар цагийн бүртгэлийг хэн хөтлөх үүрэгтэй, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг хэрхэн тогтоох, уг нөхцөлд ажилласан цагийг хэрхэн тооцоолох нь маргааны зүйл болсон талаар зөв тодорхойлжээ.
5. Анхан шатны шүүхийн Хариуцагч ******* ГХОХХК-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам, Ажлын цагийн журам, Цалин хөлсний журам, Цахим цаг бүртгэлийн зааварчилгаа зэрэгт хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг хэрхэн тогтоох талаар тусгаагүй, мөн уг нөхцөлд ажилласан цагийг хэрхэн тооцоолох аргачлал байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5.1. Хариуцагч ******* ГХОХХК-ийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болох Хөдөлмөрийн нөхцөлийн тухай журам, Цалин хөлсний журамд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагт хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгохоор заасан боловч тус компанийн Ажлын цагийн тухай журам болон бусад холбогдох журамд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэдгийг хэрхэн тодорхойлох, уг нөхцөлд ажилласан цагийг хэрхэн тооцох талаар зохицуулаагүй байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. гэж, ******* ГХОХХК-ийн Цалин хөлсний журмын 14.18.1-д Ажилтны цагийн бүртгэлийн хуудсыг нарийвчлан шалгах гэж, Ажлын цагийн тухай журмын 16.2.1-д Ажилтны цаг бүртгэлийн үнэн зөв байдлыг хянан батлах гэж, 16.2.2-т Ажилтны цаг бүртгэлийг цаг хугацаанд нь бүртгэн оруулах, батлах гэж, 16.3.1-д Холбогдох удирдлага болон ажилтнуудад цаг бүртгэлийн талаар зааварчилгаа хүргүүлэх, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх гэж тус тус зааснаар ажил олгогч ******* ГХОХХК нь ажилтан *******ийн ажлын цагийн бүртгэлд хяналт тавих үүрэгтэй байсан боловч уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цагийн бүртгэлийг хянан баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан *******-ын хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтан бүрийг хянах боломжгүй, ажилласан цагийг нарийн шалгадаггүй, шалгах боломжгүй гэх тайлбар /2хх126-142/-аар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэг нь зөвхөн ажилтны үүрэг бус, ажил олгогчийн үүрэг байна. гэж дүгнэсэн нь зөв.
5.3. Түүнчлэн хариуцагч ******* ГХОХХК нь өөрийн компанийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг нэхэмжлэгч *******т танилцуулсан буюу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагийг цагийн бүртгэлд хэрхэн бүртгэх талаар тодорхой мэдээлэл өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /2хх74/
5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. гэж заасан ба ажилласан цагийг үнэн зөвөөр бүртгүүлэх үүргийг хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй.
5.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт ...Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана. гэж заасан тул нэхэмжлэгч *******ийн гаргасан зөрчил нь хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тодорхойлогдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч ******* ГХОХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5.6. Мөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон e-tag тайлан, уурхайн талбарын нэвтрэх эрхийн тайлан, LV-179 тээврийн хэрэгслийн GPS тайлангуудын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн хариуцагч байгууллагын эрхийн актууд хэвийн, хэвийн бус холимог байдлаар ажиллаж байгаа тохиолдолд ажлын цагийг хэрхэн тооцох талаар аргачлал батлаагүй гэж дүгнэн, нэхэмжлэгч *******ийг 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан цагаа худал мэдүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хариуцагч ******* ГХОХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1404 дүгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар хариуцагч ******* ГХОХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1404 дүгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгохоор заажээ.
Нэхэмжлэгчийн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус, харин түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас дээрх тушаал хүчингүй болгохтой холбоотой агуулгыг хассан өөрчлөлтийг оруулна.
Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийг бичихдээ шинэчилсэн найруулга гэж тодруулж бичих шаардлагагүй учир үүнийг залруулна.
7. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаарх хуулийн нэр томьёонуудыг давтамжтай хэрэглэсэн байдлыг засна.
7.1. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнтэй андуурч буруу бичсэн байгаа алдааг зөвтгөх нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03366 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийг хариуцагч ******* ГХОХХК-ийн Гүний уурхайн геологи, геотехникийн хэлтсийн төслийн ахлах геологичийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ГХОХХК-аас 11,724,372 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,580 төгрөгийг улсын төсвийн орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч ******* ГХОХХК-аас 342,940 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН