| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 1911032270347 |
| Дугаар | 670 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 670
Б.Е-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1174 дүгээр магадлалтай, Б.Е-т холбогдох 1911032270347 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Е-ыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Е-ыг 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх магадлалдаа “гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал болох хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх тул 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэг хуурамч эсэхийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлгийн мэдүүлэг өгөөгүй гэсэн байдлыг нотлох шаардлагатай байна, тухайлбал” гээд Ц.А-ын мэдүүлгүүдийг дурджээ. Гэвч хохирогчоос мэдүүлэг аваагүй байж авсан мэтээр тэмдэглэл үйлдэж, хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулсан мөрдөгчийн хууль бус үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөхийн оронд Ц.А хэрхэн хохирсон, хулгайлах гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар хэрхэн бодитой үнэн зөв мэдүүлсэн, түүний мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй эсвэл тохирч байгаа эсэх, хохирсон байдал нь мэдүүлэгт үнэн зөв бодитой тусгагдсан эсэх зэрэгт дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэсэн нь үндэсгүй байна.
Мөн хохирогч Ц.А-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх шийдвэрлэсэн байхад магадлалд хуурамчаар үйлдсэн гэх 2019 оны 01 дүгээр сарын 29-ний, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний мэдүүлэг гэх мэтээр огноог өөр өөрөөр бичсэн тул ямар мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээд байгаа нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн 1804000300021 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцогдсон, анхан шатны шүүхээс шийдвэр гаргах, давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон хохирогч Ц.А-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд дурдсан “...мөнгөн хавчаар алдагдсан гэж мэдүүлэг өгсөн боловч юмны араар уначихсан байсныг олсон, 1 давхрын 00 өрөөний цонхыг хагалж хулгайч орсон...” гэх мэт нөхцөл байдал нь бодитой байж болох ч утсаар ярьж олж авсан мэдээллийг биеэр ирүүлж мэдүүлэг авсан мэтээр цаасан дээр бэхжүүлж хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулсан, үүнийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолд нотлох баримтаар үнэлж, шийдвэр гаргасан тул Ц.А-ын утсаар өгсөн яриа үнэн бодитой эсэхээс үл шалтгаалан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулахаар байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “баримт мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг....хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж ямар ч эргэлзээгүй хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч Д.Авидхүүгийн гарын үсгийн адилтгалын шинжилгээ хийсэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1509 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ц.А, Б.Е нарын гэх гарын үсэг, бичгийн хэвний загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэсэн огноотой, “хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтын эхний хуудасны арын нүүрний дунд хэсэгт “танилцсан: хохирогч” гэсний ард, “Ц.А” гэсний урд, уг нүүрний доод хэсэгт, арын хуудасны урд нүүрний дээд хэсэгт бичвэрүүдийн доод талд “мэдүүлэг өгсөн: хохирогч” гэсний ард, “Ц.А” гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна, уг шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.А-ын гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байгаа нь тогтоогджээ. Иймд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг аваагүй атлаа мөрдөгч Б.Е мэдүүлэг авсан мэтээр тэмдэглэл үйлдэн, мэдүүлэг авсан Б.Е гэж бичиж, Ц.А-ын гарын үсгийг хуурамчаар зурж, нотлох баримтаар хавтаст хэрэгт бэхжүүлсэн тул уг мэдүүлэгт байгаа “үнэн” гэх мэт зарим бичвэрийг хэн бичсэнээс үл хамааран тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийн өөрийн нь хууль бус үйлдэл юм. Ц.А-аас дахин мэдүүлэг авах нь мөнгөн хавчаар алдагдсан эсэхийг тодруулах, хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох зэргээр хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан нь нэгэнт тогтоогдсон тул мөрдөгч нотлох баримтыг хуурамчаар үйлдэхдээ хувийн ашиг сонирхлоор үйлдсэн үү, эсвэл гэмт хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх албаны ашиг сонирхлоор үйлдсэн үү гэдгээс үл хамааран гэмт хэрэг болохоор хуульчилжээ.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах, дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Е-т холбогдох хэрэгт бичсэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. н.А-аас 2019 оны 01 дүгээр сарын 09, 19, 29-ны өдөр мэдүүлэг авсан огноо зөрүүтэй, ойлгомжгүй байна гэж дүгнэсэн, н.А хэрхэн хохирсон талаар нэмэлт ажиллагаа хийх, шинжээчийн дүгнэлтээр зурагдсан гарын үсэг н.А, Б.Е хоёрын гарын үсэгтэй тохирохгүй байна гэж дүгнэсэн ба хувийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх, албаны эрх ашгийн үүднээс үл хамаарч гэмт хэргийг хуульчлахаар заасан гэсэн агуулгатай эсэргүүцэл бичсэн. Б.Е-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гарын үсгийн талаар онцолж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа хийлгэх үүднээс прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч н.А-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авсан мэдүүлгийг Б.Е хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд мөрдөгч хохирогч, гэрчээс мэдүүлэг авах журмыг тодорхой заасан ба мэдүүлгийг утсаар авах талаар хуульчилж, журамлаагүй. Б.Е утсаар ярилцсан зүйлээ тэмдэглэл болгож, гарын үсгийг сүүлд нь зуруулсан асуудал ярьдаг. Нотлох баримт болох мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал хэлсэн саналдаа “Б.Е-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Прокурорын дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан процесс ажиллагааг зөрчсөн гэдэг асуудлын хувьд маргахгүй байгаа. Процесс ажиллагаа зөрчсөн гэмт хэргийн шинжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэний улмаас шүүхийн шийдвэр гарч буюу эрх зүйн үр дагавар үүсгэсэн байхыг ойлгоно. Хуурамч нотлох баримт үйлдсэн гэж үзэж байгаа утсаар авсан мэдүүлгийн үндсэн хэрэг нь анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн боловч давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Үндсэн хэрэг нь өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар хянан шийдвэрлэгдээгүй байгаа. Тэгэхээр нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж байгаа юм бэ, процесс ажиллагаа зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй юм. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авагдаагүй бөгөөд хохирогч ирэхгүй байсан холбоотойгоор утсаар мэдүүлэг авч дараа нь зурсан. н.А утсаар мэдүүлэг өгөөгүй, миний яриагүй зүйлийг тусгасан, ярьсан зүйлийг хассан гэдэг талаар огт маргадаггүй. Уг хэрэг буюу Б.Е-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Х нь хохирогч н.А-ын оролцсон үндсэн хэргийг мөн шийдвэрлэсэн байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бус бүрэлдэхүүн оролцох үндэслэлд хамаарах болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Процессын зөрчил нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Б.Е-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын шатны шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Е-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байна.
Гэтэл анхан шатны шүүх прокуророос Б.Е-ыг хууль сахиулагч буюу Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж, эрүүгийн 1804000300021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч Ц.А-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчмыг хангаж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин давж заалдах шатны шүүх Б.Е-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүний мэдүүлэгт дурдагдсан асуудлуудыг шалгаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Дээрх байдлаар шүүгдэгч Б.Е нь хохирогчоос утсаар авсан мэдүүлгийг хамт ажилладаг Б.Э-д хохирогчоор гарын үсэг зуруулахаар үлдээсэн эсэх нь тогтоогдоогүй байх тул Б.Э-аас гэрчээр мэдүүлэг авч магадлалд дурдсан ажиллагаануудыг нэг бүрчлэн хийж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоосны эцэст гэм буруутай этгээдийн зан үйлд эрх зүйн зөв дүгнэлт хийх учиртай.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1174 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР