Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0441/З |
Дугаар | 221/МА2020/0133 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0133
А.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 823 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.О-ийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбоонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 823 дугаар шийдвэрээр: “...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.О-ийн Монголын Хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан “...намайг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, элсүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдолдоо: “...миний бие 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ял шийтгүүлсэн бөгөөд үүнээс хойш буюу 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарсан ба энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгохоор заасан. Энэ заалтаар миний ял шийтгэлтэй хугацаа хамрагдсан би хуулиар ял шийтгэлгүй болсон.
Миний 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт огт байхгүй болж, хүнийг өмнө нь ял шийтгүүлснээр хүндрүүлж үздэг, эрх зүйн байдлыг дордуулдаг байдал арилгасан.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар тушаалаар миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээ хүчингүй болгосон бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.
Би гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж гэм буруу дээрээ ял шийтгэл эдэлсэн, Эрүүгийн хуульд заасан цээрлэлээ эдэлсэн. Гэтэл шүүх энэ ял эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж цээрлэл эдэлсэн үйлдэл дээр дахин зөвшөөрөл олгохоос татгалзаж дахин цээрлэл үзүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн заалтыг зөрчин ялгаварлан гадуурхаж байна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй” гэсэн зарчмуудыг зөрчиж намайг дахин шийтгэж байгаад маш их гомдолтой байна.
Монголын Хуульчдын холбоо нь намайг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д заасан миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “намайг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гишүүнээр элсэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчийн шалгалтад орж, тэнцсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт огт байхгүй болж, хүнийг өмнө нь ял шийтгүүлснээр хүндрүүлж үздэг, эрх зүйн байдлыг дордуулдаг байдал арилсан ... миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчиж байна” хэмээн тайлбарлан маргажээ.
Маргааны үйл баримтын тухайд нэхэмжлэгч А.О нь 2018 оны 09 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад оролцож, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн талаарх 225 дугаар батламж авч, Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх тухай хүсэлт, өргөдлийн хамт гаргасныг Монголын Хуульчдын холбооноос 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “...А.О-т хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах”-аар дүгнэлт гаргаж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/182 дугаар албан бичгээр “...Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх боломжгүй” талаар мэдэгдсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч “...захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхгүй байна” хэмээн буруу дүгнэлт хийжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй болон татгалзсан шийдвэртэй холбогдуулан маргах эрхтэй бөгөөд эс үйлдэхүйг зөвхөн “...хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан” хэмээн явцуу утгаар тайлбарлан хэрэглэсэн буруу, энэ тохиолдолд татгалзсан шийдвэрийн цаана нэхэмжлэгчийг Монголын хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байна гэж үзнэ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журам”, 19.1-д “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана”, 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана”, 19.2.1-д “хуульчийн шалгалтад тэнцсэн батламж”, 19.2.2-т “Ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, 19.3-д “Хуульчдын холбоо нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ”, 21 дүгээр зүйлд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл”, 21.1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл гаргагчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана”, 21.1.1-д “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн” бол өргөдөл гаргагчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзахаар хуульчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /хуучин/ 250 дугаар зүйлд “Шүүхээс хууль бус шийдвэр гаргах” гэж заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсноор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл үүссэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэгч А.О-т хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.
Хэдийгээр нэхэмжлэгчийн хувьд хийсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлсэн ч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д санаатай, албан тушаалтын гэмт хэрэгт үйлдсэн бол “хуульч” гэсэн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлүүлж болохгүй талаар хуулиар хориглосон тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...Би гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж гэм буруу дээрээ ял шийтгэл эдэлсэн. Гэтэл шүүх энэ ял эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж, цээрлэл эдэлсэн үйлдэл дээр дахин зөвшөөрөл олгохоос татгалзаж дахин цээрлэл үзүүлж байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ