Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2025/0087

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын харьяа

Том татвар төлөгчийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ц.Цогт

Шүүгчид:                   Д.Батбаатар  

                                   Х.Батсүр   эн

                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:       Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0829 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0443 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0400 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Г” ХХК нь анх Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM ... дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM ... дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий нэхэмжлэхүүдийг “хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж, ““Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” гэжнэхэмжлэлийн  шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM ... дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн татварын өрийг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM ... дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг барагдуулахыг үүрэг болгосон байна.

3.Нэхэмжлэгчээс  дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

 “... “Г” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй, харин төмрийн хүдрийг үйлдвэрийн шат дамжлагаар боловсруулан хорголжин үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. Гэтэл манай компанийг АМНАТ төлөгчид хамааруулж татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй. “Д” ХХК-аас төмрийн хүдэр худалдаж авдаг, худалдан авсан төмрийн хүдэрт “Д” ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байхад дахин бүтээгдэхүүн болгон гаргахад АМНАТ-ийг нэхэмжлэгчээс нэхэмжилж давхардуулан ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Хүчингүй болсон Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ТТ-15 маягт-ын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан нь хууль бус ..., нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн  шаардлагыг эс зөвшөөрч “ ...Тус компанийн тайлангийн ногдлын өрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй татварыг өр гэж үзэх үндэслэл бүрдсэн. Дээрх татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг үндэслэн нэхэмжлэх хүргүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдэж буй татварын өр барагдуулах үйл ажиллагаа юм. Татвар төлөгчийн тайлагнаж ирүүлсэн АМНАТ-ийг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь татварын албанаас тус компанид захирамжилсан үйл ажиллагаа хэрэгжүүлсэн, татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн зүйлгүй. Татварын албаны нэхэмжлэх нь Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасан мэдээллийг агуулсан татвар хураах ажиллагааны нэг процесс бөгөөд энэ нь шууд захиргааны акт гэж үзэх эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0829 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM ...  дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM ... дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.“... “Г” ХХК нь үйлдвэрийн шат дамжлагаар төмрийн хүдрийг боловсруулан хорголжин үйлдвэрлэж экспортолдог этгээд мөн болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан ашигт малтмалын төлбөр төлөгч байна. Иймд нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй.

5.2. ... Нэхэмжлэгч нь “Д” ХХК-иас 27-47 хувийн төмрийн агуулгатай хүдрийг худалдан авч, үйлдвэрийн аргаар төмрийн агуулгыг 61.93-64.96 хувь хүртэл нэмэгдүүлж, төмрийн баяжмал үйлдвэрлэдэг болох нь тогтоогдож байх тул ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж үзэх үндэслэлгүй. Иймээс “Г”  ХХК нь төмрийн хүдрийн ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжуулж, төмрийн баяжмал үйлдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ашигт малтмал ашиглах агуулгад хамаарна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй баяжуулах үйлдвэр эрхлэгч “Г” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлохдоо тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс нь хамаарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Д” ХХК-ийн үйлдсэн төлбөрийн баримт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс худалдан авсан ашигт малтмалд ногдох АМНАТ-ийг суутган авч тайлагнасан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох бөгөөд нэмүү өртөг шингээн үйлдвэрийн аргаар баяжуулсан баяжмалд дахин АМНАТ ногдуулах үндэслэлгүй юм.

5.3.Түүнчлэн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйл, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд зааснаар татварын алба татварын тайлан хүлээн авахдаа татвар төлөгчөөс татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянах үүрэгтэй, энэ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, татвар төлөгчийн тайлагнасан тайланд шууд үндэслэн нэхэмжлэх хүргүүлсэн нь буруу ...

5.4.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмал ашигласны төлбөрийн тайлан ТТ-15 маягт”-ыг баталсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг 2019, 2020, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үед мөрдөгдөж байсан дээрх маягтын дагуу татварын тайлан гаргасныг хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан гэж үзэхгүй ...

5.5.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Г” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс АМНАТ төлсөн 27-47 хувийн төмрийн агуулгатай төмрийн хүдрийг худалдан авч үйлдвэрийн шат дамжлагаар ашигт агуулгыг 61.93-64.96 хувь хүртэл нэмэгдүүлэн баяжуулж нэмүү өртөг шингээсэн байхад хариуцагч татварын байгууллага ашигт агуулгыг нэмэгдүүлсэн хувиар дахин татвар авахаар нэхэмжлэх хүргүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан маргаан бүхий  татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0443 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.2, 47.7, Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51.1, 51.2, 79 дүгээр зүйлийн 79.4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж”, бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд: 

6.1.“... Хариуцагчийн хувьд 2019–2022 онуудад нэхэмжлэгч хуулийн этгээдээс 61.93-64.96 хувийн агууламжтай төмрийн хүдрийн хорголжин гэх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргаж экспортолсон үйл баримтууд тогтоогдсон тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн хувьд өр төлөхийг шаардсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна. Татвар төлөгч нь татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид заасан хугацаанд татвараа төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд татварын өр үүсэж, улмаар уг өрийг төлүүлэхээр татварын өр төлүүлэх нэхэмжлэх хүргүүлсэн хариуцагчийн нэхэмжлэх нь Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасантай нийцсэн байх тул уг нэхэмжлэхүүдийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй.

6.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 2 удаагийн төлбөр төлөхийг шаардсан нэхэмжлэх буюу захиргааны акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэл гаргасны дараа аливаа нэгэн байдлаар хүчингүй болоогүй, нэхэмжлэхээр шаардсан төлбөр төлөгдөөгүй буюу хэрэгжээгүй тохиолдолд шүүх уг шаардлагыг нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзэн хангаж, хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул шийдвэрт уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

6.3.Шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь төмрийн хүдрийг боловсруулах үйлдвэр ажиллуулж, төмрийн хүдрийн агууламжийг өндөрсгөсөн хорголжин гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, уг бүтээгдэхүүнээ экспортолдог болох нь тогтоогдсон.  ... Тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч нь ашигт малтмал, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн  экспортолсон этгээд мөн тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч мөн.

6.4.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3.4, 3.5, 3.6-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тодорхойлохдоо татвараа давхардуулан тайлагнасан, тайланг үндэслэн давхардуулан татвар ногдуулсан гэж үзвэл уг тайлангаа зөвтгөж, шийдвэрлүүлэх боломжтой ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б ... хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.1.Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: ... Улсын Их Хурлаас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан. Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, тус хуулийн “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал “худалдсан”, “худалдан авсан”, “ашигласан” этгээд бүр төлдөг байхаар өөрчилж АМНАТ төлөгчийн хүрээг өргөтгөсөн.

7.2.Хуулийн өөрчлөлт нь АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр ... Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарсан.

7.3.Уг тогтоолын дагуу Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурьдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” 47.1.1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулсан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7.“...”, 47.16. “...”, 47.16.1-д “худалдсан, худалдахаар ачуулсан” 47.16.2-т “экспортолсон”, 47.16.3-т “өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж АМНАТ-ийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг хуульчилсан.

7.4.Үндсэн хуулийн цэцийн “Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна.” гэх дүгнэлтийн дагуу хуулийг шинэчлэн баталсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16 дахь хэсэгт заасныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн агуулгатай уялдуулан тайлбарлаж, хэрэглэвэл энэ тохиолдолд АМНАТ-ийг давхардуулан ногдуулах үндэслэлгүй байна. Үүнд: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Д” ХХК-иас тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй “Г” ХХК ядуу агуулгатай хаягдал төмрийн хүдэр худалдан авахад “Д” ХХК-д АМНАТ ногдуулж, уг АМНАТ шингэсэн үнийн дүнгээр худалдан авдаг. Хуулиар АМНАТ ногдуулахдаа төмрийн хүдэрт агуулагдаж байгаа төмрөөс гадна уг хүдэрт агуулагдаж байгаа цайр, хар тугалга, хөнгөн цагаанаас АМНАТ ногдуулж авдаг болох нь АМНАТ-ийн тайлангаас харагдана. Дээрх тайлангаас харахад хүдэрт бүхэлд нь биш, харин уг хүдэрт агуулагдаж байгаа төмөр, цайр, хар тугалга, хөнгөн цагаан зэрэгт АМНАТ ногдуулдаг байна.

7.5.“Г” ХХК нь уг төмрийн хүдрийг боловсруулж бүтээгдэхүүн буюу хорголжин үйлдвэрлэх явцад төмрийн хүдрээс шороо, чулуу, элс, шавар, хайрга зэргийг ялган авснаар хорголжин гэх бүтээгдэхүүн болж, бүтэц, найрлага нь өөрчлөгдөж, овор, хэмжээ нь багасдаг боловч уг хорголжин доторх төмрийн агууламж буюу төмрийн хэмжээ нэмэгддэггүй, харин ч хасагддаг. Учир нь ялгасан элс, шороо, чулуутай хамт бага хэмжээний төмөр хаягдаж, хорогдол гардаг. Гэтэл “Д” ХХК-иас “Г” ХХК-д худалдсан төмрийн хүдэрт АМНАТ ногдуулсан атлаа “Г” ХХК уг хүдрийг боловсруулж хорголжин болгож экспортод гаргахад дахин АМНАТ ногдуулж байгааг  давхардуулан ногдуулж байна гэж үзэхээс өөр аргагүй. Ийнхүү зардал гаргаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээс АМНАТ тооцож авч байгаа нь ашигт малтмал болон түүний дотор ашигт малтмалд агуулагдаж байгаа төмөрт биш, харин ашигт малтмалыг боловсруулахад бий болсон нэмүү өртөгт нь АМНАТ ногдуулдаг байсан нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон.

7.6.Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 2 удаагийн төлбөр төлөхийг шаардсан нэхэмжлэх буюу захиргааны акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэл гаргасны дараа аливаа нэгэн байдлаар хүчингүй болоогүй ... тохиолдолд уг шаардлагыг нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж хангаж, хууль бус байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэхдээ доорх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА- ... дугаартай нөхөн ногдуулалтын актаар ... нийт 7,439,636,389.31 төгрөгийн акт тавьсан. Дээрх нөхөн ногдуулалтын актын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 3,679,238,040.37 төгрөгийн дүн бүхий тайлагнасан АМНАТ-ийн өрөнд 2021 оны DNPM ... дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхэд заасан 3,435,329,576 төгрөгийн өр багтаж байгаа тул улсын байцаагчийн акт гарснаар уг татварын төлбөрийн нэхэмжлэхүүдийн эрх зүйн үйлчлэл дууссан. Иймд захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ... Маргаан бүхий актын үйлчлэл дуусгавар болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.           

7.7.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал” гэдгийг тодорхойлсон бөгөөд “Г” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, байгалийн байдлаар байгаа төмрийн хүдрийг экспортолдоггүй. Харин … төмрийн хүдрийг худалдан авч, баяжуулах, хорголжин үйлдвэрлэх технологийн шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. ... Хуульд заасан “ашигт малтмал”-ын тодорхойлолт, хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад “Г” ХХК-ийн экспортолсон хорголжин нь ашигт малтмал биш, бүтээгдэхүүн болох нь тодорхой нотлогддог.

7.8.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь хуулийг шинэчлэн батлах, зорилго, үзэл баримтлал нь болж өгсөн тул Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн агуулгатай уялдуулан тайлбарлахад доорх дүгнэлт гардаг.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авсан этгээд ямар нэг боловсруулалт хийлгүй, ашигт чанарыг нэмэгдүүлэхгүйгээр цааш дамжуулан (дамлан) худалдсан бол АМНАТ төлөгч байна.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд өөрөө ашигт малтмалыг боловсруулж, экспортолсон тохиолдолд мөн АМНАТ төлөгч болно.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд ашигт малтмал худалдан авч, ашигт чанарыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тухайн нэмүү өртөг шингэсэн дүнгээс АМНАТ тооцож авах үндэслэлгүй. Иймээс “Г” ХХК нь АМНАТ төлөгч биш.

7.9.Гэтэл “Д” ХХК-иас “Г” ХХК-д худалдсан төмрийн хүдэрт АМНАТ ногдуулсан нь ашигт малтмалд ногдуулж байгаа АМНАТ юм. Уг хүдрийг боловсруулж хорголжин болгон экспортод гаргаж байгаа хорголжинд ногдуулж буй АМНАТ нь хорголжинд шингэсэн нэмүү өртөгт ногдуулж байна. Учир нь “Г” ХХК-ийн экспортолсон хорголжингийн үнэ нь “хүдрийн үнэ + хорголжин үйлдвэрлэхэд гарсан зардал + ашиг=экспортын үнэ” гэсэн бүтэцтэй байдаг.

7.10.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоол нь 2019 оны 342 дугаар тогтоолын 1-р хавсралтыг шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоолын 1-р хавсралтын 1.1-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид “АМНАТ” гэх) төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, уг шийдвэрээр хүчингүй болж шинэчлэн найруулсан хуулиас давсан журам болсон. 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашигт малтмал худалдсан, худалдан авсан, ашигласан этгээд бүр төлөх”-өөр заасан хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон байхад ийнхүү Засгийн газрын тогтоолоор АМНАТ тооцож, ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг хууль хэрэгжүүлэх шатанд дахин гаргасан.

7.11.Мөн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 3-т “ ... Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж Засгийн газрын 342 дугаар тогтоолын талаар дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №3-2/86 дугаар албан бичигт “Засгийн газрын 342 дугаар тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй” гэжээ.

7.12.Өөрөөр хэлбэл, 3асгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулах үед уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлт бүртгүүлэх, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох хуулийн заалт хүчинтэй байсан байна. Иймд Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 465 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлээгүй байсан нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх” журмын 3.4, 3.5, 3.6 дахь заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн зорилгод нийцэхгүй, захиргааны байгууллагын хууль бус ажиллагааг өөгшүүлсэн дүгнэлт болсон.

7.13.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн талаар: ... Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА- ... дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/01/416 дугаар гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан боловч тус зөвлөлөөс “... нөхөн ногдуулсан албан татварын хүлээн зөвшөөрөхгүй дүнгийн 10 хувийг төлөөгүй” гэсэн агуулгатайгаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь “... нөхөн ногдуулсан албан татварын хүлээн зөвшөөрөхгүй дүнгийн 10 хувийг төлөөгүй” бол гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай хуулийн зохицуулалт Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуульд байхгүй. ... Иймд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар холбогдох байгууллагад нь гомдол гаргаж, хариуг авч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа хавсаргасаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА- ... дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн зөрчилд тооцогдохоор байна.

7.14.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

11.Хяналтын шатны шүүхээс тус хэргийн тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид АМНАТ гэх) төлөгч мөн эсэх, хариуцагч маргаан бүхий актуудаар АМНАТ-ийг давхардуулан нэхэмжилсэн эсэх буюу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

12.Нэг.АМНАТ төлөгч биш болохыг тогтоолгох (эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох) шаардлагын тухайд:

12.1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж АМНАТ төлөгч гурван этгээдийг ялгаатай байдлаар зохицуулсан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэснийг 47.1.2 дахь заалттай системчлэн тайлбарлавал, “ашигт малтмал экспортолсон этгээд” нь заавал тусгай зөвшөөрөл эзэмшигч байх албагүй бөгөөд ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нь нэмэгдүүлэн баяжмал юм уу, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байж болохоор байна.

12.2.Нэхэмжлэгч “Г” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш боловч “Д” ХХК болон бусад этгээдээс 27-47 хувийн төмрийн агуулгатай хүдрийг худалдан авч, үйлдвэрийн аргаар төмрийн агуулгыг 61.93-64.96 хувь хүртэл нэмэгдүүлж, төмрийн баяжмал үйлдвэрлэн экспортолдог. Нэхэмжлэгчээс ““Г”  ХХК нь төмрийн хүдрийг боловсруулж хорголжин үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог” гэж маргадаг ч тус компанийн үйлдвэрлэсэн хорголжин нь төмрийн агуулгын хэмжээгээрээ эцсийн бүтээгдэхүүнд бус харин баяжмалд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх дүгнэсэн. 

12.3.Аль нь ч байсан ийнхүү ашигт малтмалын ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэрэг үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар “ашигт малтмал ашиглах” гэх ойлголтод хамаарах бөгөөд ашигт малтмал ашиглаж буй этгээд нь (47.1.1-47.1.3-т заасан) ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болно.

12.4.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн агуулгатай уялдуулан тайлбарлавал: ... тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд ашигт малтмал худалдан авч, ашигт чанарыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тухайн нэмүү өртөг шингэсэн дүнгээс АМНАТ тооцож авах үндэслэлгүй тул “Г” ХХК нь АМНАТ төлөгч биш ...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.7-7.9 дэх гомдол, мөн “... Засгийн газрын 2019 оны 342, түүнийг шинэчлэн баталсан 465 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, уг шийдвэрээр хүчингүй болж шинэчлэн найруулсан хуулиас давсан журам болсон ...” (Тодорхойлох хэсгийн 7.10) гэх гомдол үгүйсгэгдэнэ.

12.5.Анхан болон давж заалдах шатны шүүх “Г” ХХК нь “АМНАТ төлөгч биш болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

13.Хоёр. Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох шаардлагын тухайд:

13.1.Нэхэмжлэгчээс анх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM ..., 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM ...  дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр актыг “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилснийг анхан шатны шүүх хүлээн авсан нь зөв байна.

13.2.Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА- … дугаартай нөхөн ногдуулалтын актаар маргаан бүхий нэхэмжлэхүүдээр шаардсан нийт 5,252,525,292.51 төгрөгийн АМНАТ дээр дутуу тайлагнасан татвар, хугацаа хэтрүүлсний алданги, торгууль зэргийг нэмж нийт 7,439,636,389.31 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьснаар маргаан бүхий нэхэмжлэхүүдийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг.

13.3.Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэх буюу захиргааны акт нь аливаа нэгэн байдлаар хүчингүй болоогүй, нэхэмжлэхээр шаардсан төлбөр төлөгдөөгүй буюу хэрэгжээгүй тохиолдолд шүүх уг шаардлагыг нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзэхгүй ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болсон байна. Учир нь, хариуцагч нөхөн ногдуулалтын акт гаргаснаар нэхэмжлэгчээс маргаж буй АМНАТ-ийг тухайн актаар шаардахаас бус “төлбөр төлөгдөөгүй байгаа” гэсэн үндэслэлээр маргаан бүхий нэхэмжлэхүүдээр шаардахгүй юм.    

13.4.Гэвч уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлснээс хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

13.5.Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримт болох “Г” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн (1 дэх хавтаст хэргийн 37-45 дахь талд) хүснэгт 7-д “Дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан АМНАТ”-ийг тооцож, хүснэгт 10-т буюу “Хасаж ногдуулсан АМНАТ” хэсэгт хассан байх бөгөөд нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүх хуралдаанд ““Д” ХХК болон бусад борлуулагч нарын өмнө нь төлсөн АМНАТ-ийг хассан” гэсэн тайлбар өгсөн. Эдгээрээс үзвэл, нэхэмжлэгчийн тайланд үндэслэн гарсан маргаан бүхий нэхэмжлэхүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.  

13.6.Гэтэл  анхан  шатны шүүх “… Ашигт малтмалын  тухай хуулийн 47 дугаар   

зүйлийн 47.7-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй баяжуулах үйлдвэр эрхлэгч “Г” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлохдоо тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс нь хамаарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч (“Д” ХХК)-ийн үйлдсэн төлбөрийн баримт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс худалдан авсан ашигт малтмалд ногдох АМНАТ-ийг суутган авч тайлагнасан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох бөгөөд нэмүү өртөг шингээн үйлдвэрийн аргаар баяжуулсан баяжмалд дахин АМНАТ ногдуулах үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлтээр маргаан бүхий актууд/нэхэмжлэхүүд хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

13.7.Татварын нэхэмжлэх нь татвар төлөгчийн тайлангаар үүссэн өрөнд үндэслэгддэг хэдий ч татвар төлөгч мэдээгүйгээс, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас татвар төлөх хууль зүйн үндэслэлгүй байтал төлөхөөр тайлагнасан, давхардуулан тайлагнасан, эсхүл татвараас хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх эрхээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн татварын байгууллага татвар төлөгчийн тайлагнаснаас илүү дүнгээр нэхэмжилсэн зэргээс шалтгаалж үндэслэлгүйгээр татвар төлөх үр дагаварт хүрсэн тохиолдолд хууль бус болно. Өөрөөр хэлбэл, “татварын нэхэмжлэх нь татвар төлөгчийн тайланд л үндэслэдэг тул хууль ёсны” гэж үзэхгүй, татварын албаны шаардах эрх нь өөрөө хуульд үндэслэсэн байх ёстой. Харин энэ тохиолдолд маргаан бүхий нэхэмжлэхүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

13.8.Иймээс “... “Г” ХХК нь уг төмрийн хүдрийг боловсруулж бүтээгдэхүүн буюу хорголжин үйлдвэрлэх явцад төмрийн хүдрээс шороо, чулуу, элс, шавар, хайрга зэргийг ялган авснаар хорголжин гэх бүтээгдэхүүн болж, бүтэц, найрлага нь өөрчлөгдөж, овор, хэмжээ нь багасдаг боловч уг хорголжин доторх төмрийн агууламж буюу төмрийн хэмжээ нэмэгддэггүй, харин ч хасагддаг. Гэтэл “Д” ХХК-иас “Г” ХХК-д худалдсан төмрийн хүдэрт АМНАТ ногдуулсан атлаа “Г” ХХК уг хүдрийг боловсруулж хорголжин болгож экспортод гаргахад дахин АМНАТ ногдуулж байгааг давхардуулан ногдуулж байна гэж үзэхээс өөр арга байхгүй ...” гэх утгатай (Тодорхойлох хэсгийн 7.1-7.5) нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14.Энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.11-7.12 дахь хэсэг дэх “Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 465 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр бус” гэх агуулга бүхий гомдлыг нэхэмжлэгч нь шүүхийн хүлээн авахаас татгалзсан “2022 оны №НА- … дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож маргаж байсныг дурдахын сацуу, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, уг тогтоолоор баталсан аргачлал нь Ашигт малтмалын тухай хууль болон журамд нийцсэн, ижил агуулгатай байх тул хэрэгт ач холбогдолгүй буюу хэргийн шийдэлд нөлөөлөхгүй юм.

15.Түүнчлэн, “шүүхээс 2022 оны №НА- ... дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн зөрчилд тооцогдохоор байна” гэх (Тодорхойлох хэсгийн 7.13) гомдлын тухайд, давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүйг дурдаж байна.

16.Мөн энэ хэргийн тухайд ижил, төстэй маргааныг хянан шийдвэрлэсэн “Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарласан” гэх үндэслэл тогтоогдоогүй болно.     

17.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0443 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЦОГТ

            ШҮҮГЧИД                                                        Д.БАТБААТАР

                                                                                     Х.БАТСҮРЭН

                                                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                Г.БАНЗРАГЧ