| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0306/Э |
| Дугаар | 318 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 318
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ц.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 19180026900342 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Орхонцарам ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Ц.О /РД:/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Тохь төв дотор С.Ц эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Ц “...би тухайн үед гар утсаа оролдоод доошоо хараад сууж байсан. Тэгсэн чинь Ц.О чамтай хүн мэндлээд байгаа юм бишүү гээд над руу ойртоод ирэхээр нь сайн байна уу гээд гараа өгсөн. ...Ц.О нь баруун гараараа миний нүүр рүү нэг удаа цохиод дараа нь духан дундуур гараа атгаж байгаад үхэр алж байгаа юм шиг цохиод авсан. Тэгэхэд миний толгой их хүчтэй өвдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/, A“...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Э “...би юу болсныг харж амжаагүй. Гаднаас орж ирсэн согтуу гурван ахын нэг нь хүлээлгийн сандал дээр сууж байсан ахыг цохиод авах шиг болсон. Тэгээд тэнд байсан хүмүүс гурван согтуу хүмүүсийг гаргасан” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
Гэрч Б.Х “...нөгөө залуу босч ирээд Ц.О маргалдахаар нь би наад хүн чинь согтуу байна, согтуу хүнтэй маргАж яадаг юм бэ гээд нэг гараараа тэр залуугийн куртканы захаас барьж доош нь сандал дээр суулгасан. Отгонбаярыг С.Болор-Эрдэнэ аваад гарсан. Тэгээд бид гурав Тохь төвийн ресторанд сууж байхад цагдаа нар ирээд Отгонбаярыг аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 15, 18-19/,
Гэрч С.Б “...О нэг залуутай маргалдаад Б.Х салгаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод О салгаж аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 297 дугаартай “...Ц.Ц биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26/ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч С.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тогтмол орлоготой, ажил эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан торгох ял шийтгэж, прокурорын санал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ц.О 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчэс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД