| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/02094/И |
| Дугаар | 210/МА2025/01108 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01108
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03610 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
0 тоот өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 5,589,840 төгрөг, түлхүүрүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай тушаалаар *******г үйлчлэгчээр ажилд авч, сарын 350,000 төгрөгөөр цалинжуулж, өөрийн гэсэн гэр оронгүй гэхээр нь тус сууц өмчлөгчдийн холбооны ******* дүгээр байрны орцны дэргэд байрлах 0 тоот үйлчлэгчийн амралтын өрөөг засвар хийж тохижуулан хүн амьдрах боломжтой болгон амьдруулж байсан.
1.2. Сууц өмчлөгчдийн холбооны эд зүйлийг удаа дараа алдсан тул ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас халах шийдвэр гаргасан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэх хуудас гардуулсан. Гэтэл ******* нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 0 тоот өрөөг чөлөөлж өгөхгүй байна.
1.3. ******* СӨХ нь зардлаа нөхөхийн тулд тухайн байр хотын төвд байрладаг давуу талаа ашиглан гадна авто зогсоолд төлбөртэй машин байрлуулж нэмэлт орлого олдог тул авто зогсоолын орлогын 50 хувийг ******* авахаар тохиролцон гадна авто зогсоолын чип болон хаалт ажиллуулах төхөөрөмжийн дөрвөлжин түлхүүрийг ******* хариуцан ажиллаж ирсэн. Түүнчлэн гадна авто зогсоолд байрлах манаачийн байрны түлхүүрийг *******д өгсөн. Мөн ******* нь тус байрны доод хонгилд цахилгаан шат байрлах өрөөний түлхүүр, сантехникийн өрөөний түлхүүр, 0 тоот өрөөний түлхүүрийг тус тус хариуцаж байсан. Гэтэл ******* нь ажлаас халагдсан атлаа уг 6 ширхэг түлхүүрийг тус сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгөхгүй байгаа болно.
1.4. *******г ажлаас халагдсаны дараа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны *******гийн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг уг 0 тоотод тусдаа тавигдсан тоолуурын заалтын дагуу ******* СӨХ төлсөн учраас ус, дулааны төлбөрт 220,555 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн ******* нь 5 хоногт гадна авто зогсоолоос 120,000 төгрөг олдог гэж хэлээд 5 хоногт 60,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд авто зогсоолын орлого болгон тушааж байхаар тохиролцон 5-7 хоногт 60,000 төгрөгийг тус сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлж, үлдсэн 50 хувийг өөрөө авдаг байсан боловч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ******* СӨХ-ны гадна авто зогсоолд төлбөртэй машин байрлуулж олсон орлогын 50 хувийг манайд төлөөгүй бөгөөд ажлаас халагдсан атлаа манай сууц өмчлөгчдийн холбооны гадна авто зогсоолын чипийг ашиглан төлбөртэй машин байрлуулж, олсон орлогыг хувьдаа завшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тус сууц өмчлөгчдийн холбоонд орох ашгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.
1.5. Нэхэмжлэгч ******* СӨХ нь анх хариуцагч *******гээс орон сууцны орцны хажууд байрлах 0 тоот үйлчлэгчийн байр буюу өрөөг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 6 ширхэг түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны гадна авто зогсоолын орлого 1,080,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны гадна авто зогсоолын орлого 720,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг, *******гийн өмнөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд түүний хувьдаа хэрэглэсэн ус, дулааны төлбөр 220,555 төгрөг, нийт 2,020,555 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны гадна авто зогсоолын орлого 3,024,000 төгрөг, түүний хувьдаа хэрэглэсэн ус, дулааны төлбөр 545,285 төгрөг, нийт 3,569,285 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Авто зогсоолын чипийг сольсон тул зогсоолын чип болон 2 түлхүүр гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд *******дүгээр байрны 0 тоот өрөөг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 4 ширхэг түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны гадна авто зогсоолын орлого 4,824,000 төгрөг, *******гийн хувьдаа хэрэглэсэн ус, дулааны төлбөр 765,840 төгрөг, нийт 5,589,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/23 дугаартай тушаалаар *******г ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч Сүхбаатар дүүргийн Тамгын газраас ирсэн баримт болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын хүрээнд ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ******* нь 2024 оны 12 дугаар сард бүртгэгдсэн байна. Мөн ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.4, 80.1.5, 80.1.6 дахь хэсгийг тус тус дурдсан боловч ямар зөрчлийг 2 болон түүнээс дээш удаа гаргасан, анх ажилд орохдоо ямар баримт бичиг хуурамчаар бүрдүүлснийг дурдаагүй. Энэ үндэслэлээр *******г ажлаас халсан тушаал нь хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч ******* нь өнөөдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаа болно.
2.2. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,024,000 төгрөг, дундын өмчлөлийн хөрөнгөд амьдарч байсан ус, дулааны төлбөр 545,285 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч нэхэмжлэгч тал тооцооллоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. *******д 7 хоногт 120,000 төгрөг олгодог байсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй. *******гийн хувьдаа хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 545,285 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.
2.3. ******* сууц өмчлөгчдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож зайлшгүй цэвэрлэгээ хийхэд шаардлагатай материалыг удаа дараа худалдан авч байсан. Хэргийн материалд оршин суугч нарын ажлын дүгнэлтийг гаргаж өгсөн. ******* нь өнөөдрийг хүртэл 0 тоот өрөөнд амьдарч цэвэрлэгээ, үйлчилгээг 2 хоног тутамд хийж байна. Тухайн 0 тоот өрөөнд ямар ч ус байхгүй, ариун цэврийн өрөө болон гоожуур байхгүй учраас ус, дулааны төлбөр гаргуулах үндэслэл байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны эзэмшлийн ******* тоот байрны орцны дэргэдэх 0 тоот өрөөг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, сантехникийн өрөө, цахилгаан щитний өрөө, 0 тоотын өрөөнүүдийн түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 2,117,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,472,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан авто зогсоолын чип болон 2 түлхүүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,736 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******гээс 48,827 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож тус тус шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагчаас 1 сарын 216,000 төгрөгөөр тооцон 5 сарын төлбөр 1,080,000 төгрөг, 216,000 төгрөгөөр тооцон 3 cap, 3 хоногийн төлбөр 720,000 төгрөг, нийт 1,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч ******* 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд *******ын Худалдаа хөгжлийн банкин дахь *******тоот дансанд болон ******* СӨХ-ны Төрийн банкин дахь ******* тоот дансанд СӨХ-ны орлого гэх гүйлгээний утгатай 8 удаагийн гүйлгээгээр нийт 808,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь уг шилжүүлгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан тул үүнийг нотлох зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд ******* болон ******* СӨХ-ны дээр дурдсан банкин дахь дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангаагүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган гаргаж өгсөн дансны хуулга нь зөвхөн 2023 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацааны баримт байсан бөгөөд түүнээс хойших хугацааны дансны хуулгыг гаргаж өгөөгүй. Хариуцагч *******гийн төлсөн 808,000 төгрөгийг нэхэмжлэгч давхар нэхэмжилж, төлсөн төлбөрийг шүүх дахин гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******гээс ус, дулааны төлбөр 765,840 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх ******* СӨХ нь *******тэй байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчлэгчийн бие засах өрөөнд бүрэн засварын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон, ажлын хөлсийг төлсөн нь хариуцагчийн 0 тоот өрөөнд суултуур, гоожуур байхгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэсэн.
Хариуцагчийн зүгээс тухайн 0 тоот өрөөнд ус ашиглах боломжгүй, усгүй талаар тайлбарлаж, 0 тоот өрөөнд бодитоор нэхэмжлэлд дурдсан ус, гоожуур, суултуур байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх үзлэг хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Гэтэл 0 тоот өрөө нь ус ашиглах нөхцөл байхгүй тул усны төлбөрт 765,840 төгрөг шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч ус, дулааны төлбөр, мөн авто зогсоолын төлбөрийг хариуцагч тохиролцсон ёсоор төлөөгүй тухай нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Хариуцагч 1 жилийн хугацаанд дээрх асуудлаар маргаж байгаагүй атлаа хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны үед уг маргаж байгаагүй асуудлаар хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөр төлсөн баримт гэх 125 хуудас баримт авч ирсэн бөгөөд нотариатаар баталгаажуулах мөнгө байхгүй учраас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч чадахгүй байгаа талаар тайлбарласан. 2019 оны авто зогсоолын төлбөр шилжүүлсэн баримт хариуцагчид байгаа тул 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр төлсөн баримт нь мөн адил хариуцагчид хадгалагдаж байх ёстой.
5.3. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор хүсэлт гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзсэн. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 8 дугаар салбараас гаргаж өгсөн нотлох баримтаар 0 тоот өрөөнд ус ашигладаг болох нь нотлогддог. Хариуцагчийн ажлаас халагдсан 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрийг түүнээс нэхэмжилсэн бөгөөд эдгээр нь баримтаар нотлогддог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан ******* дүгээр байрны 0 тоот өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, цахилгаан щитний өрөө, сантехникийн өрөө, 0 тоот өрөөний түлхүүрүүдийг гаргуулах, ус, дулааны төлбөр 765,840 төгрөг, авто зогсоолын төлбөр 4,824,000 төгрөг, нийт 5,589,840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авто зогсоолын чипийг шинээр солиулсан тул чип болон 2 түлхүүр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* СӨХ нь Сүхбаатар дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай гэрчилгээ авсан ба ******* СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор *******ыг тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилжээ. /1хх9, 11/
3.2. ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай тушаалаар *******г 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгчийн ажил, албан тушаалд томилсон. /1хх19/
3.3. ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/23 дугаартай тушаалаар *******г 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх18/
Хариуцагч ******* нь ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус гэж маргасан байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.
3.4. Хариуцагч ******* нь ******* дүгээр байрны 0 тоот өрөөг эзэмшиж, ашиглан амьдарч байсан, амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс 0 тоот өрөөг чөлөөлж, холбогдох түлхүүрүүдийг гаргуулахаар, мөн хариуцагч *******гээс 2,117,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасантай нийцжээ.
4.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 0 тоот өрөөг чөлөөлж, түүнээс цахилгаан щитний өрөө, сантехникийн өрөө, 0 тоот өрөөний түлхүүрүүдийг гаргуулан нэхэмжлэгч Эрхэт тэнгэр СӨХ-д олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах мөнгөн дүнгийн тооцооллыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэжээ.
Хариуцагч ******* нь ******* дүгээр байрны орцны үйлчлэгчээр ажиллаж байхдаа оршин суугчдын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг бусдад ашиглуулан төлбөр авч байсан болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.
Дээрх авто зогсоол нь 5 хоногт 120,000 төгрөг олдог ба уг орлогын 50 хувийг нэмэлт орлого болгон ******* авч, 50 хувь болох 60,000 төгрөгийг Эрхэт тэнгэр СӨХ-д тушаахаар талууд тохиролцсон болох нь мөнгө шилжүүлсэн дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл авто зогсоолоос олсон орлогын 50 хувь болох 1,080,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 720,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3,024,000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардсан.
Хариуцагчаас 1 сарын 216,000 төгрөгөөр тооцон 5 сарын төлбөр 1,080,000 төгрөг, 216,000 төгрөгөөр тооцон 3 cap, 3 хоногийн төлбөр 720,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн шаардлага болох 3,024,000 төгрөгт холбогдох тооцоолол тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
4.3. Түүнчлэн хариуцагч *******г ажлаас чөлөөлсөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр capыг хүртэлх хугацааны ус, дулааны төлбөрт 765,840 төгрөгийг нэхэмжлэгч ******* СӨХ төлсөн болох нь Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 8 дугаар салбарын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байх тул тухайн төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэлгүй.
Харин хариуцагч нь ******* дүгээр байрны цэвэрлэгээ, үйлчилгээний зардалд зориулсан гэх 448,500 төгрөг нь түүний шүүхэд нотлох баримтаар өгсөн зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын баримт зэргээр тогтоогдсон тул нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Уг нэхэмжлэлд холбогдуулан анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07863 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног гэж, мөн энэ зүйлийн 71.2 дахь хэсэгт Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж тус тус заасны дагуу 90 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жилийн хугацаанд үргэлжилсэн үйл баримт тогтоогдож байна. Энэ хугацаанд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох, өөрөө нотлох боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар тухайн нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг гаргах боломжтой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно. гэж заасан. Хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр уг хүсэлтийг гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг тус тус баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, тогтоох хэсгийн 2 дахь заалтад мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03610 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...106.4 гэснийг ...106.1 гэж, 2 дахь заалтад ...492.1 гэснийг ...492.1.1 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН