| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00838/и |
| Дугаар | 968 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00838/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** багийн ***-** тоотод оршин суух Т** овгийн Т** *** /РД: УЮ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, Толгойт, *** Толгойт, *******аын ***-**тоотод оршин суух Х*** Х** Д*** /РД: ***/-д холбогдох,
"900,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Д***д өмнө нь мөнгө зээлүүлдэг байсан бөгөөд миний итгэлийг алддаггүй байсан. 2015 онд надаас 900,000 төгрөг зээлээд хариуд нь намар идэшний 3 буруу өгнө гэсэн бөгөөд 1 буруу л өгсөн. Дараа нь 2016 оны 04 сард 250,000 төгрөг бэлнээр надад өгсөн. Х.Д*** надад мөнгийг чинь удаасан тул 900,000 төгрөг болгож өгнө гэж байсан тул 900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Х.Д***гийн тайлбартаа танилцсан. Түүний тайлбартаа бичсэн 1 бяруу өгсөн нь үнэн. Түүнийг 300,000 төгрөгөөр бодохыг зөвшөөрч байна. Мөн бэлнээр өгсөн 250,000 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл 350,000 төгрөг байгаа нь үнэн. Үүнийг гаргуулж өгнө үү”гэв.
Хариуцагч Х.Д*** шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2015 оны 04 сард 300,000 төгрөг, 7 сард 600,000 төгрөг тус тус зээлж авсан. Зээлийнхээ оронд өвлийн идэш болгож 3 бяруу өгөхөөр тохиролцон бөгөөд намар нь 3 бяруу санал болгоход 1 бярууг нь аваад 300,000 төгрөгөөр бодож, үлдэгдэл мөнгийг төлөхөөр болсон. Дараа нь 2016 оны 04 сард 250,000 төгрөгийг түүнд өгсөн нь үнэн учир дээрх тооцоог хассан үлдэгдэл 350,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон төлөхөд бэлэн байна. Зээлийн үлдэгдэл төлбөрийг удаасныхаа төлөө 900,000 төгрөг болгох тухай огт яриагүй болно.Иймд шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*** нь хариуцагч Х.Д***гээс 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “нийт 900,000 төгрөгийг зээлсэн нь үнэн, үүнээсээ 300,000 төгрөгөөр бодож 1 бяруу, 250,000 төгрөг бэлнээр тус тус өгсөн. Үүнийг хасаад үлдэгдэл 350,000 төгрөг байгаа бөгөөд үүнийг төлөхөд бэлэн” гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч Т.*** нь хариуцагч Х.Д***д нийт 900,000 төгрөгийг зээлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл , тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч Х.Д*** нь дээрх хуульд заасан үүргийнхээ дагуу нийт 550,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.***д буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...1 бяруу авсан бөгөөд үүнийг 300,000 төгрөгөөр бодохыг зөвшөөрч байна. Мөн бэлнээр авсан 250,000 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл нь 350,000 төгрөг байгаа нь үнэн” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Х.Д*** үлдэгдэл 350,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь түүний шүүхэд гаргасан “...үлдэгдэл 350,000 төгрөг байгаа бөгөөд үүнийг төлөхөд бэлэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.*** нь дээрх төлбөрийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т.*** нь үлдэгдэл төлбөрийг хариуцагч удаасан тул 900,000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн гэсэн үндэслэлээр 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч зээлээ хугацаандаа төлөөгүй бол хүү, алданги тооцох болон зээлийн гэрээний үүргээ зөрчсөний хариуцлага тооцох талаар талууд тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.*** нь үлдэгдэл 350,000 төгрөгөөс илүү төлбөр шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.***гийн нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг 550,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.Д***гээс 350,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 550,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.***гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д***гээс улсын тэмдэгтийн хураамжид 11,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ