| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0298/Э |
| Дугаар | 309 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 309
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818009620245 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б 1974 оны 03 сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг Хоолт Аюушийн гудамж 48б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 14-05 тоотод оршин суух иргэн Р.Б-ын гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч, 359000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 14-05 тоотод оршин суух иргэн Р.Б-ын гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 359000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шарын гол суманд айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад согтуу байхдаа уг гар утсыг нь авсан байсан. Өөр хэлж мэдүүлэх зүйл байхгүй.
... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 12/,
-Хохирогч Р.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн данснаас Шарын гол сумын Хаан банкны АТМ-аас 09 цагийн орчим 10000 төгрөг аваад төв дэлгүүрээс 0.75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи худалдаж аваад Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны 05 тоотод амьдардаг танил Батаагийн гэрт очиж бид 2 авсан архиа хувааж уугаад би нэлээн согтсон тул архиа гаргаад харъя гэж бодоод тэднийд унтаад хэсэг хугацааны дараа сэрэхэд Батаа ахын дүү Ууганаа ирчихсэн байсан. Батаа ах “чи гар утсаа үзээрэй” гэхээр нь би халаасандаа байсан гар утсаа үзэхэд алга болчихсон байсан. Тэгээд “миний гар утас хаана байна?” гэхэд “мэдэхгүй” гээд байхаар нь цагдаа дээр дагуулж ирсэн.
...Шарын гол сумын “Мобиком” ХХК-иас зээлээр самсунг жи 2 маркын хоёр сим уншдаг, хар өнгийн гар утас 359000 төгрөгөөр худалдаж авахаар 12 сарын гэрээ хийж авсан, сард 40000 төгрөг төлдөг юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-Гэрч Л.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Шарын гол сумын Хайрхан багийн 20 дугаар байрны 1 тоотод дүү Ууганцэцэгийн гэрт байж байгаад 10 цагийн орчим гэрээсээ гарсан юм. Тэгээд явж байгаад Шижирээтэй тааралдаад бид хоёр “Түмний хишиг” нэртэй архи дэлгүүрээс мөнгөө нийлүүлж байгаад аваад нэг орц руу орж хувааж уугаад тэндээс Цогооноо гэх найзтайгаа тааралдаад 5000 төгрөг аваад дэлгүүрээс нэг шил архи аваад харих гээд явж байгаад замаараа Батхүү ахын гэрийн гадаа очиход Дархаа тамхи татаад зогсож байсан. Би орц руу нь ороод нэг давхарт явж байхад нэг танихгүй кепек малгайтай залуу 6-н байрны Амараа гэх хүүхнийг дагуулчихсан надтай зөрөөд гарч байсан. Би дээшээ Батхүү ахын гэрт ороход Эрдэмээ ах Ганаа эгч, нэг танихгүй ах байсан. Батаа ах гаднаас орж ирээд “манай найзын гар утас алдагдсан” гэхээр нь би “дөнгөж сая гаднаас орж ирж байгаа биз дээ.” гэсэн чинь “харин тийм ээ” гэж хэлээд цагдаа дуудаад шалгуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,
-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Шарын гол сумын Хайрхан багийн 46 дугаар байранд “Баянтүмбэ” нэртэй бэлэг дурсгалын эд зүйл зардаг дэлгүүртэй юм. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим дэлгүүр дээрээ сууж байхад үл таних 40 гаран настай эрэгтэй хүн орж ирээд “машиндаа бензин хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод утсаа зарах гэсэн юм, та 35000 төгрөгөөр авчих” гэхээр нь би Самсунг Жи-2 маркийн гар утсыг нь асаагаад шалгах гэсэн чинь кодтой болохоор нь “кодтой юм байна, яаж шалгах юм бэ? таны гар утас мөн юм уу? гэсэн чинь нөгөө хүн “Улаанбаатар хотод манай охин ломбард ажиллуулдаг юм, би гар утсаар нь ярьж байгаад кодыг нь олоод өгье” гээд охин руугаа залгасан чинь охин нь “ажилтай байна” гээд гар утсаа салгаад байсан. Тэгээд надад цаасан дээр “мөнгөний хэрэг гараад гар утсаа 35000 төгрөгөөр зарсан, гомдолгүй. Батдэлгэр” гэж бичиж өгөөд “би эргээд холбогдож байгаад кодыг нь хэлээд өгье” гэж хэлээд явсан юм. Тэгээд нөгөө хүн кодыг нь хэлэх байх гэж бодоод өнөөдрийг хүртэл утсыг нь ашиглаагүй байсан юм.
...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18, 87/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...12 дугаар сарын 11-ний өдөр Р.Б- нь манайд өдөр 13 цагийн орчимд ганцаараа нэг шил 0.75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи бариад орж ирсэн юм. Ингээд бид хоёр авчирсан архиа хувааж ууж дуусгаад хоол хийж идчихээд амрахаар хэвтсэн юм. Болд сандал дээр унтчихсан юм. Болд манайд ирэхдээ шинэ утастай байсан юм. Би хэвтэж байгаад босоод хажуу айл руу орж тамхи өгчихөөд орж ирэхэд манай гэрт Ууганаа буюу Ууганбат гэх залуу согтуу, Болдын дэргэд сууж байсан юм. Өөр хүн бол орж ирээгүй. Би Ууганбатыг “яах гэж орж ирсэн юм бэ? гэхэд “би сууж байя” гээд байхаар нь би гар гэж хэлээд гаргасан юм. Тэгээд Болдын гар утсыг нь үзэхэд байхгүй болохоор нь Ууганбатыг эргүүлж оруулж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Эрдэм бол ус авахаар манайд орж ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны байдлаар 359000 /гурван зуун тавин есөн мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/,
-Самсунг Жи-2 маркийн гар утсыг гэрч Б.О-аас хураан авч хохирогч Р.Б-од хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-27/,
-“Р.Б-ын 2018 оны 11 сарын 28-ны өдөр худалдан авах гэрээгээр авсан SAMSUNG GALAXY J-2 утас нь 359000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан болно.” гэх Мобиком корпораци ХХК-ийн албан тоот /хэргийн 44/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 14-05 тоотод оршин суух иргэн Р.Б-ын гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 359000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-од 359000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/ болон “Р.Б-ын 2018 оны 11 сарын 28-ны өдөр худалдан авах гэрээгээр авсан SAMSUNG GALAXY J-2 утас нь 359000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан болно.” гэх “Мобиком корпораци” ХХК-ийн албан тоотоор /хэргийн 44/ нотлогдож байх бөгөөд гар утсыг буцаан өгч хохиролгүй болгосон /хэргийн 26-27/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Б-ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 14-05 тоотод оршин суух иргэн Р.Б-ын гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 359000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Б-т үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 359000 /гурван зуун тавин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Б-т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-т анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ