| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2024/06896/И |
| Дугаар | 210/МА2025/01112 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01112
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04168 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Нийлүүлсэн материалын үнэ 43,644,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани нь элс олборлох, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-тай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар талуудын хооронд гэрээний маргаан үүсэж, шүүхэд хандсан ба Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 479 дугаар тогтоолоор хариуцагч ******* ХХК-аас ******* дүгээр хороонд баригдаж буй тус компанийн орон сууцнаас 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө байр болон алдангид 154,588,549 төгрөгийг тус тус гаргуулж манай компанид олгохоор эцэслэн шийдвэрлэгдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.
1.2. Тухайн үед ******* ХХК-тай харилцан тохиролцож ******* ХК нь алдангийн зөрүү болох 118,485,233 төгрөгт блок, элс, хайрга өгөх, ******* ХХК нь байр гаргаж өгөхөөр болсон. Ингээд ******* ХХК нь өөрсдийн тээврээр, өөрийн барилгын объект дээр тохиролцсон блок, элс, хайргаа татан авахаар болсон. Тус компанийн эзэмшлийн ******* дүгээр хорооны газар дээр барилга барьж буй гүйцэтгэгч компани нь ******* ХХК байсан бөгөөд тухайн 2 компанийн эзэд нь нэг ба өөрсдийн тээврээр материалаа татан авч, манай нийлүүлэлтийн талбай дээр баримт үйлдэж, 2 талын гарын үсгээр баталгаажуулж байсан.
1.3. Блок нийлүүлэлтийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16 удаа буюу 165.01м3 нийлүүлсэн ба нийт 26,250,576 төгрөгт ачилт хийж өгсөн. Харин 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл элс, хайргыг 83 удаа өөрийн тээврээр ирж нийт 1605 м3 элс хайргыг авсан ба нийт 17,394,300 төгрөгт манай талаас ачилт хийж өгсөн.
1.4. Дээрх хугацаанд ******* ХХК-аас манай компанид хүргүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02/49 дугаартай албан бичгээр тус компанийн өмнөөс ******* ХХК блок авч байсан болох нь нотлогдох ба ******* ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/566 дугаартай албан бичгээр тус компани элс, хайргыг ******* ХХК болон ******* ХК нарын хооронд шүүхийн тогтоолын хүрээнд авч байгаагаа илэрхийлсэн байдаг.
1.5. Энэ хугацаанд манай компани байраа гаргуулахаар удаа дараа хандсан боловч тухайн барилгад байр байхгүй, зарагдаж дууссан гэсэн шалтгаанаар байрыг гаргаж өгөөгүй тул бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг яаралтай хийж өгөхийг шаардсан. Гэтэл тухайн барилгад нэг ч байр байхгүй байсан ба манай компанийг хууран мэхэлж хөрөнгийн битүүмжлэл хийлгүүлэлгүй материал авах нэрээр гүйцэтгэх ажиллагааг саатуулж бидэнд хохирол учруулж байсан тул дахин материал нийлүүлээгүй болно.
Ингээд байр гаргуулахаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа хийхэд алдангийн зөрүү төлбөрийг авсны дараа байр гаргаж өгнө гэж маргаж, байр гаргаж өгөхгүй удаад байсан тул манай компаниас алдангийн зөрүүнд нийлүүлсэн материалын төлбөр болох 43,644,876 төгрөгийг нийт алдангийн дүн болох 118,485,233 төгрөгөөс хасаж үлдэгдэл 75,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дансанд төлж байраа гаргуулах гэтэл 2019-2020 онд авсан материалыг тооцоо нийлэхгүй, манайх аваагүй хэмээн худал хэлж үндэслэлгүйгээр хойшлуулж, манай компанийг 13 жил хохироож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай очиж уулзахад төлбөр авагч нь аваагүй гээд байхад бид энэ нийлүүлсэн материалын дүнг төлсөн гэж хасаж болохгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэсэн хариу өгсөн.
Иймд хариуцагч ******* ХХК-аас нийлүүлсэн материалын үнэ болох нийт 43,644,876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХК болон ******* ХХК нар нь ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж эрх зүйн харилцаанд оролцоогүй. Хариуцагч нь баримтын шаардлага хангасан хэлбэрээр 2015 оны Улсын дээд шүүхийн тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн ба уг тогтоолоор ******* ХХК, ******* ХК нарын хоорондох өглөг, авлагатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. ******* ХХК нь энэ маргаанд хамааралгүй бөгөөд өмнө нь шийдвэрлэсэн маргааныг сүүлд зарлагын баримт бүрдүүлээд, мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй.
2.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа зарлагын баримтад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүн, ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь тодорхойгүй. Мөн тухайн баримтыг ******* ХК нь өөрөө үйлдээд хүлээн авсан гэх хэсэгт өөрийн санхүүгийн тэмдгээ дарсан байна. Нэхэмжлэгч нь барааг хүлээлгэж өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй ба энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн ******* ХХК, ******* ХХК-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний зарлагын баримтыг үндэслэн ******* ХХК-аас үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
2.3. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 13.4.2-т тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол гэрчлэхгүй байхаар заасан тул уг зарлагын баримтад гарын үсэг, нэр байхгүй байхад гэрчилсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн.
2.4. Нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тоолоход 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийлүүлсэн барааны үнэ 15,873,726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,771,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 237,319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийлүүлсэн барааны үнэ 15,873,726 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, эрх зүйн харилцаанд ороогүйгээс гадна хариуцагч нь ямар ч бараа хүлээн аваагүй болно.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн. Шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтыг ******* ХК үйлдэж, уг баримтад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүн нь тодорхойгүй. ******* ХХК нь уг барааг хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ******* ХК нь ******* ХХК-д барааг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч нотлоогүй. Мөн талуудын хооронд ямар ч тооцоо нийлсэн санхүүгийн баримт байхгүй. Уг зарлагын баримтад ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК гэх мэт компаниудын нэр бичигдсэн.
4.3. Шүүхийн нотлох баримтаар үнэлсэн зарлагын баримт нь холбогдох хууль, журамд нийцээгүй. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ. гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 13.4.2-т тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол гэрчлэхгүй байхаар зохицуулжээ. Гэтэл зарлагын баримтын гарын үсэг хэсэгт нэр байхгүй, гарын үсэг зурагдаагүй.
4.4. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтын огноог харвал 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолно. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхгүй байна.
4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д тус тус заасан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 479 дугаар тогтоолоор *******" ХХК нь хариуцагч биш гэж эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болно.
4.6. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн баримт нь хууль зүйн бодит үндэслэл болж чадахааргүй байхад шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Иргэний хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй тул талууд амаар гэрээг байгуулсан. Хариуцагч талаас ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02/566 дугаартай албан бичиг хавтаст хэргийн 6 дугаар талд нотлох баримтаар авагдсан. Тус албан бичигт шүүхийн шийдвэрийн дагуу авлагын зөрүүнд ******* ХК-аас бараа хүлээж авч байгаагаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Бичгээр гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр бараа хүлээж аваагүй гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн гэж үзэж байна.
5.2. Хариуцагчийн гомдолд дурдагдсан зарлагын баримтад нийлүүлэгч болон хүлээн авагч байгууллагуудын нэр бичигдсэн бөгөөд хэнээс хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхой харагддаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 43,000,000 төгрөгөөс хариуцагч талд хамаарах хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Зарлагын баримт нь байгууллагуудын анхан шатны санхүүгийн баримт болдог.
5.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрт бараа нийлүүлж байгаад 2024 оны 05 дугаар сард тооцоо нийлэх гэхэд хариуцагч аваагүй гэж маргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийлүүлсэн материалын үнэ 43,644,876 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй буюу хуульд зааснаар үүсэх үүргийн харилцааг гэрээний эрх зүйн харилцаанд хамааруулан алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан ******* ХХК-тай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дугаартай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* дүгээр хороонд баригдаж буй ******* ХХК-ийн орон сууцнаас 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон алданги 222,334,400 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан бүтээгдэхүүний тээврийн хөлс болон алданги 271,736,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 551 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэг болох нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 177,887,500 төгрөгт ******* дүгээр хороо, ******* ХХК-ийн орон сууцнаас 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 222,334,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХК-аас зөрүү 39.25 м3 хөнгөн бетон буюу 1,337,250 төгрөг, тээврийн зардал 16,200,000 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 255,536,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 482 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна.
Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 479 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж, ******* дүгээр хороо, өөрийн компанийн сууцнаас 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон алдангид 153,662,288 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68,672,112 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХК-аас 273,073,782 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх61-68/
Дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагч ******* ХХК-аас нийлүүлсэн материалын үнэ 43,644,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хянан шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн ...тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх урьд шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад ******* ХК, ******* ХХК нар нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийн үүргийг харилцан тооцож, зөрүү 119,411,494 төгрөгт ******* ХК нь блок, элс, хайрга өгөхөөр ******* ХХК-тай тохиролцсоны дагуу түүний нэрлэн заасан этгээд болох ******* ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлж байсан болох нь хэрэгт авагдсан ******* ХК-д хүргүүлсэн ******* ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02/49 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02/566 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байх тул зохигчийн хооронд бараа нийлүүлэх харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хх5-6/
4.3. Дээрх харилцан тооцсон зөрүү төлбөрөөс төлбөр төлөгч ******* ХК нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эзэмшлийн Голомт банкин дахь ******* тоот дансанд 75,000,000 төгрөгийг шилжүүлэх замаар төлбөр авагч ******* ХХК-д төлж, үлдэгдэл төлбөрийг ******* төлбөр авагч ******* ХХК-д төлсөн буюу төлбөр авагч ******* ХХК үлдэгдэл төлбөр болох 44,608,552 төгрөгийг хүлээн авснаа илэрхийлснээр төлбөр төлөгч ******* ХК зөрүү төлбөрийг төлж барагдуулан, улмаар төлбөр авагч ******* ХК-ийн хүсэлтээр төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******дүгээр хороо, *******,1 тоот хаягт байрлах, 106.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд шилжүүлж, талуудын хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болгожээ. Уг үйл баримт нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх79-88, 135/
5. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх боловч ******* ХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах үүднээс ******* ХХК-д 15,873,726 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба дээр дурдсаны дагуу төлбөр төлөгч ******* ХК нь төлбөр авагч ******* ХХК-д зөрүү төлбөр болох 119,608,552 төгрөгийг төлж барагдуулсан, уг төлбөрт ******* ХХК-д нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ болох 15,873,726 төгрөгийг оруулан тооцоогүй байх тул ******* ХХК нь 15,873,726 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүний зарим хэсэг буюу 15,873,726 төгрөгт холбогдох хэсэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлөгдсөн төлбөрт орж тооцогдоогүй учраас энэ хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй ба хариуцагч нь үндэслэлгүй олж авсан зүйлийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөх үүрэгтэй байна.
6. Дээрх үндэслэлээр талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шүүхийн дүгнэлтийг залруулж байгаа тул хариуцагчаас шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах шаардлагад хамаарах зохицуулалт болох Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан зарлагын баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас 15,873,726 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243 дугаар зүйлийн 243.1 дэх гэснийг ...493 дугаар зүйлийн 493.2 дахь гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН