Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 310

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч О.Б  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б д холбогдох эрүүгийн 1918000000345 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О.Б  1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Д.П-ы 6-90 б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дархан зах”-ын ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах “Ариг” хүнсний дэлгүүрийн үүдэнд хамтран амьдрагч Д.П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар өөрийг нь “янхан” хэмээн дуудлаа гэж архины хагархай шилээр хүзүү, хоолой хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйх, хүзүүнд шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дархан зах”-ын ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах “Ариг” хүнсний дэлгүүрийн үүдэнд хамтран амьдрагч Д.П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар өөрийг нь “янхан” хэмээн дуудлаа гэж архины хагархай шилээр хүзүү, хоолой хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйх, хүзүүнд шарх бүхий” хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Д.П- нь намайг байнга хардаж, хэл амаар доромжилж, эрх чөлөөнд минь халддаг. Энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байсан боловч Д.П-д ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Энэ хэрэг ч бас түүний намайг доромжилсон үйлдлээс болж гарсан.

...миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-3/,

-Д.П-ы согтуурлыг шалгахад 0,24% гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 4/,

-“Чансаа” гэсэн бичиглэлтэй архины шилний амсрыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 6/,

 

-Хохирогч Д.П-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд бирж дээр Батбайгальтай хамт архи уучихаад байж байсан чинь Батбайгаль “хүнтэй уулчихаад ирье” гээд явчихаад эргээд ирэхээр нь би “хаашаа яваад ирж байгаа юм бэ? янхан, пизда минь” гэсэн чинь Батбайгаль намайг газар байсан архины шилний хагархайгаар хүзүү рүү цохих шиг болсон чинь миний хүзүү халуу дүүгээд цус гарахаар нь би тэрийгээ дарчихсан сууж байсан чинь эмнэлэг хүрээд ирсэн. Тэгээд би эмнэлэг яваад цагдаа сэргийлэх болсон.

...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргээ хурдан шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

 

-“Эрсдэлийн түвшин бага, дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй.” гэх аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 10-11/

 

-Д.П-ы биед зүүн чамархайн хуйх, хүзүүнд шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15-16/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 17-18/болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч О.Батбайгалийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.П-ы биед “зүүн чамархайн хуйх, хүзүүнд шарх” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Д.П- нь “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 9/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч О.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дархан зах”-ын ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах “Ариг” хүнсний дэлгүүрийн үүдэнд хамтран амьдрагч Д.П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар өөрийг нь “янхан” хэмээн дуудлаа гэж архины хагархай шилээр хүзүү, хоолой хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйх, хүзүүнд шарх бүхий” хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгч О.Б  нь орлого олох боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Б  нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн бөгөөд 204 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/1841 дугаартай албан тоотоор нотлогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 204 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 504 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Б-г Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлүүлэхээр 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар О.Б д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаас эдлээгүй үлдсэн 204 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 504 /таван зуун дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ