Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01124

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03058 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас алдангид 12,351,528 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үүрэг зөрчсөний улмаас алдангид 4,752,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр В-2-2-В дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан ******* нутаг дэвсгэрт баригдаж буй ******* тоот хаягт байрлах, 74.11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан. Гэтэл ******* ХХК нь өөрийн компанийн нэрийг ******* ХХК болгон өөрчилсөн тул дээрх гэрээг шинэчлэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3-2202 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан.

 

1.2. ******* нь дээрх гэрээнд заасны дагуу орон сууцыг 122,281,500 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрт 24,684,450 төгрөг, байрны түлхүүр хүлээн авсан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 85,597,050 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 12,000,000 төгрөгийг тус тус ******* ХХК-ийн эзэмшлийн Богд банкин дахь ******* тоот дансанд шилжүүлж төлбөрөө бүрэн төлсөн.

1.3. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1-д ...орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгнө. гэж заасан боловч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр түлхүүрээ авч, байрандаа орсон.

 

1.4. ******* ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 586 хоногийн хугацаанд уг барилгыг барьсан ба Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *******дугаартай дүгнэлтээр орон сууцыг ашиглалтад оруулах зөвшөөрлийг ******* ХХК-д олгосон.

 

1.5. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ******* ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр тус компани нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд орсон ба бусад хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой байсан.

 

1.6. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.4-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанаас /2020.12.31/ хойш захиалагчид орон сууцыг энэ гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хугацаандаа ашиглалтад ороогүй 169 хоногийн алдангид гэрээнд заасан хугацаанд төлсөн төлбөр болох 110,281,500 төгрөгийн дүнгээс тооцон 18,637,489 төгрөгийг шаардаж байгаа ба нэхэмжлэгч нь үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлж хугацаа хожимдуулсан үнэн болно.

 

1.7. Нэхэмжлэгч ******* нь хугацаандаа ашиглалтад ороогүй 180 хоногийн алдангийг нэхэмжлэх эрхтэй боловч хугацаа хэтэрсэн 172 хоногоос 60 хоногийг хасаж 112 хоногийн алдангид хугацаандаа төлсөн 110,281,500 төгрөгийн дүнгээс тооцож 12,351,528 /1 өдрийн алданги - 110,281.5 төгрөг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

Иймд гэрээний үүрэг зөрчсөний улмаас алдангид 12,351,528 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн ковид цар тахал дэгдсэнээс болж Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авсан ба 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс БНХАУ-ын хил залгаа бүх боомтыг хаасан. Үүний улмаас барилгын материал, хүний нөөцөд гадаад хүчин зүйлс нөлөөлсөн. Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/04 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 дугаартай албан даалгавруудаар барилга байгууламжийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажил үүргээ гүйцэтгэхдээ ажилчдын бөөгнөрөл үүсгэхгүй, олон хүнийг нэг дор ажиллуулахгүй байх хязгаарлалт тогтоосон.

 

2.2. ******* ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь дэлхий нийтэд дэгдээд буй коронавирусын цар тахал эхэлсэн өдрөөс дуусгавар болох өдөр хүртэл хүчин төгөлдөр юм.

 

2.3. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1.1, 6.1.3-т тус тус зааснаар Монгол Улсын хэмжээнд байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, удаан хугацаагаар хур тунадас орох, гэнэтийн аюул, осол болон түүнтэй адилтгах бусад онцгой нөхцөл байдлын улмаас барилгын ажлыг зогсоох шаардлага гарсны улмаас талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй хойшлуулсан явдлыг гэрээг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нөгөө талын өмнө хариуцлага хүлээхгүй ба энэ нөхцөл байдал үүсэж барилгын ажил зогссон тохиолдолд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ авч, тухайн нотлогдсон хугацаагаар гэрээний хугацааг сунгахаар байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. ******* ХХК нь *******тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.3-т Захиалагч нь уг гэрээний үнийн дүнгийн 30 хувийг гэрээ хийсэн өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн байх. гэж, мөн гэрээний 2.4-т Уг гэрээний үнийн дүнгийн 30 хувь нь 36,684,450 төгрөг байна. гэж тус тус заасны дагуу ******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 36,684,450 төгрөгийг манай компанид төлөх ёстой байсан. Гэтэл ******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компанийн эзэмшлийн Богд банкин дахь ******* тоот дансанд 24,684,450 төгрөг шилжүүлсэн байх ба төлбөл зохих төлбөрөөс 12,000,000 төгрөгийг дутуу төлсөн.

 

3.2. Дээрх гэрээний 5.3-т Захиалагч энэ гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй /гэрээ хийсэн өдрөөс хойш ажлын 15 хоног/ тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги гүйцэтгэгчид төлнө. гэж заасан. Захиалагч тал буюу ******* нь урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 12,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг хугацаа хожимдуулж төлснөө хүлээн зөвшөөрсөн байдаг тул 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 396 хоногийн алдангид 4,752,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Иймд гэрээний үүрэг зөрчсөний улмаас алдангид 4,752,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

4.1. ******* нь орон сууц захиалгын төлбөрийг тухай бүрд нь төлдөг байсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 36/79 дугаартай албан бичгийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. ******* ТӨҮГ болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан барилга барих хамтын гэрээгээр ******* ТӨҮГ-ын ажилчид ******* ХХК-аас орон сууц захиалбал тус үйлдвэрийн газраас урьдчилгаа 12,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдаг ба тус гэрээний 4.8-д заасныг үндэслэн орон сууц худалдан авахад 12,000,000 төгрөгийн дэмжлэгт хамруулж өгөх тухай хүсэлт болон өргөдлийг гаргаж өгсөн. ******* 12,000,000 төгрөгийг хугацаа хожимдуулж төлсөн нь өөрөөс нь хамаараагүй буюу ******* ТӨҮГ 12,000,000 төгрөг өгнө гээд өгөөгүй байдаг. Үүнийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох, нэхэмжлэгч *******ын 12,351,528 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******д холбогдох 4,752,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,982 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7,863 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж чадаагүй, хариуцагчаас нотлох баримт нэмэлтээр гаргуулах шаардлагатай байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч ******* ХХК нь өөрийн буруугаас хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор үүргийн ноцтой зөрчил бий болсон гэх үндэслэл тогтоогдоогүй, ердийн боломжит хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэв. гэж, мөн хэсгийн 8-д Нэхэмжлэгч ******* нь хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, 112 хоног хэтрүүлсэн гэж тайлбарласан боловч хугацаа хэтрүүлсэн хоногийг хэзээнээс хэзээг хүртэлх хугацаа болохыг тодорхой тайлбарлаагүй, мөн хариуцагч гэрээний зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул алданги 12,351,528 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж байна. гэж тус тус дурдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад хариуцагч талаас ашиглалтад оруулахаар тохиролцсон хугацаанд барилгын явц ямар байсан, хэдэн хувийн гүйцэтгэлтэй явагдаж байсныг нотлуулах шаардлага үүссэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөөгүй буюу 169 хоногоор хугацаа хэтрүүлсэн алдангид 18,637,489 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган хугацаа хэтрүүлсэн 112 хоногт ногдох алдангид 12,351,528 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 396 хоногт ногдох алдангид 4,752,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байх боловч алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс тус тус залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

3.1. ******* нь ******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр В-2-2-В дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байх бөгөөд тус компанийн оноосон нэр ******* ХХК болон өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус гэрээг шинэчлэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3-2202 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр ******* багийн нутаг дэвсгэрт баригдаж буй ******* тоот хаягт байрлах, 74.11 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,650,000 төгрөгөөр тооцон нийт 122,281,500 төгрөгөөр худалдан авахаар, захиалагч нь гэрээний төлбөрийн 30 хувь болох 36,684,450 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор, үлдэгдэл 70 хувь болох 85,597,050 төгрөгийг түлхүүр хүлээн авах үед төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар, мөн шинэчлэн байгуулсан гэрээнд зөвхөн компанийн оноосон нэрийг өөрчилж, гэрээнд дахин гарын үсэг зурсан буюу гэрээний агуулга, заалтад аливаа өөрчлөлт ороогүй талаар зөв дүгнэжээ.

 

3.2. ******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 24,684,450 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 85,597,050 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 12,000,000 төгрөгийг тус тус ******* ХХК-ийн эзэмшлийн Богд банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн байх ба талууд уг үйл баримтад маргаагүй.

 

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн үндэслэлээр хугацаа хэтрүүлсэн хоногт ногдох алдангийг шаардсан ба шүүх ...захиалагчийн ажлын байрны хөнгөлөлтөөр 12,000,000 төгрөгийг эдлэхээр гэрээнд тусгагдсан, ...зохигч анхнаасаа гэрээг байгуулахдаа 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг захиалагчийн ажил олгогчоос төлөх боломжтой нөхцөлийг урьдчилан тохирсон гэж үзэхээр байна. гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.3. Харин анхан шатны шүүх коронавирус цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн хугацаанд шилжүүлсэн, хил залгаа бүх боомтыг хаасан зэрэг нөхцөл байдлын улмаас ******* ХХК нь ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй илэрхий нөхцөл байдалтай байсан тул хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг ноцтой хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20/0479 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичгийг үндэслэн тус компанид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/621 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар коронавирус цар тахалтай холбогдуулан талуудын аль аль нь төлбөр төлөх хуваарь, орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацааны талаарх өөрчлөлтийг гэрээнд оруулаагүй учраас коронавирус цар тахалтай холбоотойгоор гэрээний талуудын хүлээсэн үүргийг гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд өөрчлөлт орсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацааг сунгах хүндэтгэн үзэх үндэслэл үүсээгүй байна.

 

Түүнчлэн ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нөхцөл байдлын талаар захиалагч *******д мэдэгдэж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул ажил гүйцэтгэгчийг хүндэтгэн үзэх шалтгааныг улмаас үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

 

Харин орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа дуусгавар болох үед нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байсан, мөн хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй буюу талуудын аль аль нь үүргийн зөрчилтэй байсан тул одоо харилцан бие биеэсээ алданги шаардах эрхгүй буюу энэ эрхээ алдсан байна. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж байна. Шүүхийн дүгнэлтийг залруулсан нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлсэн байх бөгөөд тус шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад алдангид холбогдох хуулийн заалтыг бичихдээ 232 дугаар зүйлийг дутуу орхигдуулж бичсэн алдааг залруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243.1, гэсний дараа 232 дугаар зүйлийн гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН