Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/01134

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******од холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие болон ******* бид ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг *******ын нэрээр хийж, энэхүү ажлаас олох ашгийг 50 хувиар хувааж авахаар амаар харилцан тохиролцсон.

1.2. ******* ХХК-ийн компанийн захиалгаар ******* ХХК-тай ******* өргөн чөлөөнд байрлалтай, ******* барилгын галын усны системийн угсралтын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн тус барилгын 4 давхраас эхлэн нийт 25, давхар тус бүрийг 8,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Мөн тухайн барилгын ердийн галын усны систем тоноглолын ажлыг 100,000,000 төгрөгөөр тохиролцож хийсэн. Мөн нэмэлтээр өөрчлөлтүүд болон бусад будгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

1.3. Хариуцагч *******оос хамтарч ажилласны хөлс 25,000,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Гэрээт ажлын нийт үнэлгээ 120,000,000 төгрөг, ******* гэрээ байгуулсан учир түүний дансанд мөнгө орж, ажилчдын хоол, шатахуун, ажлын хөлсийг ******* хариуцаж өгдөг байсан. Надад 12,389,000 төгрөг шилжиж орж ирсэн. Нийт ажилчдын цалинд 47,000,000 төгрөг, хоолны зардалд 10,000,000 төгрөг зарцуулаад үлдэгдэл мөнгө нь ашиг тул миний бие нь 40,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үндэслэл болгон өөрчилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие *******г өдрийн цалингаар цалинжуулан ажиллуулсан ба цалин хөлсийг нь олгосон. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагад хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дурдагдсан байх боловч гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд түүний нөхцөл, үүрэг, хариуцлага тогтоогдох боломжгүй. Гэрээний талуудын бодит тохиролцоо нь тодорхой бус байгаа тул хамтран ажиллахтай холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

2.2. Гэрээг ******* байгуулсан учир түүний дансанд мөнгө ороод ажилчдын хөлсийг ******* хариуцаж, надад 12,000,000 төгрөг өгсөн гэж байна. Ажилчдын цалин хөлс, унааны зардал, бусад зардалд 40,000,000 зарцуулсан гээд байгаа боловч 40,000,000 төгрөг зарцуулсан баримт байхгүй. Нэхэмжлэлд дурдсан 120,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг бусад зардалд зарцуулсан гэж хасаж байгааг ойлгохгүй байна.

2.3. Нэхэмжлэгч *******тэй хамтран ажилласан зүйл огт байхгүй бөгөөд түүнийг зөвхөн өдрийн хөлсөөр тохирч ажиллуулсан нь хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдоно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,000,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 517,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ******* ХХК болон ******* хоёрын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт санхүүжилтийн графикт нийт үнийн дүн 110,000,000 төгрөг байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч тал тухайн ажлыг хийх нийт ажилчдаа 100 хувь хариуцна гэж заасны дагуу ******* нийт ажилчдаа хариуцан, тухайн ажлыг хийж дуусгасан.

4.2. ******* ХХК-ийн санхүүгийн баримтаар нийт 127,500,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн мэтээр гаргаж өгсөн баримт нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд түүнд нийт 23 удаагийн гүйлгээ харагдаж байгаа боловч ******* руу нийт 10 удаагийн гүйлгээ хийсэн байдаг. Зарим ажлыг хийж гүйцэтгээгүй, өөр хүнээр хийлгэсэн байхад ******* руу шилжүүлсэн баримт байсан. Үүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргаж, ******* ХХК-аас санхүүгийн баримтыг гаргуулахаар захирамж гарсан боловч уг захирамж биелэгдээгүй.

4.3. Анхан шатны шүүх гэрч *******ы мэдүүлгийг үнэлсэн боловч энэ нь бодит байдалд нийцээгүй, шүүх гэрчийн мэдүүлгийг гуйвуулан ашиглаж, дүгнэлт хийсэн. Санхүүгийн баримтаар 127,000,000 төгрөг шилжүүлсэн баримт огт байхгүй байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үндэслэн гэрээний төлбөрийг ******* 100 хувь авсан мэт дүгнэсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

4.4. Анхан шатны шүүх *******, ******* хоёрын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Иргэний хуулийн 476, 477, 478, 480 дугаар зүйлд тус тус зааснаар хамтран ажиллах гэрээ нь бичгээр байгуулагдаж, гэрээний зорилго, талуудын эрх, үүрэг, ашиг хуваарилалт, хариуцлага, хөрөнгө санхүүгийн оролцоог тодорхой тусгасан байх ёстой.

4.5. Дундын өмч гэж нэрлэсэн багаж хэрэгслийг өөр төслийн хүрээнд *******гийн зүгээс авч ашиглаж байсан бөгөөд энэ нь уг гэрээнд хамтран оролцсон гэдэг нотолгоо болохгүй. Хөрөнгө нийлүүлсний үндсэн дээр хариуцлага тогтоох нь үндэслэлгүй бөгөөд *******од тухайн багаж байхгүй. Шүүх уг багажийг ******* барилгын ажилд ашигласан, *******од байгаа, дундын өмч ашигласан гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй. Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй зүйлд дүгнэлт хийж, ******* ХХК-тай огт хамааралгүй, хэрэгт холбоогүй гүйлгээг баримтаар үнэлж, дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

4.6. Шүүх 82,000,000 төгрөгийн цэвэр ашиг бий болсон гэж дүгнэж, түүний 50 хувийг нэхэмжлэгчид ногдуулсан. *******ын орлого болон зардлын харьцааг банкны хуулга, татварын тайлан, ажилчдын цалин, гэрээний нөхцөлөөр бүрэн нотолж өгсөн боловч шүүх эдгээр баримтыг үнэлээгүй. Шүүхийн шийдвэр зөвхөн нэхэмжлэгчийн мэдүүлэгт үндэслэсэн ба *******ын зүгээс гаргасан эсэргүүцэл, баримт, тайлбар, гэрчийн мэдүүлэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

4.7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эрх тэгш байдлын зарчмыг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 478, 480 дугаар зүйлд тус тус заасан ашгийн хуваарилалтын тохиролцоо байхгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй, хөрөнгийн хуваарилалтын нөхцөл хангагдаагүй, гэрээний үүрэг, хариуцлага бичгээр баталгаажаагүй тул нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч *******той өмнө нь олон удаа хамтарч ажил гүйцэтгэж байсан. Мөн нотлох баримтуудыг өөрөө устгаж, хүмүүсийг төөрөгдүүлэх зорилгоор худал тайлбар гаргаж байна. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь төлбөр тооцооны асуудал байхгүй гэх хариу өгдөг. Хариуцагч тал намайг өдрийн цалингаар ажиллуулсан гэж тайлбарладаг боловч талуудын хоорондоо харилцсан чатаар ашгаа хуваах асуудал тодорхой харагддаг.

5.2. ******* ХХК-тай өөрийнхөө нэрээр гэрээ байгуулсан. Өмнө нь хамтарч ажилладаг байхдаа аль нэг нь гэрээгээ байгуулаад ашгаа хувааж авдаг байсан. ******* ХХК нь *******той 110,000,000 төгрөгөөр гэрээгээ байгуулсан боловч надад 100,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан гэж ойлгуулсан. Гэтэл ******* би гэрээ хийсэн учраас чи ямар ч хамаагүй гэж хандсан. ******* ХХК-тай гэрээ байгуулсан мөнгөөр дундын багажуудыг авсан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тэдгээр багаж хэрэгслийг бүгдийг нь хариуцагч авсан.

5.3. Татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлох 3 баримт гаргаж өгсөн. *******г хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан цагийн ажилтан гэж тайлбарладаг боловч ямар хөдөлмөрийн гэрээгээр, хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь тодорхойгүй.

5.4. Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу амаар, эсхүл бичгээр байгуулж болно. Талууд амаар тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Талууд 2013 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн ба хамтын ажлын үр дүнд талууд дундын өмчтэй болсон бөгөөд сүүлд хийсэн гэрээнд тухайн дундын өмчөө хэрэглэсэн.

5.5. *******ын данс руу 127,500,000 төгрөг орсон нь нотлох баримтаар нотлогдож байгаа учраас хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй ба анхан шатны шүүх хуралдааны үед талууд хангалттай мэтгэлцэж, бүх нотлох баримтуудыг судалсан учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан хамтран ажилласан ажлын хөлс 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийн ашигт 40,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэгч ******* болон захиалагч ******* ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдан Улаанбаатар хотын ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан ******* оффис үйлчилгээний барилгад ган хоолой, усны шугам хийж угсрах, түүний бэхэлгээ хийж барилгад суурилуулах, салбар шугамын чангалгаа, гагнуурын ажил зэрэг гал эсэргүүцэх системтэй холбоотой бусад ажлыг барилгын норм дүрэмд нийцүүлэн гүйцэтгэхээр, ажлын хөлс 110,000,000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх7-10, 31-44, 202-205/

3.2. ******* ХХК-ийн данснаас *******ын дансанд нийт 13 удаагийн гүйлгээгээр маргаан бүхий ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан зарлагын гүйлгээ хийгдэн нийт 94,150,000 төгрөгийг ******* авсан.

3.3. ******* өөрийн данснаас *******гийн дансанд нийт 13 удаагийн гүйлгээгээр 12,449,000 төгрөг, мөн тэрээр өөрийн данснаас *******эд нийт 3,980,000 төгрөгийн зарлагын гүйлгээгээр шилжүүлсэн.

3.4. ******* нь *******оос шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4,000,000 төгрөгийн гүйлгээнээс 2,900,000 /2,500,000+400,000/ төгрөгийг цалин гэх гүйлгээний утгаар зарлага гаргасан.

3.5. Түүнчлэн ******* нь ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 22/23 дугаартай 89 сургуулийн дотор халаалтын шугамын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тус гэрээний хөлс болгон 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 38,000,000 төгрөгийн урьдчилгаа орж ирсэн байх ба тэрээр тухайн өдрөө 9,480,000 төгрөгийг бараа гэх гүйлгээний утгаар зарлага гарган ******* ХХК-аас ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж, аппарат тоног төхөөрөмжүүд авсан. /1хх164, 156-163/

3.6. Мөн захиалагч ******* ХХК-аас гарган өгсөн баримтаар хариуцагч *******од 20 удаагийн гүйлгээгээр 127,500,000 төгрөгийн хөлс төлсөн гэж тооцоолол гарган өгсөн боловч зохигчийн тайлбараар 26,500,000 төгрөгийн гүйлгээг маргаанд хамааралгүй гэж үзэн анхан шатны шүүхээс тооцоололд оруулж тооцоогүй байна. /1хх123/

3.7. Дансны гүйлгээнээс гадна ******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24/01-01 дугаартай албан бичиг, талуудын тайлбараас үзвэл ******* УБД улсын дугаартай ******* арлын дугаартай автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6,850,000 төгрөгт ажлын хөлсөнд тооцон хариуцагч ******* авсан гэх үйл баримтыг тус тус тогтоосон.

3.8. Хийсэн ажлын хүрээнд мөнгөн хөрөнгийг ******* ХХК-ийн данснаас хариуцагч *******ын дансанд нийт 13 удаагийн гүйлгээгээр 94,150,000 төгрөгийг хариуцагч дансаараа авсан гэдэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Уг үйл баримтыг тогтоохдоо хариуцагчийн дансны хуулгыг үнэлсэн байна. Хариуцагч нь өөрийн дансны хуулгаар авагдсан баримтыг өөр байсан гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй.

 

4. Талууд дээрх ажлыг 110,000,000 төгрөгөөр тохиролцож хийсэн боловч захиалагчаас ирүүлсэн санхүүгийн баримтаар хариуцагч *******од 127,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул урсгал зардлын 47,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 80,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэсний цэвэр ашиг бөгөөд энэ дүнгээс 50 хувиар тооцож 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг.

4.1. Гэвч уг ажлыг хариуцагч ******* нэхэмжлэгч *******г хөлсөөр ажиллуулсан гэх тайлбар гаргаж татгалзах боловч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ******* дээрх ажлыг *******, ******* нар ахлаад хамтран ажиллаж, гүйцэтгэж байсан, бригад ахалж байсан болохоор өдрийн цалингаар ажиллаагүй байх, энэ хоёртой уг ажлыг дуусахад би хамт байлцсан гэж, гэрч захиалагч ******* ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд ******* дээрх гэрээт хөлсийг бүрэн төлсөн, 110,000,000 төгрөг төлөхөөс 127,000,000 төгрөг буюу илүү төлсөн гэж, гэрч ******* мэдүүлэхдээ ******* ХХК-д сангийн инженер ажилтай гээд дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр *******, ******* нарыг бригадаар авч ажиллуулсан, хэн хэнийгээ байхгүйд ажлаа хариуцаад зааварчлаад явдаг байсан, хоёулаа бригад ахалдаг байсан гэж тус тус мэдүүлжээ.

4.2. Анхан шатны шүүх талуудыг ******* ХХК-ийн захиалгаар барилгын норм дүрэмд нийцүүлэн барилгын ажил хийсэн гэж хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар үйл баримтыг зөв тодорхойлсон байна.

4.3. Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэж, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримт, дансны хуулга, ******* ХХК-ийн өгсөн албан бичиг, харилцсан чатад хийсэн үзлэг зэргээр талуудын хооронд анх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болно. Харин бичгээр байгуулсан тохиолдолд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Харин амаар байгуулсан гэрээнд уг шаардлагыг тавихгүй тул хариуцагч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

5. Нэхэмжлэгч ******* өөрийн мэдлэг чадвар, туршлага болон 9,480,000 төгрөгийн ажлын багаж хэрэгсэл зэргээр хөрөнгө оруулж, хариуцагч ******* мөн өөрийн ажлын мэдлэг, туршлагад үндэслэсэн хураамжийг хамтын үйл ажиллагаанд оруулсан гэж дүгнэн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт заасан оролцогчдын хураамж, хувийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэсэн байна.

5.1. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4 дэх хэсэгт Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно. гэж заасан тул хариуцагч талын хамтран ажиллаагүй, нэхэмжлэгч ******* гэрээт ажлын хамтрагч бус хөлсөлсөн ажилтан гэх тайлбар няцаагдсан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч *******г ажил гүйцэтгэх гэрээний дагуу өдрийн цалингаар цалинжуулж байсан гэх тайлбар гаргаж, татгалздаг, мөн энэ агуулгаар давж заалдах гомдолд гаргасан байх боловч өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлоогүй байна.

 

5.2. Мөн дутуу хийгдсэн ажлын давхруудыг ******* ХХК нь өөр хүмүүсээр хийлгэсэн гэх үйл баримтыг хариуцагч өөрөө мөн нотлох үүрэгтэй. Эдгээртэй холбоотой нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

5.3. Захиалагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зохигчид биелүүлж хүлээлгэн өгсөн нь талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний хугацаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-д зааснаар ажлыг хүлээлгэн өгснөөр гэрээний хугацаа дууссанаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болж, мөн зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт тус тус зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэхээр заасан.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон *******ын 94,150,000 төгрөг болон ажлын хөлс болох ******* УБД улсын дугаартай, ******* арлын дугаартай, 6,850,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, *******гийн ажлын багаж зэрэг үр шим нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Дундын хөрөнгөд анхан шатны шүүх дээрх бэлэн мөнгө болон автомашиныг тооцсон. Харин ажлын багажийг үр шим гарсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч энэ нь ямар хэмжээний үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө байгаа талаар хэн аль нь тайлбар гаргаагүй учраас анхан шатны шүүх дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг бий болсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

5.4. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэгч *******д өгсөн мөнгөн хөрөнгө *******эд олгосон, *******д олгосон болон хүн амын орлогын албан татвар төлсөн зэрэг мөнгөн хөрөнгийг хасаж 82,722,653 төгрөгөөр дундын ашгийг бий болгосон гэж тооцоолсныг буруутгах боломжгүй.

Хариуцагч тал мөнгөн хөрөнгийг хуваарилагдсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх ба нэхэмжлэгч ******* нь дээрх ашгаас 40,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хэмжээнд шүүх хангасан нь зөв.

 

Иймд хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашгийг хуваарилсан анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЦОГТСАЙХАН