Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 311

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч П.А- /Өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А-д холбогдох эрүүгийн 1918003210299 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, П.А 1984 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Гал унтраах 54 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан  сумын 3 дугаар баг Хараагийн 10-02 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4/1 дүгээр байрны гадна иргэн Б.М-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4/1 дүгээр байрны гадна иргэн Б.М-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4/1 дүгээр байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхрын шатаар гараад зүүн гар талын эхний хаалганд амьдардаг найз Энх-Амгалан, Бямбаа нарын хамт 5,6 цагийн үед очоод гурвуулаа хамт дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” архи аваад хуваагаад уугаад дуусах гэж байхад Б.М над руу утсаар яриад “хаана байгаа юм бэ?, уулзах хэрэг байна, яваад очъё, зээлсэн мөнгөө өгөх болоогүй юм уу?” гэсэн. Тэгэхээр нь би “4/1-т ажлын найзындаа байна” гэж хэлсэн чинь хэсэг хугацааны дараа Б.М утсаар яриад “ирчихлээ, гараад ир” гэсэн. Тэгээд гараад уулзахад Б.М “чи архи ууж явж байхаар надаас зээлсэн мөнгөө өгөөч” гэж чанга чанга дуугаар ярихад манай найз Бямбаа гэрээсээ гарч ирээд намайг өмөөрөөд “чи эхнэр нь биш яагаад байгаа юм” гэсэн утгатай юм ярьж нэг их сүртэй маргалдалгүй гэр лүүгээ буцаад орсон. Тэгээд би Бямбаагийн араас цуг орох гэж байхад Б.М нь “наад айлд чинь цагдаа дуудаж барьж өгнө, архи дарс уучихаад хэрүүл маргаан хийсэн гэж хэлнэ” гэсэн. Тэгээд би Бямбаагийн араас орчихоод буцаад гарч яваад Б.Мын машинд орж суугаад машины голын хайрцаг дээрээс айфон маркын гар утсыг нь аваад 4/1 дүгээр байрны буланг тойроод буцаад Б.Мын машин зогсож байсан орцны үүдэнд ирэхэд Б.М явсан байсан. Тэгээд яасан талаараа сайн санахгүй байна.

...Энэ асуудал болсны маргааш нь Б.Мтай хээтэйгийн голын зам дээр уулзаж гар утсыг нь буцааж өгсөн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би ажлаа тараад мөнгө авах ёстой байсан манай нөхрийн найз болох Онцгой байдлын газарт ажилладаг П.А-ийн 9998-1545 дугаарын утас руу залгаад “уулзъя” гээд Хээтэй хорооллын 4/1 дүгээр байрны гадаа аркны хажууд уулзах үед бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн гарч ирэхээр нь би авах ёстой 150000 төгрөгийг нэхэхэд “надад мөнгө байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “чи надад удахгүй өгнө гэсэн биз дээ.” гээд маргалдаад байж байхад тухайн байрнаас Аптансүхтэй хамт архи ууж байсан бололтой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг эмэгтэй гарч ирээд надад хандаж “чи яах гээд байгаа юм бэ? чи яв” гэхээр нь би “чамтай ярихгүй, чи орж бай, би П.Атэй юм ярьж байна.” гэсэн чинь миний энгэрээс зуураад би тэр эмэгтэйтэй маргалдахад Аптансүх хажууд байж байгаад миний уруулны хэсэг рүү цохиж, уруулын дээд хэсэг дотор талдаа язарсан.

...би цагдаад дуудлага өгчихөөд машиндаа цагдаа ирэхийг хүлээгээд жолооныхоо ард сууж байхад П.А буцаж гарч ирээд миний машины эсрэг талын хаалгыг онгойлгоод ямар нэг юм хэлэлгүй миний нүүр лүү цохиж, машины голын хэсэгт байсан утсыг маань аваад нөгөө айл руу орохгүй байрыг тойроод яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7/,

 

-Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр П.А нь манай гэрт 15 цагийн орчимд ирээд манай нөхөр Энх-Амгалантай юм ярьж сууж байгаад “уулзсаных нэг 0.75 литрийн архи ууя” гэхээр нь би “архи уучихаад ийш тийшээ явахгүй шүү, гэртээ ууцгаана шүү.” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи авч ирээд манай нөхөр болон П.А хоёр хувааж уугаад архи нь бараг дуусах гэж байхад П.А утсаар ярьж байгаад “хүнтэй уулзалдъя” гээд гадагшаа гарсан. Удаа ч үгүй орцонд нэг эмэгтэй хүн “яах гээд байгаа юм бэ? чи” гэж орилоод байхаар нь би гараад “П.Аийн өмнөх эхнэр Батцэцэг манайд ингэж өндөр дуугаар орилдоггүй шүү.” гэж хэлсэн чинь П.А “чи орж бай, Бямбаа найз нь зохицуулчихаад араас чинь оръё” гээд намайг гэр лүү оруулсан. Тэгээд намайг гэртээ ороод гал тогооны цонхон дээр очоод харахад П.А нөгөө орилоод байсан эмэгтэйн машинд суухаар нь би жижиг өрөө рүүгээ ороод нөхөр Энх-Амгаланг дуудаж сэрээгээд “П.Аийг оруулаад ир” гэж хэлчихээд эргээд цонхон дээр очоод хартал нөгөө эмэгтэйн сууж байсан цагаан өнгийн приус машин хөдлөөд явж байсан. Тэгээд П.А эргэж орж ирээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,

-Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр би жаахан халамцуу гэртээ байж байгаад найз П.А рүү утсаар яриад “хаана байгаа юм бэ?” гэхэд П.А “хуучин дарханд байна.” гэхээр нь “манайд хүрээд ир, ойрд уулзаагүй, ганц юм хувааж ууя.” гээд дуудсан. Тэгээд 17 цагийн орчимд П.А манайд ирээд бид хоёр 0.75 литрийн архийг хоёулаа хувааж ууж байгаад бараг дуусахын алдад би согтоод тасраад унасан. Тэгээд цаашаа юу болсон бүү мэд. Нэг мэдэхэд манай эхнэр намайг дуудаж сэрээгээд П.Аийг гадаа нэг хүнтэй маргаад байх шиг байна оруулаад ирээч гэх шиг болсон. Тэгтэл манай эхнэр цонхон дээр очоод “өө явчихсан юм шиг байна, машин нь байхгүй болчихож” гэж байсан. Тухайн өдөр болсон асуудлын талаар би өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний байдлаар 1020000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/,

 

-“...хүнд цохиулж гэмтсэн. Толгой өвдөнө, зүүн зовхи чинэрч өвдөнө, хамар битүүрнэ, зүүн дээд зовхи хавдартай, халцарсан шархтай, эрхтэн систем талаас гарсан өөрчлөлтгүй.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 27/,

 

-“...Хамрын яс зүүн талд цөмөрсөн хугаралттай, зүүн нүд хөхөрч хавдсан, улайж цус хурсан. Хэсгийн мэдээ алдуулалттай хугарлыг засч чихээс хийв.” гэх нүүр амны их эмч Б.Баярсайханы тодорхойлолт /хэргийн 28/,

 

-“Б.М-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл юм. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын биед “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 31/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч П.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Б.М-ын биед “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Мд  шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралдааанд очих боломжгүй байна. ” гэх хариу өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч П.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4/1 дүгээр байрны гадна иргэн Б.М-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч П.А- нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар /хэргийн 131-132/ нотлогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт юм.

 

Шүүгдэгч П.А- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд сард 60000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч П.А-д анхааруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сард 60000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч П.А-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч П.А-д анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ