Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 312

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Б.Ч- /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чт холбогдох эрүүгийн 1818007240268 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Ч 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 43 дугаар гудамжны 10б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.О-ын 5287 ДАХ улсын дугаартай Сонота-5 загварын авто тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноёд” баарны гадна буухдаа тухайн тээврийн хэрэгслийн арын салхины шилний тавиур дээр байсан Никон Д-3100 загварын дижитал зургийн аппаратыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.О-ын 5287 ДАХ улсын дугаартай Сонота-5 загварын авто тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноёд” баарны гадна буухдаа тухайн тээврийн хэрэгслийн арын салхины шилний тавиур дээр байсан Никон Д-3100 загварын дижитал зургийн аппаратыг нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Б.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тавуулаа “Нэгүл” зочид буудлын араас такси барьсан. “Ноёд” баарны хажууд буухдаа би таксинаас зургийн аппаратыг аваад буусан. Тухайн үед согтуу байсан. Ломбардны мөнгийг өгч, хохирогчийн зургийн аппаратыг буцааж өгсөн.

...Согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-“Ноёд” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 8/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9/,

-“Никон-3100” загварын зургийн аппаратыг “Дархан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Т.Мөнхбаатараас хураан авсан тэмдэглэл /хэргийн 12/,

-“Никон-3100” загварын зургийн аппаратыг хохирогч Д.О-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-14/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны байдлаар 800000 /найман зуун мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/,

 

-Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн машин болох 5287 ДАХ цагаан өнгийн сонота-6 маркийн автомашинтай “Дархан-Өргөө” коллежийн урдаас оройн 18:00 цаг болж байхад ажил тараад Дархан сум 7 дугаар баг Сэргэлэнгийн гудамжинд байх гэр рүүгээ явах замд Монгол алтны уулзвар өгсөөд "Нэгүл” зочид буудлын замын эсрэг талд 5 залуу такси барих гээд зогсож байхаар нь цайны мөнгө хаа юм гэж бодоод тэр 5 залууг машиндаа суулгахад тэр залуучууд “Дархан зочид буудлын ойролцоо явна” гэж нэг нь хэлсэн. Тэгээд би хөдлөөд шинэ замаараа явсаар байгаад “Дархан” зочид буудлын ойролцоо ирэхэд тэр залуучууд “ингээд буунаа” гээд “Ноёд” баарны авто зогсоол дээр цувраад буусан. Тэгээд хойно сууж явсан нэг залуу нь “2000 төгрөг болно биз дээ” гэж хэлээд мөнгөө өгөөд буусан. Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажлаасаа гарахдаа “Никон-3100” загварын зургийн аппаратаа машиныхаа арын суудлын салхины шилний тавиур дээр тавьснаа гэнэт санаад гэртээ хариад үзэхэд миний аппаратыг цүнхнээс нь гаргаад хэн нэгэн авсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/,

 

-Иргэний нэхэмжлэгч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвийн хойд талын объектод “Дархан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн ажилтай. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орой 20:00 цагийн орчим санагдаж байна, манай барьцаалан зээлдүүлэх газарт гаднаас 2 залуу орж ирээд “нэг зургийн аппарат 200000 төгрөгөөр барьцаалах гэсэн юм.” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би тус аппаратыг шалгаж үзээд 200000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөд тэр хоёр залууг бичиг баримтаа өгөхийг шаардахад “бид хоёрт бичиг баримт алга, регистрийн дугаараа хэлчихье болно биз дээ” гэхээр нь би бичиг баримт байхгүй бол үйлчлэхгүй” гээд тэр хоёр залууг гаргасан. Удалгүй тэр хоёр залуу Сүхбаатар гэх нэртэй хүний бичиг баримтыг авч орж ирээд “энэ аппарат Сүхбаатар гэж хүний эд хөрөнгө, бичиг баримт нь энэ байгаа юм, одоо барьцаалж болно биз дээ” гэхээр нь бичиг баримт байсан болохоор нь тэр хоёр залууд үйлчилсэн.

...200000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32/,

 

-Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажил дуусаад Дархан руу Чинзоо, Хүдрээ, Баянмөнх, танил ах Баяка нартай жижиг тэргэнд суугаад 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн. Тэгээд цалингаа аваад ажил дууссан гээд Дархан ирэх замдаа бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд Дарханд өдрийн 12:00 цагийн үед орж ирээд Баяка ахыг Хөтөл хороололд буулгахад түүний хүүхэд Монхоо гарч ирээд надтай гар барьсан. Тэгээд цааш үргэлжлүүлэн уухаар болоод Хүдрээ, Баянмөнх, Чинзоо, Монхоо бид тав буудалд орж уухаар болоод захын ард байрлах “Нэгүл” нэртэй буудалд ороход бид нарыг согтуу гээд оруулаагүй. Тэгээд “Нэгүл” буудлын урд зам дээрээс цагаан өнгийн таксинд суугаад шинэ Дархан руу явсан. Тэгээд шинэ Дарханд ирээд “Ноёд” гээд баарны гадаа буухад нөгөө хэд маань үйлчилгээ явлаа гэхээр нь би дагаад явсан. Тэгээд Үйлчилгээний төвийн ойролцоо байдаг нэг ломбард руу Чинзоо, Хүдрээ хоёр ороод гадаа Баянмөнх, Монхоо, бид гурав хүлээгээд зогсож байтал ломарднаас Хүдрээ гарч ирээд над дээр ирээд “ах аа, бичиг баримт байна уу? би нэг аппарат тавих гэсэн юм.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “байгаа” гэж хэлээд дагаад ортол Чинзоо, Хүдрээ хоёр ломбардны ажилтанд нэг хар өнгийн зургийн аппарат үзүүлээд байж байсан. Тэгээд тэр хар аппаратыг миний бичиг баримтаар 200000 төгрөгөөр барьцаалаад хуучин Дархан руу нэг зочид буудалд орж архи уусан.

...Надад тэр аппаратыг ямар учиртай, хаанаас авсан талаар огт хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 33/,

 

-Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос 2018 оны 09 дүгээр сарын 11-нд таксигаар Дарханд 12 цагийн орчимд ирээд Хөтөл хороололд Сүхбаатарынд хөнжил пүүгээ, ажлын хувцсаа орхичхоод “ажлаас буусан юм чинь өнөөдөр хэдүүлээ жаахан архи ууя” гээд Шинэ захын ард байдаг “Нэгүл” буудалд ирээд орох гэсэн чинь “олуулаа явж байгаа залуучууд авахгүй.” гээд байсан. Тэгээд тэндээсээ таксинд суугаад шинэ Дарханы “Ноёд” баарны тэнд очоод буудал асуухад олдоогүй юм. Тэндээсээ алхаад Үйлчилгээний төв ороод буудал асуусан чинь байхгүй болохоор нь хуучин Дархан орж “Nice” баарны хажуу талын хуучин орос дэлгүүр байсан “Ок” нэртэй буудалд орж архи ууцгааж хоноод өглөө нь салаад гэр гэр лүүгээ явсан.

...Урд жолоочийн хажууд Эрдэнэсүх, арын суудалд Чинзоо зүүн талд, Хүдэрээ бид 2 голд, баруун захад нь Сүхбаатар сууж явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37/,

 

-Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үйлчилгээний төв дээр очоод Чинзориг цүнхнээсээ нэг зургийн аппарат гаргаж ирээд “энийг ломбарданд тавиад буцаагаад авчихна, миний үлдэгдэл цалин орохоор авчихна” гэж байсан. Тэр үед надад бичиг баримт байхгүй байсан, Сүхбаатар бичиг баримттай байсан болохоор Сүхбаатарын бичиг баримтаар бид 2 ломбарданд орж тавьсан.

...Ломбарданд тавьсан зургийн аппаратыг Чинзориг үүрч явсан хар цүнхнээсээ гаргаж ирсэн. Яг хэнийх гэдгийг нь би мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/,

 

-Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар ах, Баянмөнх ах 2 Бугантад ажиллаж байгаад ирлээ гээд утсаар яриад гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд Сүхбаатар ахын гэрт нь Хөтөл хороололд очиход Баянмөнх, Сүхбаатар, Чинзориг, Хүдэрээ 4 жаахан архи уусан байдалтай байсан. Сүхбаатарынхаас гараад “Нэгүл” буудлын гадаа очоод би архи уух гэж байсан болохоор эхнэрээ дуудаж машинаа өгөөд явуулсан. Ингээд “Нэгүл” буудалд орж уух гэсэн чинь тэнд өрөө байхгүй болохоор нь замаас такси бариад шинэ дархан ороод “Ноёд” баарны гадаа очиж буусан.

...Баянмөнх бид 2 “та нар наанаа байж бай, бид 2 явж буудлын өрөө асуугаад ирье” гээд тэр хавиар явж өрөө асуугаад олдоогүй.

...Тэр үед Ч-г хаана, ямар ломбарданд, юу барьцаанд тавьсныг би мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 43-44/,

 

-“Иргэний нэхэмжлэгч Т.М би Б.Ч-оос хохирлын 200000 төгрөгийг хүлээн авсан.” гэх баримт /хэргийн 94/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.О-ын 5287 ДАХ улсын дугаартай Сонота-5 загварын авто тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноёд” баарны гадна буухдаа тухайн тээврийн хэрэгслийн арын салхины шилний тавиур дээр байсан Никон Д-3100 загварын дижитал зургийн аппаратыг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Ч-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-т 800000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 22-23/ нотлогдож байх бөгөөд зургийн аппаратыг хүлээлгэн өгч хохиролгүй болгосон /хэргийн 13-14/, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбаатарт 200000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбаатар нь мөрдөн байцаалтын шатанд “...Б.Ч-оос хохирлын 200000 төгрөгийг хүлээн авсан.” гэх баримтыг /хэргийн 94/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Ч-оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.О-ын 5287 ДАХ улсын дугаартай Сонота-5 загварын авто тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноёд” баарны гадна буухдаа тухайн тээврийн хэрэгслийн арын салхины шилний тавиур дээр байсан Никон Д-3100 загварын дижитал зургийн аппаратыг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ч-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.Ч нь урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт юм.

 

Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Ч-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон /хэргийн 103-104/, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Ч-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ч-т анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ