Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2025/00027

 

 

 

 

 

 

2025           6                 30                                               223/МА2025/00027

 

 

 

Ч.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 317/ШШ2025/00601 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ............................ тоотод оршин суух, ............ овогт ........................ /РД:ГД............../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................. тоотод оршин суух, ............ овогт ............-ийн ................ /РД:..................../ холбогдох

 

Гэм хорын хохиролд 11,631,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбуянтын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөөгч Л.Намнансүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбуянтын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаж үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Ч.Бнэхэмжлэлийн шаардлагаа “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн ах Ч.Пүрэвдоржид 76-64 УАА улсын дугаартай Приус-41 маркийн машиныг түр өгч явуулсан ба Төв аймгийн Лүн сумын нутагт 3 тооны морь мөргөснөөс үүдэн 11,631,000 төгрөгийн хохирол үүссэн, одоо болтол өөрийн машинаа унах боломжгүй байна. Иймд Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, мал бэлчих ёсгүй замд харгалзан харах хүнгүй мал бэлчээсэн Г.Эрдэнэбаяраас хохирлоо нэхэмжилнэ ” гэж тодорхойлсон,

Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа...76-64 УАА улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай зам хөндлөн гарч явсан 30-40 тооны адууны хамгийн сүүлд явж байсан 2 гүү, 2 унагыг замын эсрэг урсгалд орж мөргөсөн... машины жолооч Ч.П  Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасныг зөрчсөн гэж буруутгасан. Жолоочийн буруутай үйлдэл байгаа...иймд хохирлыг хариуцагч, нэхэмжлэгч тал тус тусын хохирлыг хариуцахаар байна...би ч бас 2 гүү, 2 унаганы хохирлын үнэлгээ 4,500,000 төгрөгийг нэхэмжилмээр байна...нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11,631,000 төгрөгийг төлөхгүй...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э-аас 3,877,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,754,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно”, мөн  Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Ерөнхий шүүгч хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулна” гэж тус тус заасан.

 

Шүүх дээрх хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн тохиолдолд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болох юм.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э-т холбогдох гэм хорын хохиролд 11,631,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151/ЕШ2025/01356 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Алтантуулыг томилсон шийдвэрийг албажуулсан /хх-52/,

Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэршил, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх болсноор тухайн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШЗ2025/00296 дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхэд шилжүүлсэн байна. /хх-71/

Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална” гэж заасны дагуу Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаар тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталж, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилагдсан шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг уг журмын 4.1-т зааснаар Ерөнхий шүүгч албажуулахаар байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй байхад хэргийг шүүгч Д.Алтантуул даргалж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т  “хууль бус бүрэлдэхүүнээр  хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж заасан үндэслэлд хамаарч байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

6.Хэргийг дээрх үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ч.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,100 /нэг зуун гучин есөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 317/ШШ2025/00601 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,100 /нэг зуун гучин есөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ТҮВШИНТӨГС

 

       ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

 

                                                                                 А.ЦЭРЭНХАНД