| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0305/Э |
| Дугаар | 313 |
| Огноо | 2019-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 313
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Д.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 1918000000359 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Д.Т, 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд туслах машинч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Хүслийн хотхоны 2 дугаар байрны 32 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” баарны гадна иргэн Б.У-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” баарны гадна иргэн Б.У-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн даланд шарх” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Д.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Сатурн” бааранд пиво уугаад нэг эмэгтэйн хажууд бүжиглэж байсан. Тэгтэл тухайн эмэгтэйн найз нь намайг буруугаар ойлгож намайг цохисон. Тухайн үед миний төмсөг рүү цохиод байсан учир өөрийгөө хамгаалахдаа хажуудаа байсан пивоны шилийг хагалаад “хол байгаарай.” гэж хэлэхдээ хохирогчид хүрсэн байсан. Тухайн үед эрүүлжүүлэхэд очиход 0.50 гаруй хувьтай гарч ирсэн.
...хохирогчид эмчилгээний зардалд 150000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хохирогч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бааранд байхад манай найз охин Анхтуяа Д.Т гэх залуутай маргалдаж байсан. Тэгэхээр нь би очоод Анхтуяаг болиулж явуулаад Д.Т гэх залуутай гадаа гараад “манай найз согтуу байна аа, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай баарны үүдэнд зогсож байсан чинь Анхтуяа гарч ирээд “чи намайг цохиод байхдаа яадаг юм бэ?” гээд тэр залуутай жаахан маргалдсан. Тэгсэн чинь тэр залуу баарнаас авч гарсан “Нийслэл” нэртэй пивоны шилээ өөрөө шатанд цохиж хагалаад бид нарыг ална гээд дайраад байхаар нь би түлхчихсэн юм аа. Тэгсэн чинь газар уначихсан. Тэгээд бид нар эргэж хараад явах гэсэн чинь Д.Т гэх залуу босож ирээд “ална” гэж дайраад миний дал хэсгийг зүсчихсэн. Би явах гээд хойшоо харчихсан байсан болохоор даланд зүссэн. Яг тухайн үедээ би зүсүүлснээ ч мэдээгүй байсан чинь цус гараад эхэлсэн.
...Эмчилгээний зардал 150000 орчим төгрөг болснийг төлсөн учир ямар нэгэн гомдол санал байхгүй.“ гэх мэдүүлэг /хэргийн 4-5/,
-Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн өдөр болоод найзууд болох Болорцэцэг, Отгон-Эрдэнэ, Ууганцэцэг нарын хамт бид дөрөв 23 цагийн орчимд уулзаад “Сатурн” бааранд орцгоосон. Бид дөрөв эхлээд нэг нэг шил пиво уугаад дараа нь дахиад нэг нэг шил пиво уугаад бүжиглэж байсан чинь танихгүй залуу хүрч ирээд манай найз Болорцэцэгийн бөгсийг барихаар нь манай найз Болорцэцэг тэр залууг “чи цаашаа яваач” гээд түлхтэл цаашаа яваад өгсөн. Тэгээд манай найз Болорцэцэг “наад залуу чинь найзыг нь өдөөд байх юм.” гэх үед тэр залуу над руу харчихсан зогсож байгаад дуудаад дохиод байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “чи зүгээр явчихаач” гэж хэлтэл өөдөөс “чи муу янхан” гэж тэр залуу хэлэхээр нь би “чи сая манай найзын бөгснөөс нь барьсан байна, чи зүгээр явчихаач” гэтэл нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гар руу нь цохисон. Тэр үед манай найз Ууганаа ирээд намайг тэр залуугаас салгаад Ууганаа тэр залуу 2 гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хойноос нь гарахад гар нь зүсэгдсэн цус гоожсон байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 7/,
-Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 24-ний орой манай найз Анхтуяагийн төрсөн өдөр болоод би найз Ууганцэцэг, Отгон-Эрдэнэ, Анхтуяа нарын хамт “Сатурн” бааранд орсон. Тэгээд тэндээ бүгдээрээ нэг нэг пиво уугаад бүжиглэсэн. Тэгээд би сууж байсан ширээнийхээ харалдаа бүжиглэж байсан чинь Д.Т гэх залуу /одоо нэрийг нь мэддэг болсон/ миний бөгсийг бариад илээд байсан. Тэр үед манай найз охин Отгон-Эрдэнийн ч гэсэн бөгсийг илэх гээд байхад нь би болиулсан. Тэгээд би уурлаад “зайлаач” гэсэн чинь намайг “өөрөө зайлаач, энэ чинь миний баар” гээд байсан. Тэгсэн Анхтуяа бид хоёрын зогсож байсан газар ирээд “яасан бэ? юу болсон” гэхээр нь би “энэ залуу миний бөгсийг бариад байна аа” гэж хэлсэн чинь Анхтуяа тэр залуутай хэрэлдсэн. Тэгээд удалгүй хэрэлдэхээ болиод тэр залуу цаашаа яваад өгсөн. Харин бид 2 бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь Анхтуяа гэнэт алга болчихсон байсан. Тэгээд нэг их юм бодоогүй Отгон-Эрдэнэтэй бүжиглээд байж байсан, харин Ууганцэцэг ширээн дээрээ сууж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад гадаа гарсан чинь Ууганцэцэг, Анхтуяа 2 Д.Т гэх залуутай маргалдаад байж байсан. Тэгээд би тэр залууг “яваач ээ” гэсэн чинь “та хэд намайг нийлж зодлоо.” гээд хэрэлдээд дайраад байснаа гэнэт царай нь аймар болсноо гартаа бариад ууж явсан пивоныхоо шилийг шатанд цохиж хагалаад бид нарыг ална гээд дайраад байсан. Тэгэхээр нь Ууганцэцэг “чи яагаад байгаа юм бэ?” гээд түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд бид нар явах гээд эргэсэн чинь Ууганцэцэгийн мөр хэсэгт нь нөгөө шилээрээ зүсчихсэн, тэгээд цус гараад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,
-Гэрч Э.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдсэн Болорцэцэг, Анхтуяа, Ууганцэцэг нар байхгүй гараад явчихсан байхаар нь гадаа гарсан чинь Ууганцэцэг мөрөө барьчихсан нөгөө намхан залуу руу заагаад “энэ намайг пивоны шилээр зүсчихлээ” гээд зогсож байсан. Харин нөгөө залуу нь нэг хагарсан пивоны шил барьчихсан “чи өөрөө намайг түрүүлж цохисон биз дээ.” гэж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-“Д.Т ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 636 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 12/,
-Хохирогч Б.У-т анхны тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх хуудас /хэргийн 17-18/,
-“Б.У-ийн биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх шарх нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19-20/,
-“...Д.Т-ийг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 0.45% гарсан болно.” гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 34/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ийн биед “зүүн даланд шарх” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 633 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 19-20/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Б.У нь мөрдөн байцаалтын шатанд “...эмчилгээний зардал 150000 орчим төгрөг болснийг төлсөн учир ямар нэгэн гомдол санал байхгүй.“ гэх мэдүүлэг /хэргийн 4-5/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” баарны гадна иргэн Б.Уийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн даланд шарх” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Д.Т нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Т-д анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Т-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Т-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Т-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ