Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2025/0002

 

 

 

 

 

2025             6                26                                              223/МА2025/00026

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч      шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: .......................... тоот хаягт оршин суух, регистрийн дугаар НЗ.............., ......... овогт ...................,

Хариуцагч: .......................... өөрийн байранд байрлах, регистрийн ................ дугаартай, .................холбогдох,

“..........” ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч ................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч .................,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Миний бие 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “........” ХХК-д Хуулийн хэлтсийн захиалагчийн хяналтын гүйцэтгэлийн хяналтын мэргэжилтэн, нууцыг хамгаалах ажилтан, хуулийн мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтнээр тус тус ажилласан. Компанийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/1032 дугаартай тушаалаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Тушаал нь агуулгаараа дараах хууль, журмын заалтыг ноцтой зөрчиж байна.

1.Ажил олгогч буюу Компани тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэсэн атлаа ажлаас чөлөөлөх тушаал гаргах үндэслэл болгосон Дотоод хяналтын хэлтсийн дарга асан Д.Мөнхбаатараас Захиргаа, хүний нөөцийн хэлтэс (........)-т хүргүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13/128 дугаартай дотоод албан бичигт Цэвэгмэдийн Батхишиг нь 2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан, цэргийн тэтгэвэртэй учир орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай байгаа тул мэргэжилдээ тэнцэхгүй байгаа гэсэн утга агуулгатай байна. Дотоод албан бичигт дурдсан ...хамгийн бага оноо авсан нь мэргэжлийн түвшинг тогтоож, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тэнцэж буй эсэхийг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн тушаалын үндэслэл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай тогтоолыг ажилтнуудад танилцуулаагүй, мэдэгдээгүй тул түүнд үндэслэн гаргасан ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. /Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан иргэний ажил хөдөлмөр эрхлэх суурь эрхэд хувийн сэдэл, үзэмжээр үндэслэлгүй халдсан/.

2.Тушаалыг үндэслэл болгосон Компанийн дотоод албан бичигт ...2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан... гэдгийг дараах үндэслэлээр няцааж байна. Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.Б-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт (2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр)-д үнэлгээний үзүүлэлтээр бүгд 96.5% (А) гэж шууд удирдлага .................намайг байлцуулан дүгнэж, гарын үсгээрээ баталгаажуулсан. Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны жилийн ажлын тайлангийн 13-т Ажилтнуудын тайланг хэлэлцэж дүгнэсэн талаар Хүснэгт хэсэгт: ................. миний бие ажил дүгнэсэн үнэлгээгээр 96.5%-аар хэлтсийн 8 ажилтнаас 4 дүгээр байрт дүгнэгдсэн бөгөөд уг тайланг хэлтсийн дарга .................2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянаж, гарын үсгээрээ баталгаажуулсан атлаа дүнг нэгтгэсэн хуудсыг дахин үйлдэж, өмнө нь өөрөө 96.5% гэж дүгнэсэн оноогоо 66% болгон өөрчилж, журмын заалт зөрчин ахлах мэргэжилтнээр нэгтгүүлэхгүйгээр ганцаараа гарын үсэг зурж, жилийн эцсийн тайланд танилцуулсан. Энэ үйлдэл нь Гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Журам шинэчлэх тухай А/262 дугаартай тушаалаар батлагдсан Компанийн нэгжийн үйл ажиллагааны болон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мэргэжилтний улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө боловсруулах, тайлан бичих, тайлагнах, дүгнэх, тайлангийн хурал зохион байгуулах журам-ын 5 дугаар заалтын 5.8-д Мэргэжилтний ажлын гүйцэтгэлийг дараах байдлаар дүгнэнэ. 5.8.1-д Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 70 оноо, 5.8.2-т Ажлын цаг ашиглалт, ирц, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлага 10 оноо, 5.8.3-т Нэмэлт ажлууд 10 оноо, 5.8.4-т Мэдлэг чадвараа дээшлүүлсэн байдал 10 оноо, нийт 100 оноогоор дүгнэнэ. гэснийг, мөн журмын 5.9-т Хэлтсийн дарга харьяа мэргэжилтнүүдийн үйл ажиллагааны тайланг хянаж А буюу Маш сайн, В буюу Сайн, С буюу хангалттай, D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу хангалтгүй гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол: 90-100 оноотой бол А буюу Маш сайн гэсэн үнэлгээ, 80-89 оноотой бол В буюу Сайн гэсэн үнэлгээ, 70-79 оноотой бол С буюу Хангалттай гэсэн үнэлгээ, 60-69 оноотой бол D буюу Сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ, 59 онооноос доош бол F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээгээр үнэлнэ гэснийг, мөн журмын 5.10-т Хэлтсийн ахлах мэргэжилтэн харьяа мэргэжилтнүүдийн төлөвлөгөө, тайлангийн биелэлтийн дүнг нэгтгэж, хэлтсийн даргаараа баталгаажуулна.(8 дугаар хавсралт) гэснийг тус тус зөрчсөн.

3.Тушаалыг үндэслэл болгосон Компанийн дотоод албан бичигт ...Цэргийн тэтгэвэртэй тул орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай гэж дурдсан нь Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчиж байгаа учраас Тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй /Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчин насны байдлаар ялгаварлан гадуурхсан./

4.Ажил олгогч Компаниас надад 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу мэдэгдэл өгснөө хойш 29 дэх хоног дээр буюу хуульд заасан 30-аас доошгүй хоногийн хугацаа болоогүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно гэж, 73 дугаар зүйлийн 73.3-т Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна гэж тус тус заасныг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд... гэж заасныг ноцтой зөрчсөн тул тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Бусад үндэслэлүүд:

1. Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч .................нь миний 2024 оны ээлжийн амралтаа 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажлын 26 хоногийн хугацаанд эдлэх тухай хүсэлттэй танилцаж, ...Татгалзах зүйлгүй болно. 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэж цохолт хийн гарын үсгээрээ баталгаажуулж Захиргаа, хүний нөөцийн хэлтэст зөвшөөрөл олгосон байхад Дотоод хяналтын хэлтсийн дарга .................дундаас нь таслан зогсоож Захиргаа, хүний нөөцийн хэлтэст нөлөөлж, ээлжийн амралт олгоогүй.

2. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр надад албан бус буюу телеграммаар та тэтгэврийн хүн учраас бусдадаа боломж олго гэсэн утга бүхий зурвас илгээсэн, мөн тэр өдрөө Захиргаа, хүний нөөцийн хэлтэст дотоод албан бичиг хүргүүлэн, мөн өдөртөө мэдэгдэх хуудас гардуулсан.

3. 2023 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 2024 оны 7 дугаар сард буюу хагас жилийн дараа ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь холбогдох хууль, журамд нийцэхгүй байна. Компанийн Дотоод хяналтын хэлтсийн удирдлага нь хэлтсийн мэргэжилтнүүдэд тэгш бус хандаж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн туршлага, ур чадварыг үл харгалзан илтэд миний нас \45 настайдаа цэргийн тэтгэвэрт гарсан\-аар ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлөх саналаа зөвхөн дотоод албан бичгээр Захиргааны хэлтэст шахалт үзүүлж мэдэгдэх хуудас үйлдүүлэн улмаар тушаал гаргуулсныг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс болон сум /дүүрэг/-ын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргаж шийдвэрлүүлсэн боловч ажил олгогч талтай харилцан тохиролцоогүй учраас шүүхэд хандаж байна. Иймд ................. намайг ажлаас чөлөөлсөн “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ...............-ийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б\1032 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэлийг хянаж, Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаад өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор /Компанийн цалин хөлсний журамд заасны дагуу олговол зохих цалин, урамшуулал/-ыг ажил олгогчоос нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч “............” ХХК хариу тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж, 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж тус тус заасан бөгөөд ................. нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “..........” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 42 дугаар хурлын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч .................ийг хариуцагч .................ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,909,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,020,668.60 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Таван толгой түлш ХХК-аас тэмдэгтийн хураамж /70,200+252,499/-д нийт 322,699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ................. давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №317/ШШ2025/00483 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу Тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,020,668.60 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Ажилгүй байсан хугацааны олговрын дүнг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч ................. миний гаргасан тооцооллоор:

-ажилласан сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалин
хөлсний нийлбэр - 12,221,444 төг, 2024 оны 5-р cap /2,690,000 төг/, 6-р cap /4,010,000 төг/, 7-р cap /5,521,444 төг/

-Нэг сарын дундаж цалин хөлс - 12,221,444 төг: 3 cap = 4,073,815 төг

-нэг өдрийн дундаж цалин хөлс 4,073,815 : 21 өдөр = 193,991.2 төг

-олговор тооцох нийт ажлын өдөр - 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025     оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 178 өдөр

-олговрын нийт дүн 193,991.2 төг х 178 өдөр = 34,530,433.6 төг болно.

Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэж, Тогтоох хэсэгтээ Хөдөлмөрийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг баримталсан атлаа миний олговор тооцох дундаж цалин хөлсийг буруу тооцоолсон.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.2-т дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2024 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин хөлсийгхууль зүйн үндэслэлгүйгээр сонгон авч дундаж цалин хөлсийг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно." гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:", 2.3.5-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор;" гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Миний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан сүүлийн 3 cap буюу 2024 оны 5, 6, 7 дугаар саруудын цалин хөлс нь 2024 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр олгогдсон цалин хөлс болон ээлжийн амралтын олговор хамрагдсан цалин хөлс учраас эдгээр нь Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-т "Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно." гэж заасны дагуу дундаж цалин хөлс тооцох сүүлийн 3 сарын цалин хөлсөнд хамаарах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхдээ Анхан шатны шүүх ажил олгогчоос надад 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл өгснөөс хойш 29 дэх хоног дээр буюу хуульд заасан 30-аас доошгүй хоногийн хугацаа болоогүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т "Хугацааг тоолохдоо тогтоосон он, cap, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно." гэж, 73.3-т "Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна." гэж тус тус заасныг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т "Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ..." гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн нь нотлох баримтаар батлагдсан, энэхүү үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой байхад энэ талаар дүгнэлт хийж шийдвэрт тэмдэглээгүй байх тул тус алдааг залруулж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 9,020,668.60 төгрөгийг хариуцагч "Таван толгой түлш" ХХК-аас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №317/ШШ2025/00483 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн 1 дэх заалтын бусад хэсгийг болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ий өдрийн №317/ШШ2025/00483 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5, 5.6 дахь заалтууд нь эсрэгцсэн хоёрдмол утга агуулгатай, тодорхойгүй заалт.

Шийдвэрийн үндэслэх хэсэг 5.4-т Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "............" ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч .................т 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн, уг мэдэгдэх хуудас хүлээн авсан хэсэгт ................. гарын үсэг зурсан болох нь нотлогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн тухайгаа нотлох үүргээ ажил олгогчийг хэрэгжүүлнэ гэж үзнэ гэж тогтоосон атлаа үндэслэх хэсгийн 5.5-д нэхэмжлэгч тойрох хуудсыг өөрөө зуруулсаныг үндэслэн 5.6-д хариуцагч "Тавантолгой түлш" ХХК-ийг хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.4-т заасныг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.4....Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1. 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй....гэж заасан байдаг.

Шийдвэрийн үндэслэл хэсгийн 8.1-т Хариуцагч тал нэхэмжлэгч Ц.Батхишгийг ажлаас гарах талаар Дотоод хяналтын хэлтсийн дарга .................биечлэн уулзаж, тохиролцсон гэж үндэслэлээ болгож тайлбарласан боловч уг тайлбар нь бичгийн баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, үндэслэлийг шүүх хүлээн авах хууль, зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өөрийн гарын үсэгтэй мэдэгдэх хуудас, мөн нэхэмжлэгчийн өөрийн гарын үсэгтэй ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудсыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн боловч шүүгч нотлох баримтыг үнэлж тогтоогоогүй байна.

Тус мэдэгдэх хуудас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл, 43.2.10 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 80.4 дэх хэсэг, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул хуулийн дагуу ................. таныг ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна гэх хуудсыг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн.

Мөн хариуцагч талын зүгээс шүүх хурлын үед тус мэдэгдэх хуудсыг тэмдэглэлд тусгуулах тухайгаа илэрхийлсэн, өөр тусгуулсан хэсгүүд мөн шүүхийн шийдвэрт тусгагдаагүй.

"Тавантолгой Түлш" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан байдаг. Энэ нь тус мэдэгдэх хуудсаар ажилтан болоод ажил олгогчийн хүсэл зориг, санаачлага цуг илэрхийлэгдэх ба ажлаас чөлөөлөгдөх тойрох хуудсыг ажилтан өөрийн биеэр авч яван холбогдох нэгжийн албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулдаг тул энэ нь аливаа нэгэн тулгасан, дарамт шахалтаар гарын үсэг зуруулдаг зүйл биш ба ажилтан өөрийн санаачлагаар тойрох хуудсаа зуруулж ажил олгогчид өгснөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тушаал гарч албаждаг. Энэ тухай анхан шатны шүүх хурлын үеэр тэмдэглэл хэсэгт тусгуулах тухай хэлсэн ч шийдвэрт энэ талаар огт тусгаагүй байна.

Хурлын үед шүүгч нэхэмжлэгчээс, хариуцагч нэхэмжлэгчээс мэдэгдэх хуудас болон тойрох хуудас дахь гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэх талаар асуухад хоёуланд нь мөн гэсэн ба үүн дээр гомдолгүй гэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлснийг тооцохдоо ажиллаж байсан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговрыг тооцож бодох ёстой байсан.

Иймд анхан шатны шийдвэрийн үндэслэл хэсэг хоорондоо зөрчилдөж, шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримт дутуу судалж, бүрэн үнэлээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч ................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрх хязгаарлаагүй, эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон боловч хуульд заасан журмын дагуу үйл баримтыг үнэлээгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч ................. ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа "...Хариуцагч Таван толгой түлш ХХК тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ийг үндэслэн гаргасан атлаа ...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13\128 тоот албан бичигт ...2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан, цэргийн тэтгэвэртэй учир орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөх саналтай байгаа гэж дурдсан нь намайг ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн утга агуулгатай, ...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолыг ажилтнуудад танилцуулаагүй, мэдэгдээгүй атлаа Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байр хасагдсан, тус ажил албан тушаалын байр байхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 80.4, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус зөрчсөн тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,530,433.6 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй...” гэсэн үндэслэлээр бүрэн дэмжсэн.

Хариуцагч .................ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж, 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор орон тоо цөөрүүлэх шийдвэр гарсан тул .................ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар .................ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг өгсөн, ................. нь гарын үсэг зураад баталгаажуулсан, ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж авсан, үндэслэлгүй гэж үзсэн бол зөвшөөрөхгүй гээд гарын үсгээ зурахгүй байх байсан. Ажил олгогчоос тэтгэмжийг олгосон, Маргаан таслах комисст 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гомдлоо гаргасан нь хуульд заасан хугацаанд гаргаагүй, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор тооцоолсон нь бодит үнэн биш, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхгүй нөхөн олговор авах боломжгүй,  үндэслэлгүй гомдол гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.

3. Хэрэгт авагдсан үйл баримтын талаар

3.1.Нэхэмжлэгч ................. нь хариуцагч “Таван толгой түлш” ХХК-ийн Хууль эрх зүй, аудитын албанд Гэрээний гүйцэтгэлийн хяналтын мэргэжилтнээр туршилтын 3 сарын хугацаатай 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оноос Дотоод хяналт шалгалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад .................ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Лхагвасүрэнгийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/1032 дугаар Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан байна.

Иймд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх тул анхан шатны шүүх эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзэв.

3.2.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч .................ийг хариуцагч .................ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,909,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,020,668.60 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад хуульд заасны дагуу үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйн улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4. Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн харилцаа цуцалж байгаа тохиолдолд тушаалын үндэслэл болон хуульд заасан үүрэг болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар нотлох нотолгооны үүрэг хүлээнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд нотлох үүрэгтэй байна.

5. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс .................ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэгч .................т 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн, уг мэдэгдэх хуудас хүлээн авсан хэсэгт ................. гарын үсэг зурсан болох нь нотлогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн тухайгаа нотлох үүргээ ажил олгогчийг хэрэгжүүлсэн гэж үзэв.

5.1. Хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэг, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул хуулийн дагуу Цэвэгмидийн Батхишиг таныг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна...” гэсэн агуулга бүхий .................ХХК-ийн мэдэгдэх хуудаснаас /хх-н 175/ үзэхэд уг мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч ................. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан, энэ үйл баримтын талаар зохигчийн хэн аль нь маргаагүй байна.

5.2. Дээрх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч .................т гардуулж өгсөн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журамд заасны дагуу тоолоход 30 хоногийн дараа буюу 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр .................ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1032 дугаартай “Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гарсан байна.

5.3. Үүнээс үзвэл .................ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б/1032 дугаартай “Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гарахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нэхэмжлэгч .................т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн байх ба ажил олгогч .................ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

6. .................ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулан хавсралтаар шинэчлэн баталж, компанийн ажилтны орон тоог шинэчилсэн бүтцийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үе шаттайгаар бууруулж, орон тооны дээд хязгаарыг 1850 /нэг мянга найман зуун тавь/ байхаар тогтоожээ. /хх-н 107/

Мөн тогтоолын 42 дугаар тогтоолын хавсралтаар .................ХХК-ийн Дотоод хяналтын хэлтэс нь Дотоод хяналтын хэлтсийн дарга-1, ахлах аудитор-1, аудитор-2, дотоод хяналтын ахлах мэргэжилтэн-1, дотоод хяналтын мэргэжилтэн-2, гүйцэтгэх захирлын нарын бичгийн дарга-1, нийт 8 орон тоотой байхаар батлагдсан байна. /хх-н 109/

6.1. Хариуцагч нь нэхэмжлэгч .................ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан .................ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/1032 дугаартай тушаалын үндэслэл болох тус компанийн Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үйл баримтыг нотолсон дээрх нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч, шүүх хуралдаанд мэтгэлцжээ.

Ажилтны хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн“ гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох юм.

Иймд ажил олгогч нь дээрх үндэслэлээр буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх тохиолдолд ажил олгогч нь аль ажилтантай хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэхээ сонгох нь түүний эрх хэмжээний асуудал байдаг.

Гэтэл анхан шатны шүүх .................ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/25 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д заасан заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхой бус гэж дүгнэжээ. Харин энэ заалт нь ажилтанг сонгон шалгаруулж, ажилд авах харилцааг нарийвчлан зохицуулсан журам байх тул “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн“ гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд уг журам хамаарахгүй болно.

 7. .................ХХК-ийн Дотоод хяналтын хэлтэс нь 2023 оны үйл ажиллагааны жилийн ажлын тайлангаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд уг тайланд нийт 8 ажилтны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, ажлын цаг ашиглалт, ирц, хариуцлага, ёс зүй, харилцаа хандлага, бусад нэмэлт ажлууд, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн байдалд тус тус үнэлгээ өгөхөд ................. нь 96.5 оноо авчээ. /хх-н 43/

Энэхүү үнэлгээ нь .................ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн 2023 оны жилийн ажлын тайлангаар нэхэмжлэгчийн авсан үнэлгээ болохоос биш ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр .................ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад баримталсан шалгуур үнэлгээ гэж үзэх боломжгүй байх ба шалгуур үнэлгээ болгон авч үзсэн талаар зохигчийн хэн аль нь нотлоогүй.

8. Иймд ажил олгогч .................ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, компанийн ажилтны орон тоог бууруулж Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул .................тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Б-ийн төлсөн 159,280.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Тавантолгой түлш" ХХК-ийн төлсөн 252,499 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00483 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч .................ийг хариуцагч .................ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,909,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,020,668.60 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

“...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн .................ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

 

2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Таван толгой түлш ХХК-аас тэмдэгтийн хураамж /70,200+252,499/-д нийт 322,699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ................. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай...” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Б-ийн төлсөн 159,280.70 /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Тавантолгой түлш" ХХК-ийн төлсөн 252,499 /хоёр зуун тавин хоёр мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД

 

  ШҮҮГЧИД                                       З.ТҮВШИНТӨГС

 

                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ