Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 972

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00960/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, Хушаат, ****** тоотод оршин суух Разуваев Владимир Григорьевич /РД: ЮД56030631/-ийн хүсэлттэй,

 

     “Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Разуваев Владимир Григорьевич, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Разуваев Владимир Григорьевич шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Дархан Дулааны цахилгаан станцад 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Краз, Маз машины жолоочоор ажилласан. Хөдөлмөрийн дэвтрийн тамга бүдэг байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Разуваев Владимир Григорьевич нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Разуваев Владимир Григорьевич нь Дарханы Дулааны цахилгаан станцын өргөтгөл /сүүлийн нэрээр Монгол инерги строй трестийн Дархан дахь Монгол ажилчдын салбар захиргаа/-д 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Краз, Маз машины жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Талархлын бичиг, жолоочийн үнэмлэх, албан томилолтын үнэмлэх, цалингийн тодорхойлолт, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн баярын бичиг, гэрч Б.Энхбатын “... Р.В.Григорьевич нь тус өргөтгөлийн баазад ажилд орсон анхны жолооч ...” гэсэн   мэдүүлэг,   гэрч  Д.Раднаасэдийн “... Р.В.Григорьевич нь 1983 оны 10 дугаар сард ажилд орж, 1995 оны 07 дугаар сарын сүүл хүртэл ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

           

Иймд Разуваев Владимир Григорьевичийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Иргэний    хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   115   дугаар   зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн    135.2.6-д заасныг баримтлан Разуваев Владимир Григорьевич /РД: ЮД56030631/-ийн Дарханы Дулааны цахилгаан станцын өргөтгөл /сүүлийн нэрээр Монгол инерги строй трестийн Дархан дахь Монгол ажилчдын салбар захиргаа/-д 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Краз, Маз машины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ОЮУНЦЭЦЭГ