Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 320

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Г.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Зуутраг овогт Жаргалын Төгсөөд холбогдох эрүүгийн 1918004080325 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Т 1981 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилга угсралтын мэргэжилтэн мэргэжилтэй, “Си Эм” ХХК-нд ахлах менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Будда тауны 1-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Ж.Т нь “диплом гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хууран мэхэлж 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 1-118 тоотод оршин суух иргэн Г.М-аас нийт 3400000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Т нь “диплом гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хууран мэхэлж,  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 1-118 тоотод оршин суух иргэн Г.М-аас нийт 3400000 төгрөг авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:        

 

-Шүүгдэгч Ж.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.М диплом хэрэгтэй байна гэж манай найзаар дамжуулж надтай уулзсан юм. Тухайн үед орон сууцны зээлийн төлөлтийн хугацаа өнгөрсөн, мөнгө хэрэгтэй байсан учир би Г.Маас диплом гаргаж өгнө гэж 3400000 төгрөг цувуулж авсан. Би Г.М-ын мөнгийг буцааж өгнө гэсэн бодолтой байгаа.

...Гэм буруугийн тал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Нөхөр маань Солонгос улсад ажиллаж амьдардаг боловч ар гэртээ мөнгө төгрөг бараг явуулдаггүй учир орон сууцны зээлээ төлөх гэж аргагүйн эрхэнд ийм хэрэг хийсэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би анх найзаараа дамжуулж, Ж.Т-тэй холбогдсон. Өмнө нь би ШУТИС-д сурч байгаад төлбөрийн боломжгүй болсон учир сургуулиа орхисон байсан юм. Тэгээд би ажилд орсны дараа диплом хэрэг болсон учир манай найз Ж.Т-г диплом гаргаж өгч чаддаг гэсэн гэж хэлэхээр нь би диплом гаргуулахаар эхлээд Ж.Т-д 2850000 төгрөг өгсөн. Сүүлд нь нэмж 550,000 төгрөг өгсөн. 800000 төгрөг авсан, үлдсэн хохирлоо гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч Г.М-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3/,

 

-Хохирогч Г.М-аас хэрэгт хавсаргахаар гаргаж өгсөн “Г.М-ын эзэмшлийн Хаан банкны 5088089470 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга”-ыг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, дэлгэрэнгүй хуулга /хэргийн 4-7/,

 

-Г.М-ын эзэмшлийн Хаан банкны 5088089470 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 8/,

 

-Ж.Т-гөөс гаргаж өгсөн “Ж.Т-гийн эзэмшлийн Хаан банкны 5682017079 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга”-ыг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-13/,

 

-Ж.Т-гийн эзэмшлийн Хаан банкны 5682017079 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 14/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Т- нь “диплом гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хууран мэхэлж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 1-118 тоотод оршин суух иргэн Г.Маас нийт 3400000 төгрөг авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-т 3400000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ж.Т-гийн эзэмшлийн Хаан банкны 5682017079 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 14/, Г.М-ын эзэмшлийн Хаан банкны 5088089470 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр /хэргийн 8/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу ажлын 5 хоногийн завсарлага авч, энэ хугацаанд хохирогч Г.М-т 800000 төгрөг төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Т-гөөс 2600000 төгрөг гаргуулж хохирогч Г.М-т олгох нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ж.Т нь “диплом гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хууран мэхэлж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 1-118 тоотод оршин суух иргэн Г.М-аас нийт 3400000 төгрөг авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Ж.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Т-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 3400000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Т-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ж.Т-д анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т-гөөс 2600000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн 1-118 тоотод оршин суух хохирогч Г.М-д олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ