| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 191/2025/00714/И |
| Дугаар | 210/МА2025/01151 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/01151
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03408 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
714,636,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөгөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор *******гээс зээлийн гэрээний үүрэгт 367,666,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу *******гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 14201, Их тойруу ******* дүгээр байрны ******* байрны 2,3,4 дүгээр давхар 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийг дуудпага худалдаагаар худалдах шүүхийн шийдвэр биелэгдээгүй 8 жил болсон байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалтаар ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс өмчлөгчийг хөлслөгч гэж үзэхээр заасан. ******* нь эхнэр *******ын хамт дээрх үл хөдлөх хөрөнгийн 3, 4 дүгээр давхарт нийт 312 м.кв талбайд оршин сууж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул орон сууцны хөлсийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Иргэний хуулийн 175.5-д Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар аливаа үүрэг хэлцлийн үндсэн дээр эсхүл хуулийн үндсэн дээр үүсэх бөгөөд энэхүү орон сууцны хөлс төлөх үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн үүрэг биш, Иргэний хуульд заасан тусгай зохицуулалтын дагуу үүссэн үүрэг байх тул орон сууц хөлсөлсний хөлсийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д заасны дагуу *******, ******* нараас шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны орон сууц хөлсөлсний хөлс нийт 14,040,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2017-2024 оныг хүртэл хугацааны орон сууц хөлсөлсний хөлс 714,636,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Иргэн ******* нь үүрэг гүйцэтгэгч бус, мөн дуудлага худалдааны оролцогч гэж үзэх үндэслэлгүй. Ямар нэгэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч болох нь нотлогдохгүй учраас энэхүү иргэний хэргийн хариуцагчаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч шаардлагаа орон сууц хөлсөлсний хөлс гэж тодорхойлсон байх ба Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу ****** байрны ****** байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбай бүхий хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр шүүхэд маргасан, уг барилгыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгааг хөрөнгийн үнэлгээний тайлангаас тодорхой харагдаж байхад орон сууц хөлсөлсөн болгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т сууц гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг хэлнэ гэж заасан байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд энэхүү заалтаас шүүх албадан дуудлага худалдаа явуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна гэж заасантай зөрчилдөнө. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг дурдсаныг Иргэний хуулийн 175.5 дахь хэсэгт заасан ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тэр үеэс хөлслөгч болох гэсэн агуулгыг Иргэний хуулийн 175 дугаар 175.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэсэн заалтаар үгүйсгэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдөж байна. Нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн агуулга Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дахь хэсэгт заасан дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна гэсэн дуудлага худалдаатай холбоотой маргаан гэж үзэхээр байгаа боловч уг шүүхээс томилогдсон этгээд гэдэг нь ямар субъект болох талаар Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхойлоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно гэж заасан. Нэхэмжлэгч Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн өөр хоорондоо зөрчилдсөн заалтыг үндэслэн орон сууцны хөлсөлсний хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 379,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 335,556,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,889,080 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,053,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж дүгнэлт гаргасан хэдий ч энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2024 оны 10, 11, 12 дугаар сарын Орон сууц хөлсөлсний хөлс болох 14,040,000 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хассан байна. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ****** ХХК-ийн тайланд 1-9 cap хүртэлх тооцоог 42,120,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл шүүгч үүнийг нотлох баримтаар шинжлэн судалж, дүгнэлт гаргахдаа дутуу үнэлж, 2024 оны 1 дүгээр сараас 12 дугаар cap хүртэлх түрээсийн тооцоо гэх хүснэгтийн нэрээр нь үнэлж, доторх агуулгыг орхигдуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 14,040,000 төгрөгийг хассанд гомдолтой байна.
4.2. Анхан шатны шүүх Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж ямар хэмжээний ашиг олсон нь тодорхойгүй бөгөөд үйлчилгээний зориулалтаар ашигласан түрээсийн төлбөрт 321,516,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй, шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.Хариуцагч нь барьцаа хөрөнгөнд ****** ХХК-иар дамжуулан бизнесийн үйл ажиллагаа буюу ******* гэх нэртэй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогддог. ****** ХХК-ийн тайлангаар түрээсийн үйл ажиллагаа явуулахад түрээсийн үнэ хэдэн төгрөг болохыг тогтоосон, хариуцагч няцаах нотлох баримт ирүүлээгүй болно. Хариуцагч тухайн барьцаа хөрөнгийг түрээслэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хангалттай нотлогдсон байх бөгөөд тухайн бизнесээс ямар хэмжээний ашиг олсон нь Иргэний хуулийн 175.4-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд ач холбогдолгүй. Гэтэл шүүх ашиг олсон нь тодорхойгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт орон сууц хөлслөх болон ипотекийн зүйл болох байшин түүний тодорхой хэсгийг нарийвчлан заасан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа болон тодорхой бизнесийн ашиг олсон талаарх зохицуулалт Иргэний хуульд байхгүй. Хариуцагч нарыг гэр бүлийн холбоотой гэж хамтран хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь хэсэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдсөн байхад шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт ашиг олж түүнээс ашиг авах эрхээ алдана гэж заасан. Өөрөөр хэлбэл хэрэгт ямар нэгэн ашиг олсон талаарх баримт байхгүй. Үйл ажиллагааны ашиг олсон нь тодорхой баримтаар нотлогдох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэв.
6. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02153 тоот шийдвэрээр иргэн *******оос төлбөр гаргуулах талаар огт дурдаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төлбөр төлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс *******ыг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, *******тэй гэр бүл болсон талаарх баримт байна гэсэн үндэслэлээр энэхүү хэрэгт хамтран хариуцагч гэж үзсэн нь хуульд нийцээгүй.
6.2. Шүүхээс ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеийг буруу тодорхойлсон, өөрөөр хэлбэл, 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй, ямар нотлох баримтад үндэслэн дээрх хугацааг тодорхойлсон талаар шийдвэртээ дурдаагүй байна.
Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг дурдсаныг Иргэний хуулийн 175.5-д заасан ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тэр үеэс хөлслөгч болох гэсэн агуулгыг Иргэний хуулийн 175 дугаар 175.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх-эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэсэн заалт үгүйсгэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдөж байна гэсэн үг юм.
Шүүхээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хуулийн 175.4 дэх заалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдөж байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх байгууллага гаргаж дуудлага худалдааг зохион байгуулахаар хуульчилсан.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн агуулга Иргэний хуулийн 175.6-д заасан дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна гэсэн дуудлага худалдаатай холбоотой маргаан гэж үзэхээр байгаа боловч уг шүүхээс томилогдсон этгээд гэдэг нь ямар субъект болох талаар Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхойлоогүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-д дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно гэж заасан байдаг.
6.3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02585 дугаар шийдвэрээр ******, ******* нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон байдаг. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02585 дугаар шийдвэрээр ...******, ******* нар нь Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их тойруу ****** байрны ******-ийн 2, 3, 4 дүгээр давхрын 468 м.кв талбай бүхий орон сууцыг шинээр бий болгосон үеэс өмчлөх эрхтэй байна хэмээн дүгнэж *******г улсын бүртгэлд гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл, шүүх нь тухайн нөхцөл байдлыг тодруулалгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох ******, ******* нарын өмчлөх эрх болон эд хөрөнгөөсөө үр шим хүртэх эрхийг зөрчиж өмчлөгч нарыг хохироож байна.
6.4. Шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 175.4 дэх хэсэг, 175.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Шүүх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн атлаа тус заалтын урьдчилсан нөхцөл болох үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа эсэх дээр дүгнэлт өгөөгүй байна. Тодруулбал, хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд 2017 оноос хойш оршин сууж байгаа эсэх нь баримтаар нотлогдоогүй бөгөөд түүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Гэтэл, шүүх оршин сууж байгаа хэмээн үзэж Иргэний хуулийн 175.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.5. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүчин төгөлдөр шийдвэр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ний 13/23 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол юм. Гэвч анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцож буй нь үндэслэлгүй юм. Мөн иргэний хуулийн 175.4, 175.5-т заасан зохицуулалт нь дангаараа шаардах эрхийн үндэслэл болохгүй.
6.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 05/392 дугаартай итгэмжлэлээр ******* ХХК-ийг ******* ХХК, *******, *******, ****** нарт холбогдох иргэний хэрэг маргаанд нэхэмжлэгчийн бүрэн төлөөлөх итгэмжлэлийг авсан байна. Энэхүү итгэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, *******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөхөөр олгосон итгэмжлэл биш харин өөр хэрэг маргаанд төлөөлөх итгэмжлэл гэж үзэхээр байна. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсаар атал анхан шатны шүүхийн зүгээс тус нөхцөл байдлыг харгалзан үзэж шалгалгүй иргэний хэрэг үүсгэж, эцэслэн шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгө 4 давхар. 2 давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж, 3,4 давхарт нь хариуцагч нар өөрсдөө амьдардаг. Хариуцагч ******* нь үүрэг гүйцэтгэгч биш учраас хариуцахгүй гэж маргадаг боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгөд амьдардаг атлаа бүх өр төлбөрийг өөрийн нөхөр *******д хариуцуулж, иргэний эрх зүйн хариуцлагаас зайлсхийдэг. Хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэгүй амьдрах боломжгүй, нөхөр *******гийн адилаар хөлсийг хариуцах үүрэгтэй. Иймд, хариуцагч *******ыг эрх зүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Хуулиуд нь хоорондоо зөрчилтэй, дараа нь шинэ өмчлөгч гарч ирэхээр хэрхэн яаж шийдвэрлэх вэ, өмчлөгчийн эрхэд халдсан гэх агуулгаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо тайлбарласан. Шинэ өмчлөгч өмчлөгчөөр бүртгэгдсэн цаг хугацаанаас хойшхи үр шимийг хүртэнэ. Шинэ өмчлөгчийн эрхэд халдсан зүйл байхгүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй шалтгаан нь хариуцагч ******* нь удаа дараа үнэлгээний гомдол гаргадаг, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотойгоор маргаан үүсгэдэг. Иймэрхүү байдалтай 10 жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 175.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон. Орон сууцны хэсэг нь Иргэний хуулийн 175.5 дахь хэсэгт хамаарна. Шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж хөлсийг тухайн үеийн ханшаар тооцон төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гарсан байх урьдчилсан нөхцлийг хуульд заасан. Үүний дагуу хөлсийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт заасныг үндэслэн орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 714,636,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлгээгүй байна. Тодруулбал, орон сууцны хөлс нэхэмжилсэн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2024 онд холбогдох хэсгийг анхаараагүй, мөн үүрэг гүйцэтгэгч бус этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Түүнчлэн, шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн заалт буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг өөрчилнө.
4. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс үүрэг гүйцэтгэгч нь хөлслөгч болж үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас орон сууц хөлсөлсний хөлс шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч биш тул хариуцагч болохгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдож байх тул орон сууцны хөлс гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн өөр хоорондоо зөрчилтэй заалтыг үндэслэн орон сууцны хөлс нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараахь үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор *******гээс 367,666,666 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2203021833 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу ****** байрны ****** байрны 2,3,4 дүгээр давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. /хх-ийн 9-12/
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/Ш32016/05035 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00489 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16281187 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. /хх-ийн 70/
-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 4-224/8695 тоот Бүртгэлийн 20280443 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч ******* нь төлбөрийн 367,666,666 төгрөгөөс 82,000 төгрөгийг төлсөн байна гэх албан бичгийг ******* ХХК-д хүргүүлсэн. /хх-ийн 69/
- Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/Ш32020/13206 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1270 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32022/07937 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/00255 дугаар шийдвэр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01304 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-224/8695 тоот албан бичиг зэрэг баримтаар төлбөр төлөгч *******д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 69, 75-96/
6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нараас төлбөрт хураагдсан хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу ****** байрны ****** байрны 3, 4 дүгээр давхрыг орон сууцны зориулалтаар ашигласны хөлсийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон нийт 393,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй. гэж заасан.
Хуулийн энэхүү тухайлсан дүрмийн бус зохицуулалтын дагуу хариуцагч *******гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж түүний бусдад төлөх төлбөрийн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон орон сууц хөлсөлсний хөлс нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч ******* нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу ****** байрны ****** байрны 2, 3, 4 дүгээр давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн 3, 4 дүгээр давхарт гэр бүлийн хамт оршин сууж, орон сууцны зориулалтаар ашигласан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, хариуцагч нар нь оршин суух хаягаа шүүхэд мэдүүлсэн байдал, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч ******* нь хуульд зааснаар орон сууц хөлсөлсний хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Иймээс, үл хөдлөх хөрөнгө албадан худалдах шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд 2017 оноос хойш оршин сууж байгаа эсэх нь баримтаар нотлогдоогүй гэх хариуцагч нарын гомдлыг хангахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь хөндлөнгийн байгууллага болох Хөрөнгө үнэлгээ эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн орон сууцны хөлс болох нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй. Хариуцагч нар уг дүгнэлтийг няцаасан баримтыг гаргаагүй байна.
Харин анхан шатны шүүх орон сууц хөлсөлсний хөлс 14,040,000 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тодруулбал, ******* ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тайлангаар 2024 оны 10, 11, 12 дугаар сарын тооцоог 14,040,000 төгрөг гэж, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тайлангаар 2024 оны 1-9 дүгээр сарын /мөн оны 10, 11, 12 сарын тооцоо ороогүй/ тооцоог 42,120,000 төгрөг гэж тус тус тооцсоныг үндэслэн нэхэмжилсэн байх тул давхардсан гэж үзэхгүй.
Иймд хариуцагч *******гээс орон сууц хөлсөлсний хөлс 393,120,000 /379,080,000 + 14,040,000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хариуцагч *******ын хувьд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу ****** байрны ****** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байх тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 321,516,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Уг үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхарт ******* ХХК-ийн ******* нэртэй цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд хэн аль тайлбарлаж байх тул үйлчилгээний зориулалтаар ашигласны хөлс буюу түрээсийн орлого шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт заасанд хамаарахгүй. Нэхэмжлэгч тал дээрх төлбөрийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч нар барьцаа хөрөнгийг түрээслэн бизнесийн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олсон талаар тайлбарласан.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана. гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдах хэдий ч уг үр шимийг шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгоогүй байна.
Иймд, үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашигласан гэх 321,516,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
8. Харицагч нар гомдолдоо шүүх барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч ******, ******* нарын эрх, ашгийг зөрчсөн, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, *******, *******, ****** нарт холбогдох иргэний хэрэг маргаанд нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийг үндэслэн иргэний хэрэг үүсгэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.
******, ******* нар маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч *******гээс орон сууц хөлсөлсний хөлс гаргуулахаар шийдвэрлэсэнд хамтран өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч ******* ХХК-аас *******д 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлээр ******* ХХК, *******, *******, ****** нарт холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох эрхийг олгожээ. Итгэмжлэлд хариуцагч *******, ******* нарын нэр бичигдсэн байх тул энэ хэрэгт олгосон итгэмжлэл гэж үзэж иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгахгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдоогүй.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Шүүх бүрэлдэхүүний 1 шүүгч хууль хэрэглээний талаар тусгай санал гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 393,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 321,516,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ... хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,053,350 ... гэснийг хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2,123,550 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,835,730 төгрөг, хариуцагч *******гийн урьдчилан төлсөн 2,053,351 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ