| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0312/Э |
| Дугаар | 321 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 321
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Т.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1918004620348 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Б 1977 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Уулс Ноён” ХХК-нд хүнд механизмын операторчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Хүслийн хотхоны 5 дугаар байрны 39 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 15, 06 дугаар сарын 19, 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Хүслийн хотхоны 5 дугаар байрны 39 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.Л-гийн эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн бугалга дахь цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 06 дугаар сарын 26-ны орой би гэртээ байсан бөгөөд манай эхнэр 12 өнгөрч байхад байх аа гэртээ ирсэн. Хаачсан талаар асуухад чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн. Тэгээд хэрэлдэж маргалдсан. Тухайн үед би болон эхнэр маань ямар нэг байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд хэрэлдэж байгаад уур хүрээд хүүхдийн дугуйтай тоглоомийг шидчихсэн чинь толгой руу нь оносон. Тэр үед гараараа хаагаад гартай нь хавсраад толгойг нь оносон.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, цаашид дахин ийм асуудал гаргахгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хохирогч Б.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны шөнийн 00 цаг 50 минутын орчим манай нөхөр болох Т.Б нь гэрийн тагтан дээр тамхи татаад, татсан тамхи нь үнэртээд байхаар нь босож очоод “чи хаалга үүдээ хааж байж тамхиа тат, унтмаар байна.” гээд тагтны хаалгыг нь хаагаад байж байтал тамхи татсан чигээрээ гэрт орж ирээд “чи намайг гэртээ байхад доромжиллоо” гээд над руу уурлаад гэрийн бүх гэрэл асаагаад “чи ингээд унтаарай” гэж над руу уурлаад намайг хэл амаар доромжилж “янхан хүүхэн араар байх байхгүйд банзалддаг” гэж над руу дайрч байснаа намайг орон дээр хэвтэж байтал миний зүүн гарын булчин хэсэгт 3 удаа цохихоор нь би босоод “чамд ингэж зодуулж байхаар гарч айлд хоноё” гэтэл Бат-Өрнөх намайг “чи муу янхан далимдуулж банзалдах гэлээ” гээд миний бүх цүнх, утсыг хурааж аваад намайг гэрээс чирээд гаргачихаар нь би гадаа хэсэг сууж байгаад хүний утсаар цагдаад дуудлага өгсөн.
...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажил ихтэй байсан бөгөөд маргааш нь амралтын өдөр гэртээ амарч байтал Бат-Өрнөх согтуу орж ирээд намайг “банзалдаж яваад ирж унтлаа чи” гээд миний хүзүү рүү 2 удаа цохисон. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр согтуу орж ирээд миний толгой руу хүүхдийн гулгаж тоглодог терригээр нэг удаа цохисон юм. Одоо миний толгой өвдөөд зүгээр болоогүй байгаа. ” гэх мэдүүлэг /хэргийн 5/,
-“...эрсдэлийн түвшин дунд, цаашдаа хуулийн дагуу арга хэмжээ авах, тусгаарлах арга хэмжээг авах шаардлагатай.” гэх аюулын зэргийн үнэлгээний тайлан /хэргийн 6-8/,
-Гэрч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яг 17 цаг болоход утас нь дуугарч нөхөр нь залгадаг. Уурлаад хэнтэйгээ шаалцаад байгаа юм, ирэх болоогүй юм уу?” гэх мэт үгээр дайрч доромжилж байхыг нь би өөрийнхөө чихээр сонсож байсан. 2019 оны 1 дүгээр сард Б.Л- бид хоёр Улаанбаатар хот руу ажлаар явсан. Өглөө нь яваад шөнө нь ирсэн. Тэгсэн замдаа явж байхад нөхөр нь бас залгаад элдэв үгээр хараагаад загнаад эхэлсэн. Би яг хажууд нь сонсож байсан болохоор сайн мэдэж байна. Нөхөр нь Улаанбаатар хот руу ажлаар явсанд итгэхгүй хараагаад загнаад байсан. Тэгээд Б.Л-гийн утасны цэнэг нь дуусаад миний утсаар нөхөр рүүгээ залгаад цэнэг дууссанаа хэлсэн. Тэгсэн замд Б.Л-г бие засах газар орсон хойно нь нөхөр нь залгахаар нь би утсаа аваад Б.Л-г 00 орсон талаар хэлэхэд “чи юу юм, та 2 лесби юм уу? чи явдаг хүүхэн нь үү?” гэх мэтээр янз бүрийн муухай үг хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Би албаны дарга нь гэдгээ хүртэл хэлсэн боловч намайг огт тоогоогүй, элдвээр хэлээд байсан.
...бас 2017 оны 11, 12 сар хавьцаа, 2018 оны хавар ажил дээр ирэхдээ гарын бугалга, нуруу, нүүр, эрүүнийхээ хэсгээр хөхөрчихсөн орж ирж байсан, яасан гэхэд “нөхөр маань согтуу агсам тавиад зодчихлоо” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
-Б.Л-гийн биед тархи доргилт, зүүн бугалган дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Л-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16-17/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 15, 06 дугаар сарын 19, 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Хүслийн хотхоны 5 дугаар байрны 39 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.Л-гийн эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн бугалга дахь цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Т.Б, хохирогч Б.Л- нар нь 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 40/ нотлогдож байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Т.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Л-гийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн бугалган дахь цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан /хэргийн 16-17/ боловч хохирогч Б.Л нь эмчилгээ, сувилгаа хийлгэсэн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, Япон явах гэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй.” гэх тайлбар /хэргийн 69/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 15, 06 дугаар сарын 19, 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Хүслийн хотхоны 5 дугаар байрны 39 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.Л-гийн эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн бугалга дахь цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ар гэрийн амьдралын нөхцөл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, сарын өрхийн орлого зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 80000 төгрөгөөр тооцож, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 800000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 80000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Т.Б-өд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Т.Б-өд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ