Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01152

 

 

 

 

 

  

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/03140 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын хөлсөнд нийт 40,362,582 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №317201944538012 тоот зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Уг зээлийн үлдэгдэл 5,814,397.26 төгрөг дээр нэмж 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №317201944618660 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгчийн хүсэлтээр дээрх зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 38 cap болгож, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр №317201944618660-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 44 cap болгож тус тус өөрчилж сунгасан.

Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,508,622.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,654,536.87 төгрөг, нийт 7,163,159.75 төгрөгийг төлсөн байна.

2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар №317201944618660 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 5,491,377.12 төгрөг, хүүгийн төлбөр 4,698,141.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 627,205.88 төгрөг, нийт 10,816,724.70 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч ******* нь Баянгол Долоон буудал тооцооны төвтэй 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №317202045421724 тоот зээлийн гэрээ, №БГҮ/202045421724 тоот барьцааны гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай 53 м.кв талбайтай хувийн сууц, мөн улсын бүртгэлийн гэрчилгээний №******* дугаартай, эзэмших эрхийн бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай 205 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 38 cap болгож сунгасан.

Зээлдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №317202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,294,697.14 төгрөг, зээлийн хүүнд 1,292,646.32 төгрөг, нийт 2,587,343.46 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний Зээлийн эргэн төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, утсаар мэдэгдэх, очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээлээ төлөөгүй байгаа болно. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,705,302.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,930,910.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,644.12 төгрөг, нийт 29,428,857.56 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд, №317201944618660 тоот зээлийн гэрээний үүрэгт 10,816,724.70 төгрөг, №317202045421724 тоот зээлийн гэрээний үүрэгт 29,428,857.56 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 117,000 төгрөг, нийт 40,362,582.3 төгрөгийг зээлдэгч *******ас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч ******* миний бие нь 2020, 2019 онуудад *******ны хүүхдийн 100, Долоон буудал зэрэг салбаруудаас цалин, бизнесийн зээлүүдийг авсан боловч тодорхой хугацаанд төлж чадаагүй гол шалтгаан нь Ковид болсон учир бизнесийн үйл ажиллагаа саатаж зээл төлөх чадваргүй болсон. Иймд авсан зээлийг зээлийн гэрээний дагуу төлөх хүсэлтэй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас зээлийн гэрээний үүрэгт 37,825,732 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,536,849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 169 дүгээр зүйлийн 169.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202045421724 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай, 53 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* хаягт байрлах, газар эзэмших эрхийн №******* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий 205 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,419,849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцсэн. Зээлдэгч буюу хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас мэдэгдэх хуудас хүргүүлсэнболовч тэрээр банкинд бичгээр хүсэлтээ удаа дараа гаргаж зээлээ төлөх талаар бидэнд мэдэгдсэн байтал шүүхээс уг нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хангах үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай холбоотой холбогдох материалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул тус зардлыг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиодолд хариуцагч төлөхөөр хууль болон гэрээгээр зохицуулсан.

Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй.

 

7. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэг талаас ******* ХК, нөгөө талаас зээлдэгч ******* нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн, 2020 оны 12 дугар сарын 23-ны өдрийн, 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээ тус тус байгуулагдаж нийт 10 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 44 сарын хугацаатай мөн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийг жилийн 25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгосон болох нь тогтоогдож байна гэж дүгнэхдээ 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс бусад 4-н гэрээг нэгттэж нэг дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь эдгээр гэрээнүүд нь тус тусдаа харилцан адилгүй нөхцөл /зээлийн хэмжээ, хүү, хугацаа/ бүхий, бие даасан гэрээнүүд бөгөөд гэрээ бүрийн хүү, хугацаа, эргэн төлөлтийн нөхцөл өөр өөр тул үүсэх үp дагавар нь ч ялгаатай байх ёстой. Шүүх эдгээр гэрээг нэгтгэн нэгэн адил нөхцөлтэй мэтээр үнэлж, нийт дүнгээр тооцоолон шийдвэрлэсэн нь хуулийн дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Энэ нь хариуцагч миний хувьд төлөх үүргийн хэмжээний хувьд ноцтой зөрүү үүсгэж, төлбөр багасах боломжийг үгүйсгэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

2019 онд миний зээлийн гэрээнүүд байгуулагдсаны дараахан Монгол Улсад Ковид-19 цар тахал дэгдэж, улсын хэмжээнд бүх төрлийн бизнес, аж ахуйн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Миний хувьд хувиараа бизнес эрхлэх зорилгоор зээл авсан бөгөөд хөл хорионы нөхцөл, цар тахлын улмаас урьдчилан тооцоолох боломжгүйгээр эдийн засгийн хүндрэлд орсон. Ийм нөхцөлд Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжоор, шүүх нь гэрээний зарим нөхцөлийг өөрчлөх буюу зохицуулалт хийх боломжтой (жишээлбэл, хүүг бууруулах). Гэвч шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүй, гэрээний хүүг бүхэлд нь хүчинтэй гэж тооцон шийдвэр гаргасан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль зөрчигдсэн тухай: ******* ХК нь Банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журам, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, хадгаламж, хүү, торгуультай холбоотой эрх зүйн зохицуулалтыг мөрдөх ёстой. Гэвч шүүх энэ талын нарийвчилсан шалгалт, дүн шинжилгээг хийлгүйгээр зөвхөн банкны гаргасан шаардлагыг бүхэлд нь үндэслэлтэйд тооцсон нь нэг талын эрхийг дээгүүрт тавьсан, тэнцвэргүй шийдвэр болсон.

Ковидын нөхцөл байдлыг ашиглан гэрээнд надад илүү хүнд нөхцөл тулгасан тухай: 2020-2021 онд Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад онц байдал зарлагдаж, бүхий л эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаа бараг бүрэн зогсонги байдалд орсон. Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй иргэн учир энэ хүнд нөхцөл байдал нь зээлээ хугацаанд нь төлөхөд ихээхэн хүндрэл учруулсан. Ийм нөхцөлд банкнаас надад харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн хугацаа сунгах, хүүг бууруулах, төлбөрийн графикт өөрчлөлт оруулах гэх мэт дэмжлэг үзүүлэх байсан гэж үзэж байна. Гэвч бодит байдал дээр банк нь энэхүү хүнд нөхцөл байдлыг далимдуулан нэмэлт өөрчлөлт нэрийн дор зээлийн гэрээнд хүүг нэмэгдүүлж, миний хувьд илүү хүнд нөхцөл үүсгэх байдлаар өөрчлөлт оруулсан нь шударга ёсны зарчим, хууль тогтоомжийн үндсэн зорилгод харш, иргэн миний эрхэнд халдсан гэж үзэж байна. Ийм байдлаар хүүгийн хэмжээг нэмэгдүүлэг, зээлдэгчид илүү хүнд нөхцөл тулгах нь Зээлийн үйл ажиллагаа эрхлэх журмын 2.2, 5.1, Иргэний хуулийн 66.1, 56.4, 58.1, 58.2 болон иргэний харилцаанд шударга ёсны зарчим хэрэгжих тухай хууль зохицуулалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/03140 дугаартай шийдвэрийг нь бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоог зээлдэгчийн хүсэлтийг харгалзан хүү, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулахаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Тус журмыг үндэслэн зээлдэгч *******ын гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн хүүгийн төлөлтийг хойшлуулж, эргэн төлөх хуваарь болон зээл төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан. Хариуцагч нь ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлд орсон учраас зээлийг төлж чадахгүй гэж тайлбарладаг боловч хууль болон гэрээнд зааснаар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын хөлсөнд нийт 40,362,582 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн үеэс шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ ихсэхэд хүргэсэн, нотариатын хөлсийг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэхгүй гэж дүгнэн нэмэгдүүлсэн хүү болон нотариатын зардалд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******тай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК нь 6,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 6,000,000 төгрөгийг зээлдэгч *******ын дансанд шилжүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, хариуцагчийн гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалсан. /хх-ийн 11-15, 49-р тал/

 

4.2. Зохигч мөн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч ******* нь өмнөх зээлийн үлдэгдэл 5,814,397.26 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөг зээлдэн, нийт 9,814,397.26 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авч, эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******ын дансанд шилжүүлсэн. /хх-ийн 16-20, 49/

 

4.3. Талууд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан дээрх гэрээний хугацааг 38 сар болгон сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. /хх-ийн 39-р тал/

 

4.4. Мөн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан дээрх гэрээний хугацааг 44 сар болгон сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 40-р тал/

 

4.5. Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******тай 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК нь 15,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг зээлдэгч *******ын дансанд шилжүүлсэн. /хх-ийн 26-28, 33/

 

4.6. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан гудамж хаягт байрлах нэгж талбарын *******, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. /хх-ийн 23, 24, 29-32/

 

4.7. Талууд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан дээрх гэрээний хугацааг 48 сар болгон сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 37-38/

 

5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 2.1.4, 2.1.6, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тус тус тохиролцсон байх тул нэхэмжлэгч ******* ХК нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч *******с зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

5.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201944618660 тоот гэрээний хувьд 2021 оны 06 дугаар 10-ны өдрөөс хойш, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202045421724 тоот гэрээний хувьд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдсон. Зээлдэгчид 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ЗГ/201944618660 тоот гэрээний дагуу үндсэн зээл 5,491,377.12 төгрөг, хүү 4,698,141.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 627,205.88 төгрөг, ЗГ/202045421724 тоот гэрээний дагуу үндсэн зээл 13,705,302.86 төгрөг, хүү 13,930,910.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,644.12 төгрөг буюу нийт 40,245,582.26 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогджээ. /хх-ийн 43-48, 69-72/

 

5.3. Талуудын байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201944618660 тоот зээлийн гэрээний 2.4.4, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202045421724 тоот гэрээний 2.4.3-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна.

 

Иймд хариуцагч зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

5.4. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд хүрсэн ... гэж дүгнэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,419,849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын гэрээг цуцлах болон гэрээний дагуу шаардлага гаргах эрхийг үүрэг гэх агуулгаар дүгнэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

 

5.5. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтуудыг нотариатаар гэрчлүүлж, нотариатын хөлсөнд 117,000 төгрөг төлсөн болох нь банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар уг зардлаа гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцон хариуцагчаас шаардах эрхтэй. /хх-ийн 41,42/

 

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулна.

 

6.2. Хариуцагч нь талуудын байгуулсан гэрээнүүдийг нэгтгэж дүгнэсэн нь хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг багасгах боломжийг үгүйсгэсэн, ковидын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлд орсон нөхцөлд шүүх гэрээний зарим нөхцлийг өөрчлөх боломжтой байсан боловч нэг талын эрх ашигт нийцүүлэн тэнцвэргүй шийдвэр гаргасан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх талаар хариу тайлбар гаргаснаас гадна хэрэгт авагдсан зээлийн тооцооллыг үгүйсгэсэн тайлбар болон няцаасан баримтыг гаргаагүй байх тул төлбөрийн тооцооллын талаар гаргасан гомдлыг хангахгүй. /хх-ийн 85/

Мөн гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээгээр ямар эрх, үүрэг хүлээж, хэрхэн цуцалж, дуусгавар болгохыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх учиртай. Ямар хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг талууд гэрээгээр тохиролцсон, энэхүү тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар тайлбарлаж байх боловч энэ нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/03140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******с 40,362,582 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж,

3 дахь заалтын ... 347,079 ... гэснийг 429,963 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 55,540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 350,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,921 төгрөгийг улсын төсвийн данснаас /100200700941 тоот данс/ гаргуулж хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ